Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00092

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Наранхүүд холбогдох 201718020121 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд 1975 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, 3 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн № 09 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 8 удаагийн шийтгэлтэй

-1994 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн № 192 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан

- 1996 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн № 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хорих ялаар

- 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн № 272 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 02 жилийн хорих ялаар

- 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн № 193 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хорих ялаар

- 2003 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн № 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2 дах хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар

- 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн № 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж 2008 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөнд хамрагдаж 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр суллагдсан

- 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар

- 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн № 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2 дах хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Түмэн-Өлзийгийн Наранхүү. /РД:МА75082614/

 

Шүүгдэгч Т.Наранхүү нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн Хужир нуга 2-24 тоотод байрлах иргэн С.Хонгорзулын монгол гэрийн хаалгыг уясан уяаг тайлж нэвтрэн орж бэлэн 500000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Наранхүүгийн өгсөн ......... Би сар өдрөө сайн мэдэхгүй байна. Төмөр замын 253 дугаар точик руу өдрийн суудлаар яваад дэлгүүр орж 2 шил архи, ундаа, тамхи зэргийг аваад вагон замын урагшаа гарч айлд очсон чинь айлд хүн байхгүй үүднийхээ уяаг гэрийн бүслүүрт хавчуулсан байхаар нь тайлж ороод цүнхэн дотор нь байсан түрүүвчийг нь онгойлгож үзэхэд бэлэн мөнгө байхаар нь аваад дэлгүүр лүү дахин очиж гурил, будаа, тамхи авсан. Тэгээд унаа олдохгүй байхаар нь дэлгүүрийн худалдагчид 15000 төгрөг өгөөд Дарьтын наахна ногооны сахиул хийж байсан газартаа хүргүүлсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн ......  Би 2017.05.13-ны өдөр 12 үеийн үед гэрээсээ гараад явсан. Гэрт хүн байхгүй. Манай нөхөр наадам үзнэ гээд явсан. Хүүхдүүдийг би авч яваад хадмуудын гэрт хүргэж өгсөн. Би болсон хэргийн талаар өмнөх тайлбаруудад дэлгэрэнгүй үнэн зөвөөр ярьсан. Тийм учраас дахин ярьмааргүй байна. Манай гэрт орсон хулгайчийг яг манай гэрээс хулгай хийгээд гарч явах үед нь гэрийн урдаас тугалаа тууж явсан нөхөр Амаржаргалын төрсөн дүү Даваадорж харсан байсан. Тэгээд нөхөр бид 2-ын таньдаг хүн юм болов уу гэж бодоод тоогоогүй гэсэн. Тэгээд манай гэрт байсан 500000 төгрөгийг хулгайлж аваад явсан байсан. Тэгээд тэр хулгайчийг олж уулзахаар 246-р точк-д гэрт очиход байхгүй эхнэр Дуламсүрэн гэх хүн байсан. Тэр хулгайчийг эхнэр нь Нараа гэж ярьж байсан. Очоод уулзахаар эхнэр Дуламсүрэн нь “Утсаар нөхөртэйгээ яриад Чи хурдан ир, авсан мөнгө төгрөгийг нь  хурдан өг гээд байсан. Тэгээд надтай бас яриулсан. Тэр Нараа гэх хүн нь “Байж бай би одоо очиж байна” гээд байсан. Би утсаар мөнгийг минь өгөхгүй бол цагдаад хэллээ гээд хэлсэн юм. Мөн манай гэрээс гараад Нараа гэх хүнийг явсаар Пүүжээ эгчийн дэлгүүр лүү орж байхыг Сүхбат, Алтансүх нар харсан байсан гэсэн. Тэр хоёр хүн тэгж хэлсэн. Алтансүх,Сүхбат нар эндхийн хүмүүс юм. Нараа гэх хүнтэй гэрт байж байгаад уулзсан чинь “Би аваагүй,тэр өгдөг газраа өг. Тэр шоронд чинь явбал 14 хоног өлсгөлөн зарлаж байгаад гараад ирнэ” гээд байсан.Сүүлдээ бөөн хэрүүл болоод тэгээд тэндээс явсан. Тэр Наранхүү гэх хулгайчтай хамт дүү нь гэх 2 эмэгтэй хамт ирсэн. Нэг нь 30-40 орчим насны нөгөө нь бага насны 16-настай гэмээр хүүхэд байсан. Тэр 2 дүү нар нь гэх хүүхдүүд нь аймар хэрүүлч хүмүүс байсан. Тэгээд тэнд цагдааг ирэхээр нь явсан юм гэх мэдүүлэг /Хх-н 20-21 дүгээр хуудас/

Гэрч Ч.Пүрэвжавын мөрдөн байцаалтад өгсөн .....  2017.05.13-ны 13 цагийн орчимд манай дэлгүүрт эрээн өнгийн футволк өмссөн, улаан бэлтгэлийн цамц бүсэлж зүүсэн 40 орчим насны хар бор царайтай зүүн гарын долоовор хуруу мухар эрэгтэй хүн орж ирээд 2 шил Хараа архи 750 болон 500 мл-ийн хэмжээтэй архи 19 мянган төгрөгөөр, улаан шонхор, оо-ын цаас, угаалгын нунтаг, ундаа, барааны саван, шампунь зэргийг нийт 30,750 төгрөгөөр тооцоо хийгээд гарч явсан. 30-40 минут болоод нөгөө хүн эргэж орж ирсэн. Тэгээд гурил авахаа мартсан гээд орж ирсэн. Тэгээд 25 кг-ийн шуудайтай 1-р гурил, ченж эссэ тамхи, бас тамхи, тэрэлж ундаа, түмний ундаа шокалад /Алпен голд/-2 ширхэг, барааны саван нэмж 3-ийг, гурван өнгийн алчуур, үсний сам, нүүр гарын саван үнэтэйгээс нь өгчих гээд 2000 төгрөгний саван 1 ширхэгийг  ахин гурван саван авсан. Нийт 76800 төгрөгний тооцоо хийсэн. Уг нь эхлээд 20,000-тын дэвсгэрт сугалж гаргаж ирээд байсан чинь би “Чи чинь ямар их мөнгөтэй явж байх юм” гэхэд кармаанаасаа нилээд зузаан дан 20,000-н мянгатууд гаргаж ирээд тооцоо хийгээд “Цалин буусан” гэж хэлээд байсан. Тэгснээ Дарьтын гол руу 15,000-аар хүргээд өгчих такси байна уу? Та хүргээд өгчих үү” гэхээр нь би зөвшөөрөөд хамт байсан найзын хүүхэд Үүрийнтуяа охинтой хамт яваад 246-р точикийн урд очоод нөгөө хүн гол гараад “Би энэ хавьд буучихъя гэхээр нь би” Юу гэх вэ би хүргээд өгье. Яаж ийм их юмтай явж байдаг юм бэ гээд гэрийг нь залгаж гадаа нь очоод буулгасан. Тэр үед таксинд явахаасаа өмнө надад таксины мөнгө гээд 20,000 төгрөг өгөөд “хариулт хэрэггүй”гэхээр нь би “Яахын бэ?” хариулт өгөлгүй яадаг юм бэ”гээд  5000 төгрөг хариулж өгсөн. Замдаа баахан л юм яриад яваад байсан. Найз хүүхэн байна энэ тэр гээд л яриад байсан. Тэгээд буулгаад явсан. Тэгээд 15 цагийн үед манай нутгийн Хонгорзул утсаар яриад “Танай наагуур чинь мөнгөтэй төгрөгтэй хүн орж ирэв үү? мөнгөө алдчихлаа” гээд ярихаар нь би дээрийн залуугийн талаар ярихад хүргэж өгсөн гэрт Хонгорзулыг дагуулаад явсан. Тэнд очиход нөгөө хүн Зүүнхараа явсан гээд эхнэр нь гэх хүн байсан. Тэр эхнэр нь “Юу дутлаа гээд хулгай хийдэг байна аа” гээд яриад нөхөртэйгөө утсаар яриад байсан. Тэгээд тэр хүн нөхрөө дуудаад нилээд хүлээж байгаад тэр залуу 2 эмэгтэй дүүгээ дагуулаад таксигаар ирсэн. Ирээд тэр залууг эхнэр нь Наранхүү гэж хэлээд байсан. 2 эмэгтэй дүү нь хашгираад бид нар луу дайраад байсан. Наранхүү “Та нарыг харнаа ”Хүн мөнгөтэй байж болдоггүй юм уу Би аваагүй, Хүн гүтгэх хуультай шүү” гээд бөөн хэрүүл болоод байсан. Тэгээд цагдаа аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 28-29 дүгээр хуудас/

 Гэрч Энхтайваны мөрдөн байцаалтад өгсөн ...... Би 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед би 246 точик дээр гэртээ байж байсан. Тэгээд хонь эргүүлэх гээд хонь дээрээ байж байсан чинь шинээр бууж ирсэн айлын  Наранхүү гэх хүн намайг дуудаад би очсон чинь “Би 253 дугаар точик руу дэлгүүр явлаа захих юм байна уу?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 10.000 төгрөг байсныг өгөөд ганц шил архи аваад ир гэж хэлсэн. Тэгээд вагонд суугаад явсан. Тэгээд 1-2 цагийн дараа Наранхүүгийн эхнэр Дуламсүрэн нь утсаар залгаад Наранхүү ирчлээ гэсэн. Тэгээд би гэрт нь очсон юм. Тэгээд би “Чи ямар хурдан ирэв Юугаар ирэв “гэсэн чинь машинаар ирлээ” гэж Наранхүү хэлсэн. Миний захьсан 0,5 литрийн архи авчирч өгсөн. Наранхүү шуудайтай гурил өөртөө бас архи, чихэр, ундаа,зэрэг юм авчирсан харагдаж байсан. Тэгээд Наранхүү” Би Зүүнхараа яваад ирье” гээд гараад явсан. Намайг харж байхад эхнэр нь Наранхүүд 40,000 төгрөг өгч харагдсан. 2 ширхэг 20,000 тын дэвсгэрт байсан. Тэгээд Наранхүү Зүүнхараа явсан хойгуур машинтай хүмүүс ирээд мөнгө хулгайлсан талаар яриад байсан. Өөр зүйл ярихгүй байсан.Тэгээд би яваад өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/

Гэрч Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ......  Т.Наранхүү 2017 оны 04 сарын 22-ны өдөр 246-р точик ногооны талбай харахаар очсон байсан юм. Тэгээд 2017 оны 05 сарын 13-ны өдрийн өглөө 10 цагийн үед байхаа би Т.Наранхүүгийн  манаж байгаа ногооны талбай дээр очсон. Т.Наранхүү байж байсан тэгээд Цагаанаа хочтой Энхтайван ирэхээр нь би цай унд өгчихөөд юм яриад байж байтал Н.Энхтайван Т.Наранхүүг энд байхдаа нэг хүүхэнтэй унтсан гэж яриад байсан. Тэгсэн Т.Наранхүү гэнэт 253-р точикруу явахаар болчихлоо гэхээр нь Т.Наранхүүг хүүхэнтэй унтсныг нь би сонсоод Т.Наранхүүд 25.000 төгрөг өгөөд нэг шил 0.75 литрийн архи аваад ирээрэй гэсэн Н.Энхтайван бас 10.000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ирээрэй гэж хэлээд явуулсан. Тэгсэн удалгүй Т.Наранхүү 14 цагийн үед байхаа буцаад Н.Энхтайван  бид 2-ын захисан нэг шил 0.75 литрийн архи нэрийг нь санахгүй байна, бас 0.5 литрийн нэг шил архи нийт 2 шил авчирсан мөн 25 кг-н шуудай гурил, 3 ширхэг барааны саван, тогооны угаалтуур 2 ширхэг, барааны саван, 2 ширхэг ууттай чипс, 2 ширхэг торхтой зайрмаг, савтай кола ундаа өөр бас нэг ундаа зэргийг аваад ирсэн тэгэхээр нь би 35.000 төгрөгөндөө архи авчихсан юм байна гурил зэргийг хаанаас авсан юм бэ? гэсэн чинь Т.Наранхүү 253-р точикийн дэлгүүрээс зээл тавьж авлаа гэж ярьсан. Тэгээд Цагаанааа хочтой Энхтайван бид 2 авсан архиа хуваагаад ууж байтал Зүүнхараа орох галт тэрэг ирэх үед Т.Наранхүү би Зүүнхараа явлаа намайг галт тэрэг дөхүүлээд өг гээд Н.Энхтайванд хэлсэн. Н.Энхтайван морьтойгоо дөхүүлж өгчихөөд буцаад ирсэн тэгсэн удалгүй 253-р точикоос хүмүүс ирээд Т.Наранхүүг мөнгө хулгайчлаа гээд бөөн юм болсон. Т.Наранхүү рүү нөгөө хүмүүсийг яриулсан чинь одоо очлоо гэж багаа бололтой нөгөө хүмүүс нь хүлээгээд 2-3 цаг болсон тэгээд Т.Наранхүү Зүүнхараагаас өөрийн дүү Алтантуяаг дагуулаад ирсэн би юу болоод байна вэ энэ хүмүүс чинь барьж идэхнээ гэсэн чинь Т.Наранхүү юу яриад байгаа юм би юу гэж хулгай хийдэг юм гээд Алтантуяа дүү нь бас юу гэж миний ах хулгай хийдэг юм гээд хэрүүл болсон. Тэгээд Алтантуяа, Т.Наранхүү бид 3 гэрт байж байсан.  Гадаа нөгөө алдсан хүмүүс байсан тэгсэн цаанаас машин ирж байгаа бололтой цагдаа ирж байгаа юм шиг байна гээд мөнгөө алдсан хүмүүс ярилцаж байсан тэгсэн удалгүй цагдаа нар орж ирээд Т.Наранхүүг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан гэх мэдүүүлэг /Хх-н 32-33 дугаар хуудас/

Гэрч А.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн ..... 2017 оны 05 сарын 13-ны өдрийн 12 цаг өнгөрч байсан санагдаж байна.Манай гэрээс Сүхбат бид 2 дэлгүүр орохоор Хонгорзул эгчийн гэрийн хажуугаар явж байсан тэгсэн Хонгорзул эгчийн хашаанаас цагаан цэнхэр өнгийн эрээн майк, десант ногоон эрээн өнгийн өмд , хар өнгийн урт түрийтэй /израйл/ гуталтай танихгүй нэг ах гартаа тортой зүйл барьчихсан гараад явж байсан тэгэхээр нь тухайн үед Хонгорзул эгчийн таньдаг хүн юм болов уу гэж бодоод анзаараагүй өнгөрсөн. Тэх ах Сүхбат бид 2-ын урд явж байгаад Пүрэвжав эгчийн дэлгүүр лүү орсон. Дэлгүүрээс гурил, тортой зүйл аваад Пүрэвжав эгчийн машинтай 246-р точик чиглэлтэй явсан. Удалгүй тус өдрийн 14 цаг өнгөрч байхад Хонгорзул эгч миний утас руу залгаад манай гэрлүү хүн орсон уу банкинд тушаах ёстой байсан 500.000 төгрөг /таван зуун мянган төгрөг/ алга болсон байна гэхээр нь би Хонгорзул эгчид танай гэрээс нэг танихгүй ах гараад явж байсан шдээ  та гэртээ байгаагүй юмуу гэсэн чинь би жолооны сургалтандаа явчихаад ирсэн чинь мөнгө алдагдсан байна гэж хэлсэн. Би Хонгорзул эгчийн гэрт очоод тэр ах Пүрэвжав ахийн дэлгүүр лүү орсон ш дээ гэж хэлсэн чинь Хонгорзул  эгч бид 2 Пүрэвжав эгчийн дэлгүүрт ороод асуутал Пүрэвжав эгч 246-р точикруу хүргэж өгсөн шдээ такси байна уу? Гэхээр хүргэж өгсөн гэж хэлсэн. Ээгээд бид нар тэр танихгүй ахыг  хүргэж өгсөн газар луу буюу 246-р точикийн ногооны талбай руу очсон чинь нөгөө ах байгаагүй эхнэр нь гээд нэг эгч тэр ахыг Зүүнхараа явсан гээд байж байсан эхнэрээр нь дуудуулсан чинь ирэхгүй байж байгаад ойролцоогоор 2 цагийн дараа ирсэн тэр ахыг такситай ирээд буухаар нь харсан чинь Хонгорзул эгчийн гэрээс гарсан ах мөн байсан тэгээд мөнгө аваагүй гэхээр нь би та Хонгорзул  эгчийн гэрээс гараад явж байсан шдээ танихгүй айлаас гараад явж байсан биздээ гэсэн чинь тэгвэл тэр үед намайг бариад авахгүй яасан юм гээд гүрийгээд байсан удалгүй цагдаа ирээд аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 34 дүгээр хуудас/

 Гэрч Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн ..... 2017 оны 05 сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд байхаа Алтансүх бид 2 дэлгүүр орохоор Хонгорзул  эгчийн гэрийн хажуугаар явж байсан тэгсэн Хонгорзул   эгчийн хашаанаас хөх эрээн өнгийн майк, эрээн өнгийн өмд, хар хөх өнгийн хагас түрийтэй /израйл/ гуталтай танихгүй нэг ах гартаа тортой зүйл барьчихсан гараад явж байсан. Бид 2 юун хүн гараад явж байгаан бол гээд очиж уулзах гэж байгаад болиод хажуу талын замаар нь явж байтал нөгөө ах бид 2-ын урд явж байснаа Пүрэвжав эгчийн дэлгүүр лүү орсон. Тэгснээ баахан тортой юмтай гарч ирээд Пүрэвжав эгчийн машинтай 246-р точик чиглэлтэй явсан. Тэгээд Алтансүх бид 2 гэртээ хариад байж байтал 14 цаг өнгөрч байхад Хонгорзул  эгч Алтансүхийн утас руу залгаад гэрээс мөнгө алга болчихлоо манай гэрлүү хүн амьтан  орсон уу харсан уу гэсэн тэгэхээр нь бид 2 Хонгорзул эгчийн гэрт нь очоод гэрээс нь нөгөө ах гарч явсан  талаар хэлсэн. Тэгээд Хонгорзул  эгчийг дагуулаад Пүрэвжав эгчийн дэлгүүр лүү очсон чинь Пүрэвжав эгч тэр ахыг 246-р точик руу хүргэж өгсөн гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очсон чинь эхнэр гээд нэг эгч байсан нөгөө ах гэртээ байгаагүй Зүүнхарааа явчихсан гэхээр нь дуудуулсан тэгээд би наадам руу яваад өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 36 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-08 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 16-18 дугаар хуудас/

Т.Наранхүүгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 89 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Наранхүү нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн Хужир нуга 2-24 тоотод байрлах иргэн С.Хонгорзулын монгол гэрийн хаалгыг уясан уяаг тайлж дотогш нэвтрэн орж бэлэн 500000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Наранхүүг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Т.Наранхүү нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгэнлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.Наранхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа тухайн зүйл ангид заасан доод хэмжээний хорих ялыг оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Т.Наранхүү нь гэмт хэргийн улмаас учруулсан хохилоо төлөөгүй байх тул түүнээс 500000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Хонгорзулд олгох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Түмэн-Өлзийгийн Наранхүүг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Наранхүүг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Наранхүүд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Наранхүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Наранхүүгээс 500000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар баг, Хужир нуга 2-24 тоотод оршин суух, хохирогч Самданцоодолын Хонгорзулд /РД:МЭ86011068/ олгосугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Наранхүүд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.