Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02474

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024 оны 06 сарын 05 өдөр                 Дугаар  183/ШШ2024/02474                           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, ** тоотод оршин суух, Х овогт С.Н /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, И овогт Д.Х /РД:*********/-т холбогдох,

11 998 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ж******* нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Н******* нь хариуцагч Д.Х*******т холбогдуулан 11 998 200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие фейсбүүк хаягаар Солонгос улсаас машин ачуулж өгнө гэсэн зарын дагуу 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Д******* Х******* гэх хүнтэй чатаар холбогдож, 2006 оны Бонго 2 маркын ачааны автомашиныг 3 600 000 воноор худалдан авахаар тохиролцсон. Ингээд би өөрийн Хаан банкны дансаар Д.Х*******ын Хаан банкны данс руу 8 928 000 төгрөгийг шилжүүлэн төлсөн. Д.Х******* нь 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр машин ачигдсан гэж надруу чат бичсэн боловч машин огт ирээгүй. Миний бие Х*******тай холбогдох гэж удаа дараа чат мэссэж бичсэн ч огт хариу өгөөгүй бөгөөд сүүлд буюу 2022 оны 12 дугаар сард Х******* нь Солонгос байхдаа надтай нэг удаа чатаар ярихдаа мөнгийг чинь буцааж өгнө гэсэн боловч мөнгөө өгөөгүй өдийг хүрч байна. Д.Х*******тай Монголд ирсэнээс хойш нэг удаа утсаар /9*******5/ холбогдож ярьсан боловч өөрийн оршин суугаа хаягаа хэлэхгүй, янз бүрийн шалтаг хэлж мөнгөө буцаан төлөхгүй алга болсон. Бүр сүүлдээ Д.Х*******ын хаана оршин суугаа нь тодорхойгүй болсон тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягыг тогтоосон. Иймд Д.Х*******т шилжүүлсэн 8 928 000 төгрөг, уг мөнгийг машин худалдан авахын тулд жилийн 8 хувийн хүүтэйгээр бусдаас зээлж авсан бөгөөд 10 сарын хүүд төлсөн 3 000 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70 200 төгрөг нийт 11 998 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д.Х******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Х*******т холбогдуулан С.Н******* 11 998 200 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Миний зүгээс тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Болсон бүхий л үйл явдлыг С.Н******* мэдэж байгаа ба миний зүгээс холбогдох баримтуудыг цуглуулан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд гарган өгч хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болно гэжээ.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Х******* нь иргэн С.Н*******ын захиалан худалдан авсан БНСолонгос улсад 2006 онд үйлдвэрлэсэн, арлын KN3HRP4N2 6K147054 дугаартай Хюьндай Бонго 2 маркийн автомашиныг 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улс руу ачилт, карго явуулдаг "***** саrgо"-ны эзэн Х.Б*****, түүний ажилтан Б.Б***** нарт өгч ачилтанд орсон контайнерийн дугаар зэрэг мэдээллийг нэхэмжлэгч С.Н******* руу фейсбүүк чатаар явуулсан байна. Ачилт хийсэн машиныг худалдан авагч контайнерийн дугаараар тээвэр зуучын газраас хаана буух зэрэг мэдээллийг авч болох ба Монгол Улсад контайнер буумагц ачилт, карго явуулдаг "***** сaрго"-ны эзэн Х.Б***** нь худалдан авагч руу залгаж тээврийн зардал, гаалийн татвараа төлж машинаа хүлээн авахыг хэлдэг байна. Гэтэл ачааны автомашин нь нэхэмжлэгчийн гар дээр ирээгүй бөгөөд Монголд буусан гэдэг нь бүрэн нотлогдоогүй. Хариуцагчийн зүгээс тус автомашиныг худалдаж аваад карго буюу тээвэрлэлт хийдэг компанийн хүмүүст өгсөн. Тэр хүмүүс нь С.Н*******т хүлээлгэж өгөөгүй, дундаас нь завшсан байх магадлалтай учраас харилцан мэтгэлцэх байр суурьтай оролцож байна. Тус ачааны автомашиныг Солонгос Улсаас худалдан аваад 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр каргонд хүлээлгэж өгсөн байдаг. Тус автомашин Монголд Улсад 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдөр гаалийн мэдүүлэг бүрдүүлэх Ц******* Д******* гэдэг хүний нэр дээр бүртгэгдэж орж ирсэн гэсэн байна. 

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2470 тоот албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагч Д.Х*******тай харилцан фейсбүүк зурвас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/***** дугаар шийдвэр, Хаан банк ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 29/3872 тоот албан бичиг, С.Н*******ын Хаан банк дахь 5025397343 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 2-15-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас ачааны машины арлын дугаарыг авсан фото зураг, B ********r гэх фэйсбүүк хэрэлэгчтэй харилцан зурвас /хэргийн 32-36-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

            Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах болон гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаж, Гаалийн ерөнхий газраас Бүгд Найрамдах Солонгос Улсад 2006 онд үйлдвэрлэгдсэн, арлын КN3HRP4N26K147054 дугаартай, цагаан өнгийн Хюьндай Бонго 2 маркийн автомашин Монгол Улсад хэзээ, ямар дугаартай чингэлэгээр буусан, хэн гэж хүн хүлээн авсан, гаалын бүрдүүлэлтийг хэн хийсэн, хэдий хэмжээний гаалийн татварыг хэн төлсөн талаарх баримтуудын хуулбар, Авто тээврийн үндэсний төвөөс Бүгд Найрамдах Солонгос Улсад 2006 онд үйлдвэрлэгдсэн, арлын КN3HRP4N26K147054 дугаартай, цагаан өнгийн Хюьндай Бонго 2 маркийн автомашины түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа болон тухайн автомашиныг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бүрдсэн хувийн хэргийн холбогдох баримтууд, гэрч Ц.Д*******гийн мэдүүлэг /хэргийн 44-52, 69-70-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Н*******ын нэхэмжлэлээс 8 998 200 төгрөгийг хангаж, үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч С.Н******* нь хариуцагч Д.Х*******аас 2006 оны Бонго 2 маркын ачааны автомашиныг 3 600 000 воноор худалдан авахаар тохиролцож, түүний Хаан банкны данс руу 8 928 000 төгрөгийг шилжүүлэн автомашины үнийг төлсөн боловч ачааны автомашиныг хүлээлгэн өгөөгүй тул түүнд шилжүүлсэн 8 928 000 төгрөг, машин худалдан авахын тулд жилийн 8 хувийн хүүтэйгээр бусдаас зээлж авсан зээлийн 10 сарын хүүд төлсөн 3 000 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70 200 төгрөг, нийт 11 998 200 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч С.Н*******ын захиалан худалдан авсан ачааны автомашиныг 2022 оны 5 дугаар сарын 22-ний өдөр Монгол Улс руу ачилт, карго явуулдаг "Н саrgо"-ны эзэн Х.Б******, түүний ажилтан Б.Б нарт өгч, ачилтанд явуулсан тул тухайн хүмүүс С.Н*******т хүлээлгэж өгөөгүй, дундаас нь завшсан байх магадлалтай тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч С.Н******* нь хариуцагч Д.Х*******тай 2006 оны Бонго2 маркийн автомашиныг 3 600 000 воноор худалдан авахаар харилцан тохиролцож, автомашины үнэд 8 928 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Хаан банкны 29/3872 дугаартай албан бичиг, нэхэмжлэгч С.Н*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь автомашиныг хүлээлгэн өгөөгүй, үүргээ биелүүлээгүй талаар байна, автомашин худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, автомашины үнийг төлсөн талаар маргаагүй.

 

6.Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ”, 195.2-д “Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн БНСУлсаас Бонго2 маркийн ачааны автомашиныг ачуулж өгнө гэсэн саналыг хүлээн авч, автомашины үнийг төлсөн болох нь талуудын тайлбар, дансын дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

            6.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

            6.2.Нэхэмжлэгч нь Бонго2 маркийн ачааны автомашины үнэд 8 928 000 төгрөгийг хариуцагчид төлсөн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-д “худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь үнийг нь төлсөн нэхэмжлэгчид автомашины талаарх бүрэн мэдээллийг өгөх, мөн түүний өмчлөлд автомашины шилжүүлэн өгөх үүрэгтэй тул үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

 

            6.3.Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн үнийг төлсөн Бонго2 маркийн ачааны автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, цаашид биелүүлэх боломжгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн лавлагаа, Автотээврийн үндэсний төвийн №416 дугаар албан бичиг, гэрч Ц.Д*******гийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, автомашины үнэд төлсөн мөнгийг, хохирлын хамт буцаан шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            6.4.Хэрэгт авагдсан KN3HRP4N26K147054 арлын дугаартай Hyundai Bongo маркийн тээврийн хэрэглсийн гаалийн бүрдүүлэлтийн лавлагаанд “...2022-08-29, Цогбадрах Д*******, БНСУ, Автомашин ачааны Kia Bongo, Автотээврийн үндэсний төвийн лавлагаанд “…9338ӨМЭ, Kia Bongo3, арал, дугаар KN3HRP4N26K147054, үйлдвэрлэсэн он 2006, цагаан, Ц Б********, КЮ69081118, Өмнөговь Даланзадгад 07 Оюут 1030” гэсэн байх бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Д*******гоос Ц.Бийн өмчлөлд KN3HRP4N26K147054 арлын дугаартай Kia Bongo маркийн цагаан 2006 оны ачааны автомашины өмчлөх эрх шилжсэн болох нь тогтоогдож байна.

            6.5.Мөн гэрч Ц.Д*******гоос “…Д.Х******* Солонгост байхад нөгөө 4 машиныг Солонгос талаас нь мөнгөө төл гэхэд Д.Х******* луу холбогдох гэж зөндөө оролдоод Д.Х******* ерөөсөө утсаа авахгүй тэгээд таг болчихсон. Өөрөө яалт ч үгүй машин тэргээ далайд гаргачихсан учраас машиныхаа бичиг баримтыг авахын тулд н.Х******** бүх мөнгөө өгөөд төлбөр мөнгийг нь өгсөн. …Д.Х******* руу энэ хүн мөнгө хийгээд Д.Х******* манайд мөнгийг нь төлөөгүй” гэж мэдүүлсэн тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн машиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй дундаас нь завшсан гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй болно.

 

            7.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд буюу автомашины үнэд төлсөн мөнгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэсэн нөхцөл байдал үүссэн байна гэж үзэв.

            7.1.Иймд хариуцагч Д.Х*******аас автомашины үнэд төлсөн 8 928 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Н*******т олгохоор шийдвэрлэв.

 

            8.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, автомашиныг худалдан авахын тулд жилийн 8 хувийн хүүтэйгээр бусдаас зээлж авсан мөнгөний 10 сарын хүүнд төлсөн 3 000 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

            8.1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

8.2.Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01532 дугаар шийдвэрээр С.Н*******ын хүсэлттэй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Х*******ыг эрэн сурвалжлуулах иргэний хэргийн хянан хэлэлцээд түүний оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, эрэн сурвалжлах шаардлага бий болсон байна гэж үзэж, Д.Х*******ыг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоосон болох нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 28е/2470 дугаартай Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичгээр тогтоогдож байх тул шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

8.3.Харин нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авахад төлсөн 8 928 000 төгрөгийн 10 сарын хүүнд төлсөн 3 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч шаардлагаа нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн дээрх хүүнд төлсөн 3 000 000 төгрөг нь хариуцагчийн үүргээ зөрчснөөс учирсан хохиролд тооцогдохгүй гэж дүгнэв.

 

9.Иймд хариуцагч Д.Х*******аас автомашины үнэд төлсөн 8 928 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 8 998 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Н*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч С.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 922 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Х*******аас улсын тэмдэгтийн хураамжид 158 921 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н*******т олгох нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч Д.Х*******аас 8 998 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 922 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Х*******аас улсын тэмдэгтийн хураамжид 158 921 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н*******т олгосугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН