Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 00064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                       П.Нямсүрэн

 Улсын яллагч                                     Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Ч.Мөнгөнцэцэг

                         Шүүгдэгч                                             Б.Асбербек нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Асбербек-д холбогдох 201718020073 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, казак, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг, Дуушийн №12 тоотод оршин суух, өмнө нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /М3:88021211/ Хурман овогт Баянмуратын Асбербек.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Асбербек нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15-17 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Сүхбаатарын эзэмшлийн Дуушийн №07 тоот хашааг өшиглөж иргэн О.Сүхбаатарыг илтэд үл хүндэтгэн

хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, Танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Г.Алтанбаганыг эсэргүүцэж гудамж талбай, олон нийтийн газарт эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Асбербек мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр модны ажилд хамт явсан хүмүүсдээ ажлын хөлсийг нь өгч дуусчихаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт орших Баянхангайн нутаг дэвсгэрт найз Отгонзоригын хамт 0.5 хэмжээтэй нэг шил Хараа архийг Галаа гэх залуутай гурвуулаа хувааж уусан. Тэгээд би гэрлүүгээ харих замдаа Оргилуун нэртэй буудлын хашаанд байдаг Зоригоо гэх найзтайгаа мөн 0.5 литр хэмжээтэй архи хувааж уучихаад гэрлүүгээ явж байхад замд Баатараа гэх дүүтэйгээ Шарын голын гудамжны 4 бэрх нэртэй дэлгүүрийн гадаа таарсан. Би тэр дүүгээс Зил-131 авто машины сэлбэгийг асуухад тэр манай ах Билэгээд байгаа гээд намайг гэр лүү нь дагуулан явсан. Ахынд нь автомашины сэлбэг асуух гэж очтол 2-4 хүн автомашин янзлаад архи уугаад байж байсан. Тэнд би 2 шил архи хувааж уугаад тэр үйл явдлаас хойш би санахгүй байна.  Маргааш өглөө нь намайг гэртээ сэрэхэд миний хувцас урагдчихсан, шавар  болчихсон, гутлын ул салчихсан, хамар хавдсан халцарч бие хөндүүр оргисон байдалтай байсан.  Би эхнэр К.Ванягаас өчигдөр юу болсон бэ гэсэн чинь чи өчигдөр миний үгэнд орохгүй хоёр хүнтэй маргаад байсан гэж хэлэхэд нь ямар хүмүүс юм бэ гэсэн тэгтэл эхнэр мэдэхгүй нэг нь манай энэ гудамжинд байдаг Сүхээ гэж залуу байсан гэж хэлсэн. Би тэр залуугийнд олж очоод та хоёр яаж байгаа юм бэ? архи уусан хүнийг та хоёр зодчихсон байна шүү дээ гээд би уурласан. Тэгсэн Сүхээ гэх залуу бид хоёр чамайг зодоогүй чи манай Г.Алтанбагана гэх найзтай зодолдсон гэж хэлсэн. Тэр найзынд нь дагуулан явж очиход Г.Алтанбагана аав, ээжийнхээ хамт гэртээ байсан. Г.Алтанбаганы хөлний шагай хэсгээр хавдчихсан байсан. Би Сүхээ гэх залуу та хоёр намайг нийлж зодсон байна гэж хэлэхэд чи миний хөлийг хугалсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би санахгүй байна гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Алтанбагана мэдүүлэхдээ: … Би 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз Баткаг 15 цагийн галт тэргэнд суулгаж өгчихөөд вокзал дээр явж байтал Сүхбаатар гэдэг найзтайгаа тааралдсан юм. Тэр үед Сүхбаатар машины толь, шар тортой жижиг зүйлүүд барьчихсан явж байсан. Тэгээд Сүхбаатар энэ сэлбэгийг хоёулаа Дуушийн гудамжинд манай гэрт очиж тавьчихаад ирье гэхээр нь зөвшөөрөөд Сүхбаатар бид хоёр Дуушийн гудамж руу явсан юм. Замдаа Элит дэлгүүрээс 0.33 граммын 1 шил Ерөөл архи авч хувааж уучихаад Дуушийн гудамжинд Сүхбаатарын гэрийн хашааны гадаа очиход танихгүй нэг согтуу залуу хашааг нь өшиглөөд зогсож байхыг бид хоёр хараад Сүхбаатар тэр залууд “Хөөе яагаад хашаа өшиглөөд байгаа юм бэ боль” гэж хэлсэн чинь тэр залуу “Эвдэрчихвэл хадаад өгчихнө шүү дээ” гэж хэлээд Сүхбаатар луу дайрч уурлаад барьцалдаж заамдалцаад Сүхбаатартай цохилдоод байхаар нь би дундуур нь ороод “Боль боль” гээд салгасан чинь тэр залуу” Та хоёр намайг нийлж зодох гэлээ” гээд над руу дайраад намайг хашаа руу заамдаж түлхээд хөлнөөс барьж унагаах гээд байхаар нь би хойшоогоо хашаа налаад гарыг нь бариад хашаа налаад зогсоод байсан юм. Сүхбаатар энэ үед машиныхаа сэлбэгийг оруулж тавьчихаад гарч ирээд тэр залууг “Боль боль” гэж намайг салгаж аваад бид хоёр буцаад явж байсан чинь тэр залуу араас гүйж ирээд салахгүй нэг бол Сүхбаатарыг зулгааж аваад “зодолдоё” гээд нэг бол намайг зуурч аваад "зодолдоё” гээд байхаар нь би “Чамаас айлаа айлаа” гээд ганцаараа зугтаагаад Дуушийн гудамжнаас гараад гүйж Элит дэлгүүрийн хойд талын хими цэвэрлэгээний хажууд гүйж явтал нөгөө залуу араас гүйцэж ирээд намайг араас татаж газарт унагааж байгаад өшиглөж толгой тархи руу гараараа цохиж зодсон. Би нүүрээ гараараа дарсан чинь миний зүүн хөлийг өшиглөж байгаад гараараа барьж аваад мушгиж өвдөглөж байгаад машинд суугаад явчихсан. Тэгтэл араас Сүхбаатар явган хүрч ирсэн. Би зодуулчихаад босч ирээд явах гэтэл зүүн хөл гишгэхэд хөндүүрлэж өвдөөд доголж явсаар байгаад гэртээ хүргүүлж ирээд Сүхбаатар намайг гэрт нэлээд дөхүүлж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь хөл дээрээ гишгэж чадахгүй маш их хөндүүрлэж өвдсөн. Хөх эрээн болоод зүүн хөлийн шагайны хоёр талаар битүү хавдсан байсан. Маргааш өдөр нь буюу 2017 оны 02 дугаар сарын 26-ны өглөө намайг зодсон залуу 10 цагийн орчим манай гэрт орж ирээд надтай уулзахаар нь би “Чи хөл гар яаж байгаа юм бэ” гэж асуухад “Та хоёр намайг бөөрлөхөж зодсон биздээ одоо яая гэхэв” гэж хэлсэн. Ингээд би цагаан сарын өдрүүдэд хөлөө эмнэлэгт үзүүлж чадахгүй хэвтэрт байсан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэгдсэн эмнэлэгт үзүүлж рентген зураг авахуулахад зүүн хөл шагай нь зөрж савхан яс нь хугарсан байна гэж хэлж оношилсон. Надад эмч хөл гипсдэж өгөөд эм авч уухыг зөвлөсөн. Би аптекаас эм авч уусан 45000 төгрөгийн зардал гарсан. Намайг зодсон залуу надад 30000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Би ингэж хөлөө хугалж хэвтэрт ороогүй бол хөрөө рам дээгүүр явж халтуур хийгээд 20000 төгрөг олчихдог байсан юм. Одоо орлого байхгүй хэцүү байна. 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хэвтэж байна. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гипсийг авна гэсэн. Гипсээ авахуулаад ч гэсэн хөл дээрээ явж чадахгүй байх. Би тэр намайг зодсон хүнийг урьд өмнө нь таньдаггүй бид хоёрын дунд таагүй харьцаа байхгүй... тэр залуу Сүхбаатартай зодолдох гээд байхаар нь би салгах гээд “боль, боль гээд дундуур нь орсноос уурлаж намайг цохиж зодсон... тэр залуу нилээд согтуу цээжээрээ нүцгэн байсан. Эхнэр нь бололтой нэг хүүхэн цамцыг нь бариад араас нь яваад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-18-р хуудас/

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Сүхбаатар мэдүүлэхдээ: … Би 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос 15 цагийн галт тэрэгээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирсэн юм. Би хотоос машины толь, гупер авсан юм. Би галт тэрэгнээс буугаад Вокзал дээр Алтанбаганатай таарсан. Тэгээд Алтанбаганыг "Хамт манай гэр лүү явж энэ сэлбэгийг тавьчихаад ирье" гэж гуйгаад Дуушийн 07 тоот руу манай гэр лүү хамт явсан юм. Замдаа дэлгүүрээс жижиг шилтэй архи Алтанбагана худалдаж аваад хоёулаа хамт хувааж уучихаад цаашаа Дуушийн гудамж руугаа явсан. Дуушийн гудамж руу ороод 07 тоот манай гэрийн хашааны үүдэнд очсон чинь зүс харж байсан казак залуу цээжээ нүцгэлчихсэн, нэлээд согтуу байгаа бололтой манай хашааг татаж чангаагаад байхаар нь би эхлээд "Чи яагаад хашаа татаад байгаа юм бэ, боль" гэж хэлсэн чинь нөгөө залуу миний урдаас уурлаад надтай барьцалдаж аваад эхлээд миний уруул руу гараараа нэг цохисон, би ч зөрүүлээд нэг цохичихсон. Би тэр казак залуутай маргалдаад заамдалцаад байж байтал Алтанбагана дундуур орж ирээд бид хоёрыг салгах гэж байтал тэр залуу над руу дайрахаа болиод Алтанбагана руу дайраад байсан. Тэр залуугийн эхнэр нь гүйж ирээд салгаж авч явах гээд дийлээгүй ганцаараа буцаад явсан, манай ээж хашаанаасаа гарч ирээд намайг дуудаад байхаар нь би больчихсон чинь казак залуу Алтанбагана руу дайраад байсан. Би гэртээ оруулж сэлбэгээ тавьчихаад Алтанбаганыг казак залуугаас салгаж аваад Дуушийн гудамжаар яваад Дөрвөн бэрх дэлгүүрийн догол гудамжинд очтол нөгөө казак залуу араас гүйж ирээд Алтанбаганыг өдөж зодолдох гээд байхаар нь би салгаад байсан, тэр казак залуу нүцгэн яваад байхаар нь би даарчих болов уу гэж бодоод өөрийнхөө цамцыг өмсүүлсэн. Тэгтэл казак залуугийн найз гээд авгай, нөхөр хоёр ирж авч явах гээд дийлээгүй байж байтал Алтанбагана тэр казак залуугаас зугтаагаад гүйгээд явчихсан юм. Казак залуу араас нь хөөгөөд гүйгээд явчихсан, би араас нь явж очиход Хими цэвэрлэгээний хажууд нөгөө казак залуу Алтанбаганыг газарт унагаачихсан дээр нь суучихсан байж байсан. Казак залуугийн найз авгай нөхөр хоёр казак залууг Prius машиндаа суулгаад явч явах гэхээр нь би цамцаа тайлж авч үлдсэн. Алтанбаганыг би газарт хэвтэж байхаар нь татаж босгоод гэр лүү нь хүргэж өгөх гээд дагуулаад явтал хөл нь өвдөөд байгаа бололтой миний хойно яваад байсан, би өөрөө согтуу байсан болохоор Алтанбаганыг 3 дугаар багийн байрны зүүн хойно байдаг балгас болчихсон барилгын урд талд орхичихоод гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Гэрч К.Ваня мэдүүлэхдээ: … 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим манай нөхөр Б.Асбербек модонд явсан хүмүүстэйгээ мөнгө төгрөгний тооцоо хийнэ гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд 15 цагийн орчим гэртээ ганцаараа нэлээд согтуу орж ирэхээр нь би унт гэж хэлсэн чинь унтахгүй буцаад ганцаараа гараад явсан. Тэгээд би гэртээ байж байтал манай хойд талын айлын бага насны Эрболд гэдэг хүүхэд манай гэрт орж ирээд "Бэк ах гадаа гудамжинд хоёр хүнтэй маргалдаад байна" гэхээр нь би гэрээсээ гараад явж очиход манай нөхөр Асбербек зодуулсан гээд байгаа хоёр хүнтэй маргалдаад зогсож байсан. Би Асбербек дээр очиход цээжээрээ нүцгэлчихсэн, хувцасаа тайлаад айлын хашаанд тохчихсон байхаар нь гэр лүүгээ авч харих гэтэл гэртээ харихгүй дийлдэхгүй нэлээд зууралдаад байсан, нөгөө хоёр залуу нь ч бас халамцуу байсан. Би Асбербекийг гэр лүүгээ авч явах гээд дийлэхгүй болохоор нь өөрийн найз Энхзул руу утасдаад "Бек дийлдэхгүй байна, гэрт авч ирээд өгөөч" гэж гуйсан чинь Энхзул "Тэгье тэгье" гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хоёр залуу манай нөхөр Асбербекээс зугтаагаад Дуушийн гудамжны хойшоогоо явчихсан, Асбербек араас нь цээж нүцгэн хөөгөөд явсан. Би гэртээ ороод хүлээж байтал ойролцоогоор 30-40 минутын дараа манай нөхөр Асбербекийг Энхзул, Баагий хоёр гэрт хүргэж ирж өгсөн, би Асбербекийг ахиж гэрээс гаргаагүй унтуулсан. Ийм л зүйл болсон. Би нөхрөө авах гээд Сүхээгийн хашааны гадаа очиход Сүхээ "Энэ Бек манай хашааг наашаа цаашаа татаж чангаагаад байна" гэж хэлж байсан. Сүхээгийн ээж нь бас хараад зогсож байсан шүү дээ. Сүхээгийн хашааг татаж чангааснаас болж маргалдсан гэж бодож байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд гэрч П.Баатарцогт мэдүүлэхдээ: … Энэ жилийн цагаан сарын битүүний урд өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай хүү Г.Алтанбагана 12 цагийн орчим хулдаас дэвсэх хүн олж ирнэ гээд гэрээсээ гарч явсан тэгээд орой 18 цагийн орчим долоон байрны таксины жолооч залуу Алтанбаганыг хүргэж ирж манай гэрт ирсэн. Тэр үед Алтанбаганы зүүн талын хөл нь доголчихсон машинаас буугаад өөрөө орж ирж чадахгүй болохоор нь би эхнэртэйгээ хамт гарч Алтанбаганыг гэрт оруулж ирсэн юм. Алтанбаганыг гэрт оруулж ирээд чи яагаад хөлөө гэмтээсэн юм бэ гэж асуухад "Хүнд зодуулаад хөл эвгүй болчихлоо" гэж хэлсэн, тэгээд Алтанбагана гэртээ унтаж хоноод маргааш өглөө нь босоод харсан чинь Алтанбаганы зүүн талын хөл нь шагай орчимоороо хүрэн улаан болоод маш том хөхөрчихсөн байсан. Би Алтанбаганаас чи ямар хүнд зодуулаад хөлөө хугалчихсан юм бэ гэж асуусан чинь Алтанбагана "Нэг казак залуу намайг зодоод зүүн хөлийг мушгиад гэмтээсэн" гэж хэлсэн юм. Тэгтэл 2017 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн орчим Алтанбаганыг зодсон казак залуу манай гэрт шууд орж ирээд манай гэрийг ерөөсөө хүндэтгэхгүй том өрөө рүү шууд гуталтайгаа явж ороод Алтанбагана руу дайрч хуруу гараараа чичлээд хэрэлдээд байсан, тэгэхээр нь би чи гар муу сайн ч наадах чинь айл шүү, чамайг цагдаад хэлнэ гэж хэлээд тэр казак залууг гэрээсээ гаргасан юм. Тэр казак залуу намайг цагдаад хэл, хэл гээд их омогтой байсан. Ингээд Цагаан сар болж Алтанбаганыг эмнэлэг үзүүлж чадахгүй байсаар 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр такси хөлсөлж Мандал сумын нэгдсэн эмнэлэгт Алтанбаганы хөлийг үзүүлэхэд зүүн талын хөл нь шагай орчимоороо хугарсан байна гэж байсан. Алтанбагана 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш гэрээс гарч шээж, бааж чадахгүй гэртээ бие засч эхнэр бид хоёр зөөж асгаж байна. Алтанбагана одоо болтол хэвтрийн байна. Би казак залуугийн гэрт нь очиж уулзахад "Та гэртээ очоод байж бай, би араас чинь очоод уулзъя" гэж хэлсэн, би гэртээ очоод байж байтал тэр казак залуу манай гэрт ирээд Алтанбаганатай хэрэлдээд маргалдаад ерөөсөө гэмшихгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд гэрч Г.Мягмар мэдүүлэхдээ: … Тиймээ би 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу Цагаан сарын битүүний урд өдөр 15 цагийн орчим Хөрөө рамын хашаанд байдаг хүүхдийн гэрээс төмпөн авах гээд явж байтал 3 дугаар багийн зүүн хойд талд байдаг балгасны зүүн урд талд Г.Алтанбагана газарт хэвтэж байхаар нь би таниад "Чи яагаад газарт хэвтэж байгаа юм бэ" гэж асуухад Алтанбагана "Миний өрөөсөн хөл өвдөөд мэдээгүй болчихоод би босч чадахгүй байна" гэж хэлэхээр нь би "За за ах нь ийшээ яваад унаа олоод ирье" гэж хэлээд явж хүргэнийхээ машиныг олж ирээд Алтанбаганыг машинд суулгах гэтэл босч явж машинд сууж чадахгүй болохоор нь цээжнээс нь тэврээд арын суудал дээр нь хэвтүүлээд Гандангийн 47 тоотод очоод Баатарцогтод "Машинд хүү чинь байгаа, гарч ав" гэж хэлээд Баатарцогт нэг хүнтэй хамт гарч ирээд Алтанбаганыг хоёр талаас нь өргөөд гэртээ оруулсан юм. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд гэрч Э.Энхзул мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай найз К.Ваня над руу утсаар яриад "Манай хүн надтай маргалдаж муудалцаад гараад явчихлаа, чи нөхөртэйгээ хамт манай нөхрийг олоод гэрт авч ирээд өгөөч" гэж гуйхаар нь би өөрийн нөхөр Батсайханы хамт өөрийнхөө Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гарч Асбербекийг Дуушийн гудамж болон Шарын голын гудамжаар явж хайсан боловч олдохгүй байсан. Тэгтэл Асбербек Шарын голын гудамжны хойд үзүүрт байдаг Дөрвөн бэрх гэдэг дэлгүүрийн өөдөөс харсан Мухар гудамжинд одоо энэ гомдол гаргаад байгаа залуутайгаа хоорондоо заамдалдчихсан, Сүхээ хажууд нь зогсож байсан. Ингээд байж байхаар нь би Асбербекийг салгаад авч явах гэтэл тэр гомдол гаргасан залуутайгаа хөөцөлдөж Хими цэвэрлэгээний зүг рүү гүйгээд явчихаар нь би араас нь машинтайгаа хайж очтол Хими цэвэрлэгээний хажуу талын гудамжинд тэр залуугаа газарт унагаачихсан Асбербек дээр нь суучихсан байж байсан. Би өөрийн нөхөр Батсайхантай хамт Асбербекийг шууд салгаад машиндаа суулгах гэж байтал Сүхээ араас нь ирээд Асбербекэд "Би цамцаа авъя" гэж хэлээд Асбербекийн өмсөж байсан хар цамцыг аваад үлдсэн, Асбербек цээж нүцгэн манай машинд сууж гэртээ хүргүүлсэн. Тэр гомдол гаргасан залуу Сүхээтэй хамт босоод явчихсан шүү дээ. Асбербекийн хоёр гар нь шалбарчихсан байсан, хамрын нуруун дээр нь зулгарчихсан бага зэрэг цус болчихсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд гэрч Л.Батсайхан мэдүүлэхдээ: … Би 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эхнэр Энхзултай хамт байж байхад Ваня манай эхнэр лүү утасдаж "Асбербек хүмүүстэй гудамжинд зодолдоод байна, та хоёр очиж Асбербекийг гэрт хүргэж өгөөч" гэж гуйхаар нь Энхзул бид хоёр өөрийнхөө Prius-11 маркийн машинаар Асбербекийг хайж эхлээд Дуушийн гудамжинд орсон чинь байхгүй байсан, дараа нь Шарын голын гудамж руу ороод ирсэн чинь хойд үзүүрт нь байдаг Дөрвөн бэрх дэлгүүрийн хажуугийн нарийн гудамжинд Асбербек нэг залуутай заамдалцаад барьцалдчихсан Сүхээ хажууд нь зогсож байхаар нь Энхзул машинаас буугаад Асбербекийг салгах гэтэл салахгүй хохирогч залууг хөөгөөд Хими цэвэрлэгээний зүг рүү гүйгээд явчихсан. Энхзул машиндаа буцаж суугаад бид хоёр араас нь хайгаад явж очиход Хими цэвэрлэгээний баруун талын блокон хашааны урд Асбербек нөгөө залууг газарт унагаачихсан дээр нь гараад суучихсан байж байхаар нь эхнэр Энхзул бид хоёр хоёулаа машинаас буугаад Асбербекийг салгаж машиндаа суулгаад байж байтал Сүхээ араас явган ирээд Асбербекээс цамцаа тайлж авсан, Асбербек цээжээр нүцгэн байдалтай манай машинд суугаад гэртээ хүргүүлээд үлдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд гэрч О.Оюунцэцэг мэдүүлэхдээ: … Би 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гэрийн хашаандаа байж байтал нэг казак залуу нэлээд согтуу цээжээрээ нүцгэн байдалтай манай хашааны банзыг салгах гэж байгаа юм шиг татаад байсан. Тэгтэл манай хүү Сүхбаатар Алтанбагана гэдэг найзтайгаа хамт явж байгаад тэр залууг хараад “Болиоч хашааны банз салгалаа шүү дээ” гэж хэлсэн чинь согтуу казак залуу “Чи юу юм бэ” гэж хэлээд манай хүү Сүхбаатар луу дайрч нүүрэнд нь гараараа цохиод авсан юм. Тэгтэл Сүхбаатарын завжнаас нь цус гарсан. Алтанбагана тэр казак залууг салгах гэсэн чинь казак залуу Алтанбаганыг хөөгөөд гүйгээд явчихсан. Би хэсэг харж зогсож байгаад гэртээ орсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р хуудас/

                  2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №78 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: 

 

                  1. Алтанбаганын биед зүүн шагайн хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой.

                  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 35-р хуудас/, Хохирогч О.Сүхбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 8-12-р хуудас/.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 56 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 60-66 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 57 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Асбербек нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15-17 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Сүхбаатарын эзэмшлийн Дуушийн №07 тоот хашааг өшиглөх, татах, чангаах зэргээр иргэн О.Сүхбаатарыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, Танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Г.Алтанбаганыг эсэргүүцэж гудамж талбай, олон нийтийн газарт эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Г.Алтанбаганы мэдүүлэг /ХХ-ийн 14-18-р хуудас/, Мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч О.Сүхбаатарын мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/, Мөрдөн байцаалтанд өгсөн гэрч К.Ванягийн мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/, Мөрдөн байцаалтанд өгсөн гэрч П.Баатарцогтын мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/, Мөрдөн байцаалтанд өгсөн гэрч Г.Мягмарын мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/, Мөрдөн байцаалтанд өгсөн гэрч Э.Энхзулын мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/, Мөрдөн байцаалтанд өгсөн гэрч Л.Батсайханы мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/, Мөрдөн байцаалтанд өгсөн гэрч О.Оюунцэцэгийн мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р хуудас/, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №78 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 35-р хуудас/, хохирогч О.Сүхбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 8-12-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Асбербек нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15-17 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Сүхбаатарын эзэмшлийн Дуушийн №07 тоот хашааг өшиглөх, татах, чангаах зэргээр иргэн О.Сүхбаатарыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, Танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Г.Алтанбаганыг эсэргүүцэж гудамж талбай, олон нийтийн газарт эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Асбербекыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэн танхайрсан, танхайрах явцдаа  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 Шүүгдэгч нь согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Мөн шүүгдэгч нь өмнө нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 03 жил 05 хоногийн хорих ялыг биечлэн эдлэлгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд  хамаарч байх ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг  тогтоох боломжтой байна гэж үзлээ

Хохирогч Г.Алтанбагана нь шүүгдэгч Б.Асбербекээс эмчилгээний зардалд 500000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /ХХ-н 19-р хуудас/, мөнгө хүлээлгэж өгсөн баримт /ХХ-н 21-р хуудас/, хохирогч О.Сүхбаатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /ХХ-н 23-р хуудас/, зэргээс дүгнэхэд хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Хятад улсад үйлдвэрлэсэн, 16-68 СЭҮ улсын дугаартай Б.Асбербекын эзэмшлийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох зэргийг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон                                           

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Хурман овогт Баянмуратын Асбербекыг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.2-д зааснаар  Б.Асбербекыг 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Асбербекд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Асбербек энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хятад улсад үйлдвэрлэсэн DAYUN маркын, 16-68 СЭҮ улсын дугаартай Б.Асбербекийн өмчлөлийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Асбербекд оногдуулсан 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Б.Асбербекд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.                                

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Асбербекд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.