| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/1030/3 |
| Дугаар | 128/шш2024/0109 |
| Огноо | 2024-02-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 128/шш2024/0109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А*******ын М*******,
Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс,
Маргааны төрөл: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/751 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 508 дугаар албан бичгүүд нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д******* /цахимаар/, хариуцагч Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.А.М*******аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст тус тус холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 508 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, 3 тэмцээн уралдааны мөнгөн урамшуулал гаргуулах, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/751 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 508 дугаар албан бичгийг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/751 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, 3 тэмцээн уралдааны мөнгөн урамшуулал олгохыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгуулах” гэж тодруулжээ.
3.Нэхэмжлэгч А.М******* нь харааны бэрхшээлийн улмаас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд 2010 онд Хятад улсын Гуанжоу хотод зохион байгуулагдсан зуны спортын Азийн наадамд -66 кг жинд мөнгөн медаль, 2017 онд Арабын нэгдсэн Эмрайт улсын Абу-Даби хотноо зохион байгуулагдсан Пара Жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль, 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан Азийн паралимпод оролцож -66 кг жинд хүрэл медаль, 2019 онд Америкийн Нэгдсэн Улсын Фойрдвен хотноо зохион байгуулагдсан олон улсын хараагүйчүүдийн спортын дэлхийн наадамд оролцож -66 кг жинд алтан медаль авч тус тус хүртсэн байна.
4.Өмнө нь А*******ын М*******аас хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт даалгах” гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0487 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж, шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 508 дугаар албан бичгээр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/751 дугаар албан бичгүүдээр 3 тэмцээн уралдааны мөнгөн урамшуулал олгохыг татгалзсан гэж маргажээ.
6.Нэхэмжлэгч А.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин А.М******* миний бие нь дэлхийн зэрэглэлийн тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан буюу 2010 онд Хятад улсын Гуанжоу хотод зохион байгуулагдсан зуны спортын Азийн наадамд мөнгөн медаль, 2017 онд Арабын нэгдсэн Эмрай улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Пара жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль, 2019 онд АНУ-ын Фойрдвен хотноо зохион байгуулагдсан хараагүйчүүдийн спортын дэлхийн наадамд алтан медаль хүртсэн.
2/Ийнхүү амжилт гаргасантай холбогдуулан хуульд заасан эрхээ эдлэхээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний удаагийн мөнгөн урамшуулал олгоно" гэж заасны дагуу харьяа дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн боловч тус хэлтсээс хуульд заасан мөнгөн урамшуулал нь зөвхөн нэг удаа олгогдох тул дахин олгох боломжгүй гэсэн. Гэтэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан нэг удаагийн гэдэг нь дөрвөн жилд ногдох тэтгэвэр тэтгэмжийг нэг удаа олгох уу, хоёр удаа олгох уу, бөөнд нь олгох уу гэсэн хугацаа заасан утга агуулга бүхий нөхцөл болно. Өөрөөр хэлбэл өмнө нь урамшуулал авч байсан иргэн дахин тэмцээн уралдаанд оролцож, хуулийн шаардлагыг ханган амжилт үзүүлсэн тохиолдолд урамшуулал авах боломжтой зохицуулалт юм. Энэ талаар Яамнаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 1/251 тоот албан бичгээр чиглэл өгсөн байдаг.
3/Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт энэ асуудлаар гомдол гаргахад доод шатны байгууллагаас өөр утга агуулга бүхий буюу манай яам, газрын шийдвэрлэх асуудал биш журамд нэмэлт өөрчлөлт орсноор мөнгөн урамшууллыг Биеийн тамир, спортын улсын хороонд хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой гэсэн.
4/Гэтэл Биеийн тамир, спортын улсын хорооноос уг мөнгөн урамшууллыг манайх хариуцах боломжгүй Засгийн газрын журам шинэчлэн батлах тухай тогтоол манайд хамааралгүй гэснээр хөгжлийн бэрхшээлтэй тамирчин би хуульд заасан урамшууллыг хаанаас авах нь тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдалд ороод байна.
5/Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
хэлтсийн 2023 оны 4 сарын 05-ны өдрийн 508 тоот албан бичиг болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 6 сарын 05-ны өдрийн 01/751 тоот албан бичгүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн миний хуульд заасан урамшуулал авах эрхийг зөрчсөн болохыг Биеийн тамир, спортын улсын хорооноос ирсэн 2023 оны 8 сарын 25-ны өдрийн 1/685 тоот албан бичгийг 2023 оны 9 сарын 01-ний өдөр хүлээж авснаар мэдсэн болно.
6/Дээрх 2 захиргааны актыг хүчингүй болгосноор миний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээр байх тул Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 4 сарын 05-ны өдрийн 508 тоот албан бичиг болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 6 сарын 05-ны өдрийн 01/751 тоот албан бичгүүдийг хүчингүй болгож, 3 тэмцээн уралдааны мөнгөн урамшууллыг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Тус хэлтсийн тухайн албан бичиг нь дээд шатын захиргааны байгууллагаас олго гэсэн чиглэл өгсөн, өгөөгүй нь тодорхойгүй байсан ч тухайн хэлтсийн албан бичиг нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулж байгаа учраас энэ нь яг тухайн доод шатын захиргааны хэлтсийн бие даасан захиргааны акт гэж үзэж нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ татгалзсан албан бичигт үндэслэлээ хуульд нэг удаа урамшуулал олгохоор заасан байна. Ийм учраас дахин олгох боломжгүй. Бид 2018 оны Жакартагийн тэмцээн уралдааны урамшууллыг танд олгосон учраас дахин олгох боломжгүй гэсэн үндэслэлээр татгалздаг. Гэтэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль нь 2016 онд шинэчлэгдэн батлагдаад мөрдөгдөж байгаа. Тухайн 2016 онд хууль батлагдсанаас хойш харьяалах яамны сайдаас нь журам гаргадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-д заасан зохицуулалтыг юу гэж ойлгох юм бэ, яаж хэрэглэх юм бэ гэдэг талаар журам гаргаад одоо доод шатын байгууллагууддаа чиглэл өгөөд байдаг. 2 удаагийн чиглэл байдаг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/22622 дугаартай аргачлал, чиглэл хүргүүлэх тухай, мөн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/251 дугаартай чиглэл өгөх тухай албан бичгүүд байдаг. Эдгээр албан бичгүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан урамшууллыг зөвхөн нэг удаагийн тэмцээн гэж ойлгохгүй, эхний тэмцээнд оролцоод тухайн урамшууллыг авсны дараа дахиад өөр тэмцээн уралдаанд оролцоод болзол шаардлагыг хангах юм бол тухайн тэмцээн уралдааных нь давтамжийн хугацаатай тэнцэх ногдох, одоо урамшууллыг нь бол олгоод явна гэсэн чиглэлийг өгсөн байдаг. Гэтэл тус хэлтсээс яагаад дахин олгохгүй гээд байгаа нь дээд шатны байгууллагынхаа яамны чиглэл, хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл байна гэж харж байна. Мөн нэг удаа олгох ёстой. Энэ бол олон удаа олгох зохицуулалт биш гэдэг асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэж байгаа.
А.М******* өмнө нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулаад нэхэмжлэл гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүх 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 487 дугаар шүүхийн шийдвэрээр шийдсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэрээр хэргийг шийдэхэд хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ ерөнхийдөө хууль болохлоор тухайн урамшууллыг ямар сангаас яаж олгох вэ гэдэг зохицуулалт нь байхгүй, тодорхойгүй байна. Ийм учраас олгох боломжгүй байна. Нийтдээ 4 удаагийн тэмцээний одоо урамшуулал авахаар хандсан байгаа боловч хуульд нэг л удаа олгоно гэсэн зохицуулалт байдаг гээд энэ нэг удаа олгох юм уу? 2 удаа олгох юм уу? Гэдэг зохицуулалт гэдэг дээр нь мөн адил маргаад явдаг. Энэ нь тухайн хэргийг шийдсэн шийдвэрийн шийдвэр болон хурлын тэмдэглэл дээр нь тодорхой тусгагдсан байгаа. Шүүх шийдвэрлэхдээ нэг удаагийн зохицуулалт гэж үзэх боломжгүй байна. Хэдэн ч тэмцээн уралдаанд оролцоод тухайн болзол шалгуурыг нь хангах л юм бол тухайн тэмцээнийх нь давтамжийн хугацаанд ноогдох нэг удаагийн урамшууллуудыг нь олгоод явах нь зөв байна гэж шийдвэрлэсэн байдаг. Ийм учраас нэгэнтээ шүүхийн шийдвэрт тусгагдсан асуудлаар татгалзлын үндэслэл болгоод байгаа учраас энэ шийдвэрийг нь хууль бус гэж бол үзэж байгаа.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулаад 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 01/751 тоот албан бичгийг бол хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Энэ албан бичгээрээ урамшууллыг аль сангаас олгох нь тодорхойгүй байна гээд өмнө нь шийдсэн асуудал дээр өгсөн хариу тайлбараа мөн өгөөд байдаг. Мөн Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 24 дүгээр тушаалаар хөрөнгийн эх үүсвэрийг шийдсэний үндсэн дээр 2018 оны урамшууллыг олгож байсан. Тийм учраас дахиж ийм шийдвэр гараагүй учраас олгох боломжгүй. За мөн цаашид Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолд өөрчлөлт ороод энэ асуудлыг Биеийн тамир, спортын улсын хороо шийдвэрлэх боломжтой болсон гэсэн хариу өгсөн боловч бид Биеийн тамир, спортын улсын хороонд хандахад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-д заасан урамшууллыг бид нар олгох боломжгүй тухайн чиглэлийн хуульд заасан эрх хэмжээ, чиг үүргийнхээ хүрээнд яам шийдвэрлэх боломжтой. Бид 173 дугаар тогтоолоор холбогдох мөнгөн шагналыг олгоод явж байгаа гэдэг хариуг өгсөн байгаа. Энэ албан бичгийг өнөөдөр шүүх хуралдаанаас өмнө захиргааны хэргийн шүүх рүү бол мэйлээр явуулаад, эх хувийг шууданд хийчихсэн байгаа.
Ерөнхий газрын албан бичгийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны урамшууллыг сайд 2021 онд тушаал гаргаад Засгийн газрын тогтоолын дагуу хөрөнгийн асуудлыг шийдсэн учраас бид нар олгож байна гэдэг. Гэтэл Засгийн газрын 2021 оны тогтоол болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны тушаалыг нь үзэхлээр Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох урамшууллын хөрөнгийн асуудлыг танайх зохих сангаасаа шийдвэрлэ, энэ зөвшөөрлийг нь бид олгож байна гэдэг чиглэл өгсөн байдаг. 2018 оны урамшууллыг 2021 онд олгохдоо ерөөсөө л нийгмийн халамжийнхаа сангийн тэр тодорхой хөрөнгөөс л урамшууллыг олгосон юм. Өөр ямар нэгэн Засгийн газрын юм уу, Ерөнхийлөгч юм уу дэмжлэгээр өөр зохицуулалтаар эх үүсвэрийг нь шийдээгүй байдаг юм. Үүнийг дурдах нь зүйтэй. Анхнаасаа л хөдөлмөр, нийгмийн хамгааллынхаа сангаас тодорхой сангаас л гаргачихсан байгаа учраас энэ урамшууллыг өмнө нь ямар сангаас гаргаж байсан юм тэр сангаасаа, хэрвээ тухайн санд нь мөнгө байхгүй бол холбогдох дээд шатын байгууллага төсөв дээр тодотгол хийгээд хөрөнгийнх нь асуудлыг тусгуулаад шийдүүлээд ингээд олгох боломжтой зохицуулалт гэж үзэж байна.
Мөн Засгийн газрын 2018 оны 173 тогтоолд 2 удаа шинэчлэл орсон байдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-д заасан урамшууллыг Биеийн тамир, спортын улсын хороо бол хариуцна гэсэн зохицуулалт ерөөсөө байдаггүй. Энэ 2018 оны 173 дугаар тогтоол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн 33.4 дэх зохицуулалт тус тусдаа зохицуулалт юм. Яагаад тус тусдаа зохицуулалт гэж үзээд байна вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн чинь өөрөө бусад иргэдийг бодох юм бол нийгмийн хүрээнд өөрөө бие дааж асуудлаа шийдвэрлэх боломжгүй учраас эрх зүйт төрийн зарчмын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхээр хууль тогтоомжид зааж өгч байгаа. Үүний нэг илрэл нь нөгөө 33.4-д заасан урамшуулал юм. Ийм учраас Ерөнхий газрын 6 сарын 5-ны өдрийн албан бичгийг үндэслэлгүй юм гэж үзэж байгаа. Тэгэхлээр А.М*******ад холбогдох 3 тэмцээнийх нь урамшууллыг бол олгож шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна” гэв.
7.Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн урамшуулал олгоно” гэсний дагуу зөвхөн нэг удаа олгогддог урамшуулал бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2021/0487 дугаартай шийдвэрийн дагуу зохих урамшууллыг нэхэмжлэгч А.М*******ад олгосон.
2/Ингэхдээ тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал гарч урамшуулал өгөх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж байсан бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох урамшууллыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлэхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхнаасаа гаргаж явсан шийдвэрийнхээ дагуу тайлбараа хэлж байх шиг байна. Би зарим зүйл дээр арай өөр тайлбар өгмөөр байна. Өмнөх маргаантай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийнхээ шаардлагыг хангуулаад явсан. Түүн дээр яг тодорхой дурдаад явсан. Тэгэхээр г энэ процесс маань яг ижилхэн байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа ганц хоёрхон л асуудал байна. Энэ дээр албан бичгийг одоо хүчингүй болгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл бид хэм хэмжээ тогтоосон захиргааны акт үйлдэж гаргаагүй. Тэгэхээр тухайн хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой асуудал яригдаж байсан. Одоо шийдвэрлэх процесс нь явж байгаа учраас хүлээн авах боломжгүй. Гуанжоугийн наадмыг яагаад оруулаад байгаа юм бэ? Гуанжоугийн наадмыг боломжгүй гэж үзэж байна. Учир нь 173 дугаар тогтоол 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн хүн маань 2010 онд зохион байгуулагдсан тэмцээн байна. Тэгэхээр энэ цаг хугацаа, цаглавар тухайн урамшуулал шагнал, манай сангуудаас гарах тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой иймэрхүү асуудал шийдэгдэх гэж байгаа учраас энэ гарсан оноосоо хойших тэмцээнүүд дээр энэ асуудлыг яривал яасан юм бэ гэсэн санал хэлмээр байна. Арабын Нэгдсэн Имрат улсын Абудаби хотноо болсон тэмцээн 2017 онд болсон байна. Тэгэхээр энэ журам батлагдсанаас өмнөх асуудал болж хувираад байна. Америкийн нэгдсэн улсад болсон тэмцээн 2019 онд болсон тэмцээн учраас боломжтой гэж үзэж байна. Учир нь өмнөх яг энэ маргаанаар асуудал ингээд шийдэгдээд ирсэн. Дээрээс нь энэ асуудлыг шийдлээ гэхэд манай байгууллага ямар халамжийн сангаасаа гарах юм уу, тэтгэвэр тэтгэмж бусад сангуудаасаа гарах зохицуулалт нь яг үнэндээ ерөөсөө байхгүй байгаад байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрээр төсвийн ерөнхийлөн захирагчийн чиглэл өгсний дагуу л сангийн хөрөнгөөс гаргаад явсан. Тэгэхээр шүүх хаана ямар сангаас гаргаад энийг явуулах юм бэ гэдэг тал дээр бас илүү шийдвэрлэж зааж өгөөч гэсэн л хүсэлтэй байна” гэв.
8.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
Иргэн А.М******* нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал”-ыг 3 удаагийн тэмцээн уралдаанд оролцсон тоогоор авах тухай нэхэмжлэх шүүхэд гаргасан байна.
Дээрх урамшууллыг иргэн А.М******* нь 2022 онд авсан бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст дахин энэ урамшууллыг авах өргөдөл хүсэлт гаргаагүй, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлт тусламжид тухайн урамшуулал байхгүй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1046 тоот чиглэлийн 3-т "Нийгмийн халамжийн сангаас дээрх урамшууллыг өмнө нь авсан иргэнд давхардуулан олгохгүй байхад анхааран ажиллах" тухай чиглэл зэргийг тус тус үндэслэн мөнгөн урамшууллыг дахин олгох боломжгүй юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т нэг удаа бүртгэнэ гэсэн өгүүлбэр байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, параолимп гэх мэт дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшууллыг гэж заасан учраас болохгүй гэж үзсэн байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд бүх хуулийг л бүх л байгууллага хэрэгжүүлж ажилладаг. Манай Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Нийгмийн халамжийн сангаас олгогдох, нийгмийн халамжийн сангаас гарах бүхий л хөнгөлөлт тусламжуудыг зааж өгсөн байдаг. Энэ дотор яг энэ урамшуулал бол байхгүй, Мөн 2020 онд өргөдөл гаргаад 2022 онд энэ хүн мөнгөө авсан. Түүнээс хойш дахиж өргөдөл ирүүлээгүй байна. гар өргөдөл, цаасан өргөдөл, бичиг баримт хавсаргах тийм бичиг баримтууд ирүүлээгүй учраас манай нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа олгох журмын 4.1-д тэтгэвэр, тэтгэмжийг иргэний хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, хуулиар тогтоогдсон бусад эрх нь дуусгавар болсон өдрийг хүртэлх хугацаанд нас барсан тохиолдолд нас барсны дараагийн цагийг дуусгах хүртэлх хугацаанд олгоно гээд бас заасан байдаг. Тиймээс олгох боломжгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
1.Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 508 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, 3 тэмцээн уралдааны мөнгөн урамшуулал олгохыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно”, 33.5-т “Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, хүүхэд олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд Засгийн газраас баталсан жишгийн дагуу мөнгөн урамшуулал олгоно” гэж тус тус заажээ.
1.2.Нэхэмжлэгч А.М******* нь 2010 онд Хятад улсын Гуанжоу хотод зохион байгуулагдсан зуны спортын Азийн наадамд мөнгөн медаль, 2017 онд Арабын нэгдсэн Эмрайт улсын Абу-Даби хотноо зохион байгуулагдсан Пара Жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль, 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан Азийн паралимпод оролцож хүрэл медаль, 2019 онд Америкийн Нэгдсэн Улсын Фойрдвен хотноо зохион байгуулагдсан олон улсын хараагүйчүүдийн спортын дэлхийн наадамд оролцож алтан медаль авч тус тус хүртжээ.
1.3.Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 508 дугаар албан бичгээр “А.М******* нь 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан Азийн паралимпын 3 дугаар наадамд оролцон хүрэл медаль авсан амжилт үзүүлэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу нэг удаагийн урамшууллыг авсан тул дахин олгох боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.
1.4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2021оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “ Чиглэл хүргүүлэх тухай” 3/1046 дугаар албан бичгийг Аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийн хавсралтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан тэмцээнд оролцож амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох урамшууллын жагсаалтыг гаргаж, жагсаалтын 27 дугаарт А.М*******ад /2018 оны 10 дугаар сарын 02-13-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта хотод зохион байгуулагдсан Азийн Пара 3-р наадамд жудо бөхийн төрлөөр оролцож хүртэл медаль хүртсэн/ гэж, 14.400,000 төгрөгийг олгожээ.
1.5.Хариуцагчаас нэхэмжлэгчийг өмнө нь нэг удаагийн урамшууллыг авсан гэх үндэслэлээр дахин урамшуулал олгохоос татгалзсан шийдвэр нь хуульд нийцээгүй байна.
1.6.Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д ...өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, ...хуульд заасан ...мөнгөн тусламж авах эрхтэй гэж зааснаар Хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхийнх нь хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох”-оор хуульчилж өгсөн.
1.7.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам"-ын 2 дахь хэсэгт “Тамирчинд мөнгөн шагнал олгох”, 2.1-д “Журмын 1.3-т заасан тэмцээн, наадамд амжилттай оролцсон тамирчин, түүний дасгалжуулагчдад спортын тэмцээн, наадмын ангилал, тэмцээнд оролцсон тивийн төлөөлөл, тухайн жин, зайд оролцсон орны өрсөлдөгч тамирчны тооноос хамааран доор дурдсан хувь, хэмжээгээр мөнгөн шагнал олгоно”, 2.3-т “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан тэмцээний ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно” гэж заасан.
1.8.Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзвэл тэмцээн тус бүрийн амжилтыг үнэлж, урамшуулал олгохоор заасан бөгөөд өмнө нь өөр тэмцээний урамшуулал олгосон гэх үндэслэлээр дахин олгохоос татгалзаж байгаа нь хууль бус байна.
1.9.Нөгөөтэйгүүр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Нийгмийн халамжийн сангаас олгогдох, нийгмийн халамжийн сангаас гарах бүхий л хөнгөлөлт тусламжуудыг зааж өгсөн байдаг. Энэ дотор яг энэ урамшуулал бол байхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
1.10.Тодруулбал, тухайн харилцааг илүү нарийвчилсан зохицуулалт буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д зааснаар зохицуулах бөгөөд оролцсон тэмцээн тус бүрийн давтамжийн хугацаанд ногдох нэг удаагийн мөнгөн урамшууллыг нийгмийн халамжийн санд тусгасан эсэхээс үл хамаарч олгох учиртай.
Иймд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Харин нэхэмжлэгчийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/751 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
2.1.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/751 дүгээр албан бичгээр “...Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан тэмцээнд оролцож амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын дагуу Биеийн тамир, спортын улсын хороонд өргөдөл хүсэлтээ хүргүүлэн шийдвэрлүүлэхээр заасан. Иймд таны өргөлийн дагуу нийгмийн халамжийн сангаас тус урамшууллыг олгох боломжгүй” гэх агуулгатай хариу албан бичгийг нэхэмжлэл гаргагчид өгчээ.
2.2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий асуудлаар өргөдөл, хүсэлт гаргасныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 01/751 дүгээр албан бичгээр хариу өгсөн байх ба уг албан бичиг нь дангаар эрх зүйн шууд үр дагавар бий болгохгүй.
2.3.Өөрөөр хэлбэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэж, дээрх албан бичгээр нэхэмжлэгчид хариу хүргүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэж заасны дагуу А.М*******аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасныг баримтлан А.М*******аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/751 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсугай.
2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.М*******ын нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 508 дугаар албан бичгийг хүчингүй болгож, 3 тэмцээн уралдааны мөнгөн урамшуулал олгохыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ