Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 19

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ

Шүүгдэгч Г овогтой Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  Г.овогтой Г-д холбогдох 1724000010007 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** аймгийн *** суманд *** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ***, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** багийн ***тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Г овогтой Г. /РД:***/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Г овогтой Г нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 2016 оны 12 дугаар сард Завхан аймгийн Их-уул сумын Баян-Ухаа багийн нутаг Элстийн амны Нурамтын зураа хэмээх газрын ойгоос 7.506 м3 хар мод /шинэс/ бэлтгэж ойн санд 526,921 /таван зуун хорин зургаан мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Говогтой Г нь Завхан аймгийн Их-уул сумын Баян-Ухаа багийн нутаг Элстийн амны Нурамтын зураа гэдэг газрын ойгоос 2016 оны 12 дугаар сард зөвшөөрөлгүйгээр 7.506 м3 хар мод /шинэс/ бэлтгэсэн нь хохирогч М.Г, гэрч Б.О, С.Ж, Б.Д, Г.М, Г.М, Г.Насандэлгэр нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тоолуурын хүснэгт, Тарвагатайн нурууны байгалийн цоцгцолборт газрын байгаль хамгаалагчдын эзэмшил талбайн зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Г овогтой Г-ийн зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь шинжээчийн дүгнэлтээр 526921 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж, ойн санд учруулсан хохиролыг тооцоход 1580763 төгрөг болохоор байна.

Шүүгдэгч Г овогтой Г нь ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруугаа болон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзоригоос түүнд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирол болох 1580763 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаа 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр илэрхийлж, хохиогч М овогтой Г-тэй эвлэрсэн баталгааг бичгээр үйлдэж хэрэгт хавсаргасан байх ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон талаараа шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Г овогтой Г-г Завхан аймгийн Их-уул сумын Баян-Ухаа багийн нутаг Элстийн амны Нурамтын зураа гэдэг газрын ойгоос 2016 оны 12 дугаар сард зөвшөөрөлгүйгээр 7.506 м3 хар мод /шинэс/ бэлтгэсэн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Г.Гийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Г овогтой Г-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж прокурорын санал болгосон ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчтой эвлэрч, ойн санд учруулсан 1580763 төгрөгийн хохиролыг 3 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлж, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр баталгаа гаргасан байх тул хохирол нөхөн төлөх хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тогтоож, уг хугацаанд хохиролыг сайн дураараа нөхөн төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогтой Г-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогтой Г-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г овогтой Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ойн санд учруулсан хохирол болох 1,580,763 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор сайн дураараа төлөхийг шүүгдэгч Г овогтой Г-д, төлөгдөөгүй тохиолдолд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэж улсын орлогод /Байгаль хамгаалах санд/ оруулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г овогтой Г-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН