Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ч.Бямбажаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох эрүүгийн 1738001610103 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Н.М, 1979 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ... дугаартай,

Шүүгдэгч Н.М нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг Хилэнтийн гүүрний замаар улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь хэсэгт заасныг зөрчиж эсрэг урсгалд орж явсны улмаас уг замаар өөдөөс ирж явсан П.Итгэлийн 21-63 УБЭ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж иргэн Б.Мөнхжаргалын болон өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг Хилэнтийн гүүрний замаар улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь хэсэгт заасныг зөрчиж 21-63 УБЭ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж ирсэн Б.Мөнхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Н.М-ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 08-р сарын 11-ний өдөр байх. Би эхнэр Мөнхжаргалын хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн Мустанг-200 маркийн улбар шар өнгийн мотоцикльтой Хилэнтийн гүүрний наад талд Мөрөнгийн төв рүү орж ирж яваад миний явж байсан урсгалын шороон зам дэржигнүүр ихтэй байсан ба миний явж байсан замын эсрэг урсгалын зам дэржигнүүр багатай байхаар нь эсрэг урсгал руу ороод явж байтал гэнэт урдаас машин гарч ирээд яах ч аргагүй би тэр машинтай мөргөлдсөн. Үүнээс хойш болсон асуудлыг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 сарын 11-ний өдөр би нөхөр Мянганы хамтаар Бүрэнтогтохоос мотоциклиор гараад Мөрөн рүү орж явтал гүүрний наад талд машин байхгүй гэж бодоод эсрэг урсгалаар гараад иртэл урдаас машин гарч ирээд мөргөлдөөд газарт унасан. Газарт унаад босох гэтэл гар хөл мэдээгүй болсон байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд аарцагны яс салсан, зүүн гарын чөмөг хугарсан байсан. Миний давсаг хэвлий тал руу хатгаж, толгой өвдөж дотор муухай оргиод байсан. Өөр газарт гэмтэл аваагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч П.Итгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08-р сарын 11-ний өдөр би өөрийн эзэмшлийн 21-63 УБЭ улсын дугаартай Ландкрузер маркийн тээврийн хэрэгсэлтэй Хилэнтийн гүүрний чиглэлд Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.Бүрэнхааны хамт ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй сайжруулсан шороон замаар Хилэнтийн гүүрний наахан талд Аргалтай хайрханы тойрогтой, бага зэргийн гүвээтэй замаар явж байтал миний явж байсан урсгалын өөдөөс баруун захаараа, хурдтай шар өнгийн мотоцикльтой сундалдаатай хоёр хүн гараад ирсэн. Тэгээд би тэр хүнийг эсрэг урсгалаар явж байсан болохоор нь өөрийнхөө урсгал руу орох байх гэж бодсон чинь тэр мотоцикльтой хүн чиглэлээ ч өөрчлөхгүй, хурдаа ч хасахгүй миний урдаас ороод ирсэн. Тэгэхээр нь би өөрийн унаж явсан машины тоормозыг гишгээд жолооны хүрдийг зүүн гар тийш нь дараад гарлаа гэж бодтол тэр хүн миний машины баруун урд талын хамгаалалтын төмөр рүү ирж мөргөөд миний машины жолоочийн эсрэг тал руу буюу баруун тал руу унасан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад тойроод очтол мотоциклийн жолооч мотоцикль унтраагаарай гэж хэлж байсан. Энэ үед мотоцикль маш хүчтэй дуугараад хойд дугуй нь эргэлдэж байсан. Тэгээд би очиж мотоциклийг унтраасан. Тэгээд мотоциклийн жолооч дээр очоод та яаж байна гэж асуухад босож ирээд би ийшээ замын хажуу тал руу гаръя гэхээр нь замын хажуу тал руу суулгаж өгсөн. Тэгээд эмэгтэй дээр нь очсон чинь ёолоод гар хугарчихсан байна гэл үү нэг юм хэлээд орилоод доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд та босохгүй хэвтэж бай гэж хэлээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Т.Бүрэнхааны мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08-р сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд хоолой нь зүсэгдсэн байдалтай хүний цогцос олдлоо гэх дуудлагын дагуу бүрэлдэхүүний хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу явахаар болоод бүрэлдэхүүн цуглаад гарах болтол Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Итгэл нь би Цагаан бургасын даваа хүртэл өөрийн машинтайгаа явна гэхэд нь би энэ машинд олуулаа сууж байхаар цуг явчихъя гээд Итгэл прокурорын машинд сууж явахаар болоод өөрийн сууж явсан албаны 90-60 ХӨВ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээс бууж үлдсэн. Ингээд хэсэг хугацааны дараа Сод-Монгол ШТС-аас ертөнцийн зүгээр урагшаа гараад өөрийн урсгалаар ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай Мөрөнгийн голын гүүрний наахан талд зам нь жаахан төвгөр хэсгээр явж байтал урдаас гэнэт урсгал сөрөөд замаа захалсан байдалтай мотоцикльтой хоёр хүн гэнэт гарч ирсэн. Тухайн үед нь миний сууж явсан машины жолооч тоормоз гишгээд машиныхаа хурдыг эсрэг урсгал руу нь дарах үед мотоцикль шууд ирж мөргөсөн. Мотоцикльтой хоёр хүн гэнэт гарч ирж миний сууж явсан машиныг мөргөхөд мотоцикль, жолоочийн араар сууж явсан эмэгтэй хүний хамт машины баруун талд үлдээд жолооч нь эсрэг талруу нь унасан. Мөргөлдөх үед мотоцикльтой явсан хоёр хүний дундаа барьж явсан тарагтай 10 литрийн бетон нь миний сууж явсан машины урд талын салхины шил рүү ирж цохиод шилийг нь хагалсан. Тэгээд би машинаас буугаад түргэн, цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10966 дугаартай:

  1. Н.Мянганы биед баруун хацар ясны нум, нүдний ухархайн гадна хана, гайморын хөндийн ар доод хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун шилбэний цус хуралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 623 дугаартай:

1. Б.Мөнхжаргалын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Мөнхжаргалын биед тааз яс, зүүн атгаал ясны далд хугарал бүхий гэмтэл учирсан байна.

3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайлбал зам тээврийн осолд орох үед үүсгэгдэнэ.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн:

  1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багийн нутаг Хилэнтийн гүүрний ард талын сайжруулсан шороон замд 2017 оны 08-р сарын 11-ний өдөр Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Мянган нь эсрэг урсгалд орж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас уг зам тээврийн осол гарах болсон.
  2. Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Мянган нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д “Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2А-д “замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, Монгол улсын Замны хөдөлгөөний дүрмийн 2.3В-д “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”  гэсэн заалтууд тус тус зөрчсөн байна гэж үзэж дүгнэлтийг тогтов.
  3. Зам тээврийн осол гарах үед жолооч П.Итгэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчөөгүй болно.
  4. Уг зам тээврийн осол нь Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Мянган нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд орсноос болж уг осол гарсан. Хэргийн газрын үзлэг болон хэргийн газрын гэрэл зураг, жолооч Н.Мянганы өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
  5. Зам тээврийн осол болох үед Замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн:

  1. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Мөрөн сумын 10-р багийн нутаг Хилэнтийн гүүр явах чиглэлийн замд хөдөлгөөнд оролцож явсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй, шаргал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Мянган нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-р зүйлийн 8.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.” Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-р зүйлийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.3В-д “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
  2. Уг осол нь жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-р зүйлийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоноос үүссэн гэж үзэв гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Автомашины хохирол үнэлсэн тайлан /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.М нь автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Н.М-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Б.Мөнхжаргал нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгчээс 810.000 /найман зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж  иргэний нэхэмжлэгч П.Итгэлд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738001610103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.М-ыг автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.М-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.М-аас 810.000 /найман зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.Итгэлд олгосугай.
  6. Эрүүгийн 1738001610103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР