Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 Нарийн бичгийн дарга                      Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                    Д.Уранчимэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Х.Сэргэлэнбат

             Шүүгдэгч                                            Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Мөнхтулгад холбогдох 201718020146 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сүмбэр суманд 1983 оны 07 дугаар сарын 10-ны төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй,ам бүл 4, Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Жавхлантын Баянхошуунд суух хаягтай, 1 удаагийн ял шийтгүүлтэй, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  2007 оны 11 сарын 08-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэхь хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2016 оны 02 сарын 2-нд 11 сар 27 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овгийн Бадрахын Мөнхтулга /РД:НЩ83071072/  

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Шүүгдэгч Б.Мөнхтулга нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бор толгой “ гэх газарт үйл ажиллагаа явуулах иргэн Н.Наранбаатарын хувийн алтны тээрэм дээр 9,0 грамм мөнгөн усыг алт бариулах зорилгоор химийн хорт аюултай бодисыг зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бор толгой гэх газар Наранбаатарын алтны тээрэм дээр шороо угааж байгаад баригдсан. Тухайн үед хоёр энгийн хувцастай хүн орж ирээд чулуу тээрэмдүүлье гэсэн. Тэгээд би тээрэмдэе гээд мөнгөн усаар алт бариулж байгаад баригдсан гэжээ.

 

Гэрч М.Бумцэнд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “..Манай сумын үе үеийн Засаг дарга нар сумын ажилгүй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажилтай орлоготой байлгах зорилгоор дэмжиж “Бор толгой” “Нарт” гэх газруудад алтны тээрэм ажиллуулж байсан.Дээрх алтны тээрмүүд нь хувь иргэний алтны тээрмүүд байдаг бөгөөд албан ёсны зөвшөөрөл гэх зүйл тэдэнд байдаггүй юм.Тэнд том, жижиг нийлсэн 10 гаран алтны тээрэм ажилладаг.Алтаа Нарт уулын хэсгээс олборлодог юм.Баянгол сумын иргэд тухайн газарт алт олборлож амьжиргаагаа залгуулдаг юм.Би тухайн газарт хэд хэдэн удаа очиж үзлэг шалгалт хийж байсан.Ямар нэгэн зөвшөөрөл гэх зүйл байдаггүй юм.Шалтгааныг тодруулахаар орон нутгийн удирдлагаас аман хэлбэрийн хариу өгдөг.Баянгол сумын удирдлагуудаас тухайн алтны тээрмийн үйл ажиллагаа зогсоох чиглэлээр ямар нэгэн ажил зохион байгуулж байхыг үзээгүй бөгөөд иргэдийн ажил, орлоготой байлгах талаар дэмждэг юм байна лээ.Н.Наранбаатар хувиараа зохих зөвшөөрөлгүй алтны тээрэм ажиллуулдаг юм гэх /хх- ийн 18-р хуудас/

 

           Гэрч В.Билэгдэмбэрэл Мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “....2017 оны 05 сарын дунд үед Б.Мөнхтулга хүрч ирээд “танай алтны тээрэмд ажилд орьё” гэсэн юм.Уг нь Б.Мөнхтулга миний ажиллаж байсан алтны тээрмийн хажуугийн алтны тээрэм дээр ажиллаж байсан.Би алтны тээрмийг түр хугацаанд хариуцаж ажиллаж байсны хувьд түүнийг түр ажилчнаар авч ажиллуулсан.Б.Мөнхтулга алтны тээрмийн бохирдсон чулуу, шороо, хогийг цэвэрлэдэг ажилтан юм.Байнга байхгүй.Сүмбэр сум руу хааяа явчихдаг байсан юм....Намайг байхгүй үед л алтны тээрмийг хааяа ажиллуулдаг юм.Би түүнд мөнгөн ус ашигла гэж огт хэлээгүй...Би Мөнхтулгаас асуухад “тээрэм дээр алттай чулуу бутлуулсан хүмүүс төлбөр мөнгөнийхөө оронд мөнгөн ус үлдээчихээд явсан” гэж хариулж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

           Гэрч Н.Наранбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Орон нутгаас алтны тээрэм ажиллуулах звшөөрлийг иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хуралдаж байж албан ёсны зөвшөөрлийг нь өгнө гэдэг боловч албан ёсны зөвшөөрөл олгогдоогүй байгаа.Гэхдээ бичил уурхайн чиглэлээр буюу нөхөрлөлийн хэлбэрээр алтны тээрмүүдийг ажиллуулдаг юм.Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хувь хүмүүст алтны тээрэм ажиллуулах зөвшөөрөл олгохгүй, зөвхөн нөхөрлөлүүдэд л зөвшөөрөл олгоно гээд хүлээгдээд байгаа юм....Би тухайн үед алтны тээрэм дээр байгаагүй, Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болохоор Б.Мөнхтулгыг мөнгөн ус ашиглаж байсныг сүүлд л сонсож мэдсэн /хх-ийн 20-р хуудас/

           Геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлт: ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэсээс ирүүлсэн ХФ17/0926 захиалгын Лаб-4524 дугаартай 9 грамм хэмжээтэй цагаан өнгийн тагтай бор өнгийн саван дотор байгаа зүйлд мөнгөн усны чанарын урвалд үндэслэн шинжилгээ хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо гэх /ХХ-ийн 22-р хуудас/.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /ХХ-ийн 4-8 дугаар хуудас/,

Б.Мөнхтулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг “Бортолгой” гэдэг газарт байдаг иргэн Н.Наранбаатарын алтны тээрэм дээр туслах үйлчлэгчээр ажиллаж байсан юм. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөнгөн ус ашиглаад алт бариулж байсан чинь энгийн хувцастай хоёр хүн хүрч ирээд мөнгөн усаар алт  бариулж байгааг мэдчихсэн юм. Би тухайн мөнгөн усыг алтаа тээрэмдүүлсэн явуулын хүмүүсийн нэгнээс нь авсан. Тэд нар алтыг тээрэмдсэн чулуунаас нь мөнгөн усаар бариулдаг буюу тээрэмдсэн алтандаа мөнгөн усаа хийж байгаад зайлчихдаг юм. Тэгэхээр алт нь бусад шорооны болон чулууны үйрмэгээсээ салж мөнгөн усанд наалддаг юм байна лээ. Би анх удаагаа л мөнгөн усаар алт бариулж байгаад баригдсан. Цагдаа нар ирээд хурааж авахдаа жинг нь хэмжихэд 9.0 грамм мөнгөн ус байна гэж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд:Б.Мөнхтулга нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-н 42-52 дугаар хуудас/ Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар багийн засан даргын тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мөнхтулга нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бор толгой “ гэх газарт үйл ажиллагаа явуулах иргэн Н.Наранбаатарын хувийн алтны тээрэм дээр 9,0 грамм мөнгөн усыг алт бариулах зорилгоор химийн хорт аюултай бодисыг зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч М.Бумцэндийн мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/, гэрч В.Билэгдэмбэрэлийн мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/, гэрч Н.Наранбаатарын мэдүүлэг /Хх-ийн 20 дугаар хуудас/ Геологийн төв лабораторийн шинжилгээний  дүн /ХХ-ийн 22-р хуудас/ , Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-8 хуудас/ эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /ХХ-ийн 16 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Геологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Мөнхтулгад эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Мөнхтулга нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бор толгой “ гэх газарт үйл ажиллагаа явуулах иргэн Н.Наранбаатарын хувийн алтны тээрэм дээр 9,0 грамм мөнгөн усыг алт бариулах зорилгоор химийн хорт аюултай бодисыг зориулалтын бусаар ашигласан гэтщмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.  

Шүүгдэгч Б.Мөнхтулга нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан тагтай бор өнгийн 9,0 грамм мөнгөн усыг ОБЕГазрын харьяа, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын албанд хүргүүлж, Хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Бадрахын Мөнхтулгыг химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Энэ гэмт хэрэгт Б.Мөнхтулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг  тус тус дурьдсугай. 

             5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9,0 грамм хэмжээтэй бор өнгийн мөнгөн усыг шийтгэх тогтоолын хамт ОБЕГазрын харьяа, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхтулгад  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дах хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.