| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03059/И |
| Дугаар | 181/ШШ2024/02289 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/02289
2024 06 07 181/ШШ2024/02289
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, Денверийн гудамж, * байранд оршин байх, С хэлтэс /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, * тоотод оршин суух Б овогт Л.Х /РД:*/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэгт 780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Л.Хд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №3/10 тоот гэрээ байгуулан олгосон.
Гэрээний дагуу Л.Х-тай утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Л.Х нь 780,000 (долоон зуун наян мянга) төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.
Л.Х-тай байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан Маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан 780,000 (долоон зуун наян мянга) төгрөгийн хохирлыг хариуцагч Л.Х-с гаргуулан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банк дахь * тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Л.Х /*/ нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 780,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч байна.
Иймээс миний энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С хэлтэс нь хариуцагч Л.Хд холбогдуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэгт 780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Х нэхэмжлэгч С хэлтсийн нэхэмжилсэн 780,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Л.Х-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Л.Х нь нэхэмжлэгч С хэлтсийн нэхэмжилсэн 780,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Л.Х-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,270 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ