Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Улсын яллагч                                 Д.Уранчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Ч.Мөнгөнцэцэг

                         Шүүгдэгч                                         Г.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Баттулгад холбогдох 1732000280020 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжийнхангайн №2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:97012414/ Банзай овогт Ганбаатарын Баттулга.

 

Г.Баттулга нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүнхараа Политехникийн коллежийн орчим Г.Жигжиддоржийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баттулга мэдүүлэхдээ: ... мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар хангалттай сайн мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй. Харин надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Г.Жигжиддоржийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн орой би ганцаараа шоун дээр ирсэн тэгээд гэр лүүгээ явах гэж байтал манай найз охин Ганцэцэг болон тэдний найз нартай таарсан тэгээд бид нар жоохон юм ярьж сууя гээд коллежийн хашаа руу орж саравчинд суусан хашааны гадаа Саранхүү, Мөнхзаяа нар утсаар яриад үлдсэн. Би морио хашаанд уячихаад ташуураа аваад хашаа руу орсон тэгсэн Саранхүү, Мөнхзаяа нар араас ирээд хөөе чиний морийг хүн аваад явчихлаа гэхээр нь би араас нь Цант орхоны тийшээ гүйтэл нэг морьтой хүн Шарын голын гудамж руу орж байхаар нь араас нь гүйтэл миний морийг орхичихоод яваад өгсөн тэгэхээр нь морио аваад ташуураа хайгаад олоогүй тэгсэн нэг нь чи ташуураа саравчинд орхисон шүү дээ гэхээр нь би өө тийм байна гээд коллежийн саравчинд очиж ташуураа авчихаад буцаад гарах гэтэл хашааны хаалгыг цоожилсон байсан тэгэхээр нь би даваад гарсан чинь араас нэг хүн гэрэл тусгаад над руу хулгай хийж байна гэж бодсон юм шиг байна лээ тэгээд би жижүүр ахтай маргалдаад байж байсан чинь Г.Баттулга нилээн хэдэн морьтой хүнтэй ирснээ шууд миний хоолойг сулбуураар ороож байгаад чирээд давхисан тэгээд би яг ухаан алдах гээд хөөе болиочээ гээд өөрийнхөө ташуураар Г.Баттулгыг цохисон санагдаж байна тэгээд ухаан алдаад унасан нэг сэрсэн чинь миний духнаас цус гарсан газар хэвтэж байсан тэгээд цагдаа ирчихсэн байсан намайг эмнэлэг рүү авч явсан.... Би мэдэхгүй гэнэт л намайг ямар том дуутай болчихсон юм гээд хүзүүг мориныхоо жолоогоор ороогоод толгой руу ташуурдаад байсан Намайг Г.Баттулга ташуурдсан тэгэхэд л миний духнаас цус гоожоод байсан удаа ч үгүй би ухаан алдаад унасан шон мөргөсөн эсэхийг би мэдээгүй.... Миний дух язраад 10 гаруй оёдол тавиулсан үүнээс болж Улаанбаатар хотын Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гарсан эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р хуудас/

                  Гэрч Н.Ганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Баттулга Жийгээ рүү хараад “чи ямар том дуутай болсон” гээд тийшээ явья гээд 3 дугаар багийн байр луу морьтой явж байхдаа Жийгээгийн мөрөн дээр нь гараа тавих шиг болсноо морины жолоогоор хүзүүг нь ороогоод цаашаа морин дээр нь чирээд толгой руу нь ташуураар цохиод давхиад байсан.Тэгээд зам гараад Жийгээ хэсэг зуур ухаан алдаад морин дээр явж байгаад гэрлийн шон мөргөөд морьноосоо унасан. Мориндоо чирэгдээд мөргөсөн шонгоосоо хашааны булан хүртэл чирэгдсэн. Тэгээд морь алдуураад явсан чинь Баттулга морийг бариад цуг явж байсан хүүхдэд өгөөд өөрөө цаашаа зугтаасан. Баттулга ганцаараа хэрүүл өдөж ганцаараа зодож цохьсон. Тэд нар нь хараад зогсоод байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/.... Г.Баттулга мориныхоо жолоогоор хүзүүг нь ороогоод морьтой нь дагуулаад явсан тэгээд ташуураараа толгой руу цохиж байснаа мориныхоо жолоогоор татаж явсаар байгаад Г.Жигжиддоржийн толгойг гэрлийн шонг мөргүүлсэн тэгсэн Г.Жигжиддорж ухаан алдаад унасан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/

                  Гэрч Б.Жаргалзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Тэр хоёрыг араас нь харахад Баттулга Жийгээг ташуураар цохиод морийг нь хажуу тийш нь татаж чангаагаад байсан.Тэр хоёрыг араас нь харж байхад Баттулга Жийгээг морин дээрээс нь гэрлийн шон мөргүүлээд Жийгээ унасан морь нь шонгийн хажууд зогсож байсан. Тэгээд Ганцэцэг түрүүлж гүйгээд Болортуяа бид 2 араас нь гүйгээд очиход Жийгээгийн толгойноос цус гарч байсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн Жийгээг эмнэлэг рүү аваачиж өгсөн.... Баттулга ганцаараа хэрүүл өдөж ганцаараа зодож цохьсон. Тэд нар нь хоорондоо инээлдээд хараад зогсоод байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р хуудас/, Ганцэцэг, Болортуяа бид 3 коллежийн баруун талын уулзвар дээр зогсож байсан тэгсэн Г.Баттулга Г.Жигжиддоржийг дагуулж яваад ташуураараар толгой руу цохиод гэрлийн шонг мөргүүлээд унагаасан энэ үйл явдал Ганцэцэг Болортуяа бид 3-с 10 гаруй алхаад цаана л болсон юм тухайн үед замын хажууд гэрэлтэй байсан болохоор тодорхой харагдаж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/

           Гэрч Ц.Болортуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Г.Баттулга гэх залуу Г.Жигжиддоржтой маргалдаад морьтойгоо тэр 2 ноцолдоод явсан тэгээд Г.Баттулга гэх залуу Г.Жигжиддоржийг ташуураар цохиод байсан тэгж явсаар байгаад Г.Баттулгыг гэрлийн шон мөргүүлсэн. Г.Баттулга гэх залуу тэр чигээрээ цаашаа яваад өгсөн.... Г.Баттулга ташуураараа цохисоор байгаад шон мөргүүлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-р хуудас/

                  2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №155 дугаартай  дүгнэлтэнд:

                  1. Жигжиддоржийн биед тархи доргилт, дух, уруулын дотор хэсэгт шарх, баруун шанаа, баруун хацрын дээд хэсэг, баруун чих хэсгийг хамарсан, хүзүү, баруун далны дээд хэсэг, баруун ташаа, баруун хөлийн өвдгөнд зулгаралт, хуйх, дух, баруун шанаа, хацар хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /ХХ-ийн 36-р хуудас/

               Анхны үзлэгийн тодорхойлолт /ХХ-ийн 38-р хуудас/

                  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 40 дүгээр хуудас/, Шүүгдэгч Г.Баттулгын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /51 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Баттулга нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүнхараа Политехникийн коллежийн орчим Г.Жигжиддоржийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Г.Жигжиддоржийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р хуудас/, Гэрч Н.Ганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, /ХХ-ийн 15-р хуудас/, Гэрч Б.Жаргалзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р хуудас/, /ХХ-ийн 18-р хуудас/, Гэрч Ц.Болортуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-р хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №155 дугаартай  дүгнэлт /ХХ-ийн 36-р хуудас/, Анхны үзлэгийн тодорхойлолт /ХХ-ийн 38-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Баттулыг хохирогч Г.Жигжидоржийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Баттулга нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүнхараа Политехникийн коллежийн орчим Г.Жигжиддоржийг зодож, түүний биед нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Баттулга нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Банзай овогт Ганбаатарын Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Баттулыг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Баттулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.