Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 0093

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Ц.И Шүүгдэгч Ц.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Батмөнхөд холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Ө овогт Ц-н Б.

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн Зээлийн 3-118 тоотод оршин суух С.Т-н байшинд нэвтэрч цагаан чулуун хөөрөг, аяганы ком, хуучин зургийн аппарат зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 46.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ө овгийн Ц-н Б-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-н цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “... миний бие 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар нээлттэй хорих ангид 2 жил хорих ялаар шийтгэгдсэн. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж, хохирогч болох дүү С.Т-с уучлалт гуйж хохирол болох 47.000 төгрөгийг барагдуулан хохиролгүй болгосон тул 2 жилийн хорих ялыг минь хөнгөрүүлэн шийдэж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох болно” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Ц.Б-д оногдуулсан ял нь түүний хувийн байдалд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв. Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр архидан согтуурсан үедээ архины мөнгө олох зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн Зээлийн 3-118 тоот хашаанд оршин суух иргэн С.Т-н байшингийн цонхоор нь нэвтрэн орж цагаан өнгийн чулуун хөөрөг, аяганы ком, зургийн аппарат зэрэг 46.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл хулгайлан авч бусдад худалдсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан хорих ялын доод хэмжээний хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролболох 46.000 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд ирүүлсэн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Б-н “...хэрэг хийсэндээ гэмшиж байна ... С.Т-с уучлалт гуйж хохирлын 47.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг минь хөнгөрүүлэн шийдэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Ц.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...2 жилийн...” гэснийг “...1 жилийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Б-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Т-д хохирлын 47.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА