Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/16

 

Б.*******д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.******* Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 175 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох 2023000000094 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *******ээ овгийн*******ын *******, /Регистрийн дугаар:*******/.

Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Завхан аймгийн *******эй сум, Чандмань багийн 2 дугаар гудамжны доод хэсэг ******* тоот хашааны гадаа мотоциклынхоо хөгжмийг хутгаар засаж байхдаа тус сумын иргэн Б.*******той “чи өчигдөр манай ахад томорсон байсан, битгий давраад байгаарай” гэж хэллээ гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдаж, түүнтэй ноцолдож газар давхар унахдаа баруун гартаа байсан хутгаар Б.*******ийн цээжний зүүн ар талд буюу зүүн далны арын шугам хэсэгт хутгалж, цээжний ар суганы арын шугамаар 5, 6 дугаар хавирганы завсар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушги цооролт, цус хий хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогджээ Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Б.*******д холбогдох 2023000000094 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, 2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн улаан иштэй, нийт урт нь 14 сантиметр, ажлын хэсэг нь 6 сантиметр, бариул хэсэг нь 8 сантиметр урттай, ир хэсэгтээ “GUANGDA” гэсэн бичиг бүхий хутгыг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Түвшинжаргалд даалгаж, 4. Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.ийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Б.******* миний бие Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт Б.ийн өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулаад байна. Б.******* нь Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09-р сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/175 дугаартай захирамжийг 2020 оны 09-р сарын 25-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрөн өмгөөлөгч Б.******* болон шүүгдэгч Б.******* нар дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09-р сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/175 дугаартай захирамжид “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Б.******* нь болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.ийн үйлдэл нь болгоомжгүй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Мөн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх нөхцөл байдал хангагдахгүй байна” гэсэн байна. Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй, хохирлоо төлж барагдуулсан, улсын яллагчаас хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүх хуралдаанд Б.******* нь шүүх дээр оногдуулах ялыг өөрчилж болдог гэж ойлгон тэнсэх ялыг өөрчилж торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн үйлдэл нь өөрийн шууд санаа биш байсан бөгөөд торгуулийн ялаар сольж болдог талаар өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгоогүй үйлдэл байна. Түүнээс биш Б.******* прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09-р сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/175 дугаартай шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Завхан аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дүгээр сарын 18-ны өдрийн 175 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харьцуулан үзэхэд шүүгдэгч Б.******* болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд болгоомжгүй үйлдэл гэдэг нь тодорхой харагддаг. Санаатайгаар хүний биед гэмтэл учруулах санаа зорилго Б.*******д байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байдаг. Иймд Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг дээр маргахгүй байгаа. Мөн шүүгчийн захирамжид Б.ийг ялаа тохирч орж ирээгүй гэсэн байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр шүүгдэгчийн зүгээс прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч байгаа байдлаа илэрхийлсэн байдаг. Харин хамгийн сүүлд шүүх хуралдаан завсарлахаас өмнө шүүгдэгчээс асуусан асуултад буюу Улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулж шүүгдэгчид өөрийгөө өмгөөлж хэлэх зүйл байна уу? гэсэн асуултад шүүгдэгч Б.э тэнсэн харгалзах ялгүйгээр мөнгөн торгуул болгох боломжтой байдаг юм уу? гэж асуусан байдаг. Энэ асуусан байдлыг шүүх ялаа тохироогүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Завхан аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 175 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Намайг шүүгч хэлэх зүйл байна уу? гэж асуухад нь би тухайн үед өмгөөлөгчгоролцож байсан учраас нарийн зүйлийг сайн мэдэхгүй учраас шүүгчийн асуусан асуултад тэнсэн харгалзах ял оноохгүйгээр мөнгөн торгууль оногдуулж болдог юм уу? гэж асуусан юм гэв. Прокурор Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.ийн хувьд хохирогч Б.*******ийг хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах санаа зорилго байгаагүй, тухайн хутгаар мотоциклынхоо хөгжмийг засаж байсан. Б.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хутгатай гартайгаа түүнтэй ноцолдож хамт газар унасан, хутгаа хаях боломж олдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч нь шүүгдэгчийг анх эхлээд унагаах зорилгоор хавсарсан бөгөөд Б.ийн түлхэх үйлдэл нь давхцаж таарсан бөгөөд хохирогч холбогдогч хоёр давхралдаж унахад шүүгдэгч Б.ийн гарт байсан хутганд хохирогч хутгалагдаж эрүүл мэнддээ гэмтэл авсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ийн 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч Б.ийн барьж байсан хутга нь эд зүйлийг устгах, зүсэх, тастах, эвдэх, бутлах тэр ч байтугай хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахуйц эд зүйл мөн боловч шүүгдэгч Б.******* нь уг хутгыг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэхээр зориуд тусгайлан бэлтгэж засаж тохируулаагүй. Тухайн үед мотоциклынхоо хөгжмийг засаж байсан хутгатайгаа хохирогчтой хамт газар давхралдаж унасан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.ийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэн түүний хохирогчийг хутгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор нь яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл, анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хуульд зааснаас доогуур хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журам ач холбогдлын талаар танилцуулсан байхыг шаардсан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байвал хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэхийг заасан байдаг. Шүүгч Б.*******д холбогдох хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулсан. Тухайн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 6 нөхцөл байдлыг бүгдийг хянахад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тухайн хуулийн зүйл, хэсэгт заасан нөхцөл байдалд хамаарахгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн, хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан хэргийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхийн ач холбогдол, энэ хуулийн үзэл баримтлал алдагдахад хүрч, энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болж байна. Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл, өөрт нь хүлээлгэж болох эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ талаараа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаан даргалагч шүүгчид хандаж “тэнсэн харгалзахгүйгээр мөнгөн хэлбэрээр торгуулах боломжтой юу? Адуу хариулдаг учраас цагдаагийн газарт дуудагдахад ирэх боломж муутай” байна гэж асуусан болохоос биш, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж огт хэлээгүй. Энэ нь Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 175 дугаартай тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. Ийм учраас шүүгдэгчийн өөрт нь оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар шүүгчээс асуусан асуултыг хэтэрхий гуйвуулж, шууд утгаар нь ойлгож прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй гэж тайлбарлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 175 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Прокуророос шүүгдэгч Б.ийг 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Завхан аймгийн *******эй сумын Чандмань багийн 2 дугаар гудамжны ******* тоот хашааны гадаа мотоциклынхоо хөгжмийг хутгаар янзалж байсан хохирогч Б.*******той хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдаж, улмаар түүнтэй ноцолдож газар давхар унахдаа баруун гартаа байсан хутгаар хохирогч Б.*******ийн цээжний зүүн ар талд буюу зүүн далны арын шугам хэсэгт хутгалж, цээжний ар суганы арын шугамаар 5, 6 дугаар хавирганы завсар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушги цооролт, цус хий хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.3-д заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Бат-эрдэнийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, тухайн үйл баримтад прокурор хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг зүйлчилсэн, Шүүгдэгч Б.******* нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна. Анхан шатны шүүх Б.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.1, 4.3-д заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.ийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 175 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ