Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02333 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ф К”  ХХК-д холбогдох,

 

Тоёота Ланд круйзер прадо маркийн 67-67 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Ц-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Тоёото, Ланд круйзер прадо маркийн 6767 УБС улсын дугаартай автомашины өмчлөх эрхээ “Ф К”  ХХК-д шилжүүлэн 6 000 000 төгрөг 6 сарын хугацаатай, 5.5 хувийн хүүтэй зээл авсан. Тус гэрээгээр үндсэн зээл, хүүгийн хамт 7 980 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба үндсэн зээл 2 810 000 төгрөг, хүү 1 980 000 төгрөгөө хуваарьт зааснаар төлсөн, үндсэн зээлээс үлдэгдэл 3 190 000 төгрөгийг төлье гэж 2018 оноос хойш удаа дараа очиж гэрээний хугацааг сунгах талаар уулзсан боловч хариуцагч 13 588 000 төгрөг төлж барьцаагаа ав гэсэн шаардлага тавьж, үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн ба автомашиныг зарж үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн тул өмчлөх ашиглах эрхийг минь зөрчиж байх тул уг тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ц- нь “Ф К”  ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр БЗГ170833 тоот зээлийн гэрээг байгуулсан ба уг гэрээгээр 6 000 000 төгрөгийг сарын 5.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хугацаандаа төлж байгаагүй. Ц.Ц-ыг төлбөрөө төлж барагдуулах, зээлээ хаахыг удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш огт холбогдоогүй, зээлээ төлөхөө байсан тул бид БЗГ170833 тоот зээлийн гэрээг хаах зорилгоор БЗГ170833-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох 6767 УБС улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо автомашиныг иргэн Э.Түмэн-Өлзийд 4 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг туунд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 235.6-д “Үүрэг хүлээгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгийн өмчлөх эрхийг фидуцийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн бол гуравдагч этгээд нь энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан хөрөнгө иттэмжлэх гэрээний журмаар уг эд хөрөнгийг үүрэг хүлзэгчийн эрх ашгийн үүднээс өмчилж, удирдана” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ф К”  ХХК-иас Тоёото, Ланд круйзер прадо маркийн, 67-67 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлж, нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхий шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Учир нь хариуцагч зүгээс хариу тайлбартаа тухай автомашиныг Э.Түмэн-Өлзийд худалдан борлуулсан талаар шүүхэд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс Э.Түмэн-Өлзийтэй гэрээ хийсэн талаарх баримтуудыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн. Үүний дагуу Э.Түмэн-Өлзийг эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдээр татан оролцуулах боломжтой байсан хэдий ч оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн Ц.Ц- нь  нийт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг төлөхдөө шүүх хуралдааны процессын явцад буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу Ц.Ц- нь сар бүр хүүгийн төлбөрөө төлж байсан. Уг төлбөрийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаа хэтрүүлсэн хоногийг 0,5 хувиар тооцон алданги төлөх үүрэгтэй. Гэтэл тухайн төлбөрийг алдангид суутган тооцох, зээлийн тооцооллыг буруу хийж шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч “Ф К”  ХХК-д холбогдуулан 67-67 УБС улсын дугаартай Тоёота Ланд круйзер прадо маркийн тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө төлж барагдуулах, зээлээ хаахыг удаа дараа шаардаж мэдэгдсэн, тээврийн хэрэгслийг иргэн Э.Түмэн-Өлзийд худалдсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг маргаан бүхий тээврийн хэрэгслийг Э.Түмэн-Өлзийд худалдан борлуулсан гэж тайлбарлан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх, хэрэгт ач холбогдол бүхий болох нь тогтоогдохгүй гэж дүгнэн хангахаас татгалзсан захирамж гаргасан нь үндэслэл муутай болжээ.

 

Тээврийн хэрэгсэл хэний эзэмшил, ашиглалтад байгааг тодруулж, хэргийг хянан шийдвэрлэхэд эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг анхаарч үзэх нь талуудын тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүхээс шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэхэд чухал ач холбогдолтой болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ф К”  ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН