Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2023/0042/з |
Дугаар | 119/ШШ2024/0005 |
Огноо | 2024-01-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 119/ШШ2024/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “Э” ТӨҮГ
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г
Хариуцагч: ОА-ийн ХЭАХУБ Г.Б нарын хоорондын
“ОА-ийн ХЭАХУБ-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0742502 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Э” ТӨҮГ нь ОА-ийн ХХҮГ-ын ХЭАХУБ Г.Б-т холбогдуулан “ХХҮГ-ын ХЭАХУБ-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0742502 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. ОА-ийн ХЭАХУБ Г.Б нь “Э” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын цайны газарт 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн үед хоол идсэн 6 ажилтан хоолны хордлогот халдварт өртөж Орхон аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн нь мэргэжлийн хүмүүсийн тандалт судалгаа болон лабораторийн шинжилгээгээр нотлогдсон гэж үзэн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0742502 дугаартай шийтгэлийн хуудсаар 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
3. Гомдол гаргагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гомдлоо гаргажээ.
4. Гомдол гаргагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр оройн ээлжийн ажилчид хоол идээд гарсны дараагаар нэр бүхий 6 ажилтны биеийн байдал өөрчлөгдөж энэ талаараа аймгийн түргэний эмч, “Э” ТӨҮГ-ын эмнэлэг, сувиллын албаны ажилтнууд, эрүүл ахуйч эмч нар газар дээр нь очсон байгаа. Ингээд нэр бүхий 6 ажилтныг Эрүүл мэндийн төвийн халдвартын тасаг дээр аваачиж эмчлүүлсэн. Ингээд тухайн асуудлыг хоолны хордлого гэж үзсэн. Манай эрүүл ахуйч эмч нар хоолноос дээж авч лабораторт өгч шинжлүүлсэн. Манай “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн лаборатори Орхон аймгийн стандарт хэмжил зүйн газрын лабораторуудад өгч шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу нь импортоор оруулж ирж байгаа жимс жимсгэнэ буюу энтербактери илэрсэн байна гэж дүгнэсэн. Тэр өдөр жимсний салат өгсөн байсан. Үүнээс болж хоолны хурц хэлбэрийн хордлого бий болсон гэсэн.
ХХҮГ-ын УБ-аас манайд албан тоот ирүүлсэн. Албан тоот дээр зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаа учир итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүл гэсний дагуу би очиж уулзсан. Тэгсэн хоолны хордлогыг ажлын байрны нөхцөл муугаас болж үүссэн гэж үзээд “Э” ТӨҮГазарт 3,000,000 төгрөгийн торгууль тавьсан. Үүнийг эсэргүүцэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. “О” ХХК тендерт ялж, халуун хоолны үйлчилгээг тухайн үед үзүүлж байсан. Энэ компанийн хувьд “Э” ТӨҮГазартай байгуулсан гэрээнд “Э” ТӨҮГ-ын байрыг түрээслэнэ, манайх зөвхөн байраар хангана гэсэн байгаа. Тэр байрны доторх тохижилт, ариун цэврийн байдлыг “О” ХХК хариуцах ёстой. Манайд торгууль тавьчихаад байгаад үгүйсгэж байгаа. Манайд хамааралгүй, “О” ХХК бүрэн дүүрэн хариуцах ёстой.
Иймд ОА-ийн ХЭАХУБ-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0742502 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
5. Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ТӨҮГазраас гаргасан нэхэмжлэлийн дагуу хариу тайлбар болон хоолны хордлоготой холбоотой бүх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Хоолны хордлогот халдвар гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн газрын хоол хариуцсан судлаач гаргадаг. Судлаачийн гаргасан дүгнэлтээр хоолны хордлого нь 3 үндсэн хүчин зүйлээс үүсэлтэй гэж гаргасан. 1 дүгээрт эмгэгт хүрэгчээр үүсгэгдсэн хоол хүнсний бүтээгдэхүүн, 2 дугаарт хоол үйлдвэрлэлийн ажлын байрны орчин нөхцөл, 3 дугаарт бохир гар ахуйн хавьтлаар гэсэн үндсэн хүчин зүйлүүдээс үүдэж хоолны халдвар гарсан байна гэж дүгнэсэн. Миний бие “Э” ТӨҮГазрын ажилчдын эрүүл мэндийн асуудлыг хариуцсан байцаагч байгаа. Ажил олгогч нь ажилчдынхаа хоол идэх орчин нөхцөл, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангасан байхаар тохижуулсан байх ёстой. Ийм ажлын байраар хангах ёстой гэж үзээд ажлын байрны орчин нөхцөл нөлөөлсөн эсэхийг өөрийн биеэр болон ЭДЦС-ийн эрүүл ахуйч эмч Б, “О” ХХК-ийн менежер Ц, халдвар судлаач Д гээд 4 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар нэлээн олон зөрчлүүд илэрсэн. Үүн дотор ажлын байрны нөхцөл шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна” гэж заасан байдаг. 28 дугаар зүйлийн 28.1.1-т “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэсэн байдаг. Мөн хуулийн 18 дугаар зүйлд “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай эрхтэй гэсэн байдаг. 18 дугаар зүйлийн 18.1.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах” эрхтэй гэж заасан байдаг. Энэ эрхийг зөрчсөн гэж үзээд, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг үндэслэж 3,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.
“О” ХХК-ийн хувьд хоол үйлдвэрлэлийн процесс алдагдсан, бохирлогдсон хоол хүнс үйлдвэрлэсэн гэдгээр миний хувьд Зөрчлийн тухай хуулийн харьяалал таарахгүй гэдгээр торгуулийн арга хэмжээ авч болохгүй байсан. Тийм учраас энэ талаар зөрчлийн хэрэг үүсгэж шалгах ёстой байгууллагуудад нь албан бичиг явуулсан. Энэ байгууллагууд нь “О” ХХК дээр арга хэмжээ авах ёстой. Миний хувьд ажлын байрны нөхцөл, ажилчдын эрүүл мэндийн байдлыг ажил олгогч “Э” ТӨҮГ үүргээ биелүүлээгүй гэж үзээд арга хэмжээ авсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч “Э” ТӨҮГ нь ОА-ийн ХХҮГ-ын ХЭАХУБГ.Б-т холбогдуулан “ХХҮГ-ын ХЭАХУБ-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0742502 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Гомдлын шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. “Э” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын цайны газарт хоол идсэн 6 ажилтан хоолны хордлогод өртсөн байж болдошгүй гэсэн мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Э” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын Хүнсний эрүүл ахуйч Ц.О өгсөн байна.
4. “Э” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын Хүнсний эрүүл ахуйч Ц.О-ийн өгсөн мэдээллийн дагуу ХХҮГ-ын ХЭАХУБ Г.Б тандалт судалгаа хийхэд “Э” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын 6 ажилтан хоолны хордлогт халдварт өвчинд өртөж, 3 нь эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлж, 1 ажилтан гэрээр эмчилсэн болох нь “Хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийн тайлан”-д тусгагдсан байна.
5. Хүнсний эрүүл ахуйч Ц.О бэлэн хоолноос 10 ширхэг, ажлын байрны орчны бохирдлыг тодорхойлохоор 17 ширхэг арчдасыг, ундны уснаас дээж тус тус авч Чанар хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн нян судлалын шинжилгээ хийхэд хоол, хүнснээс 2, арчдасаас 6 нийт 8 дээжинд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч илэрсэн болох нь “Э” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн химийн лабораторын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 7/49 дугаартай “Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн”-гээр,
6. Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторийн нян судлалын шинжилгээнд 5 төрлийн дээж өгч шинжлүүлэхэд 1 дээжинд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч илэрсэн нь бүртгэлийн 23-987 дугаарт бүртгэсэн “Шинжилгээний дүн”-гээр,
7. Шинж тэмдэг илэрсэн 6 ажилтны 5 ажилтны шулуун гэдэсний арчдас авч Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нян судлалын лабораторид шинжлүүлэхэд эмнэлэгт хэвтсэн 3, гэрээр эмчлүүлсэн 1, иргэнээс энтеробактер төрлийн грам /-/ савханцар илэрсэн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Орхон аймгийн “Э” ТӨҮГ-ын ДЦС-ын халуун хоол үйлдвэрлэлд бүртгэгдсэн хоолны хордлогот халдварын судалгааны дүгнэлт, танилцуулга”-аар тус тус нотлогдож байна.
8. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь хоол хүнснээс халдварт өвчин гарсан учраас “Э” ТӨҮГ хариуцах ёсгүй гэж маргасан.
9. Үйлдвэрийн ажилчид нь хоол хүнс, ажлын байрны орчин нөхцөл, бохир гар, ахуйн хавьтлаар дамжсан хоолны хордлогот халдварт өвчин туссан нь нян судлалын шинжилгээ болон хяналт шалгалтаар тогтоогдсон байна.
10. “Э” ТӨҮГ “Үйлдвэрлийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх”-ээр “О” ХХК-тай гэрээ байгуулан “О” ХХК өөрийн материал, техник, тоног төхөөрөмж, ажилллах хүчээр үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
11. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг”-ийг, 28.1.1-д “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, 18 дугаар зүйлийн 18.1.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах” гэж тус тус заасан.
12. Мөн “Э” ТӨҮГ, “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний “Захиалагчийн эрх, үүрэг” гэсэн 4 хэсгийн 4.7-д “үйлдвэрлэл, үйлчилгээний байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл эд хөгшил зэргийг ашиглуулах тохиолдолд ажил гүйцэтгэгчтэй түрээсийн гэрээ байгуулах ажиллаж, гэрээний хугацаа дуусмагч тоо ширхэг төрлөөр нь хэвийн элэгдлээс дордуулахгүй байдлаар хүлээлцэж, талууд акт үйлдэнэ.”, 4.9-д “Ажлын байрны эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн барилгын урсгал засвар хийх тохижуулах зарим өрөө тасалгааг шинээр бий болгоход талууд тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэгч тал зарцуулагдах хөрөнгийг гаргаж болох ...” гэж зохицуулжээ.
13. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон гэрээнд заасны дагуу “Э” ТӨҮГ Дулааны цахилгаан станцын ажилчдын цайны газарт хоол үйлдвэрлэлийн ажлын байрны орчныг стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлийг бүрдүүлэх үүргийг хүлээсэн, дээрх хуулийн заалт болон гэрээний үүргээ хэрэгжүүлээгүйгээс 6 ажилтан гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгаар бохирлогдсон хоол идэж халдвар авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
14. Гэдэсний халдварт өвчний тандалт сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн С.Д-Ю 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Орхон аймгийн “Э” ТӨҮГ-ын ДЦС-ын халуун хоол үйлдвэрлэлд бүртгэгдсэн хоолны хордлогот халдварын судалгааны дүгнэлт, танилцуулга”-ын дүгнэх хэсэгт “ ...Дээрх тархвар судалгаа, илэрсэн шинж тэмдэг, лабораториудын нян судлалын шинжилгээний сорилын дүнг үндэслэн гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгаар /энтербактер/ үүсгэгдсэн хоол хүнс, хоол үйлдвэрлэлийн ажлын байрны орчин нөхцөл, бохир гар, ахуйн хавьтлаар дамжсан хоолны хордлогот халдвар гэж үзэж байна.” гэжээ.
15. Хоол үйлдвэрлэлийн ажлын байрны зай талбай жижиг, хоол бэлтгэл, хадгалах, ариун цэвэр, угаалгын өрөө төлөвлөөгүй, гал тогооны ажилчдын хувцас солих, ариун цэврийн, усанд орох, түр амрах өрөө байхгүй, төлөвлөөгүй, цонхны харалдаа тааз нурсан нь битүүмжлэл алдагдаж нүүрсний тоос орж ирдэг, бохир хадгалах хогийн цэг байхгүй, зориулалтын бус газарт хог хадгалдаг зэрэг хоол үйлдвэрлэх орчин нөхцөл хангагдаагүй болох нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэл, гэдэсний халдварт өвчний тандалт сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн С.Д-Ю-ийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
16. Дээрхи байдлуудаас дүгнэхэд “Э” ТӨҮГ-ыг стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн ажлын байрны нөхцөлийг бүрдүүлээгүй нь зөрчлийн арга хэмжээ авах үндэслэл болсон байна.
17. Мөн Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 01/1229, 01/1230 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдээр ажлын байрны орчин нөхцөл шаардлага хангаагүй зөрчилд ОА-ийн ХЭАХУБ хяналт тавьж арга хэмжээ авч байгааг, бохирлогдсон хоол хүнс, ахуйн хавьтлаар дамжсан зөрчилд ЭАХХХУБ Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нар харьяаллын дагуу захиргааны шийтгэл оногдуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт, Эрүүл мэндийн газарт тус тус мэдэгдсэн байна.
18. Энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ...импортоор орж ирсэн жимс жимсгэний салатнаас нян илэрсэн, халуун хоолны үйлдвэрлэл явуулдаг “О” ХХК хоолны ходлого гаргасан байхад “Э” ТӨҮГ хариуцлага хүлээх ёсгүй ...” гэсэн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
19. Иймээс хариуцагч ОА-ийн ХЭАХУБ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-д “ хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т “хөдөлмөрийн ауюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0742502 дугаар шийтгэлийн хуудсаар “Э” ТӨҮГазарт торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 1.1.2, 2.2.3, 6.6 дугаар зүйлийн 1.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар 18.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ОА-ийн ХХҮГ-ын ХЭАХУБ Г.Б-т холбогдуулан “ХХҮГ-ын ХЭАХУБ-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0742502 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” “Э” ТӨҮГ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА