Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0087

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ж.Нын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 706 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Н

Хариуцагч: ХБГ

Гуравдагч этгээд: Ц.Д

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Д.О,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.

Хэргийн индекс: 128/2020/0776/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 706 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Нын ХБГт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд ХБГ даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баталсан ГБМЗХ 2020/13-027 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар” барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн ХБГ-аас олгосон БА-253/2020 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” олгосон үйлдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Ж.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

2.1. 2020 оны 7 сараас эхлэн нэхэмжлэгч Ж.Н болон гэр бүлийн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон Барилгын тухай хуулийн 7.1.1 барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол; 7.1.2 иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн.

2.2. Хариуцагч Нийслэлийн ХБГ, нийслэлийн Ерөнхий архитектур нь гуравдагч этгээд иргэн Ц.Дд барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан болон барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо Барилгын тухай хуулийн 7.5. Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаална гэсэн заалтыг биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Ж.Н хуульд заагдсан эрхээ эдэлж, нэхэмжлэх гомдол гаргасан.

2.3. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Г., шүүгч Т., Д. арын бүрэлдэхүүнт шүүгчдийн хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хангалттай үнэлж чадаагүй, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгаагүй, гаргасан шийдвэр нь бүрхэг, хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг огт ойлгоогүй гэж үзэж байна. Иймээс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-д хянан заасан анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0706 дугаарт шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Шаардлагын үндэслэл:

2.4. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Г.У, шүүгч Т.Мөнх-Эрэнэ, шүүгч Д.Ч нарын 128/ШШ2023/0706 дугаарт шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 ба 2-т заасан үндэслэл нь нэхэмжлэгч Ж.Нын нэхэмжлэх гаргах эрх, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх эрх дурдсан нь шийдвэрийн үндэслэлд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй. Учир нь Ж.Н захиргааны 2 акттай маргаж, нэхэмжлэх гаргахад Захиргааны хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар заалт болох нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, 2020 оноос эхлэн хэрэг үүсгэн одоог хүртэл хянан шийдвэрлэж ирсэн. Гэтэл 3 шүүгчийн нэхэмжлэлээс татгалзах үндэслэлийн 1 ба 2-т нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тухай орсон хууль зүйн үндэслэлгүй юм.

2.5. Шийдвэрийн үндэслэл 3-т мөн үндэслэлгүй үндэслэл заасан байна. Энэ нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр баталгаажна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2-д заасан Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсвэл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасны дагуу нарны тусгал гэрт хэдэн цаг тусаж байгаа бичлэг болох нотлох баримтыг гаргаж үнэлүүлэхээр хүсэлт гаргасан. Гэвч манай гаргасан нар хэдэн минут тусаж байгаа бичлэгийг үнэлж, эргэлзэж байвал нотлох баримтыг дахин шалгаж тогтоох байсан. Тийм үйл явдал болоогүй ба бичлэгийг үзсэнээр нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үгүйсгэсэн, мартсан бололтой.

2.6. Тус өдрийн хуралдааны тэмдэглэлд хариуцагч тал барилгын А төлөвлөгөө, зөвшөөрөл авах бүрдүүлбэр хангасан учраас олгосон гэж байна. Гэтэл Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын чиг үүрэгт барилгын норм дүрмийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлд барилга хоорондын зай 32м байх байсныг дүрэм хэрэгжүүлээгүй, нарны тусгал 2 цаг байх байсныг хэрэгжүүлээгүй, Нийслэлийн Засаг даргын мөрдөгдөж байгаа захирамжийг биелүүлээгүй гэж маргаж байхад хариуцагч талын тайлбар ямар ч нотлох баримтаар батлагддаггүй. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн өөрсдөө хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг нь батлаад үндэслэлдээ оруулсан байх юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, нотлох баримтыг үнэлэхгүй байж, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар батлагдаж, нотлохгүй байхад нэхэмжлэлээс татгалзах үндэслэл болгож байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4.Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна. Заалтыг зөрчсөн.

2.7. Шийдвэрийн үндэслэл хэсгийн 4-т маргаан бүхий 2 акт олгогдсон тухай дурдсан нь нэхэмжлэлээс татгалзах ямар үндэслэл болж байгаа нь тодорхойгүй. Үндэслэл хэсэгт шийдвэрийн үндэслэлийг хууль зүйн ямар үндэслэл болсныг тодорхой тусгана гэж заасан байхад шүүгч нар ямар хууль зүйн заалт үндэслэснийг ойлгохгүй байна.

2.8. Үндэслэлийн 5-т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл маш тодорхой заасан, түүнийгээ ч нотолж байгаа. Гэтэл гуравдагч этгээдийн өмгөөлөгч маргасан эхэлсэн цагаас нэхэмжлэгчийн 3 үндэслэлтэй маргахгүй байж, хэрэгт холбогдолгүй 2 зүйлийг голчилж тайлбарладаг. Нэг тайлбар нь хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж энэ талаар маргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэсэн 613 дугаарт шүүгчийн тогтоол гарсан боловч гуравдагч талын өмгөөлөгч шүүх хурал бүр дээр энэ тайлбараа л ярьдаг.  Маргаан бүхий захиргааны актыг хууль бус болгохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх гээд байгаа юм гэж маргадаг. Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.гэж тодорхой заасны дагуу захиргааны байгууллага актаа олгохдоо мөрдөх хууль, дүрмээ биелүүлээгүйгээс Ж.Н болон түүний гэр бүлийн эрх ашиг хөндөгдөж, эрх ашгаа хамгаалахаар хуульд заасан эрхээ эдэлж нэхэмжлэх гаргаж байхад, зөрчигдсөн эрх сэргээх тухай нь ч дэмжих бүтэн 3 жил ярьж байна. Үүнийг нь шүүгч нар нь ч дэмжих юм.

2.9. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхой тусгасан байхад зөрчигдсөн эрх чинь яаж сэргэх юм гэж даапаалж асуух юм. Ийм л 2 зүйл ярьж тайлбарласаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч 3 жил болж байна. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний хуралдаан дээр шүүгч Д.Ч гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс танай барилга барилгын норм дүрэм зөрчсөн байна гэж нэхэмжлэгч маргаж байгаа тэгвэл нэхэмжлэгч тал барилгын норм дүрэм зөрчөөд өндөр барилга барих болбол танай тал яах вэ гэж асуухад тэгвэл манай тал маргана гэж хариулсан. Тэгэхэд шүүгч Д.Ч танай барилгад дүрэм хэрэгжихгүй, нэхэмжлэгчийн барилгад дүрэм хэрэгжинэ гэх юм гэхэд гуравдагч этгээдийн өмгөөлөгч хариу өгөөгүй байдаг. Хариуцагч Нийслэлийн ХБГ-аас тайлбар бүүр өгөөгүй байгаа. Энэ чухал асуулт, тайлбарыг хурлын тэмдэглэлд ороогүй байсныг анхаарч үзнэ үү.

2.10. Шийдвэрийн үндэслэлийн 8,9-т Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 тогтоолын Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, олгох журмын 4.2.1, 4.2.2-д заасан заалтуудыг барьж нэхэмжлэлээс татгалзах үндэслэлдээ оруулжээ. Бас л шүүгч нар бодит байдлыг тогтоож шийдвэрлэхээ мартсан бололтой. Нэхэмжлэгч Ж.Нын оршин суугаа хороолол нь орон сууцны хороолол бөгөөд ямар үндэслэлээр үүнийг тогтоож байгааг дурдаагүй. Мөн 4.2.2-д /амины орон сууцнаас бусад барилгын хувьд гэдэг хэсгийн үндэслэлийг дурдаагүй. Ж.Нын орон сууцны Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон гэрчилгээний зориулалт хэсэг дээр орон сууц гэж заасныг, хуралдааны үеэр шүүгч Т.Мөнх-Эрдэнэ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. О-гаас асууж, тайлбар авсныг мартсан бололтой. Яг ямар хууль зүйн үндэслэлийг тодорхой гаргаж өгөөгүй, ойлгомжгүй. Шүүгч нар орон сууцны хороолол, орон сууцны хороолол биш гэдгээ юуг үндэслэж тогтоож байгаа нь тодорхойгүй.

2.11. Шийдвэрийн үндэслэл 10-т нэхэмжлэгч тал барилга хоорондын зай барих ёстой, дүрмийн дагуу 32м байна. Харин бодит байдал дээр 11.8 м байгаа нь барилгын дүрэм зөрчсөн тул хууль бус болгохыг тогтоолгох гээд байхад шүүгч нар маань нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ойлгохгүй, ойлгохыг үл хүсэх мэт хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдож байна. Шүүгч нар Ц.Дгийн барилгыг ямар барилгын төрөлд ордгийг ч мэдэхгүй байж, барилга хоорондын зайн БНбД 3-01-10 дүрэм мөрдөгдөхгүй гэж үндэслэж байгаа юм бэ? Иргэн Ц.Дгийн барилга олон нийт иргэний барилгын төрөлд ордог ба нэхэмжлэгч Ж.Нын орон сууц барилгын орон сууцны төрөлд багтдаг. Тэгвэл барилга хоорондын зай барих Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-01-10/ дүрмээр Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай нь “Барилгажих талбайд барих барилгын давхрын тоо 16 бол Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 32 метр байна гэж заасан. Дүрэм мөрдөгдөх ёстой. Энэ дүрмийг мөрдүүлээгүйгээс нарны тусгалын зай ч алдагдаж өдөрт тасралтгүй 2 цаг нар гэрт тусахаа больж иргэн, Ц.Дгийн 2 барилгын сүүдэрт амьдрах болчхоод байгааг шүүгч нар асуулт, хариулт, тайлбараар тогтоодог боловч эсрэгээр нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдож байна.

2.12. Шийдвэрийн үндэслэл 11, 12-т шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд шүүгч нар нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчин, дулааны үр нөлөө шууд алдагдаж, нарны гэрэл шууд хааснаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэлзүй зэргийг тооцож баримталдаг барилгын БНбД 3-01-10 дүрмийг баримталж, нэхэмжлэхээ үндэслээд байхад зөвхөн галын дүрийн зай барина гэж муйхарлан үндэслэж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэлийг огт ойлгоогүй байна гэж харж байна. Тэгвэл 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Отгонтуяа шинжээчийн дүгнэлтийн яг аль хэсэгт 2 цаг Ж.Нын гэрт тусаж байгааг хэлээд өгөөч гэхэд хариуцагч тал юу ч хэлээгүй байдаг. Энэ мэтчилэн шүүгч нар дүгнэлтийн аль хэсгээс яг хэдээс хэдэн цагийн хооронд 2 цаг нар тусаж байгааг хараад үндэслэсэн байгаа нь тодорхойгүй, ямар ч хууль зүйн үндэслэлгүй байгааг харж болно. Иймд 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0706 шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулснаас маргааны үйл баримтын эргэлзээ арилаагүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Ж.Наас “ХБГ-аас олгосон БА-253/2020 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар шийдвэрээр “...хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнаас барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчөөгүй, дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар магадлалаар ...уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шүүх хүчингүй болгосон тохиолдолд тухайн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авах үндэслэл болсон архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр үлдэхээр байна, ...хуулийн 106 дугаар зүйлд заасан аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах, ...маргаан бүхий барилгууд нь тууш, хөндлөн байрлалд хамаарах эсэх, шинээр баригдсан барилгын улмаас нэхэмжлэгчийн сууцанд нарны тусгал яаж нөлөөлж буй, нарны ээвэрлэлтийн үргэлжлэх цаг хугацаа нь холбогдох дүрэм журамд нийцэж буй эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр эргэлзээгүйгээр тогтоох, ...гуравдагч этгээдийн барьж буй барилга үйлчилгээний зориулалттай оффисын барилгын хувьд иргэд, хуулийн этгээдээс санал авсан эсэх, санал аваагүй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх эсэхийг тодруулах, ...орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан “... 20 метр байна” гэх зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

            3. Анхан шатны шүүхээс дээрх магадлалд заасан ажиллагааг хийхээр шинжээч томилж, магадлалд дурдсан “20 м-ийн зай”-н хэмжээний талаарх асуултын дагуу шинжээч дүгнэлт гаргаж ирүүлсэн боловч уг дүгнэлтэд тухайн норм дүрмийг баримтлахгүй талаар заасан, мөн дүгнэлтийг ирүүлснээс хойш шинжээчид тавьсан асуултад заасан зайн хэмжээ нь тухайн норм дүрэмд өөр заасан байгааг тодруулахаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх  /2023.05.16-ны өдрийн 4236 дугаар захирамж гаргасан/ нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж, "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/ дүрмийн 12 дугаар хүснэгтийг цуглуулсан (нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар) боловч шинжээчээр ажилласан Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн хэргийн 1-р хавтас 195-р хуудаст авагдсан  “Орон сууцны зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10” норм ба дүрмийн 45 дугаар талд /хэргийн 217 дугаар хуудасны ар талд/ 12 дугаар хүснэгтэд /... 20 м гэж/ зааснаас зөрүүтэй /... 32 м/ гэж заасан хуулбар хэрэгт авагдсан байна. 

            4. Мөн Шинжээчийн дүгнэлтэд “...нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг компьютер программ хангамжийн тусламжтайгаар тодорхойлно гэсэн заалтыг үндэслэн тооцов” гэсэн боловч нэхэмжлэгчийн сууцны барилгын нарны тусгалын зайн хэмжээ нь гуравдагч этгээдийн барилгаас шалтгаалж хэрхэн өөрчлөгдсөн, мөн сууцны өрөөний тоо, зориулалтаас хамаарч БНбД 23-04-07 тоот нормын шаардлагыг хангасан гэж үзсэн эсэх нь тодорхой харагдахгүй байх бөгөөд үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээр хэрхэн тооцсон нь тодорхойгүй, бодит байдлаас зөрүүтэй байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.

5. Гэтэл шүүх энэ эргэлзээг арилгаж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн барилга хооронд мөрдөх зайн хэмжээнд аль  норм дүрмийг мөрдөх, тухайн норм дүрэмд заасан зайн  хэмжээ зөрчигдсөн эсэх, уг зайн хэмжээнээс хамаарч нарны тусгалын хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн, холбогдох норм ба дүрэм зөрчигдсөн эсэхийг тодруулаагүй байх тул энэ талаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасны дагуу дахин шинжээч томилох, мөрдөгдөх стандарт, норм дүрмүүдийн нийтээр дагаж мөрдөхөд зөвшөөрөгдсөн хэлбэрээр гаргасан албан ёсны хувийг хэрэгт хавсаргаж, шинжилгээ хийлгэх шаардлагатай байхад шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10 болон 11 дэх хэсэгт “... шинжээчийн дүгнэлтээр нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй барилга хоорондын зайг баримтлахгүй гэсэн тул нэхэмжлэгчийн барилга хоорондын зай норм, дүрэм зөрчсөн гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй” гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

6. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10, Барилгын асуудал эрхэлсэн сайдын тухайн норм дүрмийг баталсан тушаалаараа Барилгын норм ба дүрмүүдийг бүртгэн авч, хэвлэн олшруулж, зураг төсөлд мөрдүүлэхийг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт үүрэг болгосон байх тул тухайн этгээдээс хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдэж, хэвлэгдсэн хувийг цуглуулж, шинжээчид тавих асуултыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийн оролцогчдын саналыг харгалзан, хэргийн үйл баримтад хамааруулж өөрөө тодорхойлж тавих шаардлагатай. 

7. Түүнчлэн маргаан үүссэн гол үндэслэл буюу нэхэмжлэгч нь гэр бүлийн хэрэгцээнд өмчилсөн газарт тухайн зориулалтаар амины орон сууц барьж амьдарч байхад зэргэлдээ /шинжээчийн дүгнэлтэд зааснаар 11м-8,3 м-ийн зайтай гэх/ үйлчилгээ, оффисын зориулалттай 16 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын холбогдох зөвшөөрөл олгогдож барилга баригдсантай холбоотой тухайн газар нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан, тухайн төлөвлөгөөнүүдэд өөрчлөлт оруулсан эсэх, өөрчлөлт оруулахдаа газрыг өөр өөр зориулалтаар ашиглаж, өөр зориулалттай барилга барихад орчны төлөвлөлттэй хэрхэн уялдуулсан, газар өмчлөгч иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулж барин амьдран сууж байгаа сууцны барилгыг өмчлөх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх болон гуравдагч этгээдийн үйлчилгээний барилгыг хэрхэн уялдуулсан талаарх нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд (гэр бүлийн хэрэгцээнд өмчилсөн газрыг худалдан авч, газрын зориулалтыг өөрчилж, үйлчилгээний барилга барьсан баримт хэрэгт авагдсан)-ийн хэн нь тухайн төлөвлөгөөнүүдэд тусгагдсан зориулалтын дагуу барилга барьсан, үүнтэй холбоотойгоор ямар хууль журам, Барилгын норм ба дүрмийг мөрдөж тухайн зөвшөөрлүүдийг олгосон, энэ нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна. 

8. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт хийлгүй хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Наас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

           ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

            ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ