Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 121/ШШ2024/0003

 

2024 оны 01 сарын 29-ний өдөр            Дугаар 121/ШШ2024/0003                             Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Дүгнэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.*****,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *****нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.*****, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дүгнэлт гаргагч Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ***** нь Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *****д холбогдуулан “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.

 2. Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *****нь “Өвөрхангай аймгийн Уянга сумын ***** багийн иргэн ***** нь мал, мах худалдан борлуулах үйл ажиллагаа явуулахдаа төлбөрийн баримтаа татварын нэгдсэн системд бүртгүүлж илгээх үүргээ биелүүлээгүй, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалтыг зөрчиж төлбөрийн баримт өгөөгүй ...” гэх зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэн шалгаж, *****ыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй гэж үзэн 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулжээ.

3. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эрх бүхий албан тушаалтны нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна”, мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 1.3 дугаар зүйлд “Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг.... агуулсан байна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийтгэвэртээ ... оногдуулах шийтгэлийн талаар тусгана” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Татварын хэлтсийн хяналтын улсын байцаагч *****ы холбогдогч *****д шийтгэл оногдуулсан 2023 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв” гэжээ.

4. Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *****шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... *****ын гаргасан зөрчлийг арилгуулах, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дахин зөрчил гаргуулахгүй байх зэрэг, хуулийг мөрдөн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.11 дэх хэсэгт “ Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх” гэсний дагуу тус иргэнд хариуцлага тооцсон.

Эрх бүхий албан тушаалтан нь тухайн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шилгэн шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэсний дагуу үйл баримтыг тусгасан боловч бичвэрийн буюу техникийн алдаа гаргасан гэж үзэж байх тул Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.*****ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 205 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтэд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль, журмын дагуу явуулсан. Прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хугацаа 5 хоногоор сунгадаг. Прокурор бол хяналтаа тавьж байгаа. Тухайн үед прокурор хяналтаа тавиад үнэхээр зөрчил илэрсэн бол манайд мэдэгдэж бидний эрхийг хангах ёстой. Прокуророос манайд албан тоотоор ирсэн байдаг. Манай ажиллагаа дээр ямар нэгэн зөрчил илрээгүй гэж үзэж байна. Сая манай байцаагч хэллээ. Шийтгэлийн хуудас дээр ямар бичвэртэй яаж бичигдэх ёстой юм, түүнийг өөрчлөхөөр оруулж өгөх боломжтой байсан. Прокурор хугацаандаа материалыг шалгаж манай дээр зөрчил байсан бол бид нар Ерөнхий прокурор дээр хүсэлтээ гаргах эрх хэмжээний асуудал нь байгаа. Хэрвээ ерөнхий прокурор үндэслэлгүй байна гэж үзэх юм бол 3 хоногийн дотор тодорхой эрх бүхий албан тушаалтанд нь хүсэлт саналаа уламжилж шаардлагатай зүйлийг хийж ийм зүйл болохгүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.7-д хэсэгт зааснаар прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлнэ гэж заасан байдаг. Яагаад та энэ эрх хэмжээнийхээ хүрээнд шаардлагаа хүргүүлээгүй юм бэ? Иймд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх прокурор, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.  

2. Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ***** нь Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *****д холбогдуулан “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг гаргасан.

            3. Прокурор нь  хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна”, мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 1.3 дугаар зүйлд “Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг.... агуулсан байна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийтгэвэртээ ... оногдуулах шийтгэлийн талаар тусгана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж буруутган  ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй.

4. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлсэн тайлбартаа Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *****  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагаа шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах болгож өөрчлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

5. Хариуцагч нь прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч “Эрх бүхий албан тушаалтан нь тухайн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэсний дагуу үйл баримтыг тусгасан боловч бичвэрийн буюу техникийн алдаа гаргасан гэж үзэж байх тул Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.*****ийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 205 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтэд өөрчлөлт оруулж өгнө үү” гэж маргажээ.

         6.  Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн баримтуудыг үзэхэд ***** нь Өвөрхангай аймгийн Арвайхээр ***** багийн иргэн ***** нь мал, мах худалдан борлуулах үйл ажиллагаа явуулахдаа төлбөрийн баримтаа  системд нөхөж шивэх хүсэлт гаргасны дагуу төлбөрийн баримтаа борлуулалт хийх бүрдээ олгоогүй зөрчил гаргасан болох нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай”, ”Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэл, цахим санхүүгийн тайлан зэрэг баримтаар тогтоогдож, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөөр хариуцагч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “ зөрчил үйлдэгдсэн,... нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн бол” хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэх хуулийн заалттай нийцсэн байна.

        7.  Мөн хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *****нь  2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ***** дугаартай шийтгэлийн хуудсаар  ***** нь мал, мах худалдан борлуулах үйл ажиллагаа явуулахдаа баримт олгоогүй  гэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 150.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

            8. Хэргийн оролцогчдоос *****ын гаргасан зөрчил, түүний үндэслэлтэй маргаагүй бөгөөд гагцхүү уг шийтгэлийн хуудсыг бичихдээ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг үндэслэн 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах гэж бичихийг 150.000 төгрөгөөр торгох гэж бичиж бичилтийн алдаа гаргасан нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 1.3 дугаар зүйлд “Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг.... агуулсан байна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийтгэвэртээ ... оногдуулах шийтгэлийн талаар тусгана” гэж заасантай нийцэхгүй хуульд заасан хэлбэрийг зөрчсөн болох нь уг шийтгэлийн хуудас болон прокурор, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

         9. Иймд Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд 150.000 төгрөгөөр торгох гэж бичсэнийг бичсэнийг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Зөрчлийн тухай хуулийн  1.2 дугаар зүйлийн 2, 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийг хангаж, *****д холбогдох 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт 150.000 төгрөгөөр торгох гэж бичсэнийг бичгээр бичиж өөрчлөлт оруулсугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 /таван/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                                                                                    

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.НЭРГҮЙ