Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 00293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч Ш.Хүрэлчулуун,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х-т холбогдох эрүүгийн 1738000000089 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Х, 1975 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............................оршин суух, урьд ял шийтгэлгүй,

ШүүгдэгчГ.Х нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн Уртын ам гэх газар болгоомжгүйгээр буу алдаж иргэн Ш.Хүрэлчулууны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Х нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн Уртын ам гэх газар болгоомжгүйгээр буу алдаж иргэн Ш.Хүрэлчулууны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Х-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүрэлчулуун ахын гэрт очиж золгоод хоол унд идэцгээсэн. Хоолны дараа Хүрэлчулуун ах архи задалж өгснийг хамт явсан хүмүүс уусан, миний хувьд уугаагүй амсах төдий л буцаагаад өгч байсан. Хүрэлчулуун ахын гэрт очоод хоол идэх гээд байж байхад саахалт айлын хүмүүс ирээд малын сэг гарсан байна, түүн дээр 6 чоно очсон байна нэг чоныг нь үргээж агналаа гэж ярьсан. Тэр ярианаас би замаараа малын сэг байгаа газраар дайраад явъя гэж бодсон. Тэгээд бид нар хоол унд идчихээд Хүрэлчулуун ахын хүүхдийнхээр орчхоод буцаж Хүрэлчулуун ахын гэрт орж хэсэг байж байгаад явахаар болоод машиндаа суугаад хөдөлсөн. Машиндаа суугаад хөдөлж байх үед би малын сэг байгаа газраар очно, наана замд юм тааралдаж магадгүй гэж бодоод бууныхаа хоолойд нэг сум хийгээд замгаа хойш нь татаад түгжээд тавьтал замаг түгжигдэлгүй тавигдсан, тэгсэн буу тас хийгээд дуугараад буу алдчихсан. Буу алдахад Батсүх машин барьж яваад тэр дороо зогссон бид нар машин дотроо яасан бол хаашаа сум явсан бол гээд байж байтал Хүрэлчулуун ахын гэрээс хүн гарч ирээд хүн буудчихлаа гэхээр нь машинаас буугаад гэрт яваад ортол Хүрэлчулуун ах хоймортоо гэдрэгээ хараад хэвтчихсэн байсан. Тэгээд бид нар сумын төв рүү эмнэлэг рүү ярьж дуудлага өгөөд өөрсдөө цаг алдахгүй гээд Хүрэлчулуун ахыг аваад сумын төв рүү хөдөлсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Хүрэлчулууны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хугацаагаа нарийн санахгүй байна. Манайд нутгийн дүү нар болох Хүрэлтөмөр эхнэртэйгээ, Ганбаа эхнэртэйгээ, Батсүх нар ирсэн. Тэд нар рашаанд яваад буцаж байна, рашаан ширгэчихсэн байна гэж байсан. Тэд нарыг ирсэн гээд манай эхнэр хоол унд хийж өгөөд цайлсан. Тэгээд нөгөө хүмүүс явна гээд гэрээс гарцгаасан. Би гэрийнхээ хойморт суугаад үлдсэн. Гадаа машин дуугараад нөгөө хүмүүс явах шиг болтол буун дуу гарахтай зэрэгцээд миний хэвлий хэсэг рүү юм ураад орох шиг болсон. Тэгтэл би сууж байснаа урагшаа тонгойгоод уначихсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Батпүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10-р сарын 05-ны орой манай нутгийн хүмүүс болох Ганбаатар ах, Хүрэлтөмөр ах нар аавын гэрт ирцгээсэн. Тэд нар ирээд аавд маань золгоод хоол унд хийлгэж идсэн. Тэд нар цагаан сараар манай гэрт ирээгүй байсан болохоор нь гэртээ оруулж цайлсан, тэгээд тэд нар явах болоод аавын гэрээс би тэд нарыг гаргаж өгөх гээд гадаа гараад машинд суулгаж өгөөд тэд нар ч хөдөлсөн би буцаад аавын гэрт дөнгөж ороод байж байтал нэг юм тас хийгээд маш хүчтэй дуугарсан. Би тухайн үед гэрт тамхины асаагуур дуугарав уу яав гэж бодоод байж байтал гэрийн хойморт аав ёолоод хэвтсэн байхаар нь очоод хувцсыг нь сөхөөд үзтэл биерүү нь сум орсон бололтой шарх байсан, тэгэхээр нь гараад хартал нөгөө хүмүүс гэрийн баруун талд машинтайгаа зогсчихсон байхаар нь та нар хүн буудчихлаа шүү дээ гэж хэлтэл тэд нар машинаасаа бууж ирээд аавын шархыг боолцоод сумын төв рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Ч.Алимаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10-р сарын 05-ны орой 18 цагийн үед манай гэрт Ганбаатар, Цагаанчулуун, Хүрэлтөмөр нарын хүмүүс ирсэн. Тэд ирэхдээ Барчингийн рашаан орчхоод буцаж явна рашаан авах гэсэн байхгүй байна, тэгээд танайд золгохоор ирлээ гэсээр орж ирсэн. Тэд нарыг ирэхээр нь өвгөн бид хоёр хоол унд хийж өгөөд нэг шил архи задалсан. Мөн манай гадаа байдаг хүү Батпүрэвийн гэрт орж цайлсан юм. Тэгж байж байгаад 21 цаг өнгөрөөд 22 цаг болох гэж байхад тэд нар явахаар болоод өвгөн бид хоёр гэртээ үлдээд хүүхдүүд маань ирсэн хүмүүсийг гаргаж өгөх гээд гарсан. Гэрт байж байхад машин асаад дуугараад хөдлөөд явах шиг болсон чинь тасхийгээд юм дуугарсан,тухайн үедээ би галын асаагуур буудаад тэгж дуугарч байна уу гэж бодоод байж байтал нөхөр маань ёолоод байхаар нь очоод дээлийнх нь хормойг сөхөөд үзтэл цус гоожиж байсан, тэгтэл хүү маань та нар хүн буудчихлаа гэсэн, тэгээд гаднаас нөгөө хүмүүс орж ирээд сумын төв рүү эмнэлэг дуудаад нөхрийг маань аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн18 дугаар хуудас/,

Гэрч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хүрэлчулуун ахын гэрээр орж хэсэг байж байгаад явахаар болоод машиндаа суугаад хөдлөөд эргээд явж байтал тас хийгээд буу дуугарах чимээ гарахад Батсүх зогсоод яав, юу болох гэтэл Хүрэлтөмөр буундаа сум хийгээд замгаа түгжих гэж байгаад түгжиж чадалгүй алдчихлаа гээд байж байтал гэрээс хүн гарч ирээд хүн буудчихлаа гэсэн. Тэгэхээр нь бид нар гэрлүү яваад ортол гэрийнхээ хоймор хэсэгт шархаа дарчихсан хэвтэж байсан. Тэгээд бид нар сумын төв рүү эмнэлэг рүү ярьж түргэн дуудчихаад Хүрэлчулуун ахын шархыг боогоод Батсүхийн машинд суулгаад сумын төв рүү хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Д.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хүрэлчулуун ахын гэрээр орчхоод явахаар болоод машиндаа сууцгаагаад баяртай гээд би машинаа хөдөлгөөд эргээд замруугаа орох санаатай явж байтал тас хийгээд буу дуугарахаар нь тэр дороо зогсоод хартал миний хажууд сууж явсан Хүрэлтөмөр машины цонхоор бууны хошуугаа гаргачихсан байхаар нь би чи буудчихав уу яав гэтэл би замгаа түгжих гэж байгаад түгжиж чадалгүй алдчихлаа гэсэн. Тэгсэн Ганбат ах гэрт байгаа хүмүүс зүгээр үү гээд машин дотроос хашхирсан чинь гэрээс хүн гарч ирээд хүн буудчихлаа шүү дээ гэхээр нь бид нар бүгдээрээ гэрлүү гүйгээд ортол Хүрэлчулуун ах гэрийн хоймор хэсэгт буудагдсан байдалтай шархнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Ш.Цагаанчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “...явах гээд машиндаа суугаад хөдлөөд машин замруугаа орох гээд эргэж байтал тас хийгээд буу дуугарсан. Тэгсэн Батсүх машинаа зогсоогоод яав юу болчихов гэтэл Хүрэлтөмөр замгаа түгжих гэж байгаад чадалгүй алдчихлаа гэсэн, тэгсэн гэрээс хүн гарч ирээд хүн буудчихлаа гэхээр нь гэрт яваад ортол Хүрэлчулуун ах буудуулчихсан байсан. Бид нарыг гэрээс гарахад ширээний хажууд суугаад үлдсэн юм, яг тэр газартаа байж байсан. Тэгээд бид нар ахын шархыг боогоод наашаа сумын төв рүү авч орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 619 дугаартай:

  1. Ш.Хүрэлчулууны биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Ш.Хүрэлчулууны биед хэвлийд нэвтэрч элэг, нарийн, бүдүүн гэдэс гэмтээсэн шарх бүхий гэмтэл учирсан байна.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Хошуут сумны нэг удаагийн буудалтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  5. Шүүх эмнэлгийн 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 9-10 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Х нь болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ш.Хүрэлчулууны эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтат мэдээлэл, бусад баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Г.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Х нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Х-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Хохирогч Ш.Хүрэлчулуун нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийн бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ар хэсэгтээ 78 дугаартай бялтанд шөвөг төмрийн ором гарсан сумны хонгио 1 ширхэгийг устгаж, замагны №30885 дугаартай, гол төмрийн №30885 дугаартай галт зэвсэг 1 ширхэгийг зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738000000089 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Х-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Х-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ар хэсэгтээ 78 дугаартай бялтанд шөвөг төмрийн ором гарсан сумны хонгио 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, замагны №30885 дугаартай, гол төмрийн №30885 дугаартай галт зэвсэг 1 ширхэгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн 1738000000089 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ЭРДЭНЭ-ОЧИР