Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00706

 

Т.Чамин-Өлзийгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00473 дугаар шийдвэртэй

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03дугаар сарын 28-ны өдрийн 603 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Чамин-Өлзийгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч  Монбилдинг ХХК-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Чамин-Өлзий, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн төлөөлөгч М.Ганчимэг, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2008.01.16-ны өдөр би “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г “Монбилдинг” ХХК-ийн захирал М.Ганчимэгтэй байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,15 дугаар хорооллын 12 дугаар байрны мансардны К тоотын 51.55 м.кв талбай бүхий сууцыг бариулах болж, нийт 25.300.000 төгрөг төлж гэрээний дагуу сууцны үнийг бүрэн барагдуулсан юм. 2008.03.28-нд Ш.Нарантуяагаас 14.000.000 төгрөгийг зээлж М.Ганчимэгт өгөөд, уг зээлийг 2008.05.28-нд  буцааж төлсөн. Ингээд  БНСУ-д удаан хугацааны гэрээгээр ажиллах, амьдрах болсон тул 90 хувь нь төлөгдсөн  орон сууцны эрхээ Б.Оюунчимэгт 42.500.000 төгрөгөөр худалдсан. Намайг орон сууцны үнийн дийлэнх хэсгийг төлсөн гэдгийг М.Ганчимэг мэдэж, хүлээн зөвшөөрсөн тул 2008.05.09-ний өдөр №08/0509 тоот “төлбөр тооцоо” гэсэн баримт гаргаж өгсөн бөгөөд уг баримтад  “...90 хувь төлөгдсөн,  үлдэгдэл 10 хувь буюу 4.000.000 төгрөг төлөгдөөгүй...” гэж бичсэн. Гэтэл  нэг жилийн дараа  Б.Оюунчимэг орон сууцаа хүлээн авч чадаагүй,  гэж цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаж, шүүхийн шийдвэрээр надаас мөнгөө буцааж авсан. Би  анх байгуулсан гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн учир намайг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 12 дугаар байрны мансардны К тоотын 51.55 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Т.Чамин-Өлзий 2008.01.16-ны өдөр манай “Монбилдинг” XXК-тай “Орон сууцны байр захиалан бариулах тухай гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 12 дугаар байрны мансардны К тоот 51.55 м.кв талбай бүхий орон сууцыг  авах болсон.  Орон сууцны үнэ нь  17.869.25 ам.доллар болж тухайн үеийн ханшаар нэг ам.долларыг 1132 төгрөгөөр тооцож гэрээний үнийн дүн 20.227.991 төгрөг болсон.  Т.Чамин-Өлзий нь нийт 6.000.000 төгрөг төлснөөс өөр ямар нэгэн төлбөр хийгээгүй.  Гэтэл тэрээр  манай компанид ажиллаж байсан П.Болд 2008.05.09-ний өдөр 08/0509 тоот “төлбөр тооцоо” гэсэн баримт үйлдэн 90 хувийг төлсөн гэж Б.Оюунчимэгийг хуурсан нь тодорхой байна. Т.Чамин-Өлзий 2008.05.28-нд Б.Оюунчимэгтэй гэрээ байгуулахдаа П.Болдыг нотариатч Ч.Отгонбаяртай найз гэдгийг ашиглан гэрээгээ гэрчлүүлсэн ч бид энэ талаар  мэдээгүй, гэрээнд миний гарын үсэг байхгүй. Нотариатч Ч.Отгонбаяр тухайн үйлдэл хийхдээ зөрчил гаргасан ч эрүүгийн хариуцлагад татах  хугацаа өнгөрсөн байсан.  Харин “Монбилдинг” ХХК-ийн тамгатай бичиг дээр “16 сая төгрөг төлсөн болно” гэж бичигдсэн нь Т.Чамин-Өлзий өмнө нь  6.000.000 төгрөг төлсөн, 10.000.000 төгрөгийг нэмж өгнө гэсэн учир  түүнд итгээд 10.000.000 төгрөгөө төлөөд ня-бо Л.Даваажаргалаар гарын үсэг зуруулаарай гээд хийж өгсөн. Нэхэмжлэгч  10.000.000 төгрөг төлөөгүй учраас уг тодорхойлолтод Л.Даваажаргалын гарын үсэг байхгүй байгаа. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй  гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00473 дугаартай шийдвэр гаргаж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт заасныг баримтлан, “Монбилдинг” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Т.Чамин-Өлзийгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 370.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 603 дугаартай магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрчээр оролцсон Оюунчимэг, Цэцэгээ нарын мэдүүлгийг шийдвэрт огт дурдаагүй байна. “...Т.Чамин-Өлзий орон сууцны төлбөрт 25.300.000 төгрөг төлөгдсөн  тухай хариуцагч компанийн захирал  гарын үсэг зурсан, компанийн тамга, тэмдэг дарагдсан 4 ширхэг баримт байсан. Компанийг  төлөөлөн харьцаж байсан Болд мөн инженер Цэцгээ нар Т.Чамин-Өлзий намайг төлбөрөө төлсөн...” гэдгийг бүрэн мэдүүлж, Цэцэгээ “...25.3 сая төгрөгийг Т.Чамин-Өлзий бүрэн төлсөн байсан, би шоронд орох гээд байна гэж сүүлд захирал баримтуудыг устгасан...” гэсэн мэдүүлэг баримт хэрэгт байхад энэ талаар шийдвэрт дурдаагүй. Ганчимэгийн гарын үсэг, компанийн тамга мөн эсэх дээр шинжилгээ хийлгэж бүгд мөн болох нь тогтоогдсон байхад энэ үйл баримтыг үнэлэлгүй орхисон. Оюунчимэг нь захиалгын гэрээгээр эрхээ шилжүүлж авсанаас хойш 6 жил гаруй хугацааны дараа шүүхэд хандаж надаас 42 сая төгрөг гаргуулсанаар гэрээ дуусгавар болсон. Тэгэхээр захиалсан орон сууцны үнэ төлөх үүргийг бүрэн биелүүлсэн надад анхны гэрээний үүргийг шаардах үндэслэл байгаа. Оюунчимэгт байрны өмчлөх эрх шилжүүлэх үед орон сууцны үнэ өссөн учир 10 сая төгрөг нэмж аваад байраа авна гэж Ганчимэг хэлсэн байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дахин хянан үзэж, нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж өгнө үү гэжээ

                                                                ХЯНАВАЛ:

Т.Чамин-Өлзий нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 12 дугаар байрны мансардны К тоотын 51.55 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Монбилдинг ХХК-д холбогдуулан гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчид 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээ байгуулж, уг гэрээний дагуу маргааны зүйл болсон орон сууцыг Монбилдинг ХХК нь барьж ашиглалтад оруулах, Т.Чамин-Өлзий нийт 18.042 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт нийт 23.500.000 төгрөг төлсөн гэх үйл баримт нотлогдоогүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан Т.Чамин-Өлзийгийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.   

Хэргийн 57-р талд буй, Монбилдинг ХХК-ийн хэвлэмэл хуудас дээрх 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №08/0509 дугаартай “Төлбөр тооцоо” гэх баримтын талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-г зөрчөөгүй байна.   

Хоёр шатны шүүх зохигчдын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул Т.Чамин-Өлзийгийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/00473 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03дугаар сарын 28-ны өдрийн 603 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 370.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                           Б.УНДРАХ