| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/01447/И |
| Дугаар | 183/ШШ2024/02636 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2024/02636
| 2024 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2024/02636 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дугаар хороо, ********, ** байр, ** дугаар орц, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, **** овогт Б*******гийн Н*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:****** дүүргийн ** дүгээр хороо, ******* хотхон, ** дүгээр байр, ** дугаар орц, ** давхар, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай Т-ийн Э*******т холбогдох,
Автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 35.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:Нэхэмжлэгч Б.Н*******, хариуцагч Т.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Т.Э*******ээс бизнес хамтрагч Н.Т*******гаар зуучлуулан 65.000.000 төгрөгөөр suzuki jimny /сузуки жимни/ маркийн машиныг худалдаж авахаар тохиролцсон. Гэтэл Т.Э*******, Н.С******* хоёр тухайн үед банкнаас мөнгө зээлж авахдаа уг машиныг барьцаанд тавьсан юм билээ. Тэгээд Т.Э*******, н.С******* хоёр зээлээ хаагаад дуусна гэж, урьдчилгаа 35.000.000 төгрөгийг би Т.Э*******ийн данс руу шилжүүлсэн. н.Т******* Т.Э******* хоёр хоорондоо ярихдаа 30.000.000 төгрөгөөр чам дээр банкны зээл ирэх үү, эсвэл чи хаагаад явах уу гэхэд нь би зээлийг хаая, хүү төлөх шаардлагагүй, бэлэн төлөх боломжтой юм чинь хаачихъя гэж хоёр жил гуйсан. Уг зээлийг Н.С*******ын нэр дээр авсан гэдэг ба Н.С*******, Т.Э******* нарын хоорондын асуудлыг би мэдэхгүй. Энэ хоёр асуудлаа шийдэхгүй хутгалдангуутаа шүүхээр оруулж ирж байгаа. Тэд зээлээ төлөөд графикийн дагуу 30.000.000 төгрөг дээр ирэх юм бол би хүү төлөхгүйгээр зээлийг хааж машиныг авчихъя гэж ярьсан. Тэгсэн чинь энэ хоёрын зээл 2023 оны 7 дугаар сар хүртэл нэхэгдэж, 2023 оны 3 дугаар сараас хойш зээлээ төлөхгүй явсаар байгаад ийм асуудал үүссэн. Түүнд нь би давхар хохирч байна. 2023 оны 8 дугаар сард надад машиныг зээлийн үлдэгдэлгүй авчирч өгөх байтал 2024 оны 4 дүгээр сар хүртэл үргэлжилсэн ба түүнийхээ хүүг надаас нэхэж авна гэж байгаа. Би зээлийн хүү төлөх үүрэг хүлээгээгүй. Ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурсан зүйл байхгүй. Энэ хоёр зээл бүрэн төлөөгүйгээс Голомт банк Н.С*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, машин хураагдах болсон. Ингээд би 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Н.С*******дын дансанд 46.641.942 төгрөг шилжүүлж, тэр машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Голомт банкнаас Н.С*******ын зээлсэн мөнгөний өр төлбөрийг би төлж байна гэсэн үг. Тэд зээлээ төлөхгүй алданги, хүү бодогдсон бүх мөнгийг нь би төлж машинаа өөрийнхөө нэр дээр болгож авсан. Н.С*******, Т.Э******* хоёр зээлийн үүргийг биелүүлээд явсан бол ийм асуудал гарахгүй байсан. Дунд нь намайг хутгаж оруулсан. Тэгэхээр анх Т.Э******* рүү шилжүүлсэн 35.000.000 төгрөг дээр н.С******* руу шилжүүлсэн 46.641.942 төгрөгөө нэмэхээр 81.641.942 төгрөг болж байгаа ба Т.Э******* надад төлсөн 10.250.000 төгрөгийг хасаж, 71.391.942 төгрөг болж байна. Зээл хаасан өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр н.С******* 1.500.000 төгрөг надад өгсөн ба 69.891.942 төгрөг үлдэж байна. Үүнээс худалдах худалдан авах гэрээний дүн 65.000.000 төгрөгийг хасаж тооцоход 4.891.942 төгрөг үлдэж байна. Иймд Т.Э*******ээс 4.891.942 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Уг автомашиныг н.Т******* эхнэртээ авч өгнө гээд анх түүнд 75.000.000 төгрөгөөр зарсан. Б.Н******* гэх залууг танихгүй. Н.С******* н.Т******* нар найзууд. Тэр үед урьдчилгаанд гээд 35.000.000 төгрөгийг миний данс руу хийсэн байсан. Хэн хийсэн болохыг нь анзаараагүй, дараа нь Б.Н*******оос мөнгө орж ирсэн байсан. Гараашид байсан өвлийн дугуйтай, бүх юмтай нь өгөөд явуулсан. Би тэр машиныг яг жил унаад Н.Т*******д өгсөн. Н.Т******* дараа нь энэ залууд өгсөн байгаа юм. Н.С******* миний зээлийг төлөөд сарын 800.000 гаруй төгрөгийг төлөөд явж байгаа. Учир нь н.С******* надад өртэй, миний приус 10 маркийн машиныг авсан. Надад 30.000.000 төгрөгийн өрөнд орчихоод би мөнгөө яаж төлөх вэ гэсэн. Би чи бөөнөөр нь төлж чадахгүй бол би хүүхдэдээ Suzuki Jimny/сузуки жимни/ маркийн машин авмаар байна. Чи энэ машиныг зээлээр аваад 30.000.000 төгрөгийн өрөө хаа. Би үргэлжлүүлээд төлөөд явъя. Ямар хугацаанд төлөхөөр байна, хүүтэй нь төлье гэж хэлсэн. Банкнаас зээл авч байгаа юм чинь тэр хугацаанд хүү гарна. Н.С******* мөнгөө төлж байх хугацаанд н.Т*******д машинаа өгсөн. Тэгсэн н.Т******* Б.Н*******од өгчихсөн. н.Т******* ноднин өвөл энэ хүнд машинаа өгсөн. Одоо машины зээлээ суллах гэсэн чинь Н.С******* төлөөгүй байна, та бид хоёрын наймаа тохиролцохгүй байна. 75.000.000 төгрөгөөр авах боломжгүй. Энэ хүнд өгчихсөн. Та 35.000.000 төгрөгөөсөө 9.000.000 төгрөгийг нь өгчих, Б.Н******* 30.000.000 төгрөг дээрээ 5.000.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч байна. 35.000.000 төгрөгийг нь төлнө. Н.С******* 2.000.000 төгрөг эсвэл 3.000.000 төгрөг төлөөд машиныг 01 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөр дээр суллая гэж тохирсон. Тэгээд би 1 сард 9.000.000 төгрөгийг өгч чадаагүй 2 сар гарсан. Ингээд 4 дүгээр сарын 02-ны өдөр Н.С*******, Н.Т*******, Б.Н******* 3 уулзаад бид 3 тохирчихлоо та 10.250.000 төгрөг төлөх юм байна. Н.С******* 1.500.000 төгрөг гэсэн билүү 2.000.000 төгрөг төлөхөөр байна, Б.Н******* үлдсэнийг нь төлөөд машинаа авна, хэдүүлээ хэрүүл хийгээд яах вэ гээд ярилцсан. Түүний өмнө хажуу талын ногоон байшин дахь шүүх дээр /эвлэрүүлэн зуучлал/ надаас 50.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Юун мөнгө вэ гэхэд 35.000.000 төгрөг танд өгөхийн тулд хүүтэй мөнгө зээлчихсэн. Тэр мөнгө 50.000.000 төгрөг болчихсон. Одоо 50.000.000 төгрөгөө авмаар байна гэж ирээд би зөвшөөрөхгүй гэсэн чинь тэгвэл та 9.000.000 төгрөг дээрээ зур гэсэн. Би 9.000.000 төгрөгийг чинь төлнө наад дээр чинь зурах хэрэг байхгүй. 50.000.000 төгрөг гэсэн бичиг барьчихаад та энэ дээр зурчихаа, би 9.000.000 төгрөгийг л авах юм аа гээд байсан. Би зураагүй. Ярих болгондоо хэлж байсан. Би мөнгөө өгнө, та нар өөрсдийнхөө мөнгийг зохицуулчих гэж байсан. Над руу 03 дугаар сарын 30-ны өдрийн хавьцаа н.Т******* ярихдаа бид 3 уулзаад тохирчихлоо, та 10.250.000 төгрөг төлчих, бид хоёрын наймаа жанхуу боллоо, нэг талдаа гаргая, банк машиныг хураачих гээд байна, зээлийг ноднингоос хойш төлөөгүйгээс ийм зүйл болсон байна, та 10.250.000 төгрөг төлчих, н.С******* тодорхой хэмжээний мөнгө төлнө, Б.Нямдорж мөнгө төлнө, тэгээд машинаа авцгаая гэж хэлсэн. Би 4 дүгээр сарын 01-ний өдөр 10.250.000 төгрөгийг төлсөн. Би ажлын санхүүдээ 3 гүйлгээ хийгээрэй гээд хэлээд орхичихсон. Тракторын мөнгө, машины мөнгө, хашааны мөнгө гээд 3 гүйлгээ хийх байсан. Утгыг нь солиод биччихсэн байна. Мөнгө нь бол ордгоороо орчихсон. Би хариуцлагаа хүлээсэн байгаа. 1 дүгээр сард 9.000.000 төгрөгөө төлж чадаагүй. 2 удаагийн төлөх хугацаа нь танаас болоод хойшилчихлоо, та 10.250.000 төгрөг болгоод хийчих, дахиж нэг ч төгрөг нэхэхгүй, ингээд дууслаа гэж н.Т******* хэлэхээр нь би итгээд мөнгийг шилжүүлсэн. Би Б.Н******* руу ярьсан чинь надад танихгүй хүний данс өгсөн. Тэгэхээр нь би өөрийнхөө дансыг өг гээд аваад мөнгө оронгуут нь асуудалгүй боллоо гээд мессеж зөрүүлээд явуулна шүү гэж мессеж бичсэн. Тэрнээс хойш мөнгө аваад байхгүй болсон. Хэд хоногийн дараа н.Т*******гаас асуухад машин тэргээ авчихсан, бүх юм дууссан гэж байсан. Тэгээд бүх зүйл сайхан болчихжээ гээд бодоод явж байтал энд шүүх дээр дуудаад 35.000.000 төгрөг нэхэж байна гэсэн. Би 35.000.000 төгрөг өгөхөөр бол машинаа авч байж өгнө. Би машинаа өгчихсөн. Машиныг жил унасны хүү гэж бодоод 10.250.000 төгрөгийг төлсөн. Энэ 4.000.000 гаруй төгрөг нь жил хүрэхгүй унасан машины хүү байгаа. Нэхэмжлэгч хоёр дахь жилдээ, 20 сар тухайн машиныг унаж байгаа. Би 10 сар унаад 10.250.000 төгрөг төлсөн. Би төлөхгүй. 35.000.000 төгрөг авангуутаа 10.000.000 төгрөгийг нь буцаагаад төлчихөж байгаа. Би өөрөө дахиад хохирчихсон. Б.Н*******ын унасан хугацааны хүүг хүртэл би төлсөн. Энэ хүн үлдэгдэл хэдэн сараа төлөхгүй. Надаар төлүүлэх гээд байгаа. Тэгээд өмгөөлөгчийн зардал гэж бас яриад байгаа. Би ярих болгондоо мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Анх шинэ жилийн өмнө 5.000.000 төгрөг өгөөд дуусъя гэж н.Т*******д хэлсэн чинь 5.000.000 төгрөг болохгүй байна, та бүтэн жил унасан хүүг нь өгчих гэсэн. 1 дүгээр сард Н.Т*******, Б.Н******* эхнэртэйгээ, н.С*******, бид 5 уулзаад банкин дээр очсон. Тэгэхэд 9.000.000 төгрөг өгчих гэж байсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа хохирол чинь банкны хүү байгаа. Хэн ч гэсэн машин зээлээр аваад тал мөнгийг нь төлчихөөд хүү төлдөг, нэг хувийн хүү 30.000.000 төгрөг сарын 300.000 төгрөг байгаа. Нэхэмжлэгч 22 дахь сараа унаад явж байгаа. Би 12 сар унасан хүү гээд 10.250.000 төгрөгийг өгсөн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Голомт банкны тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн БГ1205194061 дугаар барьцааны гэрээ, 20.000.000 төгрөгийн гүйлгээний баримт, 15.000.000 төгрөгийн гүйлгээний баримт, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн BR21080602 дугаар автомашин худалдах, худалдан авах гэрээ, автомашины мэдээлэл хүлээлцсэн акт, техник үйлчилгээний хуваарь, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 61 дүгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 1.500.000 төгрөг шилжүүлсэн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 46.641.942,16 төгрөг шилжүүлсэн баримт,
Хариуцагчаас хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н******* хариуцагч Т.Э*******т холбогдуулан автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 35.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 30.108.058 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул татгалзлыг баталж, 4.891.942 төгрөг нэхэмжилснийг шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие Т.Э*******ээс автомашин 65.000.000 төгрөгөөр худалдах авахаар тохирч 35.000.000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн. Гэтэл Т.Э*******, н.С******* хоёр тухайн үед банкнаас мөнгө зээлж авахдаа уг машиныг барьцаанд тавьсан юм билээ. Энэ хоёр зээлээ төлөөд графикийн дагуу 30.000.000 төгрөг дээр ирэх юм бол би хүү төлөхгүйгээр зээлийг хааж машиныг авъя гэсэн. Тэгтэл зээлээ төлөхгүй явсаар байгаад Голомт банк н.С*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, машин хураагдах болсон. Ингээд би 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр банкны өр болох 46.641.942 төгрөгийг н.С*******ын дансанд шилжүүлж, н.С******* цааш нь банк руу шилжүүлж, тэр машиныг би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Голомт банкнаас н.С*******ын зээлсэн мөнгөний өр төлбөрийг би төлж байна гэсэн үг. Тэд зээлээ төлөхгүй алданги, хүү бодогдсон бүх мөнгийг нь би төлж машинаа өөрийн нэр дээр болгож авсан. н.С*******, Т.Э******* хоёр зээлийн үүргийг биелүүлээд явсан бол ийм асуудал гарахгүй байсан. Тэгэхээр анх Т.Э******* рүү шилжүүлсэн 35.000.000 төгрөг дээр н.С******* руу шилжүүлсэн 46.641.942 төгрөгөө нэмэхээр 81.641.942 төгрөг болох бөгөөд Т.Э******* надад төлсөн 10.250.000 төгрөгийг хасаж, 71.391.942 төгрөг болж байна. Зээл хаасан өдөр буюу 2024 оны 4 дугаар сарын 10-ны өдөр н.С******* 1.500.000 төгрөг надад өгсөн ба 69.891.942 төгрөг үлдэж байна. Үүнээс худалдах худалдан авах гэрээний дүн 65.000.000 төгрөгийг хасаж тооцохоор 4.891.942 төгрөгийг Т.Э******* надад төлөхөөр байна. Иймд Т.Э*******т илүү төлсөн 4.891.942 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Уг автомашиныг н.Т******* эхнэртээ авч өгнө гээд анх түүнд 75.000.000 төгрөгөөр зарсан. Б.Н******* гэх залууг танихгүй. н.С******* н.Т******* нар найзууд. Тэр үед урьдчилгаанд гээд 35.000.000 төгрөгийг миний данс руу хийсэн байсан. Хэн хийсэн болохыг нь анзаараагүй, дараа нь Б.Н*******оос мөнгө орж ирсэн байсан. Гараашид байсан өвлийн дугуйтай, бүх юмтай нь өгөөд явуулсан. н.С******* надад өртэй, миний приус 10 маркийн машиныг аваад 30.000.000 төгрөг төлөх байсан ба төлж чадахгүй бол би хүүхдэдээ сузуки жимни маркийн машин авмаар байна, чи энэ машиныг зээлээр аваад 30.000.000 төгрөгийн өрөө хаа, би үргэлжлүүлээд төлөөд явъя, ямар хугацаанд төлөхөөр байна, хүүтэй нь төлье гэж тохирсон. Банкнаас зээл авч байгаа юм чинь тэр хугацаанд хүү гарна. н.С******* мөнгөө төлж байх хугацаанд н.Т*******д машинаа өгсөн. Тэгсэн н.Т******* Б.Н*******од өгчихсөн. Одоо машины зээлээ суллах гэсэн чинь н.С******* төлөөгүй байна, та бид хоёрын наймаа тохиролцохгүй байна. 75.000.000 төгрөгөөр авах боломжгүй. Энэ хүнд өгчихсөн. Та 35.000.000 төгрөгөөсөө 9.000.000 төгрөгийг нь өгчих, Б.Н******* 30.000.000 төгрөг дээрээ 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 35.000.000 төгрөгийг нь төлнө. н.С******* 2.000.000 төгрөг эсвэл 3.000.000 төгрөг төлөөд машиныг 01 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөр дээр суллая гэж тохирсон. Ингээд 4 дүгээр сарын 02-ны өдөр н.С*******, н.Т*******, Б.Н******* 3 уулзаад бид 3 тохирчихлоо та 10.250.000 төгрөг төлөх юм байна. н.С******* 1.500.000 төгрөг гэсэн билүү 2.000.000 төгрөг төлөхөөр байна, Б.Н******* үлдсэнийг нь төлөөд машинаа авна, хэдүүлээ хэрүүл хийгээд яах вэ гээд ярилцсан. Би 4 дүгээр сарын 01-ний өдөр 10.250.000 төгрөгийг төлсөн. Би 35.000.000 төгрөг өгөхөөр бол машинаа авч байж өгнө. Би машинаа өгчихсөн. Машиныг жил унасны хүү гэж бодоод 10.250.000 төгрөгийг төлсөн. Энэ 4.000.000 төгрөг нь жил хүрэхгүй унасан машины хүү байгаа. Нэхэмжлэгч хоёр дахь жилдээ 20 сар тухайн машиныг унаж байгаа. Би 10 сар унаад 10.250.000 төгрөг төлсөн. Би төлөхгүй. 35.000.000 төгрөг авангуутаа 10.250.000 төгрөгийг нь буцаагаад төлчихөж байгаа. Би өөрөө дахиад хохирсон. Б.Н*******ын унасан хугацааны хүүг хүртэл би төлсөн. Энэ хүн үлдэгдэл хэдэн сараа төлөхгүй, надаар төлүүлэх гээд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдов.
5.Талуудын хооронд автомашин худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, Т.Э******* suzuki jimny /сузуки жимни/ маркийн автомашиныг 65.000.000 төгрөгөөр худалдах, Т.Э******* 35.000.000 төгрөгийг төлж, н.С*******, Т.Э******* нар банкнаас зээл авч зээлээ 30.000.000 төгрөг болтол төлж, банкны зээлийг цааш нь Б.Н******* төлж, автомашиныг барьцаанаас суллаж авахаар тохирчээ.
7.Хариуцагч Т.Э******* уг автомашиныг анх н.Т******* эхнэртээ авч өгнө гэхэд нь би 75.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон, дараа нь н.Т******* Б.Н*******од машиныг өгсөн байсан, би Б.Н*******ыг танихгүй гэж тайлбарлаж байх боловч Б.Н******* Т.Э*******ийн гараашаас өвлийн дугуйтай, бүрэн машиныг авч явсан, 35.000.000 төгрөгийг хоёр хувааж, 20.000.000 төгрөг, 15.000.000 төгрөгөөр Б.Н*******ын данснаас Т.Э*******ийн данс руу шилжүүлсэн нь зохигчдын тайлбар болон дансны хуулгаар тогтоогдож байна.
8.Т.Э*******ийн худалдаж буй уг автомашин тухайн үед банкны барьцаанд байсан, өөрөөр хэлбэл н.С*******, Т.Э******* нарын хоорондын өглөг авлагаас үүдэн н.С******* Голомт банкнаас зээл авч, зээлээ төлж чадаагүйгээс Голомт банк ХК н.С*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх бөгөөд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад н.С*******ын төлөх зээлийн төлбөр болох 46.641.942 төгрөгийг Б.Н******* түүний дансанд шилжүүлснээр зээл төлөгдөж, машиныг барьцаанаас суллаж, Б.Н*******ын нэр дээр шилжиж ирсэн нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
9.Т.Э******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ... н.Т******* 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр н.С*******, н.Т*******, Б.Н******* бид нар уулзаад тохирчихлоо, та 10.250.000 төгрөг төлөх юм байна. н.С******* 1.500.000 төгрөг гэсэн билүү 2.000.000 төгрөг төлөхөөр байна, Б.Н******* үлдсэнийг нь төлөөд машинаа авахаар боллоо, хэдүүлээ хэрүүл хийгээд яах вэ гэж ярилцсан гэхээр нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 10.250.000 төгрөгийг төлөөд бүх юм дууссан гэж бодсон. Гэтэл надаас 4.891.942 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Машиныг жил унасны хүү гэж бодоод 10.250.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч хоёр дахь жилдээ 20 сар тухайн машиныг унаж байгаа. Би 10 сар унаад 10.250.000 төгрөг төлсөн. Б.Н*******ын машин унасан хугацааны хүүг төлсөн гэж маргаж байгаа болно.
10.Гэвч хэргийн баримт, зохигчийн тайлбараас дүгнэж үзэхэд Т.Э******* автомашиныг 65.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон, Б.Н******* 35.000.000 төгрөг төлсөн, улмаар барьцаанд тавьсан автомашиныг суллаж, машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авахын тулд н.С*******, Т.Э******* нарын төлөх зээлийн төлбөр болох 46.641.942 төгрөгийг төлж автомашиныг өөрийн нэр шилжүүлж авсан үйл баримт тогтоогдож байх ба зохигчийн хэн аль нь маргаагүй.
11.Иймд Б.Н******* урьдчилгаанд өгсөн 35.000.000 төгрөг дээр нэмэж 30.000.000 төгрөг төлөхөөс н.С*******ын банкинд төлөх 46.641.942 төгрөгийг төлж нийт 81.641.942 төгрөг төлсөн нь тогтоогдож байх ба Т.Э*******ээс буцаан төлсөн 10.250.000 төгрөг, н.С*******оос төлсөн 1.500.000 төгрөгийг хасахад 69.641.942 төгрөг үлдэж, тэдний тохирсон 65.000.000 төгрөгийг хасахад 4.891.942 төгрөг илүү төлсөн гэж үзэхээр байна.
12.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т ...Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон.. бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Б.Н******* 4.891.942 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч Т.Э*******ээс 4.891.942 төгрөг гаргуулж, Б.Н*******од олгохоор шийдвэрлэв.
13.Хариуцагч Т.Э******* уг мөнгийг Б.Н******* төлнө гэж тохирсон, бид банкны зээлийг төлөхөөр тохирсон, Б.Н******* машиныг жил унасны хүү гэж бодож, 10.250.000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч хоёр дахь жилдээ 20 сар тухайн машиныг унаж байгаа тул түүний машин унасан хугацааны хүүг төлсөн гэж маргаж байгаа боловч тэр талаар тохирсон эсэх, түүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, баримтаар нотлоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н******* Т.Э*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 30.108.058 төгрөг нэхэмжлэхээс татгалзсныг баталсугай.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э*******ээс 4.891.942 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н*******од олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 332.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э*******ээс 78.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН