Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 00096

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Д.Уранчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баярсайханд холбогдох 201718020132 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эх нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг, 10-03 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй,  2 удаагийн шийтгэлтэй

-2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн

- 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,1 дэх хэсэгт зааснаар 01 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон  овогт Даваадоржийн Баярсайхан. /РД: МЮ75060171/

           

Шүүгдэгч Д.Баярсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн оройн 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын 2 дугаар баг, 10-03 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга буюу ахмад настан  төрсөн эцэг Н.Даваадоржийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баярсайханы өгсөн…. ...  2017 оны 05 дугаар сарын 26-ны орой архи уучаад гэртээ ороод өөрийнхөө үр хүүхдээс болоод аав, ээж хоёртойгоо хэрүүл маргаан хийсэн. Аав ээж хоёроосоо мөнгө төгрөг нэхээд хэрүүл болсон байх гэж бодож байна. Би нилээн согтуу байсан болохоор яг яаснаа сайн санахгүй байна. Тэрнээс би зодож цохиогүй. Цагдаа дуудсан гэхээр нь би өөрөө өөдөөс нь очсон гэх мэдүүлэг  болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Манай хүү Д.Баярсайхан нь 2017 оны 05 сарын 26-ны өдөр 19 цаг өнгөрч байх үед гэртээ согтуу ирээд эхнэр С.Наранбүтэд бид хоёрт агсам тавьсан. Хүү Баярсайхан тухайн өдөр гэрт орж ирэхдээ хаалгаа саваад ширүүн орж ирсэн. Тэгэхээр нь би хүү Баярсайханд “Миний хүү юу гэж архи уусан юм бэ, энэ бүх асуудал архинаас болоод байна” гэж хэлэхэд Баярсайхан “ Би өөрийнхөө мөнгөөр архи уусан. Найзууд тааралдаад архи уусан” гэхээр нь би “Чи дандаа л архи уудаг, өмнө нь ч гэсэн архи ууж байсан. Одоо боль” гэхэд хүү Баярсайхан уурлаад “Пизда нар минь та нарт хамаагүй, би өөрийнхөө мөнгөөр архи уусан” гээд янз бүрийн хараалын үгээр дайраад байсан. Тэгээд хаалгаар байн байн орж гараад орж гарах бүрдээ хаалгаа хүчтэй саваад байсан. Орж ирэхээрээ над руу муухай үгээр дайраад ширүүн зан гаргаад барьж авах гээд харц нь ширүүсээд ирэхээр нь би Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн..... Баярсайхан 2017 оны 02 болон 03 сард архи ууж,согтуу гэртээ ирээд эхнэр С.Наранбүтэд бид хоёрт агсам тавихаар нь би Цагдаагийн байгууллагад мэдэгдэж шүүхээр баривчлагдаж байсан..... Баярсайхан  ер нь 2000 оноос хойш архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг болсон. Зан ааш нь 2011 оноос хойш улам ширүүсээд архи уухаараа эхнэр бид хоёрт байнга агсам тавьдаг болсон. Заримдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж заримдаа мэдэгдэхгүйгээр эхнэр Наранбүтэдийн хамт өөр айлд очиж хонодог байсан.  Баярсайханаас айгаад гэртээ хонохгүй тохиолдол байдаг байсан. Баярсайхан архи уусан үедээ тайван унтуулахгүй босож хашгираад уурлаж уцаарлаад байдаг болохоор хамт байхад хэцүү байдаг юм. Баярсайхан архи уугаагүй үедээ бол зүгээр байдаг. Баярсайханыг өөд нь татах гээд ажилд хөөцөлдөж байгаад оруулахаар архинаас болоод халагдчихдаг юм гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

         Гэрч С.Наранбүтэдийн мөрдөн байцаалтад өгсөн..... Тухайн өдөр нөхөр Даваадорж, хүү Баярсайхан хоёр муудалцах үед би хажууд нь байгаагүй. Би Баянгол сумандаа ногооны лангуун дээр суудаг юм. Тэгээд ажилтай байх үед хүү Баярсайхан согтуу ирээд аавтайгааа муудалцсан юм байна лээ. Манай нөхөр бүр болохгүй болохоор л цагдаагийн байгууллагад хандсан байх. Түүнээс биш гайгүй байх үед нь бид хоёр Баярсайханыг аргалаад унтуулчихдаг юм. Манай хүү Баярсайхан архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ ер нь их догшин, ширүүн ааш араншинтай болоод гэртээ ирээд нөхөр бид хоёрт л агсам тавиад байдаг юм. Энэ удаад Цагдаагийн байгууллагад шалгагдахаас өмнө 2017 оны 02, 03 сард бас согтуу ирээд нөхөр бид хоёрт агсам тавиад бид хоёр Цагдаад мэдэгдэж шалгагдаад баривчлагдаж байсан. Тухайн үед бол бас л согтуу ирээд нөхөр  бид хоёрт агсам тавиад орилж хашгираад унтуулахгүй тайван байлгахгүй болохоор Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/

Гэрч М.Ням-Очирын мөрдөн байцаалтад өгсөн .....  2017 оны 02 сарын 01-ний өдрөөс хойш хоёр удаа энэ төрлийн зөрчилд холбогдож Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэээр баривчлах шийтгэл хүлээж байсан. Тодруулбал: 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 19:00 цагийн үед Д.Баярсайхан нь гэртээ агсам тавьж хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргаж шүүхийн шийтгэврээр 7 хоног, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23:00 цаг орчимд Д.Баярсайхан нь гэртээ хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн гишүүнээ гутаан доромжилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргаж шүүхийн шийтгэврээр 10 хоног баривчлах шийтгэл хүлээж байсан. Сүүлд буюу 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 19:00 цагийн үед Д.Баярсайхан нь төрсөн эцэг Н.Даваадоржийг согтуугаар айлган сүрдүүлж, хэл амаар доромжилж заналхийлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудлыг харъяаллын дагуу Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт /Хх-н 25 дугаар хуудас/

Аюулын зэргийн үнэлгээ /Хх-н 26 дугаар хуудас/

     Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн засаг даргын Д.Баярсайхан нь ам бүл 3, ээж, аавын хамт Дээжийн 2 дугаар хэсэг 10-03 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н 34 дүгээр хуудас/

      Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн № 29 дугаартай шийтгэвэр /Хх-н 42 дугаар хуудас/

      Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн № 57 дугаартай шийтгэвэр /Хх-н 43 дугаар хуудас/

Хохирогч Н.Даваадоржийн тус шүүхэд гаргасан шүүх хуралдаанд оролцохгүй, ялыг нь хөнгөлж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Д.Баярсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн оройн 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын 2 дугаар баг, 10-03 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга буюу ахмад настан  төрсөн эцэг Н.Даваадоржийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нь мөн шинжээчийн дүгнэлт нь  үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Баярсайхан нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ 06 сар болж хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн прокурорын яллах дүгнэлтийн дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.Баярсайханы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Даваадоржийн Баярсайханыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга буюу ахмад настан хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Д.Баярсайханд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, Д.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Баярсайханд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН