Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 00097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Улсын яллагч                                 Э.Энхбат

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Сувдаа

                         Шүүгдэгч                                         П.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Амартүвшинд холбогдох 201718020127 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дуурийн дуулаач мэргэжилтэй, “Номголжин” ХХК-д жолооч ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг 47-р байрны №35 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /М3:87072773/ Бөртө овогт Пүрэвсүрэнгийн Амартүвшин.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

П.Амартүвшин нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, 47 дугаар байрны гадна 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 01:00 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан талаарх мэдээллийг хүлээн авч дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч М.Нямдаваа, С.Энхтүвшин нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Улмаар эсэргүүцэх явцдаа М.Нямдаваа, С.Энхтүвшин нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Амартүвшин мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн үед би гэрийнхээ орцноос гараад явж байтал цагдаа Энхтүвшин миний өөдөөс 2 давхарын шатны эргэлтэн дээр таарсан. Тэгээд та яагаад машиныхаа цонхыг хагалаад яваад байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь ах нь хүний машины цонх хагалаагүй өөрийнхөө машины цонхыг хагалсан гэсэн тэгтэл цагдаа энэ хэргийг чинь цагдаагийн хэлтэс дээр аваачиж шийднэ гавлаад авч явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гавлуулахгүй гээд хүзүүрүү нь нэг алгадчихсан юм. Тэгээд миний нэг гаранд гав зүүгээд бид хоёр орцноос цуг гарсан тэгсэн цагдаа Нямдаваа орцны гадаа зогсож байсан. Тэр хоёр цагдааг ер нь бол хоёуланг нь таньдаг. Тэгээд цагдаа Нямдаваа яасан бэ яагаад байгаа юм бэ хөгшөөн гэж хэлэхээр нь яагаачгүй ээ гэсэн чинь цагдаа Энхтүвшин нь энэ хүн намайг сая зодсон цохисон гэж хэлсэн. Би түүнд өөрөө хоёр гараа өргөж өгөөд гавлуулсан. Энхтүвшин цагдаа намайг урагшаа явъя гээд түлхэхэд нь би харанхуй шөнө байсан учир хий гишгээд урагшаа унахдаа цагдаа Нямдавааг мөргөөд дараад уначихсан. Тэгсэн чинь чи яасан их цагдаа зоддог юм бэ гээд миний хүзүүн дээр гишгэж байгаад баахан намайг өшиглөж зодсон. Тэгээд эргүүлийнхээ машины ар тал руу хоёулаа намайг аваад хийсэн. Тэгээд эрүүлжүүлэх байрны саатуулах байр луу оруулж ирээд оруулах явцдаа бас намайг нэлээд хэд өшиглөсөн. Эрүүлжүүлэх байранд ороход намайг өшиглөж унагаагаад коридороор нь оруулаад ширээний урд намайг чирж аваачингуутаа наад чинь цагдаа зоддог сүүлийн үед их бадраад байгаа юм гэх утгатай юм яриад дээрээс нь Нямдаваа хэд хэд өшиглөсөн. Тэгсэн нэг цагдаа харин би бодохдоо эрүүлжүүлэхийн цагдаа болов уу л гэж бодоод байна одоо болио хөгшөөн гэсэн чинь намайг буцаагаад чирээд аваад гарсан хоёулаа  эрүүлжүүлэхийн байрны гадаа зодсон шороон дээр  унагааж байгаад тэгээд татаж босгож ирэхдээ Энхтүвшин миний цээж рүү аймар хүчтэй өшиглөсөн. Би нэг хэсэг амьсгаа давчдаад намайг тэр чигээр нь чирж оруулж ирээд намайг эрүүлжүүлэхийн эмч миний даралтыг үзэж байхад наадах чинь худлаа баашлаад байгаа юм гэж цагдаа Нямдаваа хэлсэн. Тэгээд эрүүлжүүлэх байрны эмч миний даралтыг гайгүй байна гээд намайг саатуулах байранд оруулсан.Ийм л юм болсон, гэхдээ энэ хэрэгт миний буруу байгаа, би хэргээ хүлээн зөвшөөрч байна, ахиж хэрэг зөрчилд холбогдохгүй гэв.

Хохирогч М.Нямдаваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... согтуу хүн машины цонх хагалаад улмаар хүмүүсийн эрх чөлөөнд халдаад байна гэсэн мэдээлэл өгсөний дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа С.Энхтүвшингийн хамт өгөгдсөн хаяг руу явсан. Бид хоёрыг 47-р байрны гадаа очиход тус байрны гадаа зогсоолд байсан улаан өнгийн prius-20 маркийн болон цагаан өнгийн портер маркийн машины салхины шилнүүд хагарсан мөн приус машиных нь толь нь мултарч унасан хажуугийн шил нь бас хагарсан байдалтай байсан ба хажууд нь 3 залуу зогсож байсан. Тэр залуучууд бид хоёрт нөгөө агсам тавиад байсан залуу энэ байрны голын орц руу хүний араас хөөгөөд орсон гэж ярьсан. Ингээд цагдаа Энхтүвшин надаас түрүүлээд голын орц руу орсон ба би араас нь орох гээд явж байсан чинь пир пар хийх чимээ гараад цагдаа Энхтүвшин хаалгаар гараад ирсэн. Араас нь агсам тавьж танхайрсан гэх Амартүвшин “та нарыг ална шүү, цагдаа надад үйлчлэхгүй шүү” гэж орилж хашгирсан байдалтай гарч ирсэн. Энхтүвшингийн баруун шанаа нь цус болчихсон, малгайгүй, баруун талын чихнийх нь орчимд цус нялагдчихсан байдалтай байсан ба би түүнийг Амартүвшинд цохиулчихлаа гэдгийг ойлгоод Амартүвшинг “Амартүвшин та яаж байгаа юм бэ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад, цагдаагийн эрх чөлөөнд халддаг гэсэн чинь ямар учиртай юм бэ, намайг таньж байгаа биз дээ” гэж хэлсэн чинь Нямдаваа муу пизда минь зүгээр байгаарай оролдох хүнээрээ оролдоорой гэж хэлээд шууд миний нүүр лүү духаараа 2 удаа мөргөсөн. Тэгэхэд би түүнтэй зууралдаж байгаад биеийн хүч хэрэглэхэд Энхтүвшин түүний баруун гараас нь барьж аваад бид хоёр нийлээд түүний гарыг ар талд нь гавласан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-7, 8-р хуудас/

                 Хохирогч С.Энхтүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .... согтуу хүн машины цонх хагалаад улмаар хүмүүсийн эрх чөлөөнд халдаад байна гэсэн мэдээлэл өгсөний дагуу ахлах ахлагч Б.Нямдаваа бид хоёр 47-р байрны гадаа очиход тус байрны гадаа 3 залуу зогсож байсан бөгөөд сая нэг ах зогсоол дээр байсан улаан өнгийн prius-20 маркийн болон цагаан өнгийн портер маркийн машины салхины шилнүүдийг хагалчихаад энэ голын орц руу орчихлоо гэж хэлсэн. Мөн prius-20 машины толь нь мултарч унасан хажуугийн шил нь бас хагарсан байдалтай байсан. Голын орцны хаалгыг татаад ортол нэг гар орж ирээд л шууд нүүр лүү цохисон. Би нүүрээ дараад хаалгаар гарахад араас явж байсан Нямдаваа ах юу болов, яав гэх зуурт намайг цохьсон хүн ална шүү, та нарыг цагдаа хамаагүй шүү гэж хашгираад гараад ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12, 13-р хуудас/

                 Гэрч М.Алтанбагана мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 47-р байрны гадаа хүнтэй уулзахаар хүлээгээд зогсож байхад хажууд улаан хүрэн өнгийн prius-20 маркийн автомашин ирээд зогссон юм. Тэр машины жолооч эмэгтэй бууж ирээд хажуугийн суудалд сууж байгаа эрэгтэйг буулгах гэсэн чинь нөгөөх нь буухгүй байснаас шалтгаалаад хоорондоо маргалдсан. Тэгсэнээ тэр залуу машинаас гарч ирээд машиныхаа толийг нь өшиглөж хугалаад эхлэхэд манай найз Батаа түүнд чи болиочээ гээд машин дотроос хашгирч хэлсэн чинь эргэж хараад онгорхой байсан салхины шилнээс татахад салхины шил хагарчихсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/

                 Гэрч Б.Нанжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … цагдаа нар орц руу ороод удалгүй орцны үүдэнд нөгөө согтуу залуутай тааралдсан ба нэг цагдаа нь “өө Амараа хөгшөөн юу болоод байгаа юм бэ” гэж түүнээс асуусан чинь нөгөө согтуу залуу тэр цагдаагийн нүүр лүү мөргөсөн. Тэгээд л нөгөө нэг цагдаа нь хүрч ирээд 2-лаа нийлээд тэр согтуу залуутай ноцолдож нөгөө согтуу залуу дийлдэхгүй 3-лаа газарт унаад бөмбөрөлдөөд байсан. Тэр үед цагдаагийн УАЗ-469 машин хүрч ирээд нэг цагдаа бууж ирээд нөгөө хоёр цагдаатайгаа хамжиж байгаад согтуу залуугийн гарыг гавлаад, эхлээд ирсэн хоёр цагдаа машиндаа хийгээд аваад явсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р хуудас/

                 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №108 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ..

                 1. Нямдаваагийн биед тархи доргилт, хамрын зүүн тал зүүн нүдний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 3. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 34-р хуудас/

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №109 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...

1. Энхтүвшингийн биед тархи доргилт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 37-р хуудас/

                 П.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: ... би хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50, 54-р хуудас/

                  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 55 дугаар хуудас/, Шүүгдэгч П.Амартүвшингийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /62 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Амартүвшин нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, 47 дугаар байрны гадна 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 01:00 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан талаарх мэдээллийг хүлээн авч дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч М.Нямдаваа, С.Энхтүвшин нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Улмаар эсэргүүцэх явцдаа М.Нямдаваа, С.Энхтүвшин нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч М.Нямдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 6-7, 8-р хуудас/, Хохирогч С.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-12, 13-р хуудас/, Гэрч М.Алтанбаганы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/, Гэрч Б.Нанжингийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №108 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 34-р хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №109 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 37-р хуудас/, П.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 49-50, 54-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос П.Амартүвшинг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан талаарх мэдээллийг хүлээн авч дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар эсэргүүцэх явцдаа М.Нямдаваа, С.Энхтүвшин нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Гэвч энэхүү гэмт хэрэг нь 2017 оны 05 дугаар сарын 19-ны үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нь дагаж мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дэх хэсэгт заасан зүйл ангиар өөрчилөн зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Амартүвшингийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна.

Хохирогч нар нь хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас  П.Амартүвшинд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Бөртэ овогт Пүрэвсүрэнгийн Амартүвшинг төрийн албан хаагч хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар  П.Амартүвшинг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар П.Амартүвшинд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, П.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг  тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар П.Амартүвшинд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, П.Амартүвшинд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.                                

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Амартүвшинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.