Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/03243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* тоотод байрлах, Х компани /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоотод оршин суух, Б******* овогтой Б   холбогдох,

909,683 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, хариуцагч Б.Б , гэрч Д.М*******, нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х компани нь Б.Б тэй 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 032108799 дугаар барьцаат зээл байгуулж 2,193,950 төгрөгийг үнэт эдлэл авах зориулалттайгаар 1,535,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн байдаг. 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Б  нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй манай компанид хохирол учруулж байна. Зээлийн гэрээний үндсэн хүү нь 388,217 төгрөг, 467,157.96 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 54,308.25 мөнгө, нийт 909,682,093 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч хэрэгт авагдсан баримтайгаа танилцсан бол үндсэн зээл, зээлийн хүү хэрхэн бодогдсон талаар дэлгэрэнгүй байгаа. 20,000 төгрөгийг төлж эхэлснээс хойш хүүгээс суутгал хийгээгүй, үндсэн зээлээсээ хасагдаж явж байсан. Одоо таны төлөх зээлийн хүү нь анх зээл авснаас хойш 20,000 төгрөг төлөх болсон хүртэлх үндсэн зээлийн хүү. Манай байгууллага таны зээл дээр нэмэгдүүлсэн хүү огт тооцож аваагүй. Энэ бол таны зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн хүү. Зээл авснаас хойш 1 жилийн хугацаанд төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд бодогдсон хүү 566,400 төгрөг байсан. Үүнийг та төлөхгүй гэж хэлээд яваад байгаа. 2 удаагийн төлөлт орж ирсэн. Манай байгууллагаас дансны хуулга гаргуулж авч болно. Үндсэн зээл 1,535,000 төгрөг, үүнээс хойш 10, 11 дүгээр сард хоёр удаа төлөлт хийсэн. Үүнээс хоёр сарын төлөлт хийсэн үндсэн хүү 38,793 төгрөг. Үүн дээр нэмэгдүүлсэн хүү бодогдоогүй. Зээлийн төлөлтөө хийгээгүй байсан учраас үндсэн хүү хуримтлагдаад яваад байсан. 20,000 төгрөгөөр төлөхөд үндсэн зээлээс хасагдаад яваад байсан. Үүн дээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдоогүй... гэв.

 Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1,535,000 төгрөгийн зээл аваад түүнээс хойш 3 сарын хугацаанд 288,000 төгрөгийг тасралтгүй төлөөд явж байсан. Үүнээс хойш төлөх боломжгүй хэсэг хугацаанд явж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр очиж уулзаад өдрийн 20,000 төгрөгийг төлж байхаар ярьж тохиролцсон. Гараар бичсэн өргөдөл дээр бичиж тохиролцсон. Тухайн үед надад ямар ч хүү, алданги тооцно гэсэн зүйлийг хэлж ойлгуулаагүй. Зөвхөн авсан мөнгөө өдөрт 20,000 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн өргөдөл бичүүлж авсан.  Би тасралтгүй 4 сарын турш төлж байхад шүүхэд өгөхөд 900,000 гаран төгрөгийн хүү, алдангийг нэмээд ороод ирж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байн.

Гэрчээр оролцсон М******* гэдэг хүн надад хэлэхдээ миний төлөөд яваад байсан 20,000 төгрөг үндсэн зээлээсээ хасагдахгүй, хүү төлөөд байгаа гэсэн болохоор би үүнийг төлөхгүй гэж хэлээд төлөлт хийгээгүй. М*******, миний төлөөд байгаа 20,000 төгрөг үндсэн зээлээсээ хасагдахгүй, зээлийн хүүгээс хасагдаад, алдангидаа хүрэхгүй байгаа юм шиг надад хэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд тодорхой хэмжээний хүү бодогдсон байгаа. Энэ хүүг зөвшөөрөхгүй байна. Бусдыг нь төлнө  ... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-9-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 12-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 26-р тал, гэрчийн мэдүүлэг.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад                                

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х компани хариуцагч Б.Б т холбогдуулан “үндсэн зээлд 388,217 төгрөг, хүүд 467,158 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 54,308 төгрөг, нийт 909,683 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч “2023.11.27-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцно гэдгийг хэлээгүй, 20,000 төгрөгөөр төлөхөөр тохирсон” гэх үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү болох 521,466 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Х компани ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг “...зээлийн ...” гэжээ.

Х компани 2021 оны 09 сарын 03-ны өдөр 1,535,000 төгрөгийг Б.Б т 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, барьцаат зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-5/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Х компани ХХК-аас Б.Б  нь 1,535,000 төгрөгийг авч үнэт эдлэл авсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Б.Б  6 сарын хугацаанд зээлийг төлөх хуваарьтай боловч 2021.10.12-нд 266,875.38 төгрөг, 2021.11.29-нд 309,124.62 төгрөгийг тус тус төлж үүнээс хойш 730 орчим хоногийн хугацаанд буюу 2023.11.27-ны өдрийг хүртэл зээлээ хуваарийн дагуу төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, зээл, хүүгийн тооцоолол, гэрч Д.М*******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба хариуцагч хуваарийн дагуу төлснөө нотлоогүй. /хх-7/

   Хариуцагч ...зээлийн мэргэжилтэн М******* 20,000 төгрөгөөр төлбөл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдоно гэдгийг тайлбарлаагүй... гэж маргаж байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагчийн ...хуулийг ойлгоогүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.1-д зааснаар зээлдэгч Б.Б  үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэх буюу зээлээ хуваарийн дагуу төлөх үүрэгтэй.

Зээлдэгч Б.Б  нь зээлийн мэргэжилтэн Д.М*******д 20,000 төгрөгөөр зээл төлөх хүсэлтээ өгсөн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Д.М*******гийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч талууд зээлийн гэрээний төлөх хуваарьт өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлгүй, хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ эрх бүхий этгээд болох компанийн захиралд гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул хариуцагчийн ...зээлийг 20,000 төгрөгөөр төлөхөөр тохирсон... гэх тайлбараар зээлийн төлбөрийг тооцож шийдвэрлэх үндэслэлгүй.

Зээлдэгч Б.Б  2023.11.27-ны өдрөөс 2024.02.07-ны өдрийн хооронд 24 удаа, нийт 670,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээл, хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

Үндсэн зээлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогддог тул үндсэн зээлийн хэмжээ багасах тусам тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүү багасах боломжтой.

Б.Б ийн төлсөн 670,000 төгрөгийг зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээлээс хасаж тооцсон байх ба нэхэмжлэгч талын ... зээлдэгчид ашигтай байдлаар үндсэн зээлээс хасаж тооцсон, 2022.12.01-нээс хойш хүү, 2022.12.08-наас хойш нэмэгдүүлсэн хүү тус тус тооцоогүй.... гэх тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х компани нь үндсэн зээлд 388,217 төгрөг, хүүд 467,158 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 54,308 төгрөг, нийт 909,683 төгрөгийг хариуцагч Б.Б ээс нэхэмжилсэн нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Иргэний хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан 909,683 төгрөгт ногдох 26,383 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль нийцнэ.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Б ээс 909,683 /есөн зуун есөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х компанид олгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,383 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ