Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* /РД:*******/                                           

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл нарын хооронд үүссэн шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч *******г өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн 45.857.952 төгрөгийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 297 дугаар зарлигаар ******* аймгийн Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байгаад,[1] 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр зарлигаар Сум дундын 22 дугаар шүүхийн шүүгчээр томилогдсон.[2]

2.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 242 дугаар тогтоолоор өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.[3]

2.3. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.[4]

2.4. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 97 200 000 төгрөгийг ******* аймгийн ******* суман дахь Шүүхийн тамгын газрын дансанд шилжүүлснийг нэхэмжлэгчид олгожээ.

2.5. ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн тамгын газрын дарга, ахлах нягтлан бодогчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан тооцооллоор сүүлийн 3 жилд авсан цалингийн бүгд дүн 143 057 960 төгрөгийг 36 сард хуваасан дүн 3.973.832 төгрөг бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарахад 143 057 952.00 төгрөгийг олгохоор тооцоолжээ.[5]

2.6. Нэхэмжлэгч ...Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар тэтгэмжийг зөв тооцож, зөрүүг олгож өгнө үү.. гэх хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд шуудангаар хүргүүлсэн[6] байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүсэлтийг шийдвэрлээгүй буюу хариу өгөөгүй байна.

2.7. ******* аймгийн ******* суман дахь Шүүхийн тамгын газрын дарга, ахлах нягтлан бодогчийн гаргасан тооцооллоор нэхэмжлэгч ******* 97,200,000 төгрөгийн бус, харин 143,057,952 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор тооцоолол хийсэн байх бөгөөд үүний зөрүү 45.857.952 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар нэхэмжилж байна.

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс ... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд цалингийн тооцооллыг буруу гаргаж тэтгэмжийг дутуу олгосон ... гэх агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс ...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг тооцохдоо мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан албан тушаалын сарын цалингийн дундаж хэмжээгээр тооцохоор зохицуулсан гэж үзэхээр байх тул нэмэгдэл цалин буюу шүүгчийн цалин хөлсийг нийтэд нь хамааруулна гэж үзэхгүй... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007.12.28-ны өдрийн 297 дугаартай зарлигаар ******* аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчээр тасралтгүй 16 жил ажилласан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023.11.16-ны өдрийн 133 дугаар зарлигаар өндөр настны тэтгэвэрт гарч, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж тэтгэвэрт гарахад Шүүхийн ерөнхий зөвлөл надад шүүгчийн авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар 1 удаагийн буцалтгүй тэтгэмж гэж 97,200,000 төгрөгийг 2023.11.28-ны үед өгсөн. Би тухайн тэтгэмжийг дутуу тооцож олгосон байна гэж үзээд 2023.12.18-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд тэтгэмжийг буруу тооцож олгосон байх тул зөв тооцож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ерөнхий зөвлөлөөс ямар нэгэн хариу өгөөгүй байна. Энэ талаарх нотлох баримтыг хавтас хэрэгт нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар танилцуулъя. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасан ба уг зүйлийн сарын дундаж цалингийн хэмжээгээр гэдгийг сарын дундаж цалин хөлснөөс буюу албан тушаалын цалин, нэмэгдэл зэрэг цалин хөлсний бүрдэл хэсгийг хамруулсан хэмжээнээс тооцох ёстой гэж үзээд зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь шүүгч надад олгох 36 сарын дундаж цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг шүүгчийн үндсэн тооцож олгосон нь хууль бус Шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д шүүгчийн цалин хөлстэй холбогдон үүсэх эрх зүйн харилцааг 46 дугаар зүйлд зохицуулсан ба 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна, 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж тус тус заасан. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, шүүгчийн цалин хөлс нь цалин хөлсний бүрдлийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заасан байх ба эдгээр нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байх зарчмын шаардлага тавигджээ. Мөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж тус тус заасан. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, суулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101. цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.4-д "Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно" гэж 1.4.1-1.4.5-д "үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал хамаарахаар", 2.1-д "Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно" гэж, 2.1.1-д "нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж" гэж тус тус журамласан байна. Дээр зохицуулалтуудыг авч үзвэл Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр гэснийг тодорхойлохдоо сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр" гэж агуулгын хувьд ойлгох нь хууль болон зарчимд нийцэхээр байна. Учир нь " зарим хуульд албан тушаалын цалингийн, эсвэл үндсэн цалингийн гэх мэт байдлаар тодорхой тодотгосон зохицуулалтууд байдаг бол Шүүхийн тухай хуульд тийм тодотгол байхгүй. Энэ нь сарын дундаж цалин хөлснөөс тооцохоор шууд заасан. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэх мэтчилэн үндсэн цалингийн дунджаас гэж тодорхой байдлаар тодотгож өгсөн байдаг. Харин Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт ийм байдлаар буюу үндсэн цалингийн дунджаас хэмээн тодотгож өгөөгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч миний шүүгчийн албан тушаал эрхэлж байхдаа авч байсан 36 сарын дундаж цалин хөлс 143,057,952 төгрөг болж байна. Тэтгэмж 97,200,000 төгрөг олгосон бөгөөд зөрүү 45, 857,952 төгрөг болж байгаа болно. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн, мөн зүйлийн 70.2 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхой зааж өгсөн, тухайлбал 70.2.3 дахь заалтад шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийг баталгааг хангах чиг үүрэг нь хариуцагчийн үндсэн чиг үүрэг байхад хариуцагчаас уг үүргээ биелүүлэхгүй, шүүгч миний тэтгэмжийн зөрүүг олгох өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулж эс үйлдэхүй гаргасан тул хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 45,857,952 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбараа бүрэн дэмжиж оролцож байна. Маргааны гол зүйл нь сарын дундаж цалин, албан тушаалын үндсэн цалин гэдэг дээр маргаад байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. 4.4 дэх хэсэгт "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна", 4.5 дахь хэсэгт "Төрийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна" гэжээ. 4. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэсэн ангилалд хуваасан байна. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт төрийн тусгай албан тушаалд хамаарах субъектүүдийг тодорхойлж, 13.1.1-д бүх шатны шүүхийн шүүгчB%8йг хамааруулжээ. 5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно", Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.", 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан бүрдэнэ гэж нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны докторын цалин гэжээ. Иймд дээрх хуульд зааснаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг тооцохдоо мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан албан тушаалын сарын цалингийн дундаж хэмжээгээр тооцохоор зохицуулсан гэж үзэхээр байх тул нэмэгдэл цалин буюу шүүгчийн цалин хөлсийг нийтэд нь хамааруулна гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд маргасан гол эрх зүйн асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэснийг хэрхэн ойлгох талаарх асуудал байна.

2. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж заасан байх ба Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тус хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

3. Нэхэмжлэгчийн зүгээс ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэдгийг сарын дундаж цалин хөлснөөс буюу албан тушаалын цалин, нэмэгдэл зэрэг цалин хөлсний бүрдэл хэсгийг хамруулсан хэмжээнээс тооцох ёстой гэж, харин хариуцагчийн зүгээс зөвхөн сарын дундаж цалин буюу албан тушаалын цалингийн дунджаас тооцох ёстой гэж маргасан.

4. Шүүх хуулийн дээрх заалтыг тайлбарлан хэрэглэхдээ зөвхөн үг зүйн тайлбарын аргыг хэрэглэх бус, харин системчилсэн тайлбарын аргыг хэрэглэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулахад:

5. Зөвхөн үг зүйн тайлбарын аргын хүрээнд авч үзвэл, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалингийн гэх ойлголт нь тухайн шүүгчийн албан тушаалын цалин болох 2 700 000 төгрөгийн дунджаас тооцохоор ойлгогдож байх боловч энэ тохиолдолд шүүх системчилсэн тайлбарын аргыг хэрэглэх нь маргааныг хууль, зарчимд нийцүүлэн үндэслэл бүхий шийдвэрлэх агуулгад нийцнэ гэж үзэв.

6. Системчилсэн тайлбарын арга нь хуулийн хэм хэмжээг дангаар нь, эсхүл хуулийн зүйл заалтаас тодорхой ойлголтыг салган авч тайлбарлах бус, харин тухайн заалт, ойлголттой агуулга, хэлбэрийн хувьд шууд холбоо бүхий зохицуулалтуудыг нийтэд нь /цогцоор нь/ авч үзэж тайлбарладаг.

7. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д шүүгчийн цалин хөлстэй холбогдон үүсэх эрх зүйн харилцааг зохицуулсан зохицуулалт нь 46 дугаар зүйл байна.

8. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна., 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. гэж тус тус заажээ.

9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс судлан үзэхэд, шүүгчийн цалин хөлс нь цалин хөлсний бүрдлийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заасан байх төдийгүй эдгээр нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байх зарчмын шаардлага тавигджээ.

10. Үүгээрээ мөн хуулийн зохицуулалтууд нь дэлхий нийтэд түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болох Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, тэтгэвэр тэтгэмж нь тусгай эрх зүйн байдал, албаных нь өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагад нь тохирохуйц хангалттай түвшинд байх ёстой ...[7], Шүүгчийн хараат бус байдал ба түүнийг огцруулахгүй байх стандартад Европын зөвлөлийн сайд нарын хорооны анхаарлыг хандуулах тухай Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн 2001 оны 1 дүгээр зөвлөмжийн Дүгнэлтийн 8-д Шүүгч ... тэтгэвэрт гарсан тохиолдолд хангалттай хэмжээний тэтгэмж, хөлс авах ёстой ...[8] гэсэнд нийцжээ.

11. Мөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна., 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн холбогдох зохицуулалтыг системчилсэн байдлаар тайлбарлана.

12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж цалин хөлсний бүрдэл хэсгийг тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад зааснаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулжээ.

13. Түүний дагуу баталсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын[9] 1.4-д Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно: гээд 1.4.1-1.4.5-д үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал хамаарахаар, 2.1-д Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно: гээд 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж; гэж тус тус журамлажээ.

14. Тиймээс хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг нийтэд нь системчлэн нэгтгэвэл, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэснийг тодорхойлохдоо сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр гэж агуулгын хувьд ойлгох нь хууль болон зарчимд нийцэхээр байна.

15. Тиймээс шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

16. Түүнчлэн, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна ... гэх мэтчилэн үндсэн цалингийн дунджаас гэж тодорхой байдлаар тодотгож өгчээ.

17. Харин Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт ийм байдлаар буюу үндсэн цалингийн дунджаас хэмээн тодотгож өгөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

18. Иймд шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгох нь үндэслэлтэй байна.

19. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн, мөн зүйлийн 70.2 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхой зааж өгсөн, тухайлбал 70.2.3 дахь заалтад шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийг баталгааг хангах чиг үүрэг нь хариуцагчийн үндсэн чиг үүрэг байгаа энэ тохиолдолд *******гийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөөгүй нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар ... өргөдөл, гомдлыг ... шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

20. Шүүх эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч *******г өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн 45.857.952 төгрөгийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүү олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

21. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нэг удаагийн тэтгэмжийн зөрүүний тооцоолол дээр маргаагүй болохыг тухайлан тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын иргэн *******гаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 45 857 952.00 /дөчин таван сая найман зуун тавин долоон мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхийн зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ