Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00093

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж   тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Энхбаатард холбогдох 201718020097 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтийн № 160 тоотод оршин суух,  энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 6 удаагийн шийтгэлтэй,

- 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар

- 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн № 232 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 05 жил 05 сарын хорих ялаар

- 1999 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхийн № 210 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жил 05 сар 07 хоногийн хорих ялаар

- 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дунын 1 дүгээр шүүхийн № 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэгдсэн

- 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 06 сарын баривчлах ялаар

- 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн № 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хушаат овогт Эрдэнэбатын Энхбаатар. /РД: МЭ80060410/

 

Шүүгдэгч Э.Энхбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгийн орчимд иргэн М.Нямдоржид хутга тулгаж түүний 3000000 төгрөгийн үнэ бүхий Тоёота 90 марк-2 маркийн 31-13 СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 40000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 26000 төгрөгийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг Хүй долоон худаг газарт иргэн Ц.Цогбадрахад хутга тулган 8000000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-11 маркийн 69-80 УНБ улсын дугаартай улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбаатарын өгсөн….... 2017 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Т.Нямдоржтой уулзаж нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид хоёр хогийн цэгийн орчим очиж байж байхдаа маргалдсан. Нямдорж миний суух гэж байсан охины эгч рүү нь мессеж бичээд намайг шоронгийн хоригдол гэж хэлдэг байсныг нь би мэдчээд дуугүй яваад байсан юм. Тэгээд тэр өдөр би архи уучаад Нямдоржид хэлэхэд би тавин мянган төгрөг өгөөд тэр охиныг чинь шаасан  ш дээ гэж хэлэхээр нь хүүхдийн тоглоомон хутга гаргаж ирээд машиныг нь дээрэмдэж авсан. Мөн иргэн Цогбадрахын машиныг дээрэмдсэн нь үнэн. Миний зуун хувь буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч М.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн ......  Би өөрийн тоёото марк 2 загварын 31-13 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ таксинд явдаг юм. 2017 оны 04 сарын 19-ний өдрийн орой 23  цаг 30 минутанд ирдэг галт тэргийг тосч таксинд явж байгаад гэртээ ирээд унтаж амрахаар орондоо ороод байж байтал 2017 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад миний утас руу 95925442 дугаараас залгаад эмэгтэй хүн шиг дугараад эгч нь 2 том цүнхтэй дааж ядан Өсөх дэлгүүрийн хажууд байна ирээд аваадхаач гэж хэлсэн тэгэхээр нь би  “Өсөх” нэртэй дэлгүүр лүү яваад очтол тийм эмэгтэй хүн байгаагүй харин Э.Энхбаатар байж байсан тэгснээ миний машинд суугаад намайг гэрт хүргээч өгөөч гэсэн. тэгэхээр нь би аваад явах гэтэл нэг шил Хараа нэртэй 0.33 литрийн архи гаргаад 2-уулаа уухуу гэхээр нь би үгүй гэсэн. Тэгээд бид 2 гэрийнх нь гадаа буюу Баруун-өлөнтийн 160 тоот хашааны гадаа очтол машинаас буухгүй утсаараа Цэндээ гэх найз руугаа залгаад цуг архи ууя гэж яриад байсан тэгсэн нөгөөдөх нь дургүйлхээд байгаа бололтой байсан тэгсэн Э.Энхбаатар уурлаад за явъя би танайд очиж хоноё гэхээр нь би ээжийндээ нүүгээд очсон Баянхангайд байгаа очиж болохгүй байхаа  гээд гэрийнх нь гадаанаас дөнгөж хөдлөөд явж байтал Э.Энхбаатар миний араас куртикны захнаас татаад шилэн хүзүү рүү хутга тулгаад за яв би одоо бол шийдсэн хүн хогийн жалганы тийшээ яв надад машинаа өг эсвэл би чамайг алаад шороонд булчихаад явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за чи машин авдаа” гэсэн чинь Э.Энхбаатар чи бүх бичиг баримтаа гарга чамайг би ална шүү 2 ч удаа шорон оронгоор орсон хутга мултардаг шүү гээд гүрээг чинь хэрчинэ шүү халаасан дахь бүх зүйлээ гарга гэхээр нь би халаасанд байсан бүх зүйлээ гаргаад хажуу талынхаа суудал дээр тавьсан тэгсэн за машинаас буу гэхээр нь би машинаас буутал машинаараа дайрах гээд араас хөөсөн тэгэхээр нь зугатаад хог руу орж байж амьд үлдсэн. Э.Энхбаатар миний машиныг унаад Баянхангайн гудамж чиглэлтэй явсан би араас нь явах гэтэл хог дээрх нохойнууд дайраад би жоохон удсан. Тэгээд би тэндээсээ шууд гэр лүүгээ яваад очтол гэрт ээж байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /Хх-н 39-40 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Цогбадрахын мөрдөн байцаалтад өгсөн .... Би 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Цайз 16-ын автобусны буудал дээр хувиараа өөрийн 69-80 УНБ дугаартай приус -11 маркийн машинтайгаа таксинд яваад зогсож байтал өглөө 11-12 цагийн үед байх нэг залуу машинд суугаад явах уу? гэхэд нь явна гэж хэлээд тэр залуу 5-р сургууль явна гээд намайг хөлслөөд аваад явсан. Тэгээд 5-р сургуулийн 24-р байрны үүдэнд зогсоод намайг цуг орох уу гээд хамт 24-р байранд байрлах айлд орсон найз хүүхэн нь гээд нэг бүсгүй байсан тэгээд намайг машиндаа хүлээж бай гээд би буцаж гараад машиндаа 20 минут орчим  хүлээгээд нөгөө нөгөө хүн гацаараа гарч ирээд бид хоёр цааш Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог хэмээх газар луу яваад Чингисийн хөшөөг үзэх гэтэл хаалттай байсан тэгээд үзэж чадаагүй шууд буцаад Улаанбаатар хотод орж ирээд хямдхан буудал байна уу? гээд би цайз 16-д байрлах зочид буудлын үүдэнд буулгасан тэгээд надад нийт тухайн өдрийн хөлсөнд 30.000  төгрөг өгсөн. Тэгээд маргааш нь намайг ирж аваарай Хэнтий явна ирж очих шатахууны мөнгийг би даана гэж хэлсэн би хөлсөндөө 70.000 төгрөг авна гээд тохиролцсон тэгээд маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өглөө 06 цаг нөгөө зочид буудал дээр очоод нөгөө залуу 0,33л хараа архи ганцаараа уугаад сууж байсан тэгээд Хэнтий явахаа түр хойшлууллаа Эмээлт орж зохицуулах ажил байна гээд намайг аваад шууд Эмээлтрүү явсан тэгээд Эмээлтээс цааш бага зэрэг яваад Хүй долоо худаг гэх газрын орчим очоод нэг айлд очсон тэгээд нөгөө залуу хүн байхгүй байна цаашаа малруугаа явсан байх гээд цааш хөдөөрүү явсан тэгээд болиод буцаад Улаанбаатар хотруу явж байтал хөөе залуу дүү замын хажууруу шахаад зогс  ах нь бие засаадхая гээд машинаас  бууж буцаад суухдаа машины хойд суудал дээр буюу миний харалдаа ар талд суучихсан тэгээд цааш хөдлөөд явж байтал гэнэт миний хойноос боогоод хутга гаргаад ирсэн би машинаа зогсоолгүй машинаа бариад цааш яваад байсан нөгөө залуу чи машиндаа хайртай юу? Аминдаа хайртай юу? гэхэд би аминдаа хайртай миний машиныг аваад яваа гэсэн.  Тэгээд намайг замаас салгаад Хүй долоо худгийн морь барианы ойролцоо очоод зогс гээд зогсоогоод  би чиний аминд хүрэхгүй баглаж хаячихаад машиныг чинь аваад явна гээд нөгөө залуу тэлээгээ  тайлах зуур би машиныхаа түлхүүрийг суга татаж аваад машинаас гараад шууд зугтаасан нөгөө залуу араас хөөгөөгүй ард үлдсэн тэгээд цагдаад мэдэгдсэн.... Гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд 455.000 төгрөгийн хохирол учирсан уг үнэлгээг гаргуулахад 28.000 төгрөг төлсөн үүнээс гадна тухайн үед манай эхнэр машинтай Төв аймгийн Аргалант суманд ирэхэд 30.000 төгрөгний шатахуун хийсэн бас машин тухайн үед асахгүй байсан болохоор Улаанбаатар хотоос ачилтын машин дуудаж ачуулахад 200.000 төгрөг гарсан. Өнөөдөр Зүүнхараад хурдан галт тэргээр ирсэн. Ирэх очих зардал 16.000 ингээд нийт 729.000 төгрөгний хохирол учирсан уг хохирлоо нэхэмжилнэ надад хохирлын мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэх мэдүүлэг /Хх-н 114 дүгээр хуудас/

Гэрч Д.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ....  Би Ник петровис шатахуун түгээх станцын Мандал сум дахь салбарын Хэрх тосгонд түр ажиллаж байсан юм. 2017 оны 04 сарын 19-ний орой 23 цаг өнгөрч байхад манай нөхөр Э.Гантулга надруу залгаад ойрд шатахуун түгээх станц дээрэмдсэн гэж байна лээ шүү олон эрэгтэй хүнтэй машин тэрэг зогсвол битгий гарч өгөөрэй гэж байсан юм Ер нь аж ахуйд орой 20 цаг өнгөрөөд хөдөлгөөн багасчихдаг юм тэгсэн 2017 оны 04 сарын 19-нд шөнө 01 цаг 40 минутын шатахуун цэнэглэгчийн гадаа тоёото 90 марк 2 загварын 31-13 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирсэн тэгэхээр нь гартал нэг залуу машины жолоо дээр суусан байсан эхлээд АИ-92 төрлийн шатахуун цэнэглэгчийн дэргэд очсоноо АИ-80 нь аль юм гэж асуусан тэгэхээр нь зүүн талд нь байгаа гэсэн чинь АИ-80  төрлийн шатахуун цэнэглэгчийн дэргэд очих гээд машины араагаа солиогүй байж хаазлаад  байсан тэгсэн арай гэж АИ-92-ын гадаа очоод зогссон тэгэхээр нь би банкаа онгойлгоорой гэсэн чинь утсаар яриад байснаа банкаа онгойлгож чадахгүй машиныхаа тээшийг онгойлгоод байсан тэгж байснаа банкаа онгойлгосон. Тэгээд 20.000 төгрөгөнд АИ-80 төрлийн бензин хийчих гэхээр нь би хийсэн чинь хэд орсон байна гэж асуухаар нь 13 литр гаруй орсон байна гэж хэлсэн тэгээд л яваад өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 44 дүгээр хуудас/

Гэрч Х.Төрхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн .....  Би 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 10-11 цагийн үед байхаа би дэлгүүр дээрээ очсон юм. Тэгээд байж байтал Г.Амартүвшин намайг дуудаад нэг машин байна хямдхан сэлбэгэнд өгнө гээд байна  чи авах уу чиний чезер машины чинь мотор болохгүй байгаа биз дээ гэхээр нь өө яасан ч яахав үнэ ханш нь ямар шуу юм болдоо очиж үзье гээд очсон. Э.Энхбаатар гэх ах 300.000 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгэхээр нь би машинд суугаад хаазыг нь гишгэж үзтэл мотор нь 2 дугаар араанаас дээш заахгүй байсан  тэгэхээр нь Г.Амартүвшинтэй яах уу? гэж ярилцаж байгаад за юу ч байсан мөнгө олоодхъё гээд ээжид хадгалуулсан 100.000 төгрөг аваад Э.Энхбаатар гэх ахтай уулзсан чинь манай ах дүү нар энэ машиныг авч өгсөн бичиг баримт нь байхгүй манай дүүгийн нэр дээр байдаг юм гэхээр нь машиных нь урд сууж байхдаа урд хайрцгийг нь ухсан чинь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, татварын гэрчилгээ гарч  ирсэн энэ бичиг баримт нь байгаа юм бишүү ахаа гэсэн чинь М.Нямдорж гэх хүн чинь манай дүү байгаа юм гэж хэлээд байхаар нь Г.Амартүвшин бид 2 хулгайн машин байвал яах уу гэж ярилцаж байгаад за за 2-уулаа  юу ч байсан энэ ахын зургийг нь бичиг баримтных нь зурагтай авчихъя гэж хэлээд утсаараа зургийг нь дарсан. Тэгээд Э.Энхбаатар гэх ахаас 200.000  төгрөг байна гэсэн чинь за яахав та 2-т өгчихье гээд нөгөө приус машин мөргөсөн байсан түүнийхээ жолоочид 40.000 төгрөг өгсөн тэгээд өөрөө 160.000 төгрөг аваад 16-р хорооллын автобусны буудал дээр хүргээд өгчих гэхээр нь хүргэж өгчихөөд явсан маргааш харин цагдаа нар ирээд дээрэм үйлдэх замаар олж авсан машиныг худалдаж авсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/

Гэрч О.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн .....  2017 оны 04 сарын 19-ний өдрийн орой М.Нямдорж 23 цагийн галт тэрэг тосоод гэртээ ирсэн. Тэгсэн утас нь дугараад дахиад дуудлага гарлаа гээд таксинд явлаа хүргэж өгчихөөд ирье гээд гараад явсан тэгээд би хүлээгээд ирдэггүй ямар уддаг юм бэ? гэж бодоод байж байтал 2017 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад М.Нямдорж их сандарсан байдалтай гэртээ ирсэн тэгэхээр нь хүүе юу болов машинаа яасан юм гэсэн чинь Энхээ хутга тулгаад миний машиныг дээрэмдээд аваад явчихлаа намайг машинаас буу гэхээр нь би буусан чинь араас машинтайгаа хөөгөөд байхаар хогийн цэгийн хогон дотор нуугдаж байгаад арай гэж зугтлаа гэж хэлсэн тэгэхээр нь бид 2 цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /Хх-н 49 дүгээр хуудас/

Гэрч Д.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн .... Тухайн өдөр миний ажилладаг авто засварын газрын хаалган дээр харалдаа зогсоосон миний эзэмшлийн Приус-11 маркийн 40-58 УНУ улсын дугаартай машиныг цагаан өнгийн марк-2 маркийн 31-13 СЭҮ улсын дугаартай машин араас мөргөчихсөн юм. Тэр машины жолооч нь 30 гаран насны согтуу байдалтай залуу байсан бөгөөд “цагдаа дуудна” гэсэн чинь “цагдаа дуудаад яах юм бэ хоёулаа тохиролцъё би 50.000 төгрөг өгчихье” гэхээр нь түүний хэлснээр болсон. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 52 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 86 ...... Дүгнэлт:

           1. Нямдоржийн биед шилэн хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой.

3. 2017 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй

 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 59 дүгээр хуудас/

М.Нямдоржийн автомашиныг 3 сая төгрөгөөр,  гар утсыг нь 40000 төгрөгөөр, бэлэн 26000 төгрөг, нийт эд зүйлийг 3066000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 61 дүгээр хуудас/

Т.Нямдоржийн автомашинд учирсан хохирлыг 475000 төгрөгөөр үнэлсэн эвдрэл, хохирлын үнэлгээ /Хх-н 66 дугаар хуудас/

Ц.Цогбадрахын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлыг 455000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /Хх-н 134 дүгээр хуудас/

Ц.Цогбадрахын тээврийн хэрэгслийг 8 сая төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 139 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Цогбадрах, М.Нямдорж нараас шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.  

 

 Шүүгдэгч Э.Энхбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгийн орчимд иргэн М.Нямдоржид хутга тулгаж түүний 3000000 төгрөгийн үнэ бүхий Тоёота 90 марк-2 маркийн 31-13 СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 40000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 26000 төгрөгийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг Хүй долоон худаг газарт иргэн Ц.Цогбадрахад хутга тулган 8000000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-11 маркийн 69-80 УНБ улсын дугаартай улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Э.Энхбаатар нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 19, 21-ний өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт заасныг баримтлан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Энхбаатард ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Э.Энхбаатараас 541000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Нямдоржид, 729000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цогбадрахад тус тус олгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй 23.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн цагдан хоргидсон 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Хушаат овогт Эрдэнэбатын Энхбаатарыг бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт заасныг баримтлан Э.Энхбаатарыг 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Энхбаатард оногдуулсан 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Энхбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй, 23.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 1 ширхэг СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

6. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Энхбаатараас

541000 /таван зуун дөчин нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 133 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Мажигсүрэнгийн Нямдоржид /РД:МЗ75022314/,

729000 /долоон зуун хорин есөн мянган/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хонхорын 69-71 тоотод оршин суух, хохирогч Шунхдай овогт Цагааны Цогбадрах-д /РД:ЙЮ85082277/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Энхбаатард өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН