Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 00085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Нарийн бичгийн дарга                    Б.Ариунсанаа

                        Улсын яллагч                                  Н.Дүүрэнжаргал

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                  С.Сувдаа

                        Шүүгдэгч                                            Б.Цэрэндулам нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Цэрэндуламд холбогдох 201718020115 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, цэцэрлэгийн багш ажилтай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг 17-1 гудамж 15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ОЙ:82061908/ Шангас овогт Бямбаагийн Цэрэндулам.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Цэрэндулам нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Хустайн давааны орчим 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 00-64 УНИ улсын дугаартай “Toyota Chaser” маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд, 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..”, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчиж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Т.Болортуяа, Ж.Баттулга нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Цэрэндулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 04 дүгээр 23-ны өглөө 12 цагийн үед нөхөр Батчулуун, хадам дүү Болортуяа, түүний нөхөр Баттулга нартай 00-64 УНИ улсын дугаартай “Toyota Chaser” маркын авто машинтай Дархан-Уул аймгаас Түнхэл тосгон орох гээд замд явж байсан. Ингэж явж байх зуур Хустайн даваа уруудаад явж байгаад урд шаланз маркын том оврын тээврийн хэрэгсэл явж байхаар нь нэлээд удаан дагасны эцэст гүйцэд түрүүлэх боломж гарахаар нь гүйцэд түрүүлэх гэж байгаад замын хөвөө рүү би дарчихсан юм шиг байгаа юм. Тэгээд сандарсандаа замын машингүй тал руу машинтайгаа ороод л онхолдчихсон. Осол болсны дараа манай нөхөр араас бууж ирээд намайг буулгаж аваад бид хоёр Баттулгыг гаргаж авсан, Болортуяаг байхгүй болохоор нь хайсан чинь цонхоор шидэгдчихсэн бололтой газар байж байсан. Ингээд бид нар Баруун хараагийн түргэн дуудаж эмнэлэг рүү хүргүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ. 

Хохирогч Т.Болортуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 04 дүгээр сарын 23-ны бүтэн сайн өдөр Батчулуун ах, Цэрэндулам эгч, манай нөхөр Ж.Баттулга бид дөрөв Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багт очиж удмын бөө сахиусаараа засал хийлгэе гэж ярилцаж тохиролцоод Батчулуун ахын “Toyota Chaser” маркын авто машинаар явсан юм. Явахдаа Цэрэндулам эгч машинаа жолоодоод жолоочийн эсрэг талын урд суудал дээр Баттулга, Баттулгын харалдаа хойд суудал дээр би, Цэрэндуламын харалдаа хойд суудал дээр Батчулуун ах сууж явсан. Би замдаа хэсэг унтчихсан юм шиг байна лээ. Нэг сэрэх үед Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэрсэн, хажууд манай ажлын хүмүүс ирчихсэн байсан. Би яг осол хэргийн талаар одоо ерөөсөө санахгүй байна. Осол хэргийн улмаас биедээ гэмтэл авч зүүн бөөрөө хагалгаагаар авахуулсан. Би суудлын бүс зүүгээгүй байсан. Миний эмчилгээний зардалд 1 сая төгрөг зарцуулсан.  Одоо хамаатан садан хүмүүс учраас гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй миний эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг зарцуулагдсан. Би Б.Цэрэндуламаас эмчилгээний зардал мөнгөө нэхэмжлэхгүй... надад баримт байхгүй, би баримтаа хадгалаагүй, би эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй учраас баримт шаардлагагүй гэж үзэж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24, 25-р хуудас/

Хохирогч Ж.Баттулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай эхнэр Болортуяа, хадам ах Баатарчулуун, бэр эгч Цэрэндулам бид дөрөв Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон руу явсан юм. Явахдаа Батчулуун ахын Тоёота чейзер маркын авто машиныг Цэрэндулам эгч жолоодоод урд суудал дээр би суусан. Миний харалдаа хойд суудал дээр Болортуяа, жолоочийн харалдаа хойд суудал дээр Батчулуун ах суугаад явсан юм. Бид нар Дархан-Уул аймгаас гарахад 12 цаг болж байсан. Хустайн давааг 13 цагийн орчим даваад явж байтал урд талд шаланз явж байсан. Цэрэндулам эгч гүйцэж түрүүлэх гэхэд нь би машин байна гэж хэлээд болиулж байсан. Тэгээд эсрэг урсгалаас машин байхгүй болохоор нь би за одоо машин алга гэж хэлсэн. Цэрэндулам эгч машинаа жолоодоод шаланз машиныг гүйцэж түрүүлэх гэж хажууд нь явахдаа замын шороон хөвөөрүү ороод сандарч буцааж шаланз машин руу дараад арай шүргэлцээгүй буцаж зүүн тал руу дараад машин тэнцвэр алдаж замын зүүн гар тал руу онхолдсон юм. Би ухаан алдаад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сэрсэн. Ослын улмаас хүзүүний үе хугарсан. ... урд явж байсан шаланз 50 км цагийн хурдтай явсан гэхээр 60-70 км цагийн хурдтай гүйцэж түрүүлэх гэж оролдсон байх.. миний эмчилгээний зардалд 500000 төгрөг зарцуулагдсан. Би Б.Цэрэндуламаас эмчилгээний зардал мөнгөө нэхэмжлэхгүй. Б.Цэрэндулам бид нар хамаатан садны холбоотой. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28, 29-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Т.Батчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …. би өөрийн эхнэр Б.Цэрэндуламаас хохирол нэхэмжлэхгүй, авто машиндаа хохиролын үнэлгээ тогтоолгох шаардлагагүй, миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №27 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:

1. 00-64 УНИ улсын дугаартай “Toyota Chaser” маркын тээврийн хэрэгслийн жолооч Шангас овогт Бямбаагийн Цэрэндулам нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд, 9.1 “..жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...”гэснийг зөрчсөн гэх дүгнэлт /ХХ-ийн 36-р хуудас/

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №5630 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Баттулгын биед хүзүүний 5-р нугалмын их бие, зүүн невраль арк, үений сэртэнг хамарсан хугарал, хүзүүний 6-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 5,6-р нугалмын түвшин дэх нугасны эдийн няцрал, зүүн гарын саажилт, мэдрэхүйн алдагдал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Зүүн гарын саажил, мэдрэхүйн алдагдал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 42-р хуудас/

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №5629 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

         1. Болортуяагийн биед зүүн бөөрний урагдал, тасрал, зүүн бөөрний хальсан доорх цус хуралт, тархины баруун зулай хэсгийн цус хуралт, няцрал гэмтэл учирч зүүн бөөр мэс заслаар авагджээ.

         2. Дээрх гэмтлуүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

         4. Зүүн бөөр мэс заслаар авагдсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 60 хувь нөлөөлнө гэх дүгнэлт /ХХ-ийн 56-р хуудас/

        2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №111 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

          Б.Цэрэндуламын цусанд этилийн спирт илэрсэнгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 73-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-11 хуудас/

Б.Цэрэндулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... би 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 00-64 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад урдаа явсан авто машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад замын хажуу руу онхолдоод Ж.Баттулга, Т.Болортуяа нарын биед гэмтэл учруулсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 100-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Цэрэндулам нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 88 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Цэрэндулам нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Хустайн давааны орчим 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 00-64 УНИ улсын дугаартай “Toyota Chaser” маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд, 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..”, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчиж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Т.Болортуяа, Ж.Баттулга нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Т.Болортуяагийн мэдүүлэг /ХХ-ийн 22-24, 25-р хуудас/, Хохирогч Ж.Баттулгын мэдүүлэг /ХХ-ийн 27-28, 29-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Т.Батчулууны мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №27 дугаартай  Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 36-р хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №5630 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 42-р хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №5629 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 56-р хуудас/ 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №111 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 73-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-11 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Цэрэндуламыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Цэрэндулам нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Хустайн давааны орчим 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 00-64 УНИ улсын дугаартай “Toyota Chaser” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд, 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..”, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчиж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Т.Болортуяа, Ж.Баттулга нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Цэрэндулам нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, Иргэний нэхэмжлэгч нар нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шангас овогт Бямбаагийн Цэрэндуламыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэрэндуламыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Цэрэндулам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг  тус тус дурьдсугай. 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Цэрэндуламын №1019619 дугаартай жолоочийн “В” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэрэндуламд  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.