| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2018/0110/Э |
| Дугаар | 0063 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 0063
А.С, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.М Шүүгдэгч А.С, Б.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолтой А.С, Бын Б.Б нарт холбогдох, 1825000570053 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, шүүгдэгч А.С, Б.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Сартуул овгийн А.С, Г овгийн Бын Б.Б.
Шүүгдэгч А.С, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатайнэгдэн 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг “Их хаадын цуваа” ХХК-ний 4-р байранд Г.Ц-д хүч хэрэглэн эд зүйлийг дээрэмдэн авч 399.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Сартуул овгийн А.С, Г овгийн Бын Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.,, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч А.С, Б.Б нарыг тус бүр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар А.С, Б.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Шүүгдэгч А.С, Б.Б нарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СД-ийг хэрэгт хавсаргаж, бор өнгийн гар цүнх, бээлий, үнэртэй усны шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.26-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах нь: Анхан шатны шүүх нь А.Сг өсвөр насны хүн гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзсэн. Энэхүү дүгнэлтэд хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдлийн шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзсан талаар дурдсан. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.д ...21 нас хүрээгүй хүнд энэ хуульд заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга 3 хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно... гэж заасан бөгөөд уг заалтаар А.Сгийн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдлийн шинж, хувийн байдлыг харгалзан хэрэглэх эсэхийг шийдвэрлэх талаар огт заагаагүй. Зөвхөн насны байдал 21 нас хүрээгүй хүнд хэрэглэж болох заалт байна. Иймд хуульд заагаагүй нөхцлийг баримтлан дээрх заалтыг хэрэглэсэнгүй гэж үзэж байх тул А.Сд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу 21 нас хүрээгүй хүнд энэ хуульд заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэсэн заалтыг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү. А.Сд дээрх заалтуудыг хэрэглэж эдлэх хорих ялыг 1 жил 2 сараар тогтоон эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалт нь эдлэхээр тогтоосон дээрх ялыг хоёр дахин багасгах боломжит олгосон заалт бөгөөд А.Сгийн эдлэх 1 жил 2 сар хорих ялыг хоёр дахин багасгах энэ заалтыг хэрэглэж,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.26-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ. Шүүгдэгч А.С давж заалдах гомдолдоо: Миний бие шийтгэх тогтоолтой танилцаад гомдол гаргаж байна. 2018.01.09-ний өдөр Г.Ц-д хүч хэрэглэж дээрэм хийсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Тухайн өдөр Г.Цийн утсыг авахдаа хүч хэрэглэн дээрэм хийж байгаа үйлдлээ бүрэн ухамсарлаагүй, хүч хэрэглэж дээрэм хийе гэсэн санаа зорилгогүй явж байгаад Г.Цтай санамсаргүй тааралдаж, бага зэргийн үл ойлголцол болсны улмаас түүнтэй мууцалдаж, мууцалдсаны улмаас хохирогчид Б.Б хүч хэрэглэхэд таслан зогсоолгүй, дэмжин оролцож гар утсыг нь авсан билээ. Энэ үйлдлээр би дээрэм хийх санаа зорилго байгаагүй байсан учир дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байна гэж тухайн үедээ юу ч бодоогүй гоё утас байсан болохоор авчихмаар санагдаад аваад явсан нь миний буруу байсан бөгөөд би хүний эд зүйл авч болохгүйгээ мэдсээр байж авч байгаа үйлдлээ буруу гэж тухайн үед даанч бодоогүй явсан. Шүүх цагдаа гээд энэ асуудал үүсэх үед Эрүүгийн хуульд заасан дээрмийн гэмт хэрэг хийснээ би ойлгон маш их гэмшиж, хохирогчийг аль болох хохиролгүй болгох гэж хичээсэн ба энэ бүхэнд миний аав ээж, эмээ өвөө маань тусалсан. Гэмт хэрэг хийхгүй гэж бодож байснаас гэмт хэрэг өөрөө үйлдээд хүн хохироож байгаа үйлдлээ тухайн үед ухамсарлахгүй гэмт үйлдсэн намайг уучилж гомдол саналгүй гэж шүү хуралдаанд хэлсэн хохирогчид баярласан. Би сургуульд суралцаж байгаад лам болон шавилан сууж эрдэм суралцаж байсан. Ингэж байхдаа буруу үйлдэл хийж болохгүй гэх зүйлийг заалгаж байсан атлаа өөрийн хийж байгаа үйлдлээ цаг бүрт зөв бурууг тунгаан үзээгүй, дур зоргоор авирлан хүнийг хохироосондоо маш гэмшиж байна. Ялаас хөнгөрүүлж өгнө үү.. гэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: 4 Шийтгэх тогтоолыг уг нь зөвшөөрч байгаа боловч намайг хорихгүйгээр шийтгэж өгнө үү гэж өргөдөл гаргаж байна. Би хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Намайг бага байхад ээж маань Солонгос яваад би аавтайгаа өссөн юм. Ээж маань хааяа утсаар ярьж хувцас хунар явуулж, аав минь намайг эрхлүүлж загнаж зоддоггүй байснаас болоод эрх дураараа өсөөд, хүссэн үедээ гадуур явчихдаг зантай байснаас болоод ийм хэрэгт орсон гэж өөртөө дүгнэлт хийж байна. Надад уг нь дутах юм байхгүй л дээ. Гэхдээ яах гээд л хүний утас авах гээд л хайгаад байснаа, тэгээд утсыг нь авчихаад яагаад хүнийг зодвоо гэж үнэхээр харамсаж байна. Би хохирлыг нь төлж барагдуулсан. Угаасаа бид хоёрын буруу болохоор төлөхөөс өөр аргагүй. Аавыгаа л их гомдоолоо гэж бодож байна. Би 12-р ангиа төгсөөд Улаанбаатар хотод дээд сургуульд орсон боловч аавыгаа, гэрээ санаад шууд сургуулиа орхиод гэртээ хүрээд ирсэн. Ээж маань сургалтын төлбөрийг төлж өгсөн юм. Би өөрийн эрх зангаасаа болоод сургуулиа орхисондоо их харамсаж байна. Би энд хоригдоод маш их юм сонсож мэдлээ..., аймар хэцүү юм байна. .., дахин хэрэг хийж гадуур дэмий тэнэж хэсэхгүй, бас хүний эд зүйлийг авахгүй, хүн зодохгүй, энд ороод хүнд дээрэлхүүлж цохиулж зодуулж үзлээ. Одоо би бүх зүйлийг ойлгосон.., буруугаа хүлээж байна. Намайг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү.. Би маш сайн ажиллаж чадна..., шүүх хуралд өмгөөлөгчийн хамт орохыг хүсч байна гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч А.С, Б.Б нар 2018 оны 01 дүгээр сарын 9 нөөс 10-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр,“Их хаадын цуваа” ХХК-ний 3 дугаар байрны 9 дүгээр давхарт Г.Цийн толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж цүнх, гар утас зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн 399.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдлээрээ хамтарч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон... үйлдэл гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар гэмт хэрэг 5 үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийн заалтыг хэрэглэхээр хуульчилсан.
Шүүгдэгч А.С гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 1 сар 5 хоног, Б.БатИрээдүй гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 3 сар 10 хоногтой байсан тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан ял оногдуулсан нь хууль буруу хэрэглээгүй бөгөөд энэ нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч нар 18 насанд хүрсэн ч гэсэн тэдний сэтгэхүйг өсвөр насны хүний сэтгэхүйтэй гэдгийг нотолсон нотлох баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан ...шүүгдэгч А.С 21 нас хүрээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5.д заасан 21 насанд хүрээгүй хүнд энэ үндэслэл журмын дагуу ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү..., гэсэн давж заалдах гомдол, шүүгдэгч А.С, Б.Б нарын гаргасан ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү..., гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2 .д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Сгийн өмгөөлөгч Х.О, шүүгдэгч А.С, Б.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.ЦЭЦЭГМАА