Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2024/0102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******* даатгал ХХК /РД:/

Хариуцагч: МИАТ ТӨХК /РД:2613247/

Хариуцагч: МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: ******* даатгал ХК /РД:/ нарын хооронд үүссэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу ******* даатгал ХХК-тай байгуулсан МИАТ-23/430 дугаартай даатгалын гэрээг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, МИАТ ТӨХК-д ******* даатгал ХХК-тай гэрээ байгуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, гомдол гаргагчийн төлөөлөгч , гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , *******, гомдол гаргагчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

Гомдол гаргагч ******* даатгал ХХК-аас тус шүүхэд хандан дараах гомдлын шаардлагыг[1] гаргаж маргасан. Үүнд:

1.1. МИАТ ТӨХК-аас зарласан "Агаарын хөлгийн иж бүрэн даатгал"-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "******* даатгал" ХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах;

1.2. Тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу "******* даатгал" ХК-тай байгуулсан МИАТ-23/430 дугаартай даатгалын гэрээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;[2]

1.3. МИАТ ТӨХК-д "******* даатгал ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч ******* даатгал ХХК нь МИАТ ТӨХК-аас зарласан МИАТ/202301087 тоот Агаарын хөлгийн иж бүрэн даатгал-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт холбогдох материалыг бүрдүүлэн 2023 оны 10 сарын 30-ны өдөр оролцсон.

2.2. МИАТ ТӨХК-аас 2023 оны 11 сарын 01-ний өдөр 01/2348 тоот албан бичгээр "...Тендерийг хянан үзэхэд хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэсэн заалтыг үндэслэн тус тендерт шалгарсан болохыг үүгээр мэдэгдье гэх тендерт шалгарсан тухай мэдэгдэж, даатгалын гэрээ байгуулах эрхийг олгосон.[3]

2.3. "******* даатгал" ХХК нь тус тендерт шалгарсантай холбогдуулан тендерт оролцогч бусад байгууллага болох "******* даатгал" ХХК, "******* даатгал" ХК нар нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Сангийн яамнаас үндэслэлтэй гэж үзэн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 03/8187 тоот албан бичгээр "МИАТ ТӨХК-ийн тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх даалгаврыг хүргүүлсэн.

2.4. "МИАТ ТӨХК-аас 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 01/2537 тоот албан бичгээр тус тендерийн шалгуурыг хангасан тул ******* даатгал ХК шалгарсан" тухай мэдэгдлийг ирүүлсэн.[4]

2.5. Дээрх шийдвэрийг ******* даатгал ХХК эс зөвшөөрч, "******* даатгал ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан зарим шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 06-709 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргажээ.[5]

2.6. Үүний дагуу Сангийн яам нь ******* даатгал ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4.1-д заасныг хангасан үндэслэлтэй гэж үзэн МИАТ ТӨХК-д 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 03/8813 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх тоотыг өгсөн байна.[6]

2.7. Гэвч уг гомдлын хариу болгож Сангийн яамнаас ирүүлсэн 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 03/8987 тоот албан бичигт ...МИАТ ТӨХК-ийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 10/2623 тоот албан бичгээр 2023 оны 12 сарын 01-ний өдөр шалгарсан оролцогчтой буюу ******* даатгал ХК-тай МИАТ- 23/430 дугаартай гэрээ байгуулсан тухай мэдэгдэн, гэрээний хуулбарыг хавсарган ирүүлсэн" тухай дурдаж хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг үндэслэж шүүхэд хандахыг зөвлөсөн байна.[7]

2.8. Гомдол гаргагчийн зүгээс ... манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу хуулиар олгогдсон хугацаанд багтаж гомдол гаргасан байх бөгөөд тус хуулийн хугацаанд захиалагч нь гэрээ байгуулахгүй байх үүргийг хүлээдэг. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна" гэж заасны дагуу захиалагч МИАТ ТӨХК нь тендерт шалгарсан байгууллагад гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн өдөр болох 2023 оны 11 сарын 24-ний өдрөөс хойш ажлын 6 хоногийн дараа буюу 2023 оны 12 сарын 04-ний өдрөөс хойш гэрээг байгуулах үүрэгтэй байсан, гэтэл МИАТ ТӨХК нь 2023 оны 12 сарын 01-ний өдөр гэрээг байгуулсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2, 55.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна, ... ******* даатгал ХК нь ТШЗ-ны 17.2.5, 17.6, 17.6.2, 17.6.5, 19.6-д заасан шаардлагыг хангаагүй тендерийн баримт бичиг ирүүлсэн байхад шалгаруулсан нь хуульд нийцээгүй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагч МИАТ ТӨХК-ийн зүгээс ...******* даатгал ХХК-ийн гаргасан үндэслэлийг зөвшөөрөх боломжгүй. Гомдол гаргагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2 дээр тендерийн хүчинтэй байх хугацаанд ажлын 6-аас доошгүй хоногт байгуулна гэсэн 6 хоногийн дараа байгуулна гэдэг агуулга яриад байдаг боловч хуулийн агуулгаар тайлбарлахад шаардлагатай тохиолдолд гэрээ мэдэгдэл олгосон тохиолдолд гэрээ байгуулж болохгүй гэсэн үндэслэл байхгүй гэж харж байна ... Гол асуудал маань нөөц сангийн асуудал байгаа. МИАТ ТӨХК-аас зарласан тендерийн баримт бичгийн 17.6.7-д тодорхой зааж өгсөн тендерт оролцогч нь чадавхын шаардлага буюу хуулийн 27.1.1-т заасан чадавхын шаардлагыг хангасан байна. Тодорхой хэлэхэд нийт нөөц сан гэдэгт орлого тооцоогүй хураамжийн нөөц сан, дээр нь энэ нөөц сан буюу нөөц сангийн нийлбэр нь 8 тэрбумаас багагүй байх, сүүлийн 3 жилийн дундаж ийм байхаар Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр ирүүлэх шаардлагатай болсон ... Тендерийн бичиг баримтад заасан 2 нөөц сангийн асуудал яригдана. Орлого тооцоогүй хураамжийн нөөц сан нь ирээдүйд болох хураамжийн нөөц сан давхар даатгагчид хойшлогдсон хураамжийг хассан дүнгээр хэд байна гэдэг асуудал ярьсан. Энэ нийлбэрийг аваад үзэхэд ******* даатгалын тухайд 1-т орлого тооцоогүй хураамжийн нөөц сан 2.7, нийт нөөц сан даатгагчид ногдох хэсгийг хассан дүнгээр тооцоход 1.7, 2020 онд, 2021 онд бол эхнийх нь 4.9, нөгөөх нь 1.2, 2022 онд эхнийх 5.7, нөгөөх нь 1.4 буюу нийлбэр нь 8 тэрбум хүрэхгүй 5, 6 тэрбум орчим ийм үзүүлэлттэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж ирсэн ... Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн бичгийг үндэслээд ******* даатгал компани нь нөөцийн сангийн хувьд чадавхын шаардлага хангаагүй гэж үзсэн ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.10. Хариуцагч МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны зүгээс ... Энэ тендер анх 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нээгдсэн. 07 дугаар сарын 07-ны өдөр нээгдсэн тендерт ******* даатгал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан бидний санхүүгийн нөхцөл байдал хүрэхгүй, өрсөлдөх боломжийг хаагаад байна. Үүний дотор нөөц сангийн асуудал дээр нөөц санд хэт өндөр шаардлага тавьсан нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна. Үүний дагуу Үнэлгээний хороо дахиж хуралдаад нөөц сангийн асуудал, борлуулалтын орлого, хохирлын харилцаа гээд боломжуудыг нээж, бүх шаардлагуудаа багасгаж өгсөн. Эхний тендер зарлахад тендерийн шаардлага хангаад материалаа ирүүлсэн нэг ч компани байгаагүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.11. Гуравдагч этгээд ******* даатгал ХК-ийн зүгээс ... хариуцагчийн гаргасан тайлбарын үндэслэлийг дэмжиж байна. Тендер шалгаруулалттай холбоотой ******* даатгалын нэхэмжлэлийн шаардлагын үндсэн шаардлага нь манайхыг үндэслэлгүйгээр халчихлаа гэсэн байна. 2023 оны 7 сараас хойш зарлагдсан тендер. Даатгалын компаниуд тендерийн шаардлага хангасан материал ирүүлэхгүй байсаар сүүлд ирүүлсэн оролцогчдоос ******* даатгал компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулсан байдаг. Тухайн шалгаруулалтад *******, ******* даатгал Сангийн яаманд гомдол гаргаад, гомдлын дагуу хэлэлцээд Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ явуулахаар зохицуулсан. Энэ зохицуулалтын дагуу ******* даатгал компани өөрийн нөөц сангийн хөрөнгийн мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд шинээр гаргаж өгөөд тендерт оролцсон. Сүүлд хийсэн тендерийн маргаанд 11 сарын 24-ний өдрийн тендер шалгаруулалтаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн Тендерийн хорооны хурлын тэмдэглэл дээр ******* даатгал компанийг нөөц сангийн хөрөнгө хүрэлцэхгүй гэдэг үндэслэлээр шууд хассан байдаг. ******* даатгалыг нөөц сангийн хөрөнгө хангалттай хүрсэн, хамгийн бага үнийн санал өгсөн гэдэг үндэслэлээр тендерт шалгаруулсан ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компанийг халсан асуудал нь нөөц сантай холбоотой. Сая хариуцагч тал хэллээ. Манай компанийг оруулахаар шалгуурыг багасгасан тэр нь үнэн. Манай компанийг шаардлага хангахаар болгосон. 2019 оны даатгалын багц дүрэмд нөөц сан гээд заасан. Нөөц сан дотроо 2 хуваагдаж байна. Нэг нь нөхөн төлбөрийн нөөц сан, нэг нь тогтвортой байдлын нөөц сан гэж заасан даатгалын багц дүрмийг уншихын бол нийт нөөц сан гэсэн ганц ч үг байхгүй. Төрийн байгууллагууд тендер зарлахдаа нөхөн төлбөрийн нөөц сан гээд тавьчихдаг. Яг ямар утгатай тавиад байдгийг ойлгодоггүй. Нөхөн төлбөрийн санг нэхэмжилсэн боловч төлөгдөөгүй хохирлын нөөц сан гэж хариуцагч хэлж байна. Манай компаниас мөнгө нэхсэн гэхдээ бид нар санхүүгийн тайлан гаргаад төлж амжаагүй байгаа өр төлбөр. 2 дахь учирсан боловч нэхэмжлээгүй 12 сарын 31-нд хүн мөргөлдчихөөд 1 дүгээр сарын 4, 5-нд материалаа бүрдүүлж таарна. Тэрийг өмнөх тайлангуудыг харж байгаад ийм л байгаа гэсэн багцаагаар томьёолол тавьдаг. 3 дахь нь учирч болзошгүй хохирлын нөөц сан, одоо байгуулсан гэрээнүүд ямар хэмжээний нөхөн төлбөр гарч байна, үлдсэн хугацаанд ийм хэмжээний нөхөн төлбөр гарна гэж тооцоолж гаргадаг. 4 дэх нь тусгай нөөц сан. Энэ 4 нөөц санг Санхүүгийн зохицуулах хорооноос минимум хэмжээг та нар ийм томьёоллоор ийм байлгана гэж тавьж өгдөг. Нөөц санг хуулийнхаа дагуу тооцооллоор Санхүүгийн зохицуулах хороонд жил болгон гаргадаг. Тогтвортой байдлын нөөц санг заавал байх ёстой гэдэг нь үнэн. Тогтвортой байдлын нөөц санг МИАТ ТӨХК-ийн тендерт зориулаад байгуулаагүй. Тэрнээс өмнө тогтвортой байдлын нөөц санг ******* даатгал Монголд анх удаа 2021 онд ковид гараад бүх зүйл, бизнес хүндрээд асуудал үүсэхэд даатгалын компани хүмүүсийн эрсдэлийг хариуцаж байгаа учраас тогтвортой байх ёстой. Бид нарын төсөөлж байснаас илүү их хэмжээний хохирол, нөхөн төлбөр гарвал яах ёстой вэ? гэдгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлээд 2 тэрбум төгрөгийг 2021 онд Санхүүгийн зохицуулах хороонд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг танилцуулаад бүртгээд явсан. Санхүүгийн зохицуулах хорооноос болно, болохгүй гэдэг асуудлыг огт тавиагүй. Одоо бид нарыг нийт нөөц сан гэдэг дээр заавал байх ёстой нөөц сан гэдэг дээр нэмээд байгуулсныг хамааралгүй заавал байх ёстой чинь энэ гээд заавал байх ёстойгоо хангаад нэмээд байгуулж болдоггүй юм уу? Олон компаниуд тэгж явж байна.

... Хариуцагч тал Онцгой байдлын ерөнхий газрын гэрээний талаар ярих сонирхолтой байх шиг байна. Бид нар том онгоцтой, Онцгой байдал жижиг онгоцтой гэж яриад байна. Олон улсын зах зээлд нисдэг тэрэг даатгах нь илүү асуудалтай байдаг. Яагаад гэвэл кейс их гардаг. Онгоц байнга унаад байдаггүй, нисдэг тэрэг байнга унадаг. Онцгой байдлын ерөнхий газрын нисдэг тэрэг бидний яг олон улсын форум хийж байхад унаад газар дээр нь үзлэг, шалгалтыг хийгээд хохирлын хэмжээг бүгдийг тодорхойлоод өгсөн. Одоо Онцгой байдлын ерөнхий газрын хүсэлтэд тухайн нисдэг тэргийг засаж, дахиж хэрэглэх сонирхол алга. Монгол хүмүүс нэг унасан юманд сүжиггүй байдаг. Та бүхэн шинээр нисдэг тэрэг авч өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Одоо бид 2 дахь нисдэг тэргээ үзээд явж байна. Эхний нисдэг тэргийг Онцгой байдлын ерөнхий газраас очиж үзээд ийм, ийм асуудал байна гэсэн тул 2 дахь нисдэг тэргээ үзээд явж байна. Энэ асуудал МИАТ ТӨХК болон ******* даатгалтай хамааралтай асуудал биш. Би даатгалын салбарт 10 гаруй жил ажиллаж байх хугацаанд нисдэг тэрэг унасан асуудлууд гарсан, манай компани шиг аваад өгье, авч өгөхөөр явсан компани байдаггүй. Та бүхний ******* даатгалтай хамтарч ажиллаад мөндөрт цохиулсан асуудалд манайх хамтарч сайхан ажиллая гэдэг талаар ярилцсан. Гэхдээ өнөөдөр 2 талд мэтгэлцээд байгаа болохоор тэгж байх шиг байна. Энэ тендерийн асуудал 2 компанийн асуудал биш ард нь *******, Миг даатгал гээд компаниуд байна. ******* даатгалыг та бүхэн үнэлэхдээ бүх материал шаардлага хангасан гэж үзсэн. ******* даатгалыг та бүхэн дотроо мэдэж байгаа шаардлага хангаагүй гэдгийг нэг хөдөлшгүй нотлох баримт нь ******* даатгалтай өөрсдөө эрүүл мэндийн даатгалын гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, аваагүй. Би танайхыг яагаад үйлдээгүйг маш сайн мэдэж байна. ******* даатгал маш муу ажиллаж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа буюу тендер 2 удаа зарлагдсан. Эхний удаа манай байгууллагын нөөц сангийн асуудал яригдахгүй байж байгаад 2 дахь удаа яригдсан энэ бол байж болох асуудал талууд маргаантай байна. Манайхыг нөөцийн сангийн асуудлаас болоод шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр хассан байдаг. Нөөц сангийн талаар талууд зохих түвшинд ойлгосон байх гэж бодож байна. Хариуцагч талын дурдаад байгаа багц дүрэм 200 гаруй хуудас хэцүү, яг өөрсдийн шаардлагатай хэсгүүдээ дурдаад байна. Нийт нөөц сангаас доош гүйлгээд харвал тогтвортой байдлын нөөц сан яаж байгуулах нь байгаа ... гэв.

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* даатгал компани нь МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн зааварчилгааг бүрэн хангасан материалыг бүрдүүлээд 2023.10.30-ны өдөр оролцон МИАТ ТӨХК-аас 11 дүгээр сарын 1-ний өдөр Тендерийн тухай хуулийн 27.3-т заасныг үндэслээд бүх шаардлагыг хангасан тендер гэж үзээд ******* даатгалыг тус тендерт шалгаруулсныг бид нарт мэдэгдсэн. ******* даатгал тус тендерт шалгарсантай холбогдуулаад бусад оролцогч болох ******* болон ******* даатгалаас Сангийн яаманд гомдол хүргүүлсэн байдаг. Сангийн яамнаас тус гомдлуудыг үндэслэлтэй гэж үзээд 2023.11.07-ны өдөр тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх даалгаврыг хүргүүлсэн. МИАТ ТӨХК-аас 2023.11.24-ний өдөр тус тендерийг дахин шалгаад, ******* даатгал тендер шалгаруулалтын шаардлагыг хангасан учраас ******* даатгал тендерт шалгарлаа. ******* даатгал тус тендерт хасагдсан гэдэг албан бичгийг бид нарт ирүүлсэн. Бид тус шийдвэрийг эс зөвшөөрч ******* даатгал компани нь Тендерийн тухай хуулийн 27.1, 27.3 Тендер шалгаруулах зааварчилгааны зарим хэсгүүдийг хангаагүй гэдэг үндэслэлээр тус хуулийн 55.1-т заасан хугацаандаа багтаж 2023.11.30-ны өдөр Сангийн яаманд гомдлыг хүргүүлж ажилласан. Сангийн яамнаас ******* даатгалын гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэн, 2023.12.01-ний өдөр МИАТ ТӨХК рүү тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх даалгавар, албан бичгийг хүргүүлсэн байдаг. Гэтэл МИАТ ТӨХК нь Сангийн яаманд хүргүүлсэн тайлбарт бид 12 дугаар сарын 1-ний өдөр тендерт шалгарсан оролцогчтой аль хэдийн гэрээгээ байгуулсан тул тус даалгаврыг биелүүлэх боломжгүй гэдэг албан бичгийг хүргүүлсэн учраас Сангийн яам бид нарыг Тендерийн тухай хуулийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байдаг. Тендерийн тухай хуулийн 55.1-д заасны дагуу гомдлоо гаргаж ажилласан. Захиалагч буюу МИАТ ТӨХК нь тус хугацаанд тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулахгүй байх үүргийг хүлээдэг. Тендерийн тухай хуулийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээр ажлын 6-аас доошгүй хоногийн дараа буюу тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна гэж заасан байдаг. Гэтэл МИАТ компани нь ******* даатгалд 2023.11.24-нд тендерт шалгарсан гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд хуулиар олгогдсон хугацаагаар бодох юм бол ******* даатгалтай 2023.12.04-ний өдрөөс хойш гэрээ байгуулах эрх үүссэн байдаг боловч МИАТ компани нь ******* даатгал 2 нь 2023.12.01-ний өдөр даатгалын гэрээгээ байгуулж ажилласан байгаа нь Тендерийн тухай хуулийн 29.2, 55.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Сангийн яаманд ******* даатгал нь Тендер шалгаруулалтын зааварчилгаа болон Тендерийн тухай хуулийн 27.3 дахь заалтыг хангаагүй 5 үндэслэл бүхий гомдлыг гаргаж ажилласан боловч МИАТ компани нь даатгалын гэрээ байгуулсан тул тус гомдлыг хянан хэлэлцэх боломжгүй болсон. Дээрх үндэслэлээр ******* даатгал нь нийт нөөц сантай холбоотой тайлбар баталгааг хүргүүлсэн боловч тухайн үндэслэлээр ******* даатгалыг тендер шалгаруулалтаас хассанд бидний зүгээс гомдолтой байна. МИАТ ТӨХК-аас Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Тендер шалгаруулалтын зааварчилгааны холбогдох хэсгүүд болон Тендерийн тухай хуулийн 27.3 дахь заалтыг хангаагүй, ******* даатгал компанийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2023.11.24-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн тус шийдвэрт үндэслэж Тендерийн тухай хуулийн 29.2 дахь заалтыг зөрчиж МИАТ ТӨХК-тай байгуулсан даатгалын гэрээг хууль бусад тооцож, МИАТ ТӨХК-ийг ******* даатгал компанитай гэрээ байгуулахыг даалгах тухай энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

3.3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үнэлгээний хороо хэрхэн мэргэжлийн ажилласан бэ гэдэг дээр эргэлзээ төрүүлээд байгаа нь манайх өмнөх тендер зарлагдахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар руу гомдол гаргасан. Өрсөлдөөний тухай хуулийн дагуу даатгалын салбар дээр ярихын бол 15-аас 9-ийг нь хязгаарлах юм бол тэр нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэж үзээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар руу өрсөлдөөнийг ийм заалт хязгаарлаад байна гэсэн гомдол өгсөн. Нөгөө хэд нь харчхаад 15 компанийн үзүүлэлтийг жагсааж харж байгаад эхний 3-ыг л үлдээсэн юм байна. МИАТ ТӨХК-ийг соль гэсэн. Танайхаас буцаагаад солихдоо 10 тэрбум байсан нөөц санг 8 тэрбум болгож өөрчилсөн. Тэр 8 тэрбум ярьж байгаад болгосон юм шиг сая хэллээ. Энэ дээр яаж ажиллах байсан бэ гэхээр 15 компанийн үзүүлэлтийг гаргаж ирж байгаад бид нар хэдээр нь таслах юм бол өрсөлдөөнийг хязгаарлаагүй гэж үзэх юм бэ гэсэн яриа яригдаад яг дунджийн тал үзүүлэлтийг тавих ёстой байсан юм болов уу гэж үзэж байна. Зүгээр 8 гэж ярьж байгаад тавигдсан. Асуудал яагаад хөндөөгүй вэ гэхээр тухайн үед бид нөөц сан хангагдсан юм байна. Тийм учраас бид нар гомдол гаргаад байх шаардлагагүй гэж үзсэн ... гэжээ.

3.4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерийн тухай хуулийн зарчим дээр худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталж Тендерийн үнэлгээний хороо шийдвэр гаргах ёстой байдаг. Тухайн хуулийн 27.2-т заасны дагуу шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж ярьсан. Бид нар үзэхдээ 27-д тендерийг анх шалгаруулахдаа тухайн тендерийг аваад материалыг нь танилцаад ерөнхий шаардлагыг магадлах ёстой. Тендерийн хуулийн 14-т заасны дагуу тухайн ерөнхий шаардлагыг магадлаад бичиг баримтын бүрдэл үнэн зөв, бичиг баримтын бүрдэл ирсэн байна уу гэдгийг шалгаад уг ерөнхий шаардлагын магадлалыг тэнцэж байгаа тохиолдолд дараагийн үнэлгээг хийдэг. Гэтэл ******* даатгал компани ерөнхий шаардлагын магадлах бичиг баримтууд тэнцээгүй байхад Үнэлгээний хороо тэнцлээ гээд цаашаа ажиллагаа явуулсан нь хууль зөрчиж байна. Үүнийг нотлох баримт, нэхэмжлэл дээр гаргаж өгсөн байгаа. Өмнө ярьсан хүний нөөцийн асуудлаар Тендерийн шалгаруулалтын зааварчилгаанд ямар нотлох баримтыг яаж гаргаж өгөх вэ гэдгийг тодорхой заасан байдаг. 16.2.1-т тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн хугацаанд оролцсон иргэний хэрэг маргааны талаар шүүхийн архивын байгууллагаас олгосон дүрэм журмын хүрээнд гаргасан тодорхойлолт гэж байна. Үүнийг ******* даатгал компаниас нийт 15 шүүхийн маргаан гаргаж өгсөн, бүгдэд нь хариуцагчаар оролцсон байна. Тухайн шүүхийн маргааныг ******* даатгал гаргаж өгөхдөө тендерийн маягт дээр тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойлолт болон эцэслэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн шаардлагуудыг биелүүлж, шүүхийн шийдвэр биелүүлсэн, нөхөн төлбөр олгосон эсэх талаар мэдээлэл нь ороогүй. Гэтэл манайх шүүх дээр бүх маргаантай асуудлаар хэргүүд дээр бүх тодорхойлолтуудаа гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлсэн талаарх тодорхойлолтуудаа гаргаж өгөөд нөхөн төлбөр төлсөн баримтуудаа гаргаж өгсөн ч тухайн компанийн энэ баримт дутуу. Зөвхөн шүүхийн архиваас 15 шийдвэр ирсэн байна.

Ерөнхий магадлах шаардлагыг хангаагүй бичиг баримт дутуу өгсөн үндэслэл. 2 дахь нь хүний нөөцийн баримт ярьсан байгаа. Хүний нөөц дээр болохоор ерөнхий шаардлагын магадлах дээр ямар шаардлага хангахыг дурдаж өгөх ёстой байсан. 17.6.2-т гэрээг хэрэгжүүлэх, хяналт тавих, удирдах тодорхой үйлчилгээг гүйцэтгэх ажилтны боловсрол, ур чадварын талаарх тодорхойлолтыг маягт 4-ийн дагуу бэлтгэсэн мэдээлэл хүргүүлнэ гэсэн байна. Маягт 4-ийн дагуу бол дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлэх ёстой тухайн ажилтан хэдэн оноос ажиллаж байгаа гэх мэт. Өмнө ярьсан ******* даатгал компанийн ажилтан гэж байгаа *******ийг 8 жил ******* даатгалд ажилласан гэж худал мэдээлсэн. Ерөнхий магадлах шаардлагыг хангахгүй байхад Үнэлгээний хорооноос ******* даатгалын нөөцийн сан нь өндөр, хувьцаат компани байж болно. Гэхдээ тендерт оролцохдоо тэгш эрхээр хангасан байх ёстой, тендерийн ерөнхий магадлах шаардлагыг давахгүй компанийг дараагийн шалгаруулалтад оролцуулсан нь Үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус байна. Тендер шалгаруулалтын журамд гэрээ дүгнэсэн акт, ижил төстэй гэрээ байгуулсан бол гэрээ дүгнэсэн актыг ирүүлсэн байх ёстой. Хэрвээ МИАТ ТӨХК-тай гэрээ байгуулсан бол гэрээ дуусгавар болсон акт, дуусах шатандаа явж байгаа бол гэрээ дүгнэсэн дундын актыг ирүүлнэ гэж заасан байдаг. Дээрх бүх бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлж, дараагийн шат руу ордог гэтэл ******* даатгал өгөөгүй байхад өгсөн гэж үзээд, хангагдаагүй олон нөхцөл байдал давтагдаад байхад хангагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулъя гэсэн яагаад гэвэл Тендерийн тухай хууль, Тендер шалгаруулалтын журамд хүртэл тендер шалгаруулснаас хойш 6 хоногийн дараа гэрээг байгуулна гээд тодорхой заасан.

******* даатгалыг шалгаруулсан нь тухайн компанид давуу байдал олгосон, шударга өрсөлдөөнийг хязгаарласан үнэлгээний хорооны шийдвэр өөрөө хууль бус байна. Шударга өрсөлдөөнийг хязгаарласан, ******* даатгалд зөвхөн давуу байдал олгосон бичиг баримтын бүрдэл дутуу, анхны шалгуур тэнцэхгүй компанийг үнэлээд, өөрсдөө шалгаруулаад гэрээ байгуулж байгаа нь хууль зөрчсөн үндэслэлгүй, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Манай гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Гэрээ байгуулсан нь хууль бус учраас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Үндэслэл нь хуулийн 29.2, зөвлөмжийн 39.2-ыг баримтлаагүй байна. Тендерийн тухай хуулийн 34.3-т заасныг үндэслэн шууд гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. Үндэслэлтэй бол энэ талаар тендерт оролцсон бүх талуудад албан ёсоор ******* даатгал шалгарсныг мэдээлэх ёстой албан бичигтээ дурдах ёстой байсан. Бид нар гэнэтийн давагдашгүй зүйлээс болж ******* даатгалтай шууд гэрээ байгуулж, гэрээ байгуулах журмын дагуу гэдгээ 27.3-ын дагуу байгуулсан гэж хэлээд байна. 34.1.5-ыг баримталж, 34.3-аар гэрээ байгуулсан гэдгээ бид нарт мэдэгдэх ёстой байсан. Бид нарт өгсөн мэдэгдэлд 27.3-ыг баримталсан учраас 6 хоногоо баримтлаагүй гэж үзэх нь үндэслэлтэй. 34.1.5-ыг үндэслэж, үнэхээр давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэж үзэж байгаа бол тэрийгээ нотлох ёстой. Нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн нь тодорхой бол албан тоот гаргаж өгдөг үүнийг хавсаргаад шүүх, Сангийн яаманд бусад тендерт оролцсон талуудад өгөх ёстой, үүнийг биелүүлээгүй. Өнөөдөр гэрээ шууд байгуулсан гээд яриад байдаг нотлох баримт, хууль зүйн үндэслэлгүй байна. Давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал биш, ******* даатгалтай гэрээ байгуулахгүй л бол болохгүй гэдгийг амаар хэлээд байна. Давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн бол тэрийгээ нотлоод бүрдүүлэх ёстой байсан. Энэ гэрээ хууль бус тул хүчингүй болгуулж ******* даатгалтай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

3.5. Хариуцагч МИАТ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* даатгал компани МИАТ ТӨХК-аас зарласан Агаарын даатгалын гэрээтэй холбогдуулаад нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад шүүхэд нэхэмжлэлд 5 үндэслэл дурдсан байсан. Өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад дэмжиж байгаа гэсэн яриатай холбогдуулаад нэг л асуудал яригдаад байна. МИАТ ТӨХК-ний зүгээс Агаарын хөлгийн даатгалын гэрээнд хамгийн сайн гэж шалгарсан ******* даатгал компанитай мэдэгдэл өгсөн өдөр буюу 2023.11.24-ний өдөр гэрээ байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2, 55.1-ийг зөрчсөн. Үүнтэй холбогдуулаад Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яам нэгэнт захиалагчийн зүгээс гэрээ байгуулсан тухай мэдэгдлээ ирүүлсэн учраас бид нар шүүхэд гомдлоо гаргаж байна гэсэн үндэслэл ярилаа. Энэ үндэслэлтэй холбогдуулаад тайлбар хэлье. Агаарын хөлгийн даатгалын асуудал Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудын оролцож байгаа үнийн дүнгийн хувьд өндөр үнийн дүнтэй давхар даатгал 100% байршдаг. Даатгалын компаниуд болон МИАТ ТӨХК-ний зүгээс ойлгомжтой асуудал нь энэ даатгалын гэрээ байгуулсан өдөр буюу 29.2 дахь заалтыг зөрчсөн гэдэг нь өнөөдөр нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчиж байна вэ? гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Шууд гэрээ байгуулсан асуудалд тодорхой үндэслэлийг захиалагчийн зүгээс ярих хэрэгтэй байх. Агаарын хөлгийн даатгал нь агаарын хөлөг МИАТ ТӨХК нь эзэмшлийн, өмчлөлийн, түрээсээр эзэмшиж, ашиглаж байгаа агаарын хөлгүүд дэлхийн олон улсын нислэг үйлдэхэд даатгалтай байх зайлшгүй шаардлагатайг даатгалын компаниуд бүгд мэдэж байгаа даатгалгүй нисэх ямар ч боломжгүй. 2004 онд Монгол улсын соёрхон баталсан Олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим нэг журмыг нэг мөр болгох конвенц, Монгол улсын Иргэний нисэхийн тухай хууль, Иргэнийн нисэхийн дүрэм 303, МИАТ ТӨХК болон түрээслэгч компаниудтай байгуулсан гэрээнд агаарын тээвэрлэгч нь энэ даатгалыг агаарын хөлөг, зорчигчтой хариуцлага гэдэг иж бүрэн даатгалыг даатгуулах ёстой, үүрэгтэй зааварчилгаа, зохицуулалттай байдаг. Олон улсын нислэг үйлдэж байгаа тохиолдолд гуравдагч улсын эрх бүхий байгууллагын Иргэний нисэхийн ерөнхий газарт даатгал болон давхар даатгалын гэрээгээр баталгаажуулж өгдөг. Энэ нь даатгалын компаниудад илэрхий байдаг үйл баримт гэж хэлж болно. Давагдашгүй хүчин зүйл гэдэг юм уу агаарын хөлгийн хувьд МИАТ ТӨХК олон улсын агаарын тээвэрлэлтэд, зорчигч тээвэрлэгчийн үйл ажиллагаа олон улсын хэмжээгээр бүтэн жил зарлагдаад явсан байдаг. Зарлагдаад явсан гэдэг нь нислэг нь олон улсын хэмжээнд зарлагдаад борлуулалт, үйл ажиллагаа ганцхан МИАТ ТӨХК гэж ярихгүй хамтарч ажиллаж байгаа олон гэрээнүүдийн хүрээнд энэ үйл ажиллагаа явж байна. Нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй байх, тасралтгүй байхын тулд зайлшгүй агаарын хөлгийн аюулгүй ажиллагаатай холбогдуулаад энэ агаарын хөлгийн иж бүрэн даатгал гэдэг асуудал яригддаг. Яг энэ үндэслэлээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан үйл баримт даатгалд шалгарсан гэдэг өнөөдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад яг энэ тендерийн үнэлгээ буюу Үнэлгээний хорооны зөвлөмж, МИАТ ТӨХК-аас зарласан агаарын хөлгийн даатгалд оролцсон оролцогчдыг Үнэлгээний хороо хэрхэн зөв үнэлсэн бэ? Тендерийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг барьж, үнэлсэн нь үндэслэлтэй эсэх дээр маргаан гараад явж байна. Энэ тохиолдолд 55.1-ийг зөрчөөд бидний эрх зөрчигдөөд гомдол гаргах эрхгүй болсон гэдэг ч юм уу? энэ асуудал яригдахгүй гэж бодож байна. Нэхэмжлэгчийн ямар шаардлага хөндөгдөөд байгаа юм бэ? гэхээр гомдол гаргахтай холбоотой асуудлыг хангаагүй гэдэг асуудал яриад байна. Өнөөдөр гомдол гаргах асуудал чинь хангагдаад шүүхээр явж байна. Сая хэлсэн үндэслэлийг зөвшөөрөх боломжгүй. Бид 55.1-ээр 5 хоногийн хугацаанд гомдол гаргах байсан чинь 6-аас доошгүй хоног байх гэдэг хуулийн заалтыг зөрчсөн. Захиалагчийн зүгээс 29.2 дээр тендерийн хүчинтэй байх хугацаанд ажлын 6-аас доошгүй хоногт байгуулна гэсэн 6 хоногийн дараа байгуулна гэдэг агуулга яриад байдаг боловч хуулийн агуулгаар тайлбарлахад шаардлагатай тохиолдолд гэрээ мэдэгдэл олгосон тохиолдолд гэрээ байгуулж болохгүй гэсэн үндэслэл байхгүй гэж харж байна. Энэ үндэслэлээр гомдол гаргах хэн нэгний эрхийг хязгаарласан уу? гэдэг асуудлаар шүүх дүгнэлт хийгээд эрх ашиг нь ямар байдлаар хохирсон гэдгийг өнөөдөр нэхэмжлэл гаргаад явж байгаа энэ асуудлыг шийдүүлэх гэж байгаа учраас одоо яг нэхэмжлэгчийн ярьсан эхний гомдлын үндэслэлийг үндэслэлгүй гэдэг тайлбар хэлье. Гол асуудал маань нөөц сангийн асуудал байгаа. МИАТ ТӨХК-аас зарласан тендерийн баримт бичгийн 17.6.7-д тодорхой зааж өгсөн тендерт оролцогч нь чадавхын шаардлага буюу Тендерийн тухай хуулийн 27.1.1-т заасан чадавхын шаардлагыг хангасан байна. Тодорхой хэлэхэд нийт нөөц сан гэдэгт орлого тооцоогүй хураамжийн нөөц сан, дээр нь энэ нөөц сан буюу нөөц сангийн нийлбэр нь 8 тэрбумаас багагүй байх, сүүлийн 3 жилийн дундаж ийм байхаар Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр ирүүлэх шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа үйл баримтыг ярихад эхлээд манайхыг сонгочхоод дараа нь ******* даатгалыг сонгосон гэж яриад байна. Захиалагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах үйл ажиллагааны процессын нэг асуудал нь захиалагч тендерийг зарлаад шалгаруулж болно. Нээлттэй цахим тендерийн хувьд тодорхой дүрэм журам байгаа захиалагч тендерт оролцогч яг захиалагчийн шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбогдуулаад гаргаж байгаа шийдвэрт Сангийн яам буюу төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй. Одоо маргаан ямар процесс дээр явагдах вэ? гэхээр 10 сарын 30-ны өдөр нээсэн тендерийн үйл явцын дараагийн процесс дээр гомдол гаргах үйл ажиллагаа явж байна. Сангийн яам ахиад үнэл гэсэн, үнэлэхтэй холбоотой асуудал дээр ******* даатгал бусад оролцогчдын гомдлын дагуу Сангийн яам юу гэж үзсэн бэ? гэхээр та нар бол тендерийн баримт бичгийн 17.5.6.8 дээр нөөц сан буюу чадавхын шаардлагаа тодорхой заагаад өгсөн байна. Энэ тодорхой заасан шаардлага дээр чинь даатгалын компаниудын зүгээс орлого тооцоогүй хураамжийн нөөцийн сан байх ёстой юм байна дээр нь нэмээд нөөц сан гэсэн 8 тэрбум төгрөгөөс давахгүй байх шаардлага тавьжээ. Та нар энэ шаардлага тавихдаа ******* даатгалыг шалгаруулахдаа нэг асуудалд хариуцлагагүй хандсан байна гэсэн. 1-т Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрэмд заасан заавал байвал зохих даатгалын нэг нөөц санг тогтвортой байдлын нөөц сан гэдэг асуудал байдаггүй энэ бол даатгалын компанийн өөрийн эрсдэлийг удирдахтай холбоотой байгуулсан нөөц сан юм. Энэ нөөц санг байгуулахдаа яаж байгуулсан гэхээр компанийн үндсэн үйл ажиллагаанаас ирээдүйд үүсэж болзошгүй алдагдлаа санхүүжүүлэх зорилгоор хувь нийлүүлэгчдийн шийдвэрээр байгуулсан сан байна. Энэ санг багц дүрэмд заасан даатгалын нөөц сан гэдэгт орохгүй шүү. Тэгэхээр та нар ороогүй нөөц санг асуудалд хангаж шийдсэн нь буруу байна гэсэн дүгнэлт өгсөн. Энэ дүгнэлтийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос заавал тодруулга ав гэсэн. Тодруулга авах үйл явцыг тендерт оролцогчид, аж ахуй нэгжүүдэд шаардлагатай тохиолдолд аливаа тодруулга авах эрхээр хангагдана шүү гэдгийг баримт бичигт тендерт оролцогчдын хэн аль нь баталгаажуулсан байдаг. Үүнийг үндэслээд 28.1-т заасан тодруулгаар явна шүү гээд Санхүүгийн зохицуулах хорооноос манайд албан бичиг ирүүлсэн 23-ны өдрийн А/4469 тоот мэдээлэл хүргүүлэх албан бичигт нэр дурдсан 2 компанийн зарим үзүүлэлт дараах байдалтай байна. Тендерийн бичиг баримтад заасан 2 нөөц сангийн асуудал яригдана. Орлого тооцоогүй хураамжийн нөөц сан нь ирээдүйд болох хураамжийн нөөц сан давхар даатгагчид хойшлогдсон хураамжийг хассан дүнгээр хэд байна гэдэг асуудал ярьсан. Энэ нийлбэрийг аваад үзэхэд ******* даатгалын тухайд 1-т орлого тооцоогүй хураамжийн нөөц сан 2.7, нийт нөөц сан даатгагчид ногдох хэсгийг хассан дүнгээр тооцоход 1.7, 2020 онд, 2021 онд бол эхнийх нь 4.9, нөгөөх нь 1.2, 2022 онд эхнийх 5.7, нөгөөх нь 1.4 буюу нийлбэр нь 8 тэрбум хүрэхгүй 5, 6 тэрбум орчим ийм үзүүлэлттэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж ирсэн. Тийм учраас Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн баримт бичгийг үнэлээд чадавхын нөөц сангийн шаардлагыг одоо гаргасан шаардлагын тухайд ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагын 5 үндэслэл дурдсан байсны яг шүүх хуралдаан дээр 2 үндэслэлийг ярьсан. Эхний үндэслэлийн тайлбарыг хэлсэн одоо 2 дахь үндэслэл бол нөөц сантай холбоотой асуудал. Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн бичгийг үндэслээд ******* даатгал компани нь нөөцийн сангийн хувьд чадавхын шаардлага хангаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.1-т заасан шаардлагыг хангаагүй учраас үнэлэх боломжгүй гэсэн захиалагчийн зүгээс байр суурьтай байна. Хамгийн бага үнийн санал ирүүлсэн ******* даатгал компанийг шалгаруулсан. ******* даатгал компанийг шалгаруулсан шалгаруулалттай холбоотой асуудал дээр нэхэмжлэгч юу гэж ярьдаг гэхээр чадавхын шаардлага хангаагүй, манайхыг хангасан байхад гаргачихлаа гэдэг зүйл яриад байна. ******* даатгал чадавхын шаардлага хангасан уу гэдэг асуудалд Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн албан бичгээр батлагдаад гарсан. Даатгалын нөөц сантай холбогдуулаад хариуцагчийн зүгээс тодорхой тайлбар өгөх нь зүйтэй. Нөөц сантай холбоотой асуудал Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйл дээр тодорхой заасан байдаг. Гэрээний явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор даатгалын нөөц сан бүрдүүлнэ. Нөөц сангийн хэмжээ, нөөц санг бүрдүүлэх болон хөрөнгө байршуулах нөхцөлийг даатгалын багц дүрмээр тогтооно. Даатгалын нөөц сангийн тусгайлсан дансанд байршуулах бөгөөд дансны бүрдүүлэлт, зарцуулалт Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байна гэсэн зохицуулалттай байна. Үүнтэй холбогдуулаад нөөц сангийн багц дүрэм гэдэг асуудал яригдана. Санхүүгийн зохицуулах хорооны 2019.01.19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Даатгалын багц дүрэмд даатгалын нөөц сан, албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, хяналт тавих журмыг заасан байдаг. Орлогод тооцоогүй хураамжийн нөөц сан, даатгалын нөөц сан гэдэг нь юу юм бэ гэдэг зүйлийг яриад байна. Нийт нөөц сан нь багц дүрмийн 2 дугаар заалтад тусгагдсан ердийн нөөц сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах хэсэг 2.1-т даатгалын нөөц санг дараах байдлаар ангилна гээд 2016 онд бол өөр зохицуулалт байсан. Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц сан, мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сан, учирч болзошгүй хохирлын нөөц сан, тусгай нөөц сан гэдэг бид нарын тендерийн баримт бичигт заасан 2 дахь шаардлага буюу нийт нөөц сан гэдэгт орж байна. 2-т нь орлогод тооцоогүй нөөц сан гэдэг нь багц дүрмийн хавсралтад заасан 2.5.7-д заасан даатгагч нь энэ журмын 2.1-т заасан даатгалын нөөц сангаас гадна гэдэгт 2.1-т заасан 4 үндсэн бүрэлдэхүүнтэй нөөц сангаас гадна даатгалын хариуцлага дуусаагүй байгаа даатгалын гэрээ бүрийн хувьд хувь тэнцүүлсэн аргаар тайлагналын өдрөөр даатгалын гэрээний хүчинтэй үлдэх хугацаа нь хувь тэнцүүлэн тооцсон даатгалын хураамжийн хэсгүүдийн нийлбэрээр орлого тооцоогүй хураамжийн нөөцөөр орлогод тооцоогүй хураамжийн нийлбэрийг тооцно гэж заасан байна. Яагаад дүрэм, журам, хуулийн зохицуулалт яриад байна вэ гэхээр нэхэмжлэлийн шаардлагын тухайд бид нар өмнө ярьсан хувь нийлүүлэгчдийн тогтвортой байдлын нөөц сан байгуулаад 8 тэрбум төгрөг хүрчхээд байхад буруу дүгнэчихлээ, манайхыг сонгосонгүй, ******* даатгалыг шалгаруулчихлаа гэдэг зүйл яриад байна. Үүнд хяналт тавих байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байдаг юм байна гэдэг дээр хэн аль нь маргахгүй хуулийн зохицуулалт байна. Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд явуулж байгаа бүрдүүлэх журам, хөрөнгө байршуулах тэр нарийн тооцооллыг хийдэг. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хороо мэргэшсэн байдлаар даатгалын компаниудын үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн нөөц сангуудыг яг энэ дүрэм, хуульд заасны дагуу байх ёстой эсэхэд хяналт тавих эрх хэмжээ нь тэнд байна. Тэр эрх хэмжээ бүхий байгууллагаас авсан мэдээлэл хэрэгт авагдсан байна. Энэ мэдээллийн дагуу ирсэн баримтаар нэхэмжлэгчийн дурдаад байгаа ******* даатгал компани нөөц сангийн хэмжээгээр 8 тэрбумд хүрэхгүй юм байна гэдэг асуудал тодорхой болж байна. Өмнө хэлсэн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр байгууллагынхаа эрсдэлийг удирдах үүднээс байгууллагын тогтвортой байдлын нөөц сан гэдэг нь Даатгалын тухай хууль болон багц дүрэмд заасан нөөц сан гэсэн хуулийн тодорхойлолтод байдаггүй ийм нөөц санг байгуулж ажилласан байна. Яагаад байгуулсан гэхээр багц дүрэмд дурдсан 4 үндсэн бүрэлдэхүүнтэй нөөц сан орлого тооцоогүй хураамжийн нөөцтэйг нийлээд хүрэхгүй байсан учраас хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр энэ үйл ажиллагааны эрсдэлтэй холбогдуулаад хөрөнгө оруулалт байршуулсан байна. Хөрөнгө оруулалт байршуулах нөөц сангийн асуудлыг шийдсэн нь өөрөө захиалагчийн зүгээс гаргаж байгаа шийдвэрт үндэслэл болоод танай нөөц сан хангасан гэж үзэх үндэслэл болохгүй гэдэг асуудал байгаа. Манай гаргасан шийдвэр үндэслэлтэй болох нь өмнө ярьсан дүрэм журам, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээ гаргаж байгаа үйл баримт байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын шүүх хуралдаанд ярьсан үндэслэлүүд миний хэлсэн үндэслэлүүдээр хангагдахгүй гэсэн байр суурьтай байна. гэжээ.

3.6. Хариуцагч МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Үнэлгээний хорооны асуудал яригдаж байна. Үнэлгээний хорооны хүмүүс мэргэшсэн санхүүгийн хүмүүс биш хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээний хороон дээр нэг зүйл яригдсан. Өмнө нь хэлсэн ахиад хэлье. Санхүүгийн зохицуулах хорооны сайт руу ороод ердийн даатгал үзүүлдэг хэдэн компани байна, агаарын хөлгийн даатгал хийдэг хэдэн компани байна вэ дундаж борлуулалт нь ямар байдаг, санхүүгийн тайлан мэдээ, нөхөн төлбөр нь ямар байдаг вэ гэдгийг харж байгаад энэ дүрмийг тавьсан юм. Явцын гэрээ дүгнэсэн акт байгаагүй гэж яриад байна. Үнэлгээний хороо 7 сараас 12 сар хүртэл 6 удаа хуралдсан тэр болгонд та нар гомдоод яваад байсан. 11 сард хуралдаад 12 сард шууд гэрээгээ хийгээд, өөрсдийн эрх ашгаа бодоод, ******* даатгалд давуу байдал олгосон зүйл биш шүү дээ. Та нар эхлээд шалгарсан, тогтвортой байдлын нөөц сангийн мэдээллээ буруу ташаа өгснөөс бид төөрөгдсөн. ******* даатгал сүүлийн 5 жилд 2023 онд манайхтай нисэх бүрэлдэхүүний эрүүл мэнд, гэнэтийн осол даатгал хариуцаад явж байсан. Нийт төсөв 120 сая төгрөг байсан. ******* даатгал явцын дунд ******* даатгалаас 6, 7 сарын байдлаар гэрээний дунд явж байна, явцын дүгнэлт хийе гээд мэйлээр хандахад бид танай нисгэгчид хамгийн өндөр 62 сая төгрөг олгоод явж байна. Ийм нөхцөл байдалтай байна. 2 хүний асуудал хүлээгдээд байна. 2023 оны төсөвт бид нар ийм л төсөвтэй боломж нь энэ байна. Үйл ажиллагаа өргөжөөд хүн нэмэгдээд, үйлчлэгч, ачигч карго онгоцонд явж байна бид даатгуулах шаардлагатай байна гээд нөхцөл байдлаа тайлбарласан. Үнэлгээний хороо эхний хурал дээр зөв байна, явцын дүгнэлт акт гэдэг зүйл ирүүлээгүй гэдэг шалгуураар унасан. Энэ асуудал Сангийн яаманд зөвлөмж болоод ирсэн. Та нар ******* даатгал материалаа өгсөн байна, бид нар тайлангаа ирүүлчихсэн, явцын дүгнэлтээ хийе хэдэн сая төгрөгийн хохирлоо гаргачихсан байхад та нар байгаа зүйлээ яагаад нэхээд байгаа юм бэ гэдэг асуудал яригдсан гэсэн байна. Сүүлийн хурал дээр дүгнэж ярилцсан акт, тайлан гэдэг үгэнд дээр маргах юм бол бас нэг өөр асуудал. Үнэлгээний хорооны гишүүд юу гэж үзсэн гэхээр тайлан чинь ирсэн хамгийн бага санал өгсөн байна. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа билээ гэдэг дээр үндэслээд хуулийн дагуу тайлбар гаргаад явсан, зөвлөмжөө гүйцэтгэх удирдлагад хүргүүлсэн. Гүйцэтгэх удирдлага тэр зөвлөмжийг хүлээж аваад манай нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа юу байгаа билээ, бидэнд хэдэн онгоц байгаа билээ, манай давхар даатгал хэзээ дуусах билээ гэдэг зүйлийг үндэслээд 34-ийг бариад гэрээгээ байгуулахгүй бол өөр нөхцөл байдал болохгүй юм шүү гэдэг зүйл яригдсан. Яагаад гэвэл та нар мэдэж байгаа, танайх давхар даатгал авлаа гээд хүчингүй болгоод, маргааш танайх манайхыг аваад давхар даатгалтай болгох юм уу үгүй шүү дээ. Бид та нарт итгэмжлэл өгөх ёстой. Итгэмжлэлээр та нар манай хэдэн сая бүхий үнэтэй зүйлийг давхар даатгал хийх ёстой. Манай үйл ажиллагааг хэвийн явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3.7. Гуравдагч этгээд ******* даатгал ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд сая хариуцагчийн гаргасан тайлбарын үндэслэлийг дэмжиж байна. Тендер шалгаруулалттай холбоотой ******* даатгалын нэхэмжлэлийн шаардлагын үндсэн шаардлага нь манайхыг үндэслэлгүйгээр халчихлаа гэсэн байна. 2023 оны 7 сараас хойш зарлагдсан тендер. Даатгалын компаниуд тендерийн шаардлага хангасан материал ирүүлэхгүй байсаар сүүлд ирүүлсэн оролцогчдоос ******* даатгал компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулсан байдаг. Тухайн шалгаруулалтад *******, ******* даатгал Сангийн яаманд гомдол гаргаад, гомдлын дагуу хэлэлцээд Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ явуулахаар зохицуулсан. Энэ зохицуулалтын дагуу ******* даатгал компани өөрийн нөөц сангийн хөрөнгийн мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд шинээр гаргаж өгөөд тендерт оролцсон. Сүүлд хийсэн тендерийн маргаанд 11 сарын 24-ний өдрийн тендер шалгаруулалтаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн Тендерийн хорооны хурлын тэмдэглэл дээр ******* даатгал компанийг нөөц сангийн хөрөнгө хүрэлцэхгүй гэдэг үндэслэлээр шууд хассан байдаг. ******* даатгалыг нөөц сангийн хөрөнгө хангалттай хүрсэн, хамгийн бага үнийн санал өгсөн гэдэг үндэслэлээр тендерт шалгаруулсан. 2023.11.23-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны нөөц сангийн мэдээллийг хариуцагч ярилаа, тийм учраас давтаж ярих шаардлага алга. ******* даатгал компанийн нөөц сангийн хөрөнгө 22 тэрбум гэж тодорхойлогддог. 2-т нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал байна. МИАТ ТӨХК-аас зарласан Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ******* даатгалыг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл нь юу вэ гэдгийг асуумаар байна. Үндэслэл нь тодорхой бус, Тендерийн хороо хуралдаад үндэслэл бүхий шийдвэрээ гаргасан, шийдвэрийн дагуу ******* даатгал компанийг шалгаруулсан нь Тендерийн хорооны хурлын тэмдэглэлд тодорхой байдаг. Аль компанийг ямар үндэслэлээр халсан, сонгосон гээд нийтийн санал хураалтаар явуулсан байдаг. Энэ Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээ тодорхой дурдсан зүйл байдаггүй, ******* даатгалыг тэнцүүлчихлээ гэдэг байдлаар яваад байдаг. Хуульд заасан ямар шаардлагыг Үнэлгээний хороо зөрчсөн гэдэг нь тодорхойгүй байна. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2 дахь гэрээтэй холбоотой асуудалд МИАТ ТӨХК-ийн төлөөлөгч тодорхой тайлбар өглөө. ******* даатгалын зүгээс нэмж хэлэхэд Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу тендерт ялсан, манайхтай гэрээ байгуулах хүсэлтийг тавьсан учраас гэрээ байгуулсан. 3 дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд ******* даатгал компанитай гэрээ байгуулахыг даалгах гэсэн байна. ******* даатгалыг тендерийн шаардлага хангаагүй, нөөц сангийн хөрөнгөгүй гээд хассан байхад ямар үндэслэлээр гэрээ байгуулахыг даалгуулах гээд байгааг ойлгохгүй байна. Шүүхээр ороод тендерт ялчихдаг бол компани болгон шүүхээр ороод даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад явах бүрэн боломжтой. Тухайн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлын шаардлагууд, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, гомдлын шаардлагуудаас энэхүү шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн 1.1, 1.2-т тодорхойлсон шаардлагуудад дурдсан МИАТ ТӨХК-аас зарласан "Агаарын хөлгийн иж бүрэн даатгал"-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "******* даатгал" ХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн №6 тоот хурлын шийдвэр[8], түүний дагуу "******* даатгал" ХК-тай байгуулсан МИАТ-23/430 дугаартай даатгалын гэрээг тус тус хариуцагч МИАТ ТӨХК болон МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, энэхүү шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн 1.3-т тодорхойлсон шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А. Шүүх гомдол гаргагчаас тодорхойлон маргаж буй захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагчаас гаргасан гомдлын шаардлагуудыг учир зүйн уялдаа холбоо, дэс дараалалтай /логик уялдаатай/ байдлаар нь бүлэглэж, энэ агуулгаараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэг. МИАТ ТӨХК-аас зарласан "Агаарын хөлгийн иж бүрэн даатгал"-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "******* даатгал" ХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн №6 тоот хурлын шийдвэр, түүний дагуу "******* даатгал" ХК-тай байгуулсан МИАТ-23/430 дугаартай даатгалын гэрээг тус тус хариуцагч МИАТ ТӨХК болон МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн тухайд:

1.1. Гомдол гаргагчийн зүгээс МИАТ ТӨХК-аас зарласан "Агаарын хөлгийн иж бүрэн даатгал"-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "******* даатгал" ХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн №6 тоот хурлын шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг хариуцагч МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд, "******* даатгал" ХК-тай байгуулсан МИАТ-23/430 дугаартай даатгалын гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлагыг хариуцагч МИАТ ТӨХК-д холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасан агуулгаар буюу хүчингүй болгуулах нэхэмжлэлийн төрлөөр тодорхойлж маргасан.

1.2. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх мөчид Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн байх боловч уг тендер шалгаруулалт нь 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэлийн үед зарлагдсан, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана. гэж заасан байх тул энэ тохиолдолд шүүх 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэх болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэсний дагуу маргаж буй захиргааны акт болон даатгалын гэрээг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

1.4. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, гомдол гаргагч ******* даатгал ХХК нь МИАТ ТӨХК-аас зарласан МИАТ/202301087 тоот Агаарын хөлгийн иж бүрэн даатгал-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт холбогдох материалыг бүрдүүлэн 2023 оны 10 сарын 30-ны өдөр оролцсон.

1.5. МИАТ ТӨХК-аас 2023 оны 11 сарын 01-ний өдөр 01/2348 тоот албан бичгээр[9] "...Тендерийг хянан үзэхэд хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэсэн заалтыг үндэслэн тус тендерт шалгарсан болохыг үүгээр мэдэгдье гэх тендерт шалгарсан тухай мэдэгдэж, даатгалын гэрээ байгуулах эрхийг олгосон.

1.6. "******* даатгал" ХХК нь тус тендерт шалгарсантай холбогдуулан тендерт оролцогч бусад байгууллага болох "******* даатгал" ХХК, "******* даатгал" ХК нар нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Сангийн яамнаас үндэслэлтэй гэж үзэн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 03/8187 тоот албан бичгээр "МИАТ ТӨХК-ийн тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх даалгаврыг хүргүүлсэн.

1.7. "МИАТ ТӨХК-аас 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 01/2537 тоот албан бичгээр[10] тус тендерийн шалгуурыг хангасан тул ******* даатгал ХК шалгарсан" тухай мэдэгдлийг ирүүлсэн.

1.8. Дээрх шийдвэрийг ******* даатгал ХХК эс зөвшөөрч, "******* даатгал ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан зарим шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 06-709 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргажээ.

1.9. Үүний дагуу Сангийн яам нь ******* даатгал ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4.1-д заасныг хангасан үндэслэлтэй гэж үзэн МИАТ ТӨХК-д 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 03/8813 тоот албан бичгээр[11] тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх тоотыг өгсөн байна.

1.10. Гэвч Сангийн яамнаас ирүүлсэн 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 03/8987 тоот албан бичигт[12] ... МИАТ ТӨХК-ийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 10/2623 тоот албан бичгээр 2023 оны 12 сарын 01-ний өдөр шалгарсан оролцогчтой буюу ******* даатгал ХК-тай МИАТ- 23/430 дугаартай гэрээ байгуулсан тухай мэдэгдэн, гэрээний хуулбарыг хавсарган ирүүлсэн" тухай дурджээ.

1.11. Энэ маргааны хүрээнд шүүхээс дүгнэлт өгвөл зохих эрх зүйн асуудлын нэг нь нь МИАТ ТӨХК-аас зарласан МИАТ/202301087 тоот Агаарын хөлгийн иж бүрэн даатгал-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер нь МИАТ ТӨХК-аас ******* даатгал ХК-тай даатгалын гэрээ байгуулснаар дуусгавар болсон уу, эсхүл Сангийн яамны шийдвэрийн дагуу түр түдгэлзсэн байсан уу гэх асуудал болно.

1.12. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/8813 тоот албан бичгээс үзвэл, тус тендерт ******* даатгал ХХК-аас ирүүлсэн гомдлын дагуу 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу тендерийн хэрэгжилтийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

1.13. Мөн тус албан тоотоор гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор ирүүлэхийг заажээ.

1.14. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэх хугацаанд энэ хуулийн 29.1-д заасан хугацаа түр зогсоно. гэж заасан байх бөгөөд эндээс дүгнэвэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/8813 тоот албан бичгийн дагуу захиалагчийн шийдвэр буюу тендерийн хэрэгжилт 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн түр түдгэлзсэн байжээ.

1.15. Гэтэл хариуцагч МИАТ ТӨХК нь захиалагчийн шийдвэр буюу тендерийн хэрэгжилтийг түр зогсоосон буюу тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэхийг Сангийн яамнаас хянаж байх хугацаанд /2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр/ ******* даатгал ХК-тай МИАТ-23/430 дугаартай гэрээ байгуулсныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

1.16. Мөн 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна. гэж заасан.

1.17. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, захиалагч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6 өдрийн дараагаас гэрээг байгуулахаар заасан байх бөгөөд энэ хуулийн хугацааг хариуцагч МИАТ ТӨХК баримталсан эсэхийг дахин шинэ акт гаргахдаа баримтлах шаардлагатай.

1.18. Тиймээс тендер шалгаруулалт дуусгавар болоогүй буюу түр түдгэлзсэн, тэрхүү нөхцөл байдал үргэлжилж байх тул шүүх маргаж буй шийдвэр, түүний үр дагавар болж байгуулсан даатгалын гэрээг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

1.19. Мөн хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа дараах эрх зүйн асуудлуудыг нягталж үзэх нь зүйтэй байна. Тодруулахад:

1.20. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбарлахдаа өмнөх даатгалын гэрээний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, тухайн гэрээний хугацааг 2 сараар буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24 цаг хүртэл сунгасан, хэрвээ энэ хугацаа дуусахад шинээр иж бүрэн даатгалын гэрээ байгуулаагүй байвал даатгал, давхар даатгал хийгдээгүй, хугацаандаа шинэчлээгүй гэдэг үндэслэлээр манай компанийн олон улсын нислэгийн зөвшөөрлийг цуцалдаг, ингэснээр энэ нь ихээхэн хэмжээний хохиролд хүргэдэг тул гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэдэг үндэслэлээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж, ******* даатгал ХК-тай даатгалын гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

1.21. 2005 оны Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно: гэж шууд гэрээ байгуулах хэд хэдэн үндэслэлийг зааж өгсний дотроос мөн зүйлийн 34.1.5 дахь заалтад гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол;, 34.3 дахь хэсэгт Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. гэж заасан байна.

1.22. Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах үг зүйн аргын хүрээнд дүгнэхэд, дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл нь гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэх таслалаар тусгаарлагдсан хоёр нөхцөлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас шууд гэрээ байгуулна гэж ойлгохоор байна.

1.23. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд тухайн үед буюу даатгалын гэрээ байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэх нөхцөл байдал байгаагүй байх бөгөөд тийм байхад хариуцагчийн зүгээс энэхүү үндэслэлээр шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэсэн гэж тайлбарлаж байгааг зөвтгөх үндэслэлгүй.

1.24. Тиймээс хариуцагч дахин шинэ акт гаргахдаа хуулийн дээрх үндэслэлийг хэрэглэх нөхцөл байсан, эсхүл бүрдсэн эсэхийг дахин нягталж, тодруулан хэлэлцэх шаардлагатай.

1.25. Мөн гомдол гаргагчийн зүгээс ******* даатгал ХК-ийн боловсруулж өгсөн тендерийн баримт бичиг нь тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны дараах заалтуудад нийцээгүй байхад Үнэлгээний хороо тус компанийг шалгаруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж маргадаг. Үүнд:

1.26. ТШЗ 17.2.5-д "Шүүхийн тусгай архивын лавлагаа, ШШГЕГ-ийн лавлагаа түүнтэй холбогдох шийдвэрүүдийг тендерт ирүүлнэ гэж заасны дагуу "******* даатгал" ХК нь ШШГЕГ-ийн лавлагаануудыг хавсаргасан байх боловч Шүүхийн шийдвэрийн дагуу өөрсдийн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн болох тухай нотлох баримт хавсаргаагүй буюу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байхад хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.1-д заасан тендерт оролцогч нь захиалагчийн тогтоосон чадавхын шаардлагыг хангасан гэж үзсэн нь буруу;

1.27. ТШЗ 19.6-д "Тухайн даатгалын жилийн төлбөрийг 12 сард хуваан төлнө" гэж заасан байх ба "******* даатгал ХК нь төлбөрийг 12 хуваан төлнө гэсэн албан бичиг илгээсэн боловч албан ёсны СЛИП гэрээний төсөл дээр 4 хуваан төлөхөөр тавьсан нь тендерийн баримт бичигт нийцээгүй;

1.28. ТШЗ 17.6.2-д "Даатгалын компанийн удирдах албан тушаалтан болон дунд түвшний менежерийн мэдээлэл ирүүлнэ. МИАТ-ыг хариуцсан шийдвэр гаргах түвшний дотоод даатгалын брокерын ажилтны талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлнэ" гэсэн байх боловч "******* даатгал ХК нь өөрсдийн холбогдох хүний нөөцийн мэдээллийг илгээгээгүй, нотлох баримт ирүүлээгүй, МИАТ ТӨХК-ийг хариуцаж шийдвэр гаргах түвшний дотоод даатгалын брокерын ажилтны талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.3 заалтыг хангаагүй;

1.29. ТШЗ 17.6.5-д "Нийт нөөц сан /орлогод тооцоогүй хураамжийн нөөц+нөөц сан/ - 8 тэрбум төгрөгөөс багагүй байх /Сүүлийн 3 жилийн дундаж/ Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр ирүүлэх/ гэх шаардлага байсан. Үүний дагуу "******* даатгал ХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхойлолт авч тендерийн албан бичигт хавсаргасан боловч ТШЗ-ны шаардлага болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.3 дахь заалтыг хангаагүй тул эхний шалгаруулалтаар тендер шалгаруулалтаас хасагдсан. Үүний дараа "******* даатгал" ХК тус шаардлагыг хангасан тухай гомдлыг Сангийн яаманд гаргасан бөгөөд Сангийн яам нь МИАТ ТӨХК-д гомдол хянасан тухай 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 03/8514 тоот бичгээр Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхойлох байсан тус шаардлагыг хариуцагч өөрсдөө тооцоолж гаргасан байгаа нь тодорхойлох эрхгүй этгээд "******* даатгал" ХК-ийг ТШЗ-д заасан шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон нь буруу, энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос дахин лавлахыг зөвлөсөн. Гэтэл МИАТ ТӨХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.3 дахь заалтыг хангаагүй этгээдийн үнэлгээг тус хуулийн 27.3 дахь заалтыг зөрчиж шаардлагад нийцсэн тендер гэж үзэн үнэлсэн байгаа нь өөрөө хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл "******* даатгал ХК нь анх тендерийн баримт бичгийг бүрдүүлэн өгөхдөө ТШЗ-ын 17.6.5-д заасныг нэгэнт хангаагүйг харуулсан тодорхойлолтыг материалд хавсарган явуулсан.

1.30. ТШЗ 17.6-д "Сүүлийн 5 жилд МИАТ ТӨХК-тай гэрээ байгуулан ажиллаж байсан бол гэрээний биелэлтийг дүгнэсэн гэрээ дүгнэсэн акт, хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний хувьд явцын гэрээ дүгнэсэн актыг тус тус ирүүлнэ" гэсэн. "******* даатгал" ХК нь "МИАТ ТӨХК-тай сүүлийн 5 жилд гэрээ байгуулан ажилласан гэх боловч хийгдсэн гэрээний актыг илгээгээгүй буюу тендерийн баримт бичгийн шаардлагыг тус тус хангаагүй гэх тайлбаруудыг гаргаж маргасан.

1.31. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн нотлох баримт шинжлэн судлах шатанд шүүх хариуцагчаас /захиалагчаас/ боловсруулсан тендерийн баримт бичгийг /CD-д хуулбарласан/ тендерт шалгарч, даатгалын гэрээ байгуулсан ******* даатгал ХК-ийн боловсруулж өгсөн тендерийн баримт бичигтэй /мөн CD-д хуулбарласан/ тулган нягталж судлахад дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

1.32. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана. гэж заажээ.

1.33. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, захиалагч хэдийгээр мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтад заасан нөхцөл байдал байгаа гэж үзээд гэрээ шууд байгуулах аргыг сонгосон ч тухайн гэрээ байгуулах эрх олж авсан тендерт оролцогч этгээд нь мөн хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой байна.

1.34. Тухайлбал, 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно: гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нягтлан судлахад гэрээ байгуулах эрх олж авсан ******* даатгал ХК-ийн боловсруулсан тендерийн баримт бичиг нь энэ шүүхийн шийдвэрийн 1.26, 1.28-д дурдсан тендер шалгаруулалтын зааварчилгааны шаардлагад нийцээгүй гэж үзэж болохуйц нөхцөл байдлууд байна. Тодруулахад:

1.35. ТШЗ 17.6.2-д "Даатгалын компанийн удирдах албан тушаалтан болон дунд түвшний менежерийн мэдээлэл ирүүлнэ. МИАТ-ыг хариуцсан шийдвэр гаргах түвшний дотоод даатгалын брокерын ажилтны талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлнэ" гэсэн байх бөгөөд "******* даатгал ХК нь МИАТ ТӨХК-ийг хариуцаж шийдвэр гаргах түвшний дотоод даатгалын брокерын ажилтны талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлээгүй байна.

1.36. ТШЗ 17.6-д "Сүүлийн 5 жилд МИАТ ТӨХК-тай гэрээ байгуулан ажиллаж байсан бол гэрээний биелэлтийг дүгнэсэн гэрээ дүгнэсэн акт, хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний хувьд явцын гэрээ дүгнэсэн актыг тус тус ирүүлнэ" гэсэн байх бөгөөд "******* даатгал" ХК нь "МИАТ ТӨХК-тай сүүлийн 5 жилд гэрээ байгуулан ажилласан гэх боловч хэрэгжсэн гэрээг дүгнэсэн акт болон явцын гэрээ дүгнэсэн актыг илгээгээгүй байхад тус компаниас ирүүлсэн явцын тайлан гэх баримтыг гэрээ дүгнэсэн акт мэтээр үнэлсэн нь ойлгомжгүй.

1.37. Энэ үйл баримт хавтаст хэрэгт авагдсан МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №6 тоот хурлын тэмдэглэлд[13] тус хорооны гишүүн *******гаас хэлсэн ... ******* даатгал ХК-ийн хувьд ... явцын дүгнэлт буюу акт ирүүлээгүй гэх тайлбараар тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

1.38. Мөн энэ шүүхийн шийдвэрийн 1.27-д дурдсан даатгалын нөөц сангийн талаар гомдол гаргагч болон хариуцагч талууд зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцсэн бөгөөд хариуцагчаас тендер шалгаруулалтын зааварчилгааг боловсруулахдаа даатгалын нөөц санг Нийт нөөц сан /орлогод тооцоогүй хураамжийн нөөц+нөөц сан/ - 8 тэрбум төгрөгөөс багагүй байх /Сүүлийн 3 жилийн дундаж/ Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр ирүүлэх/ гэж тодорхойлсон байх боловч захиалагчаас Санхүүгийн зохицуулах хороо руу Тодорхойлолт хүсэх тухай албан тоотоор[14] хандсаны дагуу тус хорооноос ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 9/4469 тоот албан бичигт[15] орлогод тооцоогүй нөөц гэдэг дотор давхар даатгалын хойшлогдсон хураамжийг хассан дүнгээр гэж, нийт нөөц сан гэдэг дотор давхар даатгагчид ногдох хэсгийг хассан дүнгээр гэж тодотгон ирүүлснээс үзэхэд хариуцагчийн боловсруулсан тендер шалгаруулалтын зааварчилгааны даатгалын нөөц санг тодорхойлох шалгуур үндэслэлтэй, зөв боловсруулагдсан эсэхэд эргэлзээ үүсгэж байна.

1.39. Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Даатгагч нь гэрээний явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор даатгалын нөөц сан бүрдүүлнэ., 25.2 дахь хэсэгт Даатгалын нөөц сангийн хэмжээ, нөөц санг бүрдүүлэх болон хөрөнгө оруулалтад байршуулах нөхцөлийг даатгалын багц дүрмээр тогтооно. гэж заажээ.

1.40. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Даатгалын нөөц сан, албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам-ын[16] 2.1-д Ердийн даатгагчийн бүрдүүлэх даатгалын нөөц санг дараах байдлаар ангилна: гээд, 2.1.1-д Тайлагналын өдөр болон түүнээс өмнөх хугацаанд даатгалын тохиолдол нь болсон боловч даатгагчид мэдэгдээгүй байгаа даатгалын тохиолдлын улмаас үүсэх даатгагчийн хүлээх хариуцлагын дүн буюу Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц сан (УБМХНС буюу англиар Incurred but not reported-IBNR);, 2.1.2-т Даатгалын тохиолдол болсон тухай даатгагчид мэдэгдсэн бөгөөд даатгалын нөхөн төлбөр олгоогүй байгаа даатгалын нэхэмжлэлтэй холбогдох даатгагчийн хүлээх хариуцлагын дүн буюу Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сан (МБТХНС буюу англиар Reported but not Paid-RBNP);, 2.1.3-т Даатгагчийн хүчин төгөлдөр даатгалын гэрээтэй холбогдон тайлант хугацаанаас хойш гарах нийт нөхөн төлбөр ба зардлын орлогод тооцоогүй хураамжаас давсан хэсгийг нөхөн төлөх даатгагчийн хүлээх хариуцлагын дүн буюу Учирч болзошгүй хохирлын нөөц сан (УБХНС буюу Unexpired risk reserve-URR);, 2.1.4-д Тусгай нөөц сан гэж тус тус зохицуулжээ.

1.41. Гэтэл захиалагчаас боловсруулсан ТШЗ-ны 17.6.5-д тодорхойлсон "Нийт нөөц сан нь дээрх журмын дагуу боловсруулагдсан эсэх нь эргэлзээтэй, мөн захиалагчийн боловсруулсан шаардлагад орлогод тооцоогүй нөөц-ийг давхар даатгалын хойшлогдсон хураамжийг хассан дүнгээр гэж, нийт нөөц сан-г давхар даатгагчид ногдох хэсгийг хассан дүнгээр гэж тодотгож өгөөгүй байсан тул ******* даатгал ХХК-ийн гаргаж өгсөн даатгалын нөөц сангийн дүн нь[17] Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлсон даатгалын нөөц сангийн дүнгээс[18] их буюу зөрүүтэй гарчээ.

1.42. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн нотлох баримт шинжлэн судлах шатанд шүүгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан асуусан Гол нь миний асууж байгаа агуулга захиалагч энэ нарийн асуудлыг ойлгоогүй байна тийм үү? гэх асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мэдээгүй учраас тодруулга авсан. Хассан дүнгээр тооцох нь тэдний эрхийн асуудал. Бид бол орлогод тооцоогүй нөөцийн хураамжийг гаргаж өгнө үү гэсэн. гэх хариулт өгснөөс үзэхэд даатгалын нөөц санг тодорхойлох асуудлыг зохих журмын дагуу үндэслэлтэй, зөв тодорхойлох шаардлагыг нөхцөлдүүлж байна.

1.43. Иймд хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа тендер шалгаруулалтын зааварчилгаанд даатгалын нөөц санг зөв тодорхойлсон эсэхээ зайлшгүй нягтлах шаардлагатай гэж шүүх дүгнэлээ.

1.44. Мөн гомдол гаргагч ******* даатгал ХХК нь өөрийн эрсдэлийг удирдах зорилгоор бий болгосон Тогтвортой байдлын нөөц-ийг Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын багц дүрэмд заасан байвал зохих даатгалын нийт нөөц сан-д тооцохгүй гэсэн нь үндэслэлгүй талаар тайлбарласан.

1.45. Гэвч энэ асуудал нь уг маргаанд шууд хамааралтай асуудал биш буюу хариуцагч нарын эрх хэмжээний асуудалд хамааралгүй байх тул шүүх энэ талаар тухайлан дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

1.46. Шүүх энэхүү шийдвэрийн 1.24, 1.25-д заасан гомдол гаргагчийн үндэслэлийг нотлох баримтыг шинжлэн судалсны үр дүнд үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

1.47. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчаас гаргасан МИАТ ТӨХК-аас зарласан "Агаарын хөлгийн иж бүрэн даатгал"-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "******* даатгал" ХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн №6 тоот хурлын шийдвэр, түүний дагуу "******* даатгал" ХК-тай байгуулсан МИАТ-23/430 дугаартай даатгалын гэрээг тус тус хариуцагч МИАТ ТӨХК болон МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

1.48. Шүүхээс МИАТ ТӨХК болон "******* даатгал" ХК нарын байгуулсан МИАТ-23/430 дугаартай даатгалын гэрээг түдгэлзүүлснийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тус гэрээний үйлчлэл дуусгавар болсон буюу зогссон гэж үзэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.49. Хариуцагч нар нь энэхүү шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт дурдсан дээрх эрх зүйн асуудлуудыг дахин шинэ акт гаргахдаа нягтлан тодруулах үүрэгтэй болохыг тэмдэглэхээс гадна шүүхээс тогтоосон 6 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдаж байна.

Хоёр. МИАТ ТӨХК-д "******* даатгал ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах шаардлагын тухайд:

2.1. Гомдол гаргагчийн гаргасан МИАТ ТӨХК-д "******* даатгал ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулахад:

2.2. Шүүхээс маргаан бүхий уг тендер шалгаруулалт дуусгавар болоогүй буюу түр түдгэлзсэн байдал нь үргэлжилж байгаа гэж дүгнэсэн, түүнчлэн, хариуцагч нар энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн Нэг-д заасан ажиллагааг хийж, дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзсэн энэ тохиолдолд гомдол гаргагчийн гаргасан МИАТ ТӨХК-д "******* даатгал ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 34.1.5 дахь заалт, 34.2, 34.3, 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* даатгал ХХК-ийн гаргасан гомдлын /нэхэмжлэлийн/ шаардлагад дурдсан МИАТ ТӨХК-ийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6 тоот хурлын шийдвэр, тус шийдвэрийн дагуу ******* даатгал ХК-тай байгуулсан МИАТ-23/430 дугаартай даатгалын гэрээг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдлын /нэхэмжлэлийн/ үлдсэн шаардлага болох МИАТ ТӨХК-д ******* даатгал ХХК-тай даатгалын гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй МИАТ ТӨХК-ийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6 тоот хурлын шийдвэр хүчингүй болохыг тогтоосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ