Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 17

 

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Орхон, Чулуут голын сав газрын захиргааны даргад хариуцагдах

“Орхон, Чулуут голын сав газрын захиргааны даргын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Ажлаас халах тухай” 08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие гидро механик, инженер мэргэжилтэй. 2013 онд сургуулиа төгсч, аймаг орон нутагтаа мэргэжлийнхээ дагуу ажиллах хүсэлтийг гаргасны үндсэн дээр Орхон голын сав газарт мэргэжилтнээр 2013 оны 11 сараас эхлэн ажиллаж байсан юм. Анх ажилд орох үед төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй шаардлагын улмаас төрийн үйлчилгээний ангиллаар цалинжиж гэрээ байгуулан ажиллаж байсан ба 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс тус газрын даргын 11 тоот тушаалаар усны барилга, байгууламж, ус ашиглалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон төрийн захиргааны ангилалаар цалинжиж ажиллаж байсан юм.

2015 оны 11 сард манай газрын даргаар Ж.Эрдэнэ-Очир нь томилогдон ирсэн. Ингээд намайг томилогдохдоо төрийн албаны хуулийг зөрчиж томилогдсон гэж гүтгэж 2015 оны 12 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Энэ үед нь би уг албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаад өгөөч, би шалгалт өгье гэж хэлж байсан боловч шалгалт огт зарлаагүй, одоо хүртэл сонгон шалгаруулалт зарлаагүй байгаа.

Тэр үед би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргах гэж байтал намайг Ж.Эрдэнэ-Очир дарга жирэмсний амралттай хүний ажлыг түр хийж бай, надад бодсон юм байгаа гэж хэлсний дагуу би жирэмсний амралттай Д.Туяасайханы ажлыг буюу сургалт, олон нийт хариуцсан мэргэжилтний ажлыг хийж төрийн захиргааны ангиллаар цалинжиж ажиллах болсон. 2016 оны 03 сарын 23-ны өдөр жирэмсний амралттай ажилтан ажилдаа орох болсон тул гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөлгүйгээр халах тухай шийдвэр гаргаж миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчөөд байна.

1-рт, Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргааны даргын 2015 оны 12 сарын 25-ны өдрийн б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

Учир нь: Төрийн захиргааны алба хаагчаар ажиллаж байсан ажилтныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Мөн тус ажлын байран дээр сонгон шалгаруулалт огт зарлаагүй. Миний эзэмшсэн мэргэжил хөдөө орон нутагт ховор байдаг учраас намайг 2013 онд тус албан тушаалд томилон ажилд авч байсан. Ийм учраас би хууль зөрчиж томилогдоогүй гэж үзэж байна.

2-рт, Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргааны даргын 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 08 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна. Учир нь:  Жирэмсний амралттай байгаа     Д.Туяасайхан нь одоог хүртэл ажилдаа эргэн ороогүй байгаа ба сургалт, олон нийт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр өөр хүнийг томилон ажиллуулсан байгаа. Хөдөлмөрийн хуулинд “хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар гэрээ байгуулна гэсэн байгаа нь эзгүй байгаа ажилтан ажилдаа эргэж ороогүй байгаа нь захиргааны санаачлагаар ажилтныг чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргааны даргын 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 08 дугаартай тушаал гаргах болсон хууль зүйн үндэслэл нь ажилтныг ажпаас халах зохицуулалт биш байхад ажлаас халсан гэсэн хууль зүйн үндэслэлгүй тушаал тул хүчингүй болгож өгнө үү гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Орхон-Чулуут голын сав газрын захиргааны дарга Ж.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Уранчимэг нь анх 2013 оны 11 сарын 05-ны өдөр сав газрын захиргаанд ажилд орж 2 жил 3 сар ажиллахдаа төрийн албаны шалгалт өгөөгүй байсан хууль зөрчин томилогдсон тул ажлаас нь чөлөөлсөн. Д.Туяасайханы оронд түр ажиллаж байсан Н.Нямсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2015 оны 12 дугаар сарын 04-нд өгсөн. Н.Уранчимэг намайг Д.Туяасайханы оронд буюу Н.Нямсүрэнгийн оронд гурван сар түр ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг нь үндэслэн Д.Туяасайханы оронд гурван сар ажиллуулах тушаал гаргасан. Д.Туяасайхан нь 2016 оны 3 сард ажилдаа орно гэж утсаар олон удаа ярьсан.

Д.Туяасайханы хүсэлт болон Н.Уранчимэгийн гурван сар ажиллах хугацаа дууссан тул түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Д.Туяасайхан нь ерөөсөө ажилдаа орохоо болилоо, хүүхэд асрах чөлөө авна гэж өргөдөл өгсөн байгаа түүнийг шийдэж өгөөч гэсэн. Түүний хүсэлтийг үндэслэн хүүхэд асрах чөлөө өгч түүний оронд түр хүн авсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Н.Уранчимэгийн бүхий л асуудал хөдөлмөрийн хуультай холбогдон зохицуулагдсан болно. Түүний асуудалд Төрийн албаны хуулийн зохицуулалт байхгүй болно гэжээ.

 

Хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн эвлэрлийн гэрээндээ: Н.Уранчимэг миний бие Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Орхон-Чулуут голын сав газрын захиргааны даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингаа авах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 1 сарын цалингаа аваад ажилдаа эргэн орох хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч Орхон-Чулуут голын сав газрын захиргааны дарга Ж.Эрдэнэ-Очир би Н.Уранчимэгийн  “2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай ажлаас халсан тушаалаа хүчингүй болгож, ажилд эгүүлэн авах, 1 сарын цалин өгөх” нэхэмжлэгч талын шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүхэд Н.Уранчимэг нь Орхон-Чулуут голын сав газрын захиргааны даргын 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 08 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.Уранчимэг нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 637 дугаар захирамжаар хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Улмаар Н.Уранчимэг нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүсгэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Н.Уранчимэг нь төрийн албан хаагч мөн бөгөөд Орхон-Чулуут голын сав газрын захиргааны даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар томилогдож ТЗ-5-1 ангилалын зэрэглэлээр цалинжиж, үр дүнгийн гэрээ байгуулсан нь тус шүүхийн харьяалал мөн.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох “2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай ажлаас халсан тушаалаа хүчингүй болгож, ажилд эгүүлэн авах, 1 сарын цалин өгөх” зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.         Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх

хэсэгт заасныг баримтлан Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Орхон, Чулуут голын сав газрын захиргааны даргад хариуцагдах “Орхон, Чулуут голын сав газрын захиргааны даргын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Ажлаас халах тухай” 08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж даалгуулахыг хүссэн захиргааны хэргийг хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.         Улсын тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.2,  Захиргааны

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35100 /гучин тав мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.         Энэ  захирамжийг  захиргааны  хэргийн  шүүхийн  шийдвэрийн  нэгэн  адил  журмаар

биелүүлэхийг дурдсугай.

 

4.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2

дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ОДОНТУЯА