Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02730 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б И”-ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Болдсайхан нь Г.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байрны 222 тоот хаягт байрлалтай 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг “Б И”-ХХК-д зээлээр авах барааны түр барьцаанд тавьчихаад буцааж өгнө гэж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авч явсан. “Б И”-ХХК болон Ж.Болдсайхан нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 03-04/35 дугаартай барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн бөгөөд “Б И”-ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Болдсайханд холбогдох 75 995 677 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр, 222 тоот хаягт орших 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж, “Б И”-ХХК болон Ж.Болдсайхан нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 03-04/35 дугаартай барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн дүгнэж, “Б И”-ХХК-ийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр, 222 тоот хаягт орших 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00209 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн. Нэгэнт шүүхээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тул маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар, мөн барьцаагаа суллуулахаар “Б И”-ХХК-д удаа дараа хандсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд гарган өгөхгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно”, 56.5 дахь хэсэгт “энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд

1/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030324 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр, 222 тоот хаягт байршилтай 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх.

2/ Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000464567 дугаартай гэрчилгээг хариуцагчаас гаргуулж Г.Б-өд олгохыг “Б И”-ХХК-д даалгуулах тухай шаардлагуудыг гаргасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/01567 дугаартай шийдвэрээр “Б И”-ХХК болон Ж.Болдсайхан нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзээд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэн Ж.Болдсайхан нь хариуцагч компанитай “Гэрээт борлуулагчийн гэрээ” байгуулан манай компаниас бараа материал худалдан борлуулахаар авахдаа Г.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байрны 222 тоот хаягт байршилтай 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэхдээ Ж.Болдсайхан нь Г.Б-өөс 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр авсан итгэмжлэлийн дагуу буюу түүний хууль ёсны зөвшөөрлийн дагуу Г.Б-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байгаа юм. Уг итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр бөгөөд итгэмжлэлээр Г.Б- нь өөрийн өмчлөлийн 9а байрны 222 тоот хаягт байрлалтай 1 өрөө орон сууцыг “Б И”-ХХК-ийн борлуулалтын гэрээний барьцаанд тавиулах, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах, тус гэрээг нотариатчаар батлуулах, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, лавлагаа авах, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар Ж.Болдсайханд олгож, нотариатчаар гэрчлүүлсэн байдаг.

Иргэн Ж.Болдсайханы тус компанитай байгуулсан “Гэрээт борлуулагчийн гэрээ” хүчин төгөлдөр үргэлжилж байгаа, Ж.Болдсайхан нь уг гэрээний дагуу өнөөг хүртэл бараа бүтээгдэхүүн авч байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоод байгаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/01567 дугаартай шийдвэр гарснаас хойш Ж.Болдсайхан нь бараа бүтээгдэхүүн борлуулахаар авсан ба эдгээр бараа бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргээс Г.Б-ийн Ж.Болдсайханд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн итгэмжлэлийн дагуу барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байр, 222 тоот хаягт орших 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй. Уг итгэмжлэл нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хүчинтэй бөгөөд Ж.Болдсайхан нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл уг орон сууцыг барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бүрэн эрхтэй хэвээр байгаа болно. Иргэн Г.Б- нь их хэмжээний бараа материал Ж.Болдсайханаас авч төлбөрийг нь төлөөгүй тул Ж.Болдсайхан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэж байгаа болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” 56.5 дахь хэсэгт “энэ хуулийн 56.1-д заасан “хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг гэж хуулийн зүйл заалтыг дурдсан. Хуулийн энэ заалт нь тухайн хэлцлийн талууд болох “Б И”-ХХК, иргэн Ж.Болдсайхан нарын хоорондын харилцаатай холбоотой болохоос нэхэмжлэгчид хамааралгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/01567 дугаартай шийдвэрээр “Б И”-ХХК болон Ж.Болдсайхан нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзээд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн. Гэтэл хэрэгт хамгийн чухал баримт болох Г.Б-өөс Ж.Болдбаатарт маргааны зүйл болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9а байрны 222 тоот хаягт байршилтай 32.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бусдад барьцаалах эрхийг олгосон 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэл авагдаагүй байсан. Харин өөр орон сууцыг буюу Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам, 104-65 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204059043 дугаарт бүртгэлтэй, 48.97 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалах эрхийг олгосон итгэмжлэл авагдсан байсан. Г.Б-өөс Ж.Болдсайханд олгосон итгэмжлэлийн дагуу Ж.Болдсайхан хугацаа нь дуустал хэдэн ч удаа бусдад барьцаанд тавих эрхтэй байгаа. Манай байгууллагад маргаан бүхий орон сууцны гэрчилгээ нь биет байдлаараа байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хатанбаатар магсаржав гудамж, 9а байрны 222 тоот хаягт байршилтай, 32.98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000464567 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч Г.Б-өд буцаан өгөхийг хариуцагч “Б И”-ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б И”-ХХК-иас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхий шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ заалт нь хэлцэл хийсэн талуудад хамааралтай заалт бөгөөд Барьцааны гэрээ, Гэрээт борлуулагчийн гэрээнүүд нь “Б И”-ХХК болон Ж.Болдсайхан нарын хооронд хийгдсэн хэлцэл юм. “Б И”-ХХК нь Г.Б-тэй ямар нэгэн байдлаар хэлцэл хийгээгүй ба энэ хүнтэй огт харьцаж байгаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Мөн Ж.Болдсайхан нь уг компанитай “Гэрээт борлуулагчийн гэрээ” байгуулан, манай компаниас бараа материал худалдан борлуулахаар авахдаа Г.Б-ийн эзэмшлийн 1 өрөө орон сууцыг албан ёсны итгэмжлэлийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан. Г.Б-ийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ж.Болдсайханд өгсөн итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр итгэмжлэл бөгөөд уг итгэмжлэлээр Г.Б- нь өөрийн эзэмшлийн 1 өрөө орон сууцыг “Б И”-ХХК-ийн борлуулалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс 3 жилийн хугацаатайгаар Ж.Болдсайханд олгож, наториатчаар гэрчлүүлж, уг итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан. Ж.Болдсайханы тус компанитай байгуулсан “Гэрээт борлуулагчийн гэрээ” хүчин төгөлдөр үргэлжилж байгаа бөгөөд уг гэрээний дагуу өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүн авч байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож байгаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаартай шийдвэр гарснаас хойш Ж.Болдсайхан компаниас бараа бүтээгдэхүүн борлуулахаар авсан бөгөөд эдгээр бараа бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулах үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргээс Г.Б-ийн Ж.Болдсайханд итгэмжлэлийн дагуу олгосон 1 өрөө орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн анхан шатны шүүх Ж.Болдсайханыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар захирамж гаргасан боловч түүнээс тайлбар аваагүй, эзгүйд нь хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Ж.Болдсайхан Г.Б-өд 120 000 000 төгрөгийн бараа материал өгсөн ба Г.Б- нь төлбөрийг төлөөгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа. Улмаар шүүгч захирамж гарган 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийг баталгаажуулах үүднээс битүүмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “Б И”-ХХК-д холбогдуулан өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хатанбаатар магсаржав гудамж, 9а байрны 222 тоот хаягт байршилтай, 32.98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000464567 дугаартай гэрчилгээг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 181/ШШ2018/01567 дугаар шийдвэр авагдсан байх ба уг шийдвэрээр “Б И”-ХХК-ийн Ж.Болдсайхантай байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №03/04/35 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж дүгнэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1994 дүгээр магадлалаар хүчингүй болгож, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00209 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 8-16/

 

 “Б И”-ХХК болон Ж.Болдсайхан нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан №03/04/35 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Иймээс шүүх хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний үр дагаврыг арилгахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “Б И”-ХХК-иас Г.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хатанбаатар магсаржав гудамж, 9а байрны 222 тоот хаягт байршилтай, 32.98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000464567 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгчид буцаан өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “...Шүүх иргэн Ж.Болдсайханыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч түүнээс тайлбар аваагүй, мөн шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч талын хүсэлтээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.Болдсайханыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай 102/ШЗ2019/10729 дугаартай захирамж гаргасан байна. /хх 72-73/

 

Улмаар анхан шатны шүүхээс Ж.Болдсайханд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, мөн өдөр хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан, шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан байх тул түүнээс тайлбар аваагүй, түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг шүүхээс хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй юм. /хх 76, 77, 174-176/

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Б И”-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.         

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН