Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 0092

 

Б.Б, Б.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг
ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
 Прокурор Т.Г
 Шүүгдэгч Б.Б, Б.М
 Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
 Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Б, Б.М нарт холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М, Б.Б
нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
 У овогт Б-н М,
Х овогт Б-н Б,
 2018 оны 02 сарын 06-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багт
орших “Чка” баранд Б.Б, Б.М, Г, О.Б нар архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад 23 цагийн үед баарнаас гарч Вансэмбэрүү дэлгүүрийн зүүн талын нарийн гудамжаар явж байхдаа Б.Б, Б.М нар нь гудамжны аман дээр машиныхаа дэргэд тамхи татаад зогсож байсан З.О-г барьж авч цохиж зодон биед нь тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн доод зовхи, доод уруулд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан ба мөн уг гудамжаар явж байсан Л.Б-н хэвлий, нүүр хэсэгт нь, Ё.Г-н зүүн нүд рүү цохисон гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х овгийн Б-н Б, У овгийн Б-н М нарыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.М нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 02 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 02 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Б.М нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 50 /тавь /хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.М нарыг цагдан хорьж, Энэ хэрэгт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч З.О-н 890,000 төгрөгний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж хэлэлцэхгүй орхиж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо:

Б овогтой Б миний бие 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой 23-н цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багт оршин суух “Чка” бааранд гуван найзын хамт сууж байгаад гарсан. Тухай үед хажуу талын нарийн гудам руу М, Г хоёр урд, Б бид хоёр хойноос нь явж байтал Г буцаж ирээд М хүнтэй маргалдаад байна гэхээр нь би очиж салгах гээд явж байтал тэр хүн миний найзтай зууралдсан байж байсан. Би явж очтол тэр хүн манай найз М-г цохих шиг болохоор нь би найзыгаа хамгаалж түүнийг цохитол хажуу талын гудамжнаас гурван хүн гарч ирээд болиоч яагаад хүн амьтан зодоод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид нар явах гэтэл би хальтарч унаад босох гэтэл хохирогч болох О намайг барьж аван гудамжнаас гарч ирсэн хүмүүсийн хамт цагдаа дуудан барьж өгсөн. Тухайн үед ийм явдал болсон боловч гудамжнаас гарч ирсэн гурван хүний хоёр нь болох Г, Б хоёр бид хоёрыг ямар ч шалтгаангүйгээр цохисон гэж мэдүүлэг өгсөн. Тухайн үед Б нь өгсөн мэдүүлэгтээ 20 гаруй насны гурван залуу гарч ирээд урьд нь явж байсан улаан куртик, хар саравчтай малгайтай залуу нь Г-н нүүр лүү цохиод мөн миний нүүрлүү цохичоод нарийн гудамж руу явсан гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл тухайн үед би шар куртиктэй явж байсан болно. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанаар намайг ямар ч шалтгаангүйгээр Г, Б хоёрыг цохиж нүдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэтэл хохирогч болох О нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Дөрвөн залуугийн хоёр нь намайг цохисон, хүмүүс гарч ирээд болиоч гэхлээр нь явах гэж завдтал шар туртиктэй залуу нь хальтарч унахаар нь би барьж аваад цагдаад барьж өгсөн. Мөн энэ шар куртиктэй залуу нь цааш үргэжлүүлэн хүн цохиж нүдсэн байх боломжгүй гэж мэдүүлсэн. Иймд энэ хэргийг минь аль болох хөнгөнөөр болон гудамж, талбайд ямар ч шалтгаангүйгээр хүн цохисон гэсэн зүйлчлэлийг минь өөрчилж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Б.Б миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгч болон өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна байна гэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: Б-н М миний бие Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 345 тоот тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байна. Миний бие анх удаа гэм хэрэг үйлдсэн, хохирогч нар маань гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасныг харгалзан надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүч байна. Гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Г дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд Шүүгдэгч Б.Б, Б.М нар нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Вансэмбэрүү дэлгүүрийн зүүн талын нарийн гудамжинд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж гудамжинд машиныхаа дэргэд тамхи татаад зогсож байсан иргэн З.О-г хүч хэрэглэн зодож түүний биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн доод зовхи, доод уруулын зөөлөн эдэд цус хуралт зэрэг хөнгөн зэргийн хохирол учруулсан, мөн уг гудамжинд явж байсан , Л.Б-н нүүр, элэг рүү, хохирогч Ё.Г-н зүүн нүд рүү цохих зэргээр бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг нь алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотбаримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулжээ. Харин шүүгдэгч Б.М нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдбайхад хохирогч З.О-т учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Л.Б, Ё.Г нар нэхэмжлэхгүй зүйл, гомдол саналгүй гэсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг нь харгалзан Б.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нь хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгч нарыг гэм буруут тооцохдоо олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж ерөнхийлж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 3дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүгдэгч Х овгийн Б-н Б, У овгийн Б-н М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж өөрчлөн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1.д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3.т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай гэж 4 дахь заалтын ...Б.Б, Б.М нарын гэснийг ...Б.Б-н гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.М-т шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

3. Шүүгдэгч Б.М-н давж заалдах гомдлыг хүлээн авч шүүгдэгч Б.Б-н гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА