Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Э-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г Б” ХХК-д холбогдох 

 

Голомт банкны Суваг удирдлагын газрын хувийн банкны хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Батмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганбат,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э- нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Г Б” ХХК-ийн Суваг удирдлагын газрын хувийн банкны хэлтэст менежер албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд орсон. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр туршилтын хугацаа дуусч үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талууд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус банкны дотоод аудитын газраас шалгалт оруулж, дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтээр Т.Э-г арга хэмжээний бүртгэлийг бодит бусаар хийн тайлан мэдээг буруу мэдээлсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3 /Мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан/ дэх заалт, Голомт банкны Засаглалын кодексын Ёс зүйн кодын "Харилцан итгэлцэлд үндэслэсэн харилцаа заалт болон Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул ажлаас халах санал гаргасан.

Улмаар дээрх дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар ажлаас халах тухай тушаалаар Т.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тус ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болох нь дараах нөхцөл байдлаас харагдаж байна. Үүнд:

1. Ажил олгогч ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Тус заалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан. Гэтэл Голомт банк дээрх хууль зүйн үндэслэлээс алиныг нь баримталсан нь тодорхойгүй.

2. Тус тушаалд мөнгө хариуцсан ажилтан нь банкны итгэлийн алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж дурджээ. Гэтэл менежер албан тушаалыг эрхэлж байсан Т.Э-гийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод мөнгө хариуцах ажил үүрэг байхгүй. Түүний ажлын зорилго, чиг үүрэг нь банкны ВИП сегментийн бодлого, бизнес төлөвлөгөөний дагуу зорилтыг биелүүлэх, банк харилцагч хоорондын харилцааг нягт, эргэх холбоотой байлгаж, харилцагчийн банкнаас авах мэдрэмж, сэтгэл санааг нэмэгдүүлэх байдлаар банкны үр ашгийг өсгөх, судалгаа хийх, санал боловсруулах ажил юм. Гэтэл ямар үндэслэлээр Т.Э-г мөнгө хариуцсан ажилтан болгож байгаа нь үндэслэлгүй байна.

3. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13/26 дугаар Дотоод аудитын газрын илтгэх хуудас нь ямар зөрчил илрүүлсэн, илэрсэн зөрчил нь анхан шатны баримттай эсэх, тэрхүү зөрчил нь Т.Э-д хамааралтай эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Т.Э-г ажлаас халах ямар нэгэн шалтаг гаргахын тулд дотоод аудитын газраас шалгалт хийлгэж, зөрчил илрүүлсэн мэт харагдаж байна.

Иймд Голомт банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Д.Сугарын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “Г Б” ХХК-ийн Суваг удирдлагын газрын Хувийн банкны хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Э- нь Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлд хамаарах 2 зөрчлийг гаргасан. Энэ нь Голомт банкны Дотоод аудитын газрын шалгалтаар батлагдсан. Голомт банкны Дотоод аудитын газрын шалгалт ээлжит хуваарьт шалгалт байсан бөгөөд хэн нэгэнд зөрчил илрүүлэхээр хийгдсэн шалгалт биш болно.

Иргэн Т.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Голомт банкны Хувийн банкны хэлтэст менежерээр ажилд орох хүсэлт гарган анкет бөглөж ажилд томилогдсон. Ажиллах хугацаандаа дараах зөрчил гаргасан байна.

-2018 оны 8 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд зохион байгуулагдсан "Монголын нууц товчоо" үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцсон харилцагчийн бүртгэлийг буруу хийж, давхцал үүсгэн, оролцоогүй харилцагчийг оролцсоноор, мөн тухайн өдрийн арга хэмжээнд оролцсон харилцагчийн тоог буруу бүртгэсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтан үнэнч шударгаар ажиллаж, байгууллагын эд хөрөнгийг зохистой, хэмнэлттэй зарцуулан гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлээгүй зөрчил байсан.

-"Монголын нууц товчоо" уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцагч болох Б.Эрдэнэбилэгтэй хувийн харилцаа, найз нөхдийн холбоотой болох, ашиг сонирхол нэгдмэл болохоо илэрхийлээгүй. Б.Эрдэнэбилэг нь "Соломон инвестмент" ББСБ-ын эдийн засагч бөгөөд Т.Э-тай найз нөхөд, хамтарч ажилладаг, тухайн ББСБ-аас зээл авсан, мөн харилцан санхүүгийн гүйлгээ хийж мөнгө шилжүүлдэг болохоо нууж ашиг сонирхлын хамааралтай болохоо илэрхийлээгүй. /Голомт банкны Засаглалын Кодексын Ёс зүйн код-1, 11- заалт/

-Т.Э- нь 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 4 өдрийн ажлын ирцээ менежер С.Даваажаваар, 1 өдрийн ирцийг захирал Г.Баттулгаар бүртгүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Голомт банкны Хөдөлмөрийн Дотоод журам, мэдээллийн зохистой хэрэглээний журам зөрчсөн.

Ийнхүү Т.Э- нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсан байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Т.Э-г “Г Б” ХХК-ийн Хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 109 072 төгрөгийг хариуцагч “Г Б” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Т.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.Э-гийн ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Голомт банк ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч “Г Б” ХХК-аас 144 695 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат давж заалдах гомдолдоо: анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ “...Голомт банк ХХК нь нэхэмжлэгч Т.Э-г Голомт банкны Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгч нь нийт 5 удаагийн үйлдлээр Хувийн банкны хэлтсийн захирал Г.Баттулгын системд нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан өмнөөс нь түүний ирцийг бүртгүүлсэн ба энэ нь Г.Баттулгын нэвтрэх нэр, нууц үгийг ашигласан атлаа Т.Э-гийн компьютерын IP хаягаар нэвтэрсэн байдлаар тогтоогдоно... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Г.Баттулгыг гэрчээр асуусан байх ба тэрээр бусад салбар тооцооны төв дээр ажиллах шаардлагатай үед алсын зайнаас нэвтрэх эрх (remote/рэмөүт) өгдөг, бид нар өөр газар арга хэмжээ зохион байгуулах үед зөөврийн компьютерээсээ рэмөүтээр ордог гэж мэдүүлжээ. Энэ нөхцөл байдлаас дүгнэвэл Т.Э-гийн 192.168.93.46 гэх IP хаягтай компьютер асаалттай үед тус компьютерээр дамжуулан Г.Баттулга нь өөрийн алсын зайны эрхээ ашиглан системд нэвтрэн бүртгүүлсэн байх боломжтой бөгөөд энэ тохиолдолд Г.Баттулгын рэмөүт ашиглан системд нэвтэрсэн IP хаяг нь Т.Э-гийн компьютерын IP хаягаар харагдана гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байхын зэрэгцээ түүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэж тодорхойлсон. Шүүх дээрх үндэслэлийг гаргахдаа нотлох баримтад тулгуурлах бус дан ганц гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл болгон хууль зүйн хувьд бодит дүгнэлт өгч чадаагүй. Учир нь хэргийн 46-51 дүгээр хуудсанд авагдсан Голомт банкны Зохистой хэрэглээний журмын 2.1.8-д “...банкны сүлжээнд бүх компьютерт рэмөүт болон шууд хандах эрх олгохгүй” гэж заасан. Ингэж заасан байхад гэрч Г.Баттулга нь алсын зайнаас яаж рэмөүт аван бүртгүүлсэн болох нь тодорхойгүй бөгөөд дээрх журам нь гэрч Г.Баттулгын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт юм. Мөн хэргийн 122 дугаар хуудсанд ажилчдын эзэмшдэг компьютерын IP хаягийг тодорхойлсон, хэргийн 121 дүгээр хуудсанд “Ирц бүртгэлийн баталгаажуулсан үр дүн”  гэх хүснэгтээс үзэхэд Т.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 23, 29, 31, мөн оны 02 дугаар сарын 02, 12, 15, 18, 21, 26-ны өдрүүдэд өөрийн компьютерт Г.Баттулгын эрхээр нэвтрэн өмнөөс нь ирц бүртгэлд бүртгүүлсэн, 2019 оны 3 дугаар сарын 29, 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд өөрийн цагийн бүртгэлийг С.Даваажаваар, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Г.Баттулгаар бүртгүүлсэн нь нотлогдоно. Дээр дурдсан Т.Э-гийн үйлдэл нь Голомт банкны Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтыг зөрчсөн, “Г Б” ХХК болон Т.Э- нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Н/19-079 тоот хөдөлмөрийн гэрээний 4.2-т “Ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулах болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэсэн ойлголтод дараах зөрчлүүдийг хамруулна. Үүнд:” гэрээний 4.1.12-т “ажилтан өөр ажилтны өмнөөс цагийн бүртгэлийг бүртгүүлэх, санаатай худал бүртгэх, бүртгүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн “Г Б” ХХК-ийн Дотоод аудитын газрын дүгнэлтээр Т.Э-г 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд зохион байгуулагдсан “Монголын нууц товчоо” үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцсон харилцагчийн бүртгэлийг буруу хийж, давхцал үүсгэн оролцоогүй харилцагчийг оролцсоноор, мөн тухайн өдрийн арга хэмжээнд оролцсон харилцагчийн тоог буруу бүртгэж, зардлыг бодит бусаар нэмэгдүүлсэн нь “Г Б” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3-т заасныг зөрчсөн, банкны итгэл алдсан үйлдэл юм. Т.Э- нь хувийн зээлийн үйл ажиллагаа авдаг банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Б.Эрдэнэбилэгтэй “Монголын нууц товчоо” уран зургийн арга хэмжээ зохион байгуулах гэрээ байгуулж, улмаар харилцагчтай хувийн санхүүгийн төлбөр тооцоо гүйцэтгэн, мөнгөн төлбөр хүлээн авсан нь “Г Б” ХХК-ийн Засаглалын кодексын ёс зүйн кодыг зөрчсөн гэж дүгнэсэн. Дээр дурдсан “Монголын нууц товчоо” уран зургийн арга хэмжээ зохион байгуулах гэрээний харилцагчтай холбоотой мэдээллийг баталгаажуулбал гэрээний нэг тал нь Б.Эрдэнэбилэг байх бөгөөд Т.Э-гийн дансны хуулгаас үзэхэд Б.Эрдэнэбилгэээс Т.Э-д мөнгө өгч байсан нь тогтоогдох бөгөөд хамаарал бүхий этгээдтэй сонирхлын зөрчлөө илэрхийлэлгүй гэрээ байгуулсан нь “Г Б” ХХК-ийн Засаглалын кодексын ёс зүйн кодын 1, 11 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл юм.  Дээрх дүгнэлт нь хэргийн 81-83 дугаар хуудсанд авагдсан “Арга хэмжээ зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээ”, хэргийн 140-144 дүгээр хуудсанд авагдсан Т.Э-гийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Дээрх зөрчлүүд нь “Г Б” ХХК болон Т.Э- нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4.2-т заасан ноцтой зөрчил, “Г Б” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.5-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил, “Г Б” ХХК-ийн Засаглалын кодексын ёс зүйн кодын 1, 11 дэх заалтыг тус тус зөрчсөн зөрчлүүд бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж зааснаар Т.Э-г ажлаас нь халсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлыг үл харгалзан нотлох баримтуудад тулгуурлах бус зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн шийдвэр гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01914 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс “Г Б” ХХК-ийн Суваг удирдлагын газрын хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан, мөн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулан ажиллаж байгаад хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/300 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тасалбар болгож, ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаал, зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /хх 4, 8-12/

Тус банкны дотоод аудитын газраас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Суваг удирдлагын газрын 2017, 2018 оны үйл ажиллагаанд шалгалт явуулж, гаргасан дүгнэлтдээ “...Уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцсон харилцагчийн бүртгэлийг 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын хугацаанд хэлтсийн менежер Г.Ганчимэг, 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сарын хугацаанд хэлтсийн захирал Г.Баттулга, 2018 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд тус хэлтсийн менежер Т.Э- нар хөтөлжээ.

...“Монголын нууц товчоо” уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцагчтай холбоотой мэдээллийг баталгаажуулахад Б.Эрдэнэбилэг нь “Соломон инвестмент ББСБ” ХХК-ийн ажилтан болох нь цалингийн гүйлгээгээр нотлогдож байна. Тус банк бус санхүүгийн байгууллагаас хэлтсийн захирал Г.Баттулга 6 удаа нийт 38.2 сая төгрөг, менежер Т.Э- нь 1 удаа 238 300 төгрөгийн зээлийг тус тус авсан байна.

...Уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулагч Б.Эрдэнэбилэг болон хэлтсийн захирал Г.Баттулга нарын хувийн данс хооронд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 1.7 сая төгрөгийн гүйлгээ, хэлтсийн менежер Т.Э- нарын данс хооронд 4 удаа нийт 4.4 сая төгрөгийн санхүүгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн менежер Т.Э-гийн дансанд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20 000 000 төгрөгийн орлого “Эрдэнэбилэгээс” гэсэн утгатай шилжин орсныг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бэлэн зарлагын гүйлгээгээр авсан байна. 

 

...Хувийн банкны хэлтсийн захирал Г.Баттулгын тайлбарт ...Б.Эрдэнэбилэг нь уран зургийн борлуулалт хийдэг бөгөөд уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулж уух зүйлс, хоол зэргийг бэлтгэдэг. Б.Эрдэнэбилэг нь надтай Т.Э-г танилцуулж байсан ба миний зүгээс ажилд авах санал тавьсаны дагуу хэлтсийн менежерээр ажилд авсан. ...гэсэн талаар тусгажээ. /хх 41-43/

Нэхэмжлэгч Т.Э- нь тус хэлтсийн менежерээр ажиллах хугацаандаа 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд зохион байгуулагдсан “Монголын нууц товчоо” уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцсон харилцагчийн бүртгэлийг буруу хийж, бүртгэл тайланг буруу мэдээлж зардлыг бодит бусаар нэмэгдүүлсэн нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтан үнэн ч шударгаар ажилллаж, байгууллагын эд хөрөнгийг зохистой, хэмнэлттэй зарцуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнчлэн дээрх үзэсгэлэн зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцагч болох “Соломон инвестмент ББСБ” ХХК-ийн эдийн засагч Б.Эрдэнэбилэгтэй найз нөхдийн холбоо хамааралтай болон тус ББСБ-аас зээл авсан, харилцан санхүүгийн төлбөр тооцоо гүйцэтгэн мөнгөн төлбөр хүлээн авсан зэрэг ашиг сонирхол нэгдмэл болохоо илэрхийлээгүй зөрчил гаргасан болох нь тус банкны дотоод аудитын газрын дүгнэлт, арга хэмжээ зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээ, Б.Эрдэнэбилэгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Т.Э-гийн “Г Б” ХХК-ийн дансны хуулга /хх 40-45,81-85, 89-91/ зэргээр нотлогдсон байх ба түүнийг ажил олгогч “Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаартай тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3, Засаглалын кодексын Ёс зүйн кодын “1.Харилцах итгэлцэлд үндэслэсэн харилцаа” заалт болон “Зохистой хэрэглээний журам”-ын 2.2 дахь заалтыг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр тус банкны Суваг удирдлагын газрын хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Тус банкны дотоод аудитын газар нь хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт явуулж, холбогдох мэдээлэл гаргуулсаныг хувь хүний нууц, харилцагчийн эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж буруутгах боломжгүйн зэрэгцээ анхан шатны шүүх түүний гаргасан дээрх зөрчлийг нотлогдоогүй гэж дүгнэн, менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтад нийцээгүй байна.

Харин хувийн банкны хэлтсийн захирал Г.Баттулга, менежер С.Даваажав нарын системд нэвтрэх нэр, нууц үгийг шилжүүлэн авч ирцийн бүртгэлийг өмнөөс нь хийж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хожимдож ажил тасалсан гэх зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “Г Б” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Т.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Г Б” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 168 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН