Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 20

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр

Шүүгдэгч Т овогтой А, Б овогтой А

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогтой А, Б овогтой А нарт холбогдох эрүүгийн 1724000010001 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ** аймгийн ** сумын ** баг хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т овогтой А /РД:**/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, **, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ** аймгийн ** сумын ** баг хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой А РД:**

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т овогтой А, Б овогтой А, хохирогч Т овогтой Д нар нь 2017 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багт байрлах Б овогтой А-гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, зодолдон шүүгдэгч Т овогтой нь Б овогтой А-гийн толгойн тус газарт модоор цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б овогтой А нь Т овогтой Д-гийн нүүр, хэвлий, цээжин тус газарт нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т овогтой А, Б овогтой А, хохирогч Т овогтой Д нар нь 2017 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багт байрлах Б.Азсайханы гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, зодолдон шүүгдэгч Т овогтой нь Б овогтой А-гийн толгойн тус газарт модоор цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б овогтой нь Т овогтой Д-гийн нүүр, хэвлий, цээжин тус газарт нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүд тус тус үйлдсэн болох хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтогдож байна. Үүнд:

 

   Хохирогч Б.А-ийн: “...2017 оны 7 дугаар сарын 17-18-нд манай гэрт Азбаяр эхнэртэйгээ ирээд ганц хоёр пиво уусан. Тэгээд удалгүй Д эхнэртэйгээ хамт ирж мөн Мийг гэрээс нь дуудаж хамт ууцгаасан... Үлдсэн архиа ууж байгаад  А эхнэртэйгээ маргаад морио унаад явна гэхлээр нь би ааштай мориор явах гээд яах билээ гээд хорьсон чинь үгэнд орохгүй байсан. Гэрийн урд түүн дээр явуулахгүй гээд суучихсан байсан чинь Д буцаж ирээд босооч, нааш ир гэж дуудсан. Тэгэхээр нь Д руу явж байтал  араас хүн цохьчих шиг болсон. Тэгээд л ухаан балартаад юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход А өшиглөөд байгаа бололтой байсан юм...Тэгэхэд миний биед зүүн чихнээс цус гоожсон, зүүн шанаа хацар хавдсан, биеийн гадна хэсэгт хөхөрч зулгарсан байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 35-38-р хуудас/,

 

   Хохирогч Т.Д-ийн: “...Би Мтэй маргаан үүсгэж гэрийн гадна гартал Азсайхан намайг нэг удаа гараараа цохисон. Азсайхан миний зүүн талын нүдэн дээр цохьсон. Тэгтэл Азсайхны эхнэр бид 2-ыг салгаж, эхнэр Сувдаа нь намайг дараад хэвтэж байхад ирээд 2-3 удаа хөлөөрөө нүүр рүү цохисон. Тэгээд  бид хоёр салсан. Дахин түүнтэй муудалцах гэхэд Азсайхан миний уруул руу гараараа татаж нэг цохиод, нэг өшиглөсөн. Тэгээд л би босоод Азсайхан, Азбаяр нар эхнэрүүдтэйгээ гэр рүү  орчихоор нь би эхнэр Мөнгөнтуяаг суулгаад мотоцикльтой явж байгаад гэрэлгүй мотоцикльтой ус руу уначихна гэж бодоод тэднийхээс 1 км гаран яваад голын захад унтчихсан. Үүр цайхын алдад хүмүүс орилолдох чимээнээр сэрээд  Азсайханы гадна хүмүүс орилолдохоор нь яваад очсон чинь Азбаярын дээр Азсайхан хоолойг нь боочихсон. Азбаяр муухай орилоод байж байсан. Тэгэхээр нь би Азсайханыг салгаж аваад би урд нь гарчихсан. Эргээд харсан чинь Азбаяр гартаа мод барьчихсан бидэн рүү дөхөөд ирж явсан. Хүүе гэж орилтол Азсайхан газар уначихсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 40-43-р хуудас/,

          Гэрч Х.Мөнхтөрийн: “...2017 оны 7 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Азсайханы гэрт орсон. Тухайн үед Азбаяр, Давхарбаяр нар хоёр эхнэрийн хамт архи ууж байсан... Удалгүй Давхараа бид хоёр муудалцаж гэрээс гарч гэр гэрийн зүг явсан... Өглөө үүрээр унтаж байхад Азсайхан манай гэрийн үүдэнд ирээд намайг дуудаад гарсан чинь гэрийн үүдэнд ганцаараа сууж байсан. Тэгэхэд зүүн шанааны хэсгээс цус гарчихсан байсан ба би түүнийг гэртээ оруулсан... Азбаяр толгой руу модоор цохьсон гэж хэлж байсан ба юунаас болсон талаараа яриагүй... Зүүн чихнээс нь цус гарсан байсан. Би эхлээд бол шанаанаас юм байна гэж харсан. Өөр гэмтэл байсан эсэхийг анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 48-49, 66-67-р хуудас/,

            Гэрч Д.Мөнгөнтуяагийн: “...Давхарбаяр нь Азсайхан намайг цохьчихлоо гэхлээр нь би гадаа харанхуй байсан учраас гар утасны гэрлээ асааж харсан чинь түүний нэг нүд тагларчихсан, дээд уруул нь домбойчихон байсан. Тэгэхээр нь би нөхрөө аваад харья гээд л мотоциклоо асаагаад явж тэднийхээс 1 км орчим зайтай голын захад очиж унтсан. Харин Азсайхан, Азбаяр нар эхнэрүүдтэйгээ үлдсэн. Нэг мэдсэн чинь хүмүүс орилолдоод гадаа гэгээ гарчихсан байхлаар нь сэрж босоод нөгөө хэд бас муудалцаад байх шиг байна очиж салгаад явъя гэхлээр нь би нөхөртэйгээ буцаж Азсайханыд ирсэн чинь тэдний гэрийн урд талд Азбаярыг Азсайхан дээр нь дарчихсан хоёр эхнэр нь Азсайханыг салгах гээд хүчрэхгүй байгаа бололтой байсан. Тэгсэн манай нөхөр Давхарбаяр Азсайханыг татаж босгоход Азбаяр босоод морь руугаа чигтээ явж байсан. Тэгсэн л Давхарбаяр хүн алчихлаа гээд орилохоор нь харсан чинь Азбаярын гарт нэг нарийхан шургаагны үзүүр гэмээр мод барьчихсан байсныг би салгаад гэрийн урд руу шидчихсэн. Тэгсэн газарт Азсайхан уначихсан Давхарбаяр түүнийг сэгсрээд байж байхад Азсайхан босоод гэр рүүгээ орчихсон...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 50-52, 64-65 дугаар хуудас/,

            Гэрч Х.Мөнхтуяагийн: “...“...2017 оны 7 дугаар сарын 18-ны өглөө залуучууд орилолдоод байхаар нь гараад хартал Азсайхан нь зодуулсан Мөнхтөрийн гадна сууж байхаар нь гэртээ оруулж унтуулсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 53-р хуудас/,

            Гэрч Д.Өлзийнэмэхийн: “...Давхараа гэр рүүгээ явахгүй буцаж орж ирсэн. Тэгэхэд Азсайхан Давхараа ахыг цохисон байсан. Тэрнээс болж Азбаяр миний ахыг цохилоо гэж Азсайхан ах руу дайрсан. Тэгтэл Азсайхан ах боон унагааж би салгахад миний уруул руу нэгнийх нь гар орж ирээд цохисон. Удалгүй Давхараа ах ирж салгаад би доош хараад сууж байтал Азсайхан уначихлаа гэж хэлээд эргээд хартал Азсайхан ах доошоо унасан байсан. Би хэн ингэсэн талаар асуухад манай нөхөр Азсайханыг цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 54-55-р хуудас/

            Гэрч Л.Алтансувдын: “...Давхарбаяр, Төөжий хоёр баруун талын орны тэнд маргалдаад байхлаар нь манай нөхөр очоод гадаа гарч маргалд гээд гаргасан. Тэгсэн гадаа Давхарбаярнь манай нөхөр рүү чи яах гээд байна гээд томроод байсан. Тэгэхээр нь би Давхарбаярыг чи боль гээд бүснээс нь зүүгдчихсэн байсан чинь намайг тавиулах гээд шавхуурдаж унагаагаад дээр суучихсан чинь манай нөхөр Давхарбаярыг чи манай авгайг дараад уначихсан байна шүү дээ гээд түүнийг хоёр удаа цохьсон байх тэгээд л Давхарбаяр босож ирээд дахиад л барьцалдах гээд байхлаар нь больцогоо гээд Давхарбаяр эхнэртэйгээ яваад өгсөн...Өлзийнэмэх Азбаяр хаашаа ч хамаагүй явчихна чи түүнийг унтуулаадхаарай гэсэн. Тэгтэл л Азбаяр нь морьтойгоо явна гээд гэрээс гарсан. Тэгсэн манай нөхөр явуулахгүй гэснээс болоод тэр хоёр гадаа гэрийн зүүн урд талд барьцалдаад Азбаяр нь доор нь Азсайхан нь дээр нь гарчихсан байсан чинь Давхарбаяр эхнэртэйгээ буцаад ирчихсэн байсан. Тэгээд чи яагаад наад хүнээ дарчихсан юм бэ гээд Азсайханыг дээрээс нь салгаад босгосон. Тэгсэн л Азбаяр морь руугаа чигт явж байгаад буцаж ирээд манай нөхөрийг гэр рүүгээ явж байхад нь араас нь ирээд толгой руу нь цохьсон чинь манай нөхөр газарт уначихсан...өмнөх  мэдүүлэг дээр сандарч урд хойно нь хэлж ярьсан байсан Давхарбаяр нь салгаад л босгосон юм...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 56-57, 61-62-р хуудас/

            Гэрч Б.Батсайханы: “...2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 30 минутын орчимд сумын хүн эмнэлэг дээр Б.Азсайхан нь ирж надад үзүүлсэн юм. Тэгэхдээ хүнд зодуулсан чихнээс цус гарч байна, толгой эргээд байна гэсэн зовиур хэлж байсан юм. Зүүн чихнээс цус гарсан цээж ар нуруу, ташаа хэсэгт олон зулгаралт, хөхөрөлт үүссэн, зүүн талын шанаа бага зэрэг хавдсан байсан...Манай сумын Азбаяр, Давхарбаяр нарт зодуулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 68-69-р хуудас/

            Яллагдагч Т.А-ийн: “... Би мориор очсон болохоор морио унаад явлаа гэсэн чинь Азсайхан намайг явуулахгүй тонгорч болон түлхэж унагаагаад явна гэж зүтгэхэд намайг боогоод унагаасан. Тэгээд би ухаан алдсан байснаа ухаан ороод ирэхэд гэрийн гадаа урд талд байсан шургаагны үзүүр байсныг аваад Азсайханыг гэр рүүгээ явж байхад нь араас нь очоод толгойн зүүн талын чихний ар хэсэг рүү цохьсон чинь бүдрээд газар дээр уначихсан. Тэгэхээр нь би түүний биеийн гэдэс рүү нь хоёр удаа өшиглөсөн юм...Азсайханы гадна биед ямар гэмтэл үүсгэсэн эсэх талаар мэдэхгүй байна. Харин зүүн чихнээс нь цус гоожсон байсан юм...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 182-183-р хуудас/

            Яллагдагч Б.А-ийн: “...Давхарбаяр манайд ирээд хоол унд хийлгэж идээд хоёр шил архи уусан юм. Тэгсэн манай гэрт хажуу айлын Мөнхтөр гэх хүнтэй муудалцаад байхлаар нь би түүнийг гэрээсээ гарч зодолд гэж хэлээд Давхарбаярыг аваад гэрээсээ гарсан чинь Давхарбаяр над руу уурлаад чи намайг гэрээсээ гаргалаа гээд уурласан. Тэгээд л бид хоёр зодолдох гэсэн чинь манай эхнэр Алтансувд бид хоёрыг салгах гэхэд Давхарбаяр түүнийг шавхуурдаад унагаачихсан тэгэхээр нь эмэгтэй хүнийг болиоч гэж хэлсэн чинь намайг ирээд цохиод авсан. Тэгэхээр нь би түүнийг хоёр цохьчихсон юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 187-188-р хуудас/

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 201720140 дугаартай: “...Иргэн Б.Азсайханы биед Тархины хатуу хальсны дээрх цус харвалт, цус хуралт, тархи доргилт, баруун бугалга, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүснэ. Иргэн Б.Азсайханы биед Тархины хатуу хальсны дээрх цус харвалт, цус хуралт, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун бугалга, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /ХХ-ийн 76-р хуудас/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 172093 дугаартай “...Иргэн Т.Давхарбаярын биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тархи доргилт, хамрын нуруу, доод эрүүний баруун тал, зүүн чихний дэлбээ, баруун дал, зүүн мөр, зүүн бугалга, цээжний зүүн тал, хэвлийн зүүн хажуу талд зулгаралт, баруун мөрөнд сорви гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Т.Давхарбаярын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /ХХ-ийн 81-р хуудас/

            2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Т.Давхарбаярын биед үзлэг хийсэн эмчийн “Зүүн нүдний доод зовхи хөхөрсөн, дээд уруул язарч зулгарсан” гэсэн тодорхойлолт, /ХХ-ийн 82-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /ХХ-ийн 5-8-р хуудас/

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.А-г 2017 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багт байрлах Б.Азсайханы гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Азсайхантай маргалдаж, зодолдон түүний толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.А-г 2017 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Давхарбаяртай маргалдаж, зодолдон түүний нүүр, хэвлий, цээжин тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.А, Б.А нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүн үр дагаварыг ойлгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгч нарт прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тодорхой хугацаа зааж, хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоох нь зүйтэй байна.

Мөн Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх өр төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй юм.

Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх өр төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож байгаа учир хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн мод, саарал өнгийн подвальк, хар өнгийн куртик зэргийг устгаж, шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн, мөн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан торгох ялыг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор, шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.А, Б.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Т.А, Б.А нарын хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн, мөн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн мод, саарал өнгийн подвольк, хар өнгийн куртик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх өр төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН