Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 00083

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж   тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа, С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Батбилэг, О.Тэмүүлэн нарт холбогдох 201718020055 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1996 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, ах, эгч нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны № 46 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй,

-2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан

- 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн № 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99,1 дэх хэсэгт зааснаар 01 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 10 хоногийн баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялын зарим болох 06 сарыг нэмж нэгтгэн бүгд 07 сар 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюунчимэгийн Батбилэг. /РД:МЗ96012334/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1997 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн 2-2 тоотод оршин суух, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оргилмаагийн Тэмүүлэн. /РД:МЗ97051814/

 

Шүүгдэгч О.Батбилэг, О.Тэмүүлэн нар нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн 23-24 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал  сумын 2 дугаар баг, Спиртийн 9 дүгээр байрны орчимд иргэн П.Отгонтөгсийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж халаасанд нь байсан Самсунг S5 маркийн гар утсыг дээрэмдэж 230000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Батбилэгийн өгсөн….... 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орой шөнийн 23 цаг өнгөрч байхад Старс бааранд сууж байгаад баар хаах болохоор нь Тэмүүлэн бид хоёр гарсан. Баарны гадна эрэгтэй эмэгтэй 2 хүн зогсож байсан. Тэмүүлэн бид хоёр тамхи татчихаад тэр хоёр хүний араас нь дагаж явсан. Би дэлгүүр орчихоод гараад ирэхэд Тэмүүлэн над руу утасдаад Спиртийн 9 дүгээр байрны тэнд хүрээд ир хүнтэй зодоон хийж байна гэхээр нь яваад очиход Тэмүүлэн хохирогч ахтай барилцаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр ахын цээж рүү нь өшиглөөд тонгойхоор нь шанаа орчимд нь 2 удаа гараараа цохисон. Хохирогчийн хармаанд гар утас нь харагдахаар нь аваад зугатсан. Тэмүүлэн тэр ахтай зууралцаад үлдсэн. Тэгээд Тэмүүлэн бид хоёр маргааш өглөө нь уулзсан. Өдөр 11 цагийн үед цагдаа нар гэрт ирээд намайг баривчилсан гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тэмүүлэнгийн өгсөн….... 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Батбилэг, Тэгшээ хоёртой хамт анх 15 цагийн үед Таван эрдэнэ караокед орсон. Тэнд бид гурав хоёр хоёр пиво уусан. Тэндээс Тэгшээ гараад явсан. Батбилэг бид хоёр оройн 18 цагийн үед тэндээс гарч JN бааранд ороход бүжиглүүлэхгүй гэхээр нь гарч яваад буцаад Таван эрдэнэ орсон. Тэнд ороод дахин пиво авч ууж байгаад би гадаа гарч нэг ахьай таарч уулзахад миний хаясан бичиг баримтыг олсон байхаар нь хамт вокзал орж бичиг баримтаа үзэхэд минийх мөн байхаар нь маргааш мөнгөтэй болоод ирж авъя гээд үлдээгээд явсан. Тэгээд Таван эрдэнэ дээр буцаад ирэхэд хааж байхаар нь Батбилэг рүү утасдаж асууханд Старс бааранд байна гэхээр нь очсон. Батбилэг пиво уугаад сууж байсан. Тэр үед хохирогч ах бааранд бүжиглээд байж байсан. Тэгээд тэр ах нэг эмэгтэйтэй гараад явсан. Батбилэг бид хоёр араас нь гарахад тэр хоёр баарны үүдэнд байж байсан. Бид хоёр тамхи татаад зогсож байхад хохирогч ах тэр эмэгтэй хоёр явахаар нь араас нь явсан. Спиртийн 4 дүгээр байрны тэнд ирээд Батбилэг дэлгүүр орж тамхи, нэгж авахаар явсан. Хохирогч ах тэр эмэгтэй хоёр 9 дүгээр байрны тийшээ явахаар нь би араас нь явсан. Тэгээд би тэр хохирогч ахыг дуудаад ахаа юм асууя гээд дуудсан чинь юу асуух гээд байгаа юм түрүүнээс хойш дагалаа гээд намайг цохихоор нь би зөрүүлээд цохиод барилцаж аваад байж байтал Батбилэг хүрч ирээд тэр ахыг яагаад байгаа юм бэ гээд хавирч унагаагаад 2-3 удаа цохисон. Тэгээд нэг мэдсэн Батбилэг гар утсыг нь аваад зугатсан байсан. Хохирогч ах утас авчлаа гэхээр нь би маргааш найзаасаа авч өгье гэж хэлсэн. Намайг тавихгүй байхаар нь арайхийж тавиулаад зугатсан. Тэгээд Батбилэгийн гудамжинд Батбилэгтэй таараад гар утсыг нь асуухад дуугүй зугт гэсэн. Маргааш өглөө нь би Батбилэгийнд очоод гар утсыг нь аваад хохирогчид өгөх гээд найзындаа тавьсан байсан. Тэгээд өгч чадалгүй байж байгаад баригдсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судпалсан нотлох баримт болох

Хохирогч П.Отгонтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн...... Намайг баарнаас нөгөө хүүхнийг гэрт нь хүргэж өгөхөөр аваад гарч явтал бааранд сууж байсан хоёр залуу араас дагаад яваад байсан юм билээ. Би сүүлд нь мэдсэн. Тэгээд спиртийн 9 дүгээр байрны урд иртэл нөгөө 2 залуугийн өндөр нь хөөе гэж дуудаад хүрээд ирсэн. Ирэнгүүтээ шууд миний нүүр лүү цохиод би хойшоо болж цохилтыг нь гаргасан юм. Тэгтэл нөгөөх нь араас ирээд татаж унагаагаад дээрээс намайг босгох сэхээ өгөхгүй өшиглөөд байсан. Зууралдаж байх үед миний куртик тайлагдаж толгой дээгүүр бүтээгдсэн юм. Тэр үед миний гар утас өмдний халаасанд байсан бөгөөд нэг нь өмднөөс гар утас авч байгаа нь мэдэгдсэн. Би толгойгоо дараад хэвтчихсэн намайг цохиж өшиглөөд сэхээ өгөхгүй байсан. Нэг нь гар утас аваад түрүүлээд зугатаад гүйгээд явсан. Би нөгөө өндөр залуугийнх нь хөлийг барьж унагаад зууралдаад боссон. Тэгээд босоод зууралдаад барьж аваад нөгөөхөө дууд миний юмыг өгөөдөх гэсэн чинь нөгөө залуу за байж бай би утсаар дуудаадахъя гээд нэг нокиа шиг товчлууртай утас гаргаж ирж утсаар би баригдчихлаа хүрээд ир гэж хэлж байхдаа миний гарыг тавиулаад зугатсан. Би араас нь хөөгөөд Тост өргөө байрны дундуур гарч гүйгээд Энхтайвны гудамж руу эхний хөндлөнгөөр баруун эргээд айлын хашаа руу орсон. Би араас нь ортол дахиад айлын хашаа руу давж орсон. Тэгээд би цааш явж чадаагүй. Тэгээд хариад маргааш нь цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

Гэрч Н.Нямхандын мөрдөн байцаалтад өгсөн……. Би Отгонтөгстэй хамт манай гэр болох спиртийн 9 дүгээр байр луу явсан. Тэгээд бид хоёр замдаа явж байсан чинь араас нэг хүн дагаад байх шиг байсан. Би эргээд харахад яах аргагүй нэг хүн явж байсан. Би тэр үед дагаж байна гэж бодоогүй. Бид хоёрын араас их удаан дагаад ажиглаад яваад байсан. Тэгээд тэр үедээ би юм бодолгүй хажуугаар өнгөрчих байх гэж бодож байсан. Тэгээд манай байрны хажууд ирээд байж байтал нөгөө араас явж байсан залуу ирээд танимхайраад юм ярьж эхэлсэн. Уг нь би тэр хүнийг огт танихгүй юм. Тэгтэл тэр залуу хүрч ирээд эгч юу байна юу хийгээд яваад байгаан гэснээ Отгонтөгс рүү хандаж энэ хүн чинь хоёр хүүхэдтэй чи одоо болиоч гээд яриад байсан. Намайг тэр залуу бүр та энэ залуугийн сликон шахуулсан боовонд нь болоод байгаа юм уу өөртэй чинь уулзъя гээд энгэрээс зулгааж татсан. Бас Отгонтөгсөд би эгчтэйгээ уулзмаар байна гээд хэлээд байсан. Отгонтөгс надад чи наад залуугаа таньдаг юм уу гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Отгонтөгс наад хүн чинь чамайг танихгүй гэж байхад чи яагаад эмэгтэй хүний энгэрээс зуураад байгаа юм гэж хэлсэн. Би ч тэр залууд хандаж чи яагаад намайг ингээд байгаа юм болиоч гэсэн. Тэр залуу намайг тавихгүй байсан чинь Отгонтөгс нөгөө залуутай хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгсэн нөгөө залуу нэгнээ дуудаад хүрээд ирээч гээд байсан. Тэгсэн нэг залуу ирээд тэгээд хоёулаа нийлээд Отгонтөгсийг газар унагаагаад хоёр талаас нь бөөр нуруу тархи толгой тархи руу нь өшиглөж зодсон. Би салгах гээд дундуур нь ортол миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгтэл сүүлд ирдэг залуу Отгонтөгсийн утсыг аваад зугатсан бололтой Отгонтөгс миний утсыг аваад зугатаачихлаа ш дээ гээд байсан гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 71…. Дүгнэлт:

1.Отгонтөгсийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод зовхи, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд доод  зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 12 дугаар хуудас/

 Самсунг S5 маркийн гар утсыг 230000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 10 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /Хх-н 22 дугаар хуудас/

О.Батбилэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 56 дугаар хуудас/

О.Тэмүүлэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 59 дүгээр хуудас/

О.Тэмүүлэн нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаарх ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 85 дугаар хуудас/

О.Батбилэгийн ял хэрэг, зан байдал, суллагдлын тодорхойлолт /Хх-н 86 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч О.Батбилэг, О.Тэмүүлэн нар нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнийн 23-24 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал  сумын 2 дугаар баг, Спиртийн 9 дүгээр байрны орчимд иргэн П.Отгонтөгсийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж халаасанд нь байсан Самсунг S5 маркийн гар утсыг дээрэмдэж 230000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч О.Батбилэг, О.Тэмүүлэн нар нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Батбилэг, О.Тэмүүлэн нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Батбилэг, О.Тэмүүлэн нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Хохирогч П.Отгонтөгс нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Батбилэг, Боржигон овогт Оргилмаагийн Тэмүүлэн нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан О.Батбилэгийг 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, О.Тэмүүлэнг 01 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Батбилэгт оногдуулсан 01 жил 10 хоногийн хорих ял, О.Тэмүүлэнд оногдуулсан 01 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Батбилэг, О.Тэмүүлэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Батбилэг, О.Тэмүүлэн нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН