Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

 

 

Е Е В-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/02976 дугаартай шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын Е Е В-гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч О Х У Е Х Э Г Х Ч Д Ө У Г-т холбогдох

 

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандах,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Белозеров,

Орчуулагч Б.Үржинцэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын иргэн Е Е В- нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байхад хариуцагч тал хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд хугацаатай гэрээ байгуулах нөхцлийг тодорхой заасан бөгөөд хариуцагч тал байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж, хуулийг ноцтой зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан жижүүр-комендатын ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр юм. Гэвч хариуцагч тал 4 удаа хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч анхнаасаа хугацаагүй гэрээ байгуулах ёстой байсан. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан ч түүнийг уг хугацаанаас өмнө өөр газарт очиж ажиллах талаар хариуцагчийн зүгээс шаардлага тавьсан. Үүний дагуу нэхэмжлэгч тал Эйрфлот гэх газарт 4 удаа жижүүрийн үүргийг гүйцэтгэж, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалын талаар 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр буюу Эйрфлот гэх газарт ажиллаж дууссаны дараа мэдсэн байдаг. Хариуцагчийн төлөөлөгчөөс уг тушаалыг гаргасан нэхэмжлэгчийг мэдэж, гарын үсэг зурсан гэж байна. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн. Энэ тушаалд тамга, тэмдэг байгаагүй, зөвхөн гарын үсэгтэй л байсан гэжээ.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай, эсвэл хугацаагүй байгуулж болно. Тодорхой хугацаатайгаар нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа гэрээ байгуулсан ба тэрээр эрх зүйн бүрэн чадамжтай, гэрээг сайн дураар байгуулсан, түүнд тухайн үед гэрээний нөхцөл байдлыг тайлбарлаж, гэрээний нэг хувийг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй гэж тохирсон. Бид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан шиг нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, харин гэрээний хугацаа дууссан тул сунгаагүй. Талууд гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн, хуульд заасан үндэслэлээр гэрээний хугацаа дууссан учраас нэхэмжлэгч тал гомдол гаргах эрхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээ сунгагдаагүй гэж тайлбарласан, гэтэл дээрх гэрээнүүд сунгагдаж байгаагүй, тухай бүр шинээр байгуулсан ба хуульд гэрээний хугацааг заавал сунгана гэж заагаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг байнгын тогтвортой гэж үзэхгүй, манай байгууллагын өмч, хөрөнгүүд өөр өөр газарт байдаг. Тус ажлын байранд олон хүн ажиллаж, солигдож байдаг буюу ямар ч үед ажилгүй болох боломжтой учраас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг тул хууль зөрчсөн үйлдэл биш. Ажлаас чөлөөлөх үедээ нэхэмжлэгчийг өөр газарт ажилд оруулж өгөхөөр ярьсан боловч нэхэмжлэгч зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн Е Е В-г урьд эрхэлж байсан жижүүр-комендатын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 9 173 194 төгрөгийг хариуцагч Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 161 721 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Тус шүүх нь нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэгчээс нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг авалгүй гуравдагч этгээдийн мэдүүлгийг буруу тогтоож, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна”, 23.2-т “Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна”, 22.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” гэж тус тус заасан. Талууд гэрээний нөхцөлийг зөвшөөрч, гарын үсэг зурснаар сайн дурын үндсэн дээр байгуулсан гэж үзэж болно. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд “ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой” гэж заасан байдаг. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруу тогтоосон. Тус шүүх нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалтай танилцсан тухай огноо байхгүй учраас үндэслэх хэсэгт нь ажлаас чөлөөлөх тухай тушаалд тусгагдсан огноо нь тухайн тушаалыг гаргах үеийн цаг хугацааг илэрхийлсэн болохоос нэхэмжлэгчид гардуулсан хугацаа гэж ойлгогдохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч тушаалтай 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр танилцсан гэж үзэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасан. Үүний дагуу тухайн өдөр төлөөлөгчийн газрын ажилтнууд болон Ирина Икатриновна, Ичислович нар тушаалтай танилцсан. Тухайн тушаалд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэж заасан. Хэрвээ үгүйсгэж байгаа бол тушаалтай танилцаж гарын үсэг зурсан огноог тавихыг хориглосон зүйл байхгүй. Тушаал гардуулсан өдрийг тушаалын огноотой нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн тус шүүх нэхэмжлэгчээс өөр 4 хүн байсан хэдий ч гэрчээр татаагүй бөгөөд үүнийг анхан шатны шүүх огт хүлээж аваагүй. Ажлаас чөлөөлсөн тухайгаа 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн гэж нэхэмжлэгч мэдүүлдэг боловч ямар ч үндэслэлгүйгээр шүүх уг тайлбарыг нь хүлээн авсан. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2 долоо хоногийн хугацаанд ажилдаа ирээгүй, өмнөх гэрээний хугацаа дуусгавар болсон гэдгийг мэдэж байсан бөгөөд гэрээний хугацаатай холбоотой санаа зовсон эсэх нь тодорхойгүй байсан.

Нэхэмжлэгч нь “Аэрофлот”-руу шилжүүлсэн гэж тайлбарладаг ч энэ нь зүйд нийцэхгүй байна. Өөр ажилд шилжүүлсэн тохиолдолд тушаалаар шилжүүлдэг. Мөн “Аэрофлот” нь ОХУ ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газар, Хилийн чандад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн төлөөлөгчийн газарт ямар ч хамааралгүй учраас шилжүүлэх ямар ч боломжгүй. Шүүх нэхэмжлэгчийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хаана ажиллаж байсан талаар огт тогтоогоогүй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн зөвхөн аман мэдүүлгийг хүлээн авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасанчлан хариуцагчийн төлөөлөгч ажил санал болгоогүй. Мөн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үл харгалзан, тус ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзсэн нэхэмжлэгчийн дүгнэлтийг хүлээн авсан. ОХУ-ын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2342Р тоот захирамжаар Монгол улсад ОХУ-ын төлөөлөгчийн газар Худалдааны төлөөлөгчийн газар үүсгэн байгуулсан. Дипломат харилцааны тухай 1961 оны конвенцын дагуу хүлээн авагч улс нь Төлөөлөгчийн газрыг ямар нэгэн халдлага, хохирол учруулахаар сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй. Иймд тус объектод ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар байрших мөчөөс эхлэн хамгаалах чиг үүргийг цагдаагийн тусгай нэгжүүд хэрэгжүүлж, үйл ажиллагааны хяналтыг төлөөлөгчийн газрын орон тооны ажилтнууд гүйцэтгэнэ. Цаашид зарим орон тоо болон нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд хүн ажиллуулах шаардлагагүй болсон. Дээрх нөхцөл байдлыг авч үзвэл ажил олгогчоос үл хамааран ажлын байр байх шаардлагатай учраас байнгын ажлын байр гэж үзэх боломжгүй. Энэ талаар ажилтнуудад мэдэгдсэн. ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол Улсад 2015 онд үүсгэн байгуулагдсан ч 2019 оноос албан ёсоор нээлтээ хийж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлээгүй, засвар үйлчилгээний ажил хийгдэж байгаа. Үүний дагуу тус байгууллагын зарим албан тушаалтан хэсэг хугацаанд шаардлагатай байгаа боловч тус ажлын байрыг байнгын ажлын байр гэж тооцох боломжгүй. Үүнийг анхан шатны шүүх уг тайлбарыг огт хүлээж аваагүй. Шүүх Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчтэй шинээр гэрээ байгуулаагүй үндсэн шалтгааныг тогтоогоогүй. Мөн нэхэмжлэгч ажиллаж байх хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, Хөдөлмөрийн хуваарийг нэг бус удаа зөрчиж, ажилтнууд, зочид, оршин суугчдаас нэг бус удаа гомдол ирсэн гэдгийг хэлсэн боловч шүүх хүлээн аваагүй. Манай байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгчид нэг бус удаа сануулгыг өгч байсан. Нэхэмжлэгч алдаа дутагдлаа арилгах арга хэмжээ авч байгаагүй. Түүнийг ажлаас халсан тохиолдолд дахин ажилд ороход хүндрэлтэй гэж үзэн удирдлагын зүгээс гэрээний хугацаа дууссан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, асуудалд хариуцлагагүй хандсан. Энэ нь шүүхийн шийдвэрт тусгасан бодит байдалд нийцэхгүй огноогоор нотлогдоно. Нэхэмжлэгч нь “Аэрофлот”-д 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан гэж байна. Хилийн чандад байгаа Төрийн өмч, хөрөнгийг удирдах нэгдсэн газрын Төлөөлөгчийн газраас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалын талаар “Аэрофлот” гэх газарт ажил дууссаны дараа 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн. Өөрөөр хэлбэл, 1 сарын өмнө мэдсэн байна. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Гэвч 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэл гаргахаас сарын өмнө үүсгэсэн. Тус шүүх хуралдаанд оролцсон орчуулагчийг н.Чойжамц гэж бичсэн нь асуудалд хайнга хандсаны илрэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, ажил олгогчийн эрхийг зөрчсөн тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Е Е В- нь хариуцагч О Х У Е Х Э Г Х Ч Д Ө У Г-т холбогдуулан жижүүр-комендатын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот тушаалаар нэхэмжлэгч Е Е В-г тус байгууллагын жижүүрийн-комендатын албан тушаалд томилж, сарын цалин хөлсийг 245 ам.доллар байхаар тохирчээ. /хх 82-83/

 

Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаанд үүссэн маргаантай холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрйн 21/18 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал авагдсан байх ба уг тушаалд тамга дарагдаагүй ч нэхэмжлэгч Е.Е.Вячеславовна болон ажил олгогчийг төлөөлж В.В.Белозеров, мөн эрх бүхий 4 этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул уг тушаалыг гардаж аваагүй, мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байна. /хх 116-117/ Түүнчлэн, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хариуцагч талын хүсэлтээр Эйрфлот гэх газар үргэлжлүүлэн ажиллаж дуусаад 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дээрх тушаал гарсныг мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрйн 21/18 дугаартай тушаалын талаар 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Е.Е.Вячеславовна нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба  ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авснаас 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл, хүндэтгэн үзэх шаалтгаантай байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар Е Е В-тай хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний дуусах хугацааг харилцан тохиролцож удаа дараа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байна.  /хх 84-114/

            Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон гэж үзнэ. Иймд хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсноор ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/02976 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Е.Е.Вячеславовнагийн хариуцагч О Х У Е Х Э Г Х Ч Д Ө У Г-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 721 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН