Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0036/З |
Дугаар | 221/МА2017/0566 |
Огноо | 2017-08-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2017/0566
|
С.М-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.М-гийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.М-г Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоон, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М-гийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 10, 11, 12 дугаар саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэсэн заалтыг шүүх хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах шалтгааны нэг болсон. Өнөөдөр нэхэмжлэгчийг эгүүлэн томилуулахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн асуудал хариуцсан Хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд В.О ажиллаж байгаа ба шүүхийн шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийн баталгааг хангаж хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар 3 сарын тэтгэмж олгосон. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
С.М нь Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх” шаардлагыг гаргажээ.
Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар С.М-г Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Дотоод хяналт-шинжилгээ үнэлгээ, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх үндэслэлээр мөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар уг албан тушаалаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгосон байна.
С.М-гийн ажиллаж байсан Дотоод хяналт-шинжилгээ үнэлгээ, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалын нэр хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн болсон гэдэг нь ажлын байрны тодорхойлолтуудаар тодорхой харагдаж байгаа бөгөөд уг орон тоо хасагдаагүй болох нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дүгээр тушаалуудаар тус тус нотлогдсон байна.
Анхан шатны шүүх Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтсийн чиг үүрэг нийлж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон зохион байгуулагдсан боловч аль аль чиг үүрэг хасагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаал, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхад нэхэмжлэгч С.М-г Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдөн зохион байгуулагдсан гэсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу “төрийн зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэсэн зохицуулалтыг зөрчсөн хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “..Хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд В.Оажиллаж байгаа ба шүүхийн шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэж дурдсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заажээ.
Анхан шатны шүүх В.О-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хянан шалгаж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий Б/51 дүгээр тушаалын улмаас В.О-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” гэж зааснаар нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилд томилогдсон ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зохицуулалттай юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА