Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2024/0116

 

 

 

 

 

 

 

     2024          02           05                                     128/ШШ2024/0116

 

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд, нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“Ш” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл,/ РД:******/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч:З.А

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Э.А, С.О;

Хариуцагч:Өргөө амаржих газрын Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

Хариуцагч:Б.О, Г.О нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Булгантамир нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Хоёр.Хэргийн үйл баримтын тухай:

2.1.Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зарласан ӨАГТМЭ/*********дугаартай “Хоол хүнс:хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний хоолоор үйлчилгээ авах” тендер шалгаруулалт”-ыг зарлажээ.

2.2.Тус тендерт нийт гурван хуулийн этгээд оролцсон бөгөөд эмнэлгийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн */** дугаар тушаалаар тус тендер шалгаруулалтын үнэлгээний хороо байгуулагдсан, үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д  заасан “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана” гэх, мөн зүйлийн 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэх заалтын дагуу тус компанийг шалгараагүй  тухай мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай  албан бичгээр хүргүүлсэн байна.

2.3.Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн “... Тендер шалгаруулалтад шалгараагүй” гэх захиалагчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс энэхүү хэргийг хянан шийдвэрлэж байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, хууль зүйн үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч “Ш” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /цаашид “Ш ЗБН” гэх/  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т ... Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "Хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ" гэж, мөн Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-ын 3.1-т "... Үнэлгээний хорооны нарийн бичиг захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон, тендерээс татгалзсан болон тендер шалгараагүй тухай мэдэгдлийг шийдвэр гарсан өдөрт багтаан тендерт оролцогчдод хуульд нийцүүлэн нэгэн зэрэг хүргүүлэх" гэж тус тус заасан байна. Гэтэл дээрх *** дугаартай мэдэгдэл нь хуульд заасан хугацаандаа гараагүй, тэр ч байтугай 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөө ч гараагүй хуульд заасан хугацааг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн.

Учир нь бид Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр албан бичиг хүргүүлж мэдэгдсэний дагуу буюу манай байгууллагаас албан бичиг хүргүүлсний маргааш нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагт төрийн худалдан авах ажиллагааны "tender.gov.mn цахим системд "хасагдсан" гэсэн мэдэгдэл гаргасан.

Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3.2.7-д "... Үнэлгээний хороо хуулийн 29.1-д заасан мэдэгдэл хүргүүлсэн өдөрт багтаан цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг үнэн зөв, бүрэн нийтэлж, захиалагчийн шийдвэрийн хуулбар, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн нууцлаагүй хэсгийг Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тушаалаар батлагдсан "Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам"-ын дагуу ил болгох", 3.15-т "... Захиалагч тендер шалгаруулалтын үр дүн, захиалагчийн шийдвэрийг энэ журмын 3.14-т зааснаар тендерт оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдсэн өдрөөс эхлэн хуулийн 29.2-т заасан гэрээ байгуулах хугацааг тоолно" гэж заасны дагуу цахим системд нийтэлсэн өдрөөр мэдэгдлийг гаргасанд тооцох тул уг мэдэгдэл 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гараагүй гэдгийг нотолж байгаа болно.

Иймд бид "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу уг тендер шалгаруулалттай холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сангийн яаманд хуулийн хугацаандаа гомдол гаргасан. Сангийн яам мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.4, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-ын 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. Уг журмын 4.6-д зааснаар захиалагч түр түдгэлзүүлэх шийдвэрийг мэдсэн даруйд тендер шалгаруулалтын баримт бичгийг 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй. Гэтэл гомдол хянан шийдвэрлэх 14 хоногийн хугацааны дотор холбогдох баримт бичиг, мэдээллийг Сангийн яаманд мөн хүргүүлээгүй тул гомдол хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дуусгавар болсон. Мөн Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь тендер шалгаруулалтыг Сангийн яамнаас түр түдгэлзүүлсэн хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тендерийг дахин зарласан. Сангийн яам танай гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дуусгавар болсон тул шүүхэд гомдол гаргах нь зүйтэй байна гэсэн хариуг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн **/**** дугаар албан бичгээр мэдэгдсэн. Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-ын 3.10-т "... Захиалагч хуульд зааснаар тендер шалгаруулалттай холбоотой гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага, шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ба үнэлгээний хороо шийдвэрийг биелүүлсэн байдалд хяналт тавина" гэсэн заалтыг зөрчиж баримт материалыг Сангийн яаманд хүргүүлээгүй.

Бид мөн "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичиг, материалтай танилцах хүсэлт гаргасан боловч танилцаж чадаагүй байна. Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 8.1-т ".. Захиалагч байгууллага нь цахим худалдан авах ажиллагааг энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна", 10.3-т “... Журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ", Сангийн сайдын 2021 оны 6 сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-ын 3.2-т “Үнэлгээний хороонд томилогдсон гишүүн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх ба худалдан авах ажиллагаанд холбогдох хууль, журам, аргачлал, зааврыг дагаж мөрдөнө" гэж, Сангийн сайдын 2012 оны 9 сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерийн үнэлгээний заавар"-т "... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь хуулийн 6 дугаар зүйлд заасан "... ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх..." үндсэн зарчмуудад тулгуурлан, дээрх хуульд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, заавар, аргачлалын дагуу зохион байгуулагдана" гэж тус тус заасан нь худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулсан байна. Иймд хууль тогтоомж, журам зөрчиж, зоргоороо төрийн ажлыг явуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тендерийг хянан үзэх, үнэлгээ хийх ажиллагааг үндэслэлгүй хийсэн цаашлаад ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гэж үзэж байна. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэгчийг хуулийн дагуу зөв зохион байгуулж, гүйцэтгүүлэх нь улсын хөгжилд нөлөөлөх зүйл юм. Гэтэл ийм байдлаар хууль тогтоомж, журам зөрчиж, хариуцлагагүй байдал болон хувийн ашиг сонирхлын зорилгоор тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин дахин тендер зарлаж, хугацаа алдуулж, хөрөнгө оруулалтын ажлуудыг удаашруулж байна.

Иймд Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зарласан ӨАГТМЭ/*********дугаартай "Хоол хүнс хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний хоолоор үйлчлэх үйлчилгээ авах" тендер шалгаруулалттай холбогдуулан уг тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа хууль тогтоомж, журмыг зөрчсөн, хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй, тендер шалгаруулалтыг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэж үзэж байгаа тул Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “...Нарийн бичиг, захиалагч нар хариуцлага алдсан нөхцөл байдлуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Нарийн бичиг нь, эсхүл захиалагч байна уу хамаагүй тухайн байгууллага гэдэг утгаар хариуцагч учраас хариуцлага алдсан нөхцөл байдлуудыг нотлогдож байгаа гэж үзэж байна. Мөн С.О-ийн гэрчилгээний хүчинтэй байдал байна. 2021 оноос 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл гэрчилгээгүй байсан. Дараа нь тендерийн баримт бичиг хэлэлцсэн хурлаар гарсан байгаа хүчинтэй гэж үзээд байна. Гэтэл томилогдсон үе нь байхгүй байсан гэдэг нь нотлогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Эмнэлгийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн */**дугаар тушаалаар Хоол хүнс ханган нийлүүлэх тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Үнэлгээний хорооны эхний хурлыг хийж нийт төсөвт өртөг, тушаал, бүрэлдэхүүн, дагуу зарлахаар тендерийн баримт бичгийг боловсруулах талаар хуралдаж саналыг нэгтгэн дараагийн хурлаар баримт бичгээ авч хэлэлцэхээр хурлыг өндөрлөсөн. 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдөр боловсруулсан тендерийн баримт бичгийг танилцуулан саналыг авч эцэслэн захиалагчаар батлуулан 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр tender.gov.mn сайтад зарлаж 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 30 мин нээсэн. Үнэлгээг хийхэд:

Тендерийн оролцогчийн

 

Нэр

 

Ирүүлсэн үнийн санал

 

Үнийн хөнгөлөлт

 

Санал болгосон үнэ

 

1

ИХХК

 

719,000,000.00

-

719,000,000.00

2

Ш ЗБН

 

765,491,000.00

-

765,491,000.00

3

Э ХХК

 

780,000,000.00

10%

702,000,000.00

Саналыг ирүүлсэн:

“Ш” ЗБН-ийн материалуудыг нь хянан үзэхэд:

Эмчилгээний хоолны тогоочоор төгссөн нотлох баримт бичиг ирүүлээгүй.

Эмчилгээний хоол зүйч Т.С нь 1 сар ажиллаж байгаа нь сүүлийн 6 сар тухайн байгууллагад ажилласан байх шаардлага хангахгүй.

Эмчилгээний хоол зүйчээр Т.С 2023 оны 5 сард төгссөн. Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш ажилласан туршлага хангахгүй.

Ажилчдын сүүлийн 6 сарын НД 7, 8 маягтыг ирүүлээгүй (5 сараар ирүүлсэн)

Технологийн картыг Жирэмсэн, Төрсний дараах, Хоол боловсруулах тогтолцооны үе, Дотоод шүүрэл-солилцооны өвчний үеийн, Мэс заслын үеийн эмчилгээний үед тохируулан технологийн карт боловсруулж ирүүлээгүй.

Энгийн болон эмчилгээний хоолны технологийн карт дутуу ирүүлсэн зэрэг тавигдах шаардлагуудыг хангахгүй байна. Оролцсон 3 оролцогчдын ирүүлсэн тендерийн баримт бичигт үнэлгээ хийж, хянаж үзэхэд Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 2023 оны хэвтэн эмчлүүлэгчдийн Хоол хүнс ханган нийлүүлэхэд тэнцэх байгууллага байхгүй бөгөөд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 30.1.1 заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналаар дүгнэлтээ гарган тендерийг дахин зарлах зөвлөмжийг Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлагад хүргүүлсэн.

Хэвтэн эмчлүүлэгчид эмчилгээний хоолоор үйлчлэх үйлчилгээ авах тендерт 3 оролцогч оролцсон.

Шаардлагад нийцэх нэг ч тендер ирээгүй учир бүх тендерээс татгалзсан. Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг 2023 оны 08 дугаар сарын 2***/**** тоот албан бичиг цахимаар ирээгүй ба шуудангаар 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 16.40 цагт ирсэн байна. Одоогоор Хэвтэн эмчлүүлэгчид эмчилгээний хоолоор үйлчлэх үйлчилгээ авах тендер өөрчлөх хүсэлт гаргасан төлөвтэйгөөр зогсоосон байгаа гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн үндэслэлийг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талаас танай ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд, хөндөгдөөд байгаа юм. Одоо хүртэл хоол үйлдвэрлэлийн мөнгөө аваад явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна”  гэв.

                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “тендер шалгаруулалтын” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “Ш ЗБН” нь Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /цаашид “Өргөө амаржих газар” гэх/-ээс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зарласан “ӨАГТМЭ/*********дугаартай “Хоол хүнс:Хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний хоолоор үйлчлэх үйлчилгээ авах тендер /цаашид “Тендер” гэх/ шалгаруулалтад оролцсон;

            2.2.Өргөө амаржих газрын захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн */**дугаар тушаалаар “ӨАГТМЭ/*********дугаартай “Хоол хүнс:Хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний хоолоор үйлчлэх үйлчилгээ авах тендер /цаашид “Тендер” гэх/ шалгаруулах Үнэлгээний хороо /цаашид “Үнэлгээний хороо” гэх/-г 5 хүнтэй байгуулсан; /ХХ-н 71-72 дахь тал/

            2.3.Уг тендер шалгаруулалтанд “Ш” ЗБН, “И” ХХК, “Э” ХХК нарын 3 хуулийн этгээд оролцсон;

            2.4.Үнэлгээний хорооны  2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны   03 дугаар тэмдэглэлээр Тендерт оролцогчдоос ирүүлсэн Тендерт үнэлгээ хийгээд, Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “... тендерт тэнцэх байгууллага байхгүй” гэж дүгнээд, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн; /ХХ-н 100-102 дахь тал/

            2.5.Үнэлгээний хорооны уг шийдвэрийг үндэслээд Өргөө амаржих газрын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай албан бичгээр “Ш” ЗБН-д, 447 дугаартай албан бичгээр “Итгэлт анд” ХХК-д, 449 дугаартай албан бичгээр “Э” ХХК-д тус тус хандан ”шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй талаар, эдгээр компаниудыг тендерт шалгаруулаагүй болохоо тус тус мэдэгдсэн; /ХХ-ийн ***-105 дахь тал/

            2.6.Уг тендерт шалгарсан этгээд байхгүй тул одоогоор нэхэмжлэгч “Ш” ЗБН үйлчилгээг үзүүлж байгаа;

2.7.Үнэлгээний хороо нь “Ш” ЗБН-ийг:

-Эмчилгээний хоолны тогоочоор төгссөн нотлох баримт бичиг ирүүлээгүй.

            -Тендерийн баримт бичигт шаардсан эмчилгээний хоол зүйч тухайн байгууллагад 6 сараас доош ажилласан байх шаардлагад нийцээгүй буюу эмчилгээний хоол зүйч нь 2023 оны 05 сард сургууль төгссөн, тухайн байгууллагад 1 сар ажиллаж байгаа;

            -Технологийн картыг жирэмсэн, төрсний дараахь, хоол боловсруулах тогтолцооны үе, дотоод шүүрэл-солилцооны өвчний үеийн, мэс заслын үеийн эмчилгээний үед тохируулан эмчилгээний карт боловсруулж ирээгүй;

            -Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлангийн 7, 8 маягтыг сүүлийн 6 сараар ирүүлэх шаардлага тогтоосон байхад дутуу буюу 5 сараар ирүүлсэн;

            -Энгийн болон эмчилгээний карт дутуу ирүүлсэн гэх үндэслэлүүдээр шаардлага хангаагүй тендер гэж дүгнэсэн байна. /ХХ-ийн 100-102 дахь тал/

            2.8.Нэхэмжлэгч “Ш” ЗНБ нь Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлээр “Ш” ЗБН-ийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн болон дахин тендер шалгаруулалт явуулахаар  гаргасан шийдвэрүүдэд маргаагүй, ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

            2.9.Ийнхүү Өргөө амаржих газрын Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлээр “Ш” ЗБН-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй гэж дүгнэсэн дүгнэлт, дахин тендер явуулахаар шийдвэрлэсэн шийдвэрүүдтэй нэхэмжлэгч маргаагүй,  энэ талаар тайлбар гаргахгүй, нотлох баримтыг шүүхэд судлуулахгүй, хэлэлцүүлэхгүй гэсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийхгүй, ийх эрх хэмжээгүй.

            2.10.Харин нэхэмжлэгч “Ш” ЗНБ нь Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлээр шийдвэрлэсэн дээрх  шийдвэрүүдэд маргаагүй нь уг шийдвэрийг зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үр дагавартай болно.

2.11.Харин нэхэмжлэгчийн маргаж буй:

-Өргөө амаржих газар нь "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-ын 3.1-т заасныг зөрчиж тендерээс татгалзсан *** дугаартай мэдэгдлээ хуульд заасан хугацааг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн гэж, 

-Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь тендер шалгаруулалтыг Сангийн яамнаас түр түдгэлзүүлсэн хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тендерийг дахин зарласан гэж,

 -"Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-ын 3.10-т заасныг зөрчиж баримт материалыг Сангийн яаманд хүргүүлээгүй.

-тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа хууль тогтоомж, журмыг зөрчсөн, хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй, тендер шалгаруулалтыг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэсэнд шүүх дүгнэлт өгөх ёстой.

2.12.Иймд Өргөө амаржих газрын Тендерийн Үнэлгээний хороо нь 5 гишүүнтэй байгуулагдсан боловч 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр, 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар, 07 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэлүүдэд М.Д, Ц.Г нар гарын үсгээ зураагүй байна. /ХХ-н 95-102 дахь тал/

2.13.Энэ хуралдааны тэмдэглэлд гарын үсгээ гишүүд нь зураагүй гэх үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О няцааж Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хариуцлагагүй ажиллагаа гэж тайлбарласан болно.

2.14.Өргөө амаржих газрын захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн */**дугаар тушаалаар Үнэлгээний хороог байгуулж, Г.О-ийг уг Үнэлгээний хорооны даргаар томилох үед түүний өмнөх гэрчилгээний хугацаа дуусч, тэрээр уг ажиллагаанд оролцох эрх олгосон гэрчилгээг Ш-р аваагүй байсан  болох нь тогтоогдлоо.

2.15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ээс энэ үйл баримтыг няцааж “миний гэрчилгээний хугацаа дууссан байсан тул би дахин сургалтанд хамрагдсан байсан, гэрчилгээ гарах нь тодорхой байсан, тендер шалгаруулалт 5 сард зарлагдах байсан тул энэ хугацаанд гэрчилгээг бичигдээд ирнэ гэж үзэж, намайг даргаар томилсон” гэх  агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан.

2.16.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шаардаагүй ба харин “төрийн байгууллага, албан тушаалтан хууль зөрчиж тендер шалгаруулалт явуулдгийг зогсоолгох, зохих хариуцлага тооцуулах зорилготой” гэж тайлбарласан.

2.17.Энэхүү Тендерт нэг ч шаардлага хангасан тендер ирээгүй учраас Тендерийг 2024 онд дахин явуулахаар зарласан байх бөгөөд уг тендерт нэхэмжлэгчийн оролцох эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй  зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүхийн “эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх” зорилго, зорилт тодорхойлогдсон байдаг.

3.2.Тодруулбал, захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн субьектив эрх нь зөрчигдсөн, хөндөгдөж болзошгүй эсэхийг шалгаж тогтоох, зөрчигдсөн, хөндөгдсөн бол уг зөрчигдсөн, хөндөгдсөн эрхийг нь хамгаалах, сэргээн эдлүүлэх шийдвэр гаргадаг “хүний эрхийн хамгааллын механизм” юм.

3.3.Нөгөө талаас нэхэмжлэгчид шүүхээр хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу шаардах эрх байгаа эсэхийг шалгаж тогтооно.

 3.4.Хэрэв шүүхээс маргааныг хянан үзэхэд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь хуульд нийцсэн буюу хууль ёсны дагуу үүссэн бол шүүх түүнийг шаардах эрхтэй гэж үздэг.

3.5.Гэтэл нэхэмжлэгч “Ш” ЗБН нь тендер шалгаруулалтад оролцохдоо тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй гэдэг үндэслэлээр уг тендер шалгаруулалтаас хасагдсан байгаа, үүнийгээ зөвшөөрч тендер шалгаруулалтаас хассантай маргаагүй, түүнчлэн энэ талаар шаардах эрхийн хугацаа нь дууссан байна.

3.6.Нэхэмжлэгч нь шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр бус шүүхийг хууль сахиулахыг шаардсан, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцуулах ёстой гэж тайлбарласан нь захиргааны хэргийн шүүхийн явуулах ажиллагаа биш, ийм үндэслэлийг  захиргааны хэргийн шүүх хүлээн авах, ийм утга агуулга бүхий шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй.

3.7.Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн харилцааны явцад үүссэн маргааныг хянан шийдвэрлэх, хүний эрхийг хамгаалах механизм болохоос бус хууль, журам сахиулагч биш, энэ чиг үүргийг өөр байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлдэг болно.

3.8.Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг[1] дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана” гэж заажээ.

3.9.Иймд энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд 2005 онд баталж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үйлчлэл нь дуусгавар болсон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэнэ.

3.10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гээд мөн зүйлийн 27.1.1-т “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага” гэж, мөн зүйлийн 27.1.2-т “техникийн тодорхойлолт” гэж, мөн зүйлийн 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-т Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

3.11.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ын 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар Үнэлгээний хороо нь тендер үнэлгээ хийгээд нэхэмжлэгчид болон бусад оролцогчид “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй” талаар  дүгнэж, шийдвэрлэсэн, уг шийдвэрийг захиалагч Өргөө амаржих газрын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай албан бичгээр мэдэгдсэн нь Үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдэж буй захиалагчаас гаргасан захиргааны үйл ажиллагааны хэлбэр буюу бие даасан захиргааны үйлдэл мөн юм.

3.12.Дээр дурдсанаар шүүх нь хууль, журам сахиулагч биш боловч нэхэмжлэгчийн Өргөө амаржих газрын явуулсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааны Үнэлгээний хороо байгуулсан, Үнэлгээний хорооны гишүүд тэмдэглэлдээ гарын үсэг зураагүй үйлдэлд болоод тендер үнэлгээ хийгээд татгалзсан шийдвэрээ хуульд заасан 15 хоногийн хугацаанд гаргаагүй гэх агуулгаар маргаж байгаа  болох нь тогтоогдсон тул уг үндэслэлийн хүрээнд доорхи дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

3.13.“Тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогдсон Г.Оийн тендерийн үнэлгээний хороонд ажиллах эрхгүй, гэрчилгээний хугацаа сунгагдаагүй, дуусгавар болсон байсан тул хууль бус Үнэлгээний хороо ажиллуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

3.14.Тодруулбал, Өргөө амаржих газраас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тендерийг зарлахаас өмнө буюу 03 дугаар сарын 07-ний өдөр Үнэлгээний хорооны даргаар ажилласан Г.О-ийн худалдан авах ажиллагааны үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ нь бичигдэж гарсан байсан болох нь уг Гэрчилгээгээр тогтоогдож байна. /ХХ-ийн 83 дахь тал/

3.15.Иймд Г.О-нь Тендер зарласан, тендерийн баримт бичгийг боловсруулах талаар хэлэлцсэн анхны буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан болоход зохих гэрчилгээ авсан байх тул түүнийг хууль бусаар томилогдсон Үнэлгээний хорооны гишүүн гэх байдал тогтоогдохгүй байна.

3.16.Учир нь Өргөө амаржих газар нь өөрийн ажлын дотоод зохион байгуулалт, боловсон хүчний нөөц зэргийг харгалзан ажлаа урьдчилан төлөвлөж,  нөхцөл байдлыг тогтоож Г.О-ийг Үнэлгээний хорооны гишүүнээр томилсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

3.17.Үнэлгээний хороонд 5 гишүүн томилогдсон байхад 3 гишүүнтэй шийдвэр гаргасан, гарын үсгээ зураагүй гэсэн нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.

3.18.Тухайлбал, Үнэлгээний хорооноос нэхэмжлэгчийг шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй гэж дүгнэснийг болон  2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэлээр гаргасан шийдвэрт болон дахин тендер зарласантай нь маргаагүй учраас Өргөө амаржих газраас Ш-р тендер зарласан шийдвэр хүчин төгөлдөр болсноор эдгээр үйл баримтын  эрх зүйн үр дагавар  арилсан байна гэж шүүх үзсэн.

3.19.Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо “шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй” гэж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон, эрх бүхий этгээдээс хүчингүй болгоогүй нөхцөлд Өргөө амаржих газрын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай албан бичгээр “Ш” ЗБН-ийг шалгаруулаагүй” гэх мэдэгдлийг шүүх хүчингүй болгосноор хууль зүйн үр дагавар авчрахгүй юм.

3.20.Мөн Өргөө амаржих газраас  2024 онд дахин Ш-р Тендер зарласан шийдвэр хүчин төгөлдөр, уг хүчин төгөлдөр шийдвэрийг дагуу Тендер шалгаруулалт явагдах нь тодорхой тул мөн дээрх мэдэгдлийг шүүх хүчингүй болгох нь нэхэмжлэгчид эрхийн хамгаалалт болж чадахгүй байна.

3.21.Нөгөө талаас нь дүгнэвэл, 2023 оны санхүүгийн жил мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж, 2023 онд төсвийн хөрөнгөөр санхүүжих ажил, бараа, үйлчилгээг санхүүжүүлэх ажиллагаа уг төсвийн жилээр дуусгавар болдог тул 2023 онд явагдаж дуусаагүй тендер шалгаруулалттай холбоотой аливаа шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжгүй  нөхцөл үүссэн байна.

3.22.Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, Үнэлгээний хороо нь нэхэмжлэгч “Ш” ЗБН-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй” гэж дүгнэсэн дүгнэлттэй маргаагүйн үр  дагавар нь шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй этгээд нь Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулснаар сэргээн эдлэх эрх гэж байхгүй учраас маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзнэ.

3.23.Ийнхүү нэгэнт шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй этгээд нь Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулснаар түүнд чиглэсэн эрх зүйн үр дагавар бий болохгүй тул ийм эрх байхгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

3.24.Нэхэмжлэгчийн гаргасан “Өргөө амаржих газрын  2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай албан бичиг нь уг өдөртөө гараагүй, тендер үнэлгээ хийж гаргасан шийдвэрээ 15 хоногийн дотор мэдэгдээгүй” гэдэг үйл баримтууд нь Үнэлгээний хорооны Тендер шалгаруулалтын дараахь үйл баримт учраас шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй этгээдийн шаардлагаар шүүх хянан хэлэлцэх, түүнчлэн уг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна.

3.25.Эцэслэн дүгнэвэл нэхэмжлэгч “Ш” ЗНБ нь шаардлага хангаагүй тендер ирүүлж, тендер шалгаруулалтаас хасагдсан байгаа тул шүүхэд хандан үр дагаваргүй болчихсон тендерийн Үнэлгээний хорооны аливаа шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардсан нь нэхэмжлэгчид шүүхээр хамгаалуулах, сэргээн эдлүүлэх хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.4.2 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш” ЗБН-ийн “Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

      

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.