Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/шш2024/0117

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Н*******" ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/3******* дугаар тушаал хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, Д.Н******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“Н*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/3******* дугаар тушаалын хавсралтын “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/2******* дугаар тушаалаар Г*******-Т*******ийн байгалийн цогцолборт газрын Т*******ийн гүүрний ард  3 га газрыг 5 жил хугацаатай ашиглах эрхийг  олгосон байна.

3.Харин  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/3******* дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

5.Нэхэмжлэгч “Н*******” ХХК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/Газраа зориулалтын дагуу ашиглаж байсан тухайд,

“Н*******” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Тайлан хүргүүлэх тухай” 3-16 дугаартай албан бичгээр аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй газарт зохих ёсоор үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг үйлдсэн бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд албан бичгүүдээр  газар ашиглалтын тайланг тус тус хүргүүлсэн.

Энэ хугацаанд короновируст цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас гадаадын аялагчид Монгол Улсад ирээгүй тул зуны улиралд зөвхөн иргэдийг монгол гэрт хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулдаг байсан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хамаарах нөхцөл бүрдээгүй байхад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/3******* дугаартай тушаал гаргасан нь хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

2/Газарын төлбөрийг хугацаанд төлж байсан тухайд,

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Манай байгууллага нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын төлбөрийг хугацаанд төлсөөр ирсэн. Тухайлбал, Жил бүрийн газрын төлбөр болох 3,060,000 /гурван сая жаран мянга/ төгрөгийг төлж байсан буюу Н******* дүүргийн газар зохион байгуулалтын албатай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 01113-2021/02692 дугаартай “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт” үйлдсэн.

Бид бүхэн 2022 оны газар ашигласны төлбөрийг төрийн байгууллагаас нэхэмжлэх болон төлбөрийн даалгавар үүсгэсэн тухай бүр төлсөн. Тодруулбал, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,563,490 /нэг сая таван зуун жаран гурван мянга дөрвөн зуун ер/ төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1201000443880

дугаартай нэхэмжлэхийн дагуу 312,698 төгрөг, 1201000444136 дугаартай нэхэмжлэхийн дагуу 312,698 төгрөг, 1201000443872 дугаартай нэхэмжлэхийн дагуу

469,047 төгрөг, 1201000443955 дугаартай нэхэмжлэхийн дагуу 469,047 төгрөг, 1220200376898 дугаартай нэхэмжлэхийн дагуу 1,563,490 /нэг сая таван зуун жаран

гурван мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг тус тус төлсөн байдаг.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны А/3******* дугаартай тушаалаар “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, хууль бус шийдвэр гэж үзэж байна.

3/Мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны

шийдвэр гаргахад ач холбогдол бүхий л нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, Манай компанид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад хамаарах нөхцөл байдал үүсээгүй байсан. Компанийн зүгээс газрын төлбөрөө зохих журмын дагуу төлж, нэхэмжлэх болон төлбөрийн даалгавар үүсгэсэн тухай бүр төлбөрийг төлсөөр ирсэн. Түүнчлэн маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутаг учраас улирлын чанартай гэр, сууц барьж үйл ажиллагаагаа явуулж, гэрээнд заасан зориулалтаар өнөөдрийг хүртэл ашигласан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хууль бус шийдвэр гаргахдаа өнөөдрийг хүртэл бидэнд Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй тул

шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны А/3******* дугаартай тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчиж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлалгүй шийдвэр гаргасан байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Улаанбаатар хотын Н******* дүүргийн нутаг дэвсгэрт Г******* Т*******ийн байгалийн цогцолбор газар, т*******ийн гүүрний зүүн дэнж нэртэй газарт 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг. Газар ашиглах эрхийн хугацаа 2023 оны 08 дугаар сард дуусах тул бид үүнээс өмнө хугацаа сунгах хүсэлтээ гаргахаар бичиг баримтаа бэлдсэн. Ингээд 2023 оны эхний хагас жилийн газрын төлбөрийг төлөх гэтэл манай компанийн ашиглаж буй газрыг мэдээллийн санд ороогүй байна гэж аман байдлаар хариу өгсөн. Иймээс бид 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Г******* Т*******ийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд манай компанийн ашиглаж буй газрыг цахим мэдээллийн санд оруулж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан. Гэтэл тус газраас танай газар ашиглах эрхийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон гэдэг тайлбар өгөөд 07 дугаар сарын 20-ны өдөр 364/4 дугаартай албан бичгээр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/3******* дугаартай Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар хүчингүй болгосон гэдэг хариуг өгсөн. Гэтэл энэ тушаалын талаар зохих журмын дагуу огт мэдээгүй байсан. Бид нар 2023 оны 08 дугаар сард газар ашиглах эрхээ, хугацаагаа сунгуулах баримт бичгээ бүрдүүлээд явж байсан. Энэ газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тушаал үндэслэлгүй гэж үзэж байгаа. Уг тушаал 2 үндэслэлээр гарсан байгаа. 1 дүгээрт газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж байна. Бид зориулалтын дагуу тодорхой хэмжээнд ашигласан. Тухайлбал Байгаль орчин аялал жуулчлалын яамаар ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгүүлсэн. Газар ашиглах 3 талт гэрээг байгуулаад үүнийхээ дагуу амрагч, аялагчийг түр буудаллах зориулалттай орон байр, монгол гэр барьж ашигладаг байсан. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эргэлтийн цэгүүдийг баталсан. 2021 болон 2022 оны тайлангуудаа Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлж байсан. Энэ талаар нотлох баримтууд авагдсан байгаа. Ковид-19 үед цар тахлын хорио цээрийн улмаас аялал жуулчлалын салбар үндсэндээ тодорхой хугацаанд зогссон байдалтай байсан. Гадаадын аялагчид Монголд ирдэггүй байсан болохоор бид нар зуны улиралд монгол гэрт, Монголоосоо жуулчдыг хүлээж авч байсан. Мөн гэрээнд заасан үүргээ биелүүлж, холбогдох цэвэрлэгээг тогтмол хийдэг байсан.

Газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан тухайд гэх юм бол хугацаанд нь зохих журмын дагуу төлсөн 2021 онд тооцоо нийлсэн акт гарсан. Үүний дагуу газрын төлбөрөө төлсөн банкны баримтуудыг нотлох баримтаар дэлгэрэнгүй гаргаж өгсөн байгаа. Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу зохих журмын дагуу мэдэгдэх ёстой сонсох ажиллагаа хийнэ. Шийдвэр гаргалтын талаар бид нарт мэдэгдэх ёстой боловч огт үүнийг мэдэгдээгүй байдаг. Ийм учраас маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 40.1.6 болон 40.1.5-д нийцэхгүй байна. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасныг тус тус зөрчсөн. Сүүлд хавтаст хэрэгт 2021 оны төлбөрийн тухайд үлдэгдэлгүй, үлдэгдэлтэй 2 баримт ирсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.-д заасан төлбөр тооцоотой холбоотой хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Маргаан бүхий захиргааны акт нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан байгаа. Тэр үйл баримт шүүхийн үзлэг хийгдсэн баримтуудаас харахад Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газраа ашигласан гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Ковидын үед үнэхээр тэр хугацааны тайлангаа ч өгсөн байгаа. Ковид-19 үед аялагч нар ирэхгүй , зүгээр монгол гэрээр монгол хүмүүсийг авч байна гэдэг тайлангаа Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлж байсан. Энэнтэй холбоотой баримтыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Форс мажорын гэрчилгээ авч хэрэгт хавсаргасан байгаа. Тийм учраас хариуцагчийн ярьж байгаа маргаан бүхий захиргааны актын Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдэг үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэрвээ хариуцагчийн зүгээс мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн байсан бол бодит нөхцөл байдлыг тогтоох бүрэн боломжтой байсан. Тэр газрын төлбөр төлөгдөөгүй гэж үзээд байгаа Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлийн хувьд газрын төлбөр төлөгдсөн байгаа. Гол нь огнооны зөрүү үүсээд байна вэ гэдэг тухайн төрийн захиргааны байгууллагаас буюу энэ газрын албанаас төлбөрийн даалгавар, нэхэмжлэх хоёроо хэзээ үүсгэсэн бэ гэдэг нь асуудал байна. Тодорхой баримтыг ирүүлээгүй учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд газрын төлбөрийг удаа дараа төлсөн, газраа ашиглаж байсан хогийн төлбөр, цахилгааны төлбөрүүдийг тухай бүр төлж байсан баримтуудыг нэг бүрчлэн хуулбарлаж, нотариатаар батлуулж хэрэгт хавсаргасан байгаа. Газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гээд байгаа. Тэгэхээр ямар хугацаанд нь төлөөгүй вэ гэдэгт хариуцагчийн зүгээс тодорхой тайлбар байхгүй. Гол тайлбарлаж байгаа 2021 онд төлбөрийн үлдэгдэлтэй байна гэдэг. Тийм учраас газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан гэж хэлээд байгаа. Гэтэл 2021 онд үлдэгдэлтэй байсан бол яагаад тухайн үедээ мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээд, эсвэл тухайн үед нь цуцлаагүй юм бэ? Аль 2022 оны 09 дүгээр сард цуцалж байгаа. Тэгэхэд энэ үед газрын төлбөр төлчихсөн байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Тэр огнооны хувьд нь аваад үзэх юм бол 3 сарын зөрүүтэй баримт хэрэгт авагдсан байгаа юм. Тэр газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж байгаа баримтыг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй. 2021 оны үлдэгдэлтэй баримтыг 2019 онд үлдсэн мэтээр хавтаст хэрэгт өгөгдсөн байгаа нь үндэслэл бүхий болж чадахгүй гэж үзэж байгаа. Тийм учраас хэрэгт авагдсан баримтуудаар удаа дараа төлж байсан төлбөрийн баримтууд үлдэгдэлгүй гэдэг газрын албаны бичгүүдээр Газрын тухай хуулийн 40.1.5 дахь үндэслэл бүрдэхгүй байна гэж үзэж байгаа юм. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн А/3******* дугаартай тушаалын “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1/"Н*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний А/2******* дугаар тушаалаар Г*******-Т*******ийн байгалийн цогцолборт газрын Т*******ийн гүүрний ард 3 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон байна.

2/Маргаан бүхий тушаалд Г*******-Т*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дугаар албан бичгээр Г*******- Т*******ийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлүүлэх саналыг, иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын жагсаалтын хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт ирүүлсэн. Уг жагсаалтад нэхэмжлэгч компани орсон.

3/Мөн тушаалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримталсан. Учир нь “Н*******” ХХК нь 2008 оноос хойш тус газрыг ашиглах эрхтэй болсон боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл бүрдсэн болох нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийж баталгаажуулсан гэрэл зургаар нотлогдож байна.

4/Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчингүй болох үндэслэл бүрдсэн талаар “Өдрийн сонин”-ы 2021 оны 10 дугаар сарын 22-ны №204 (6*******) дугаарт нийтэлсэн бөгөөд тус нийтлэлд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа явуулах хугацааны талаар мэдэгдсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/3******* дугаартай тушаал гарсан. Тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлийг баримталсан байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-ын тухайд газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй байна гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байна. Н******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичгээр 2021 онд газрын төлбөрийг төлөөгүй, 2021 оноос хойш газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсан тодорхой болж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-гийн тухайд Г******* т*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тухайн үед газар эзэмших эрхийг цуцлахын өмнө үзлэг хийж, тайлбарыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ирүүлсний дагуу 08 дугаар сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн гэрэл зургийг мөн саналыг нь үндэслээд газар эзэмших эрхийг цуцалсан байгаа. Мөн сүүлд шүүхийн үзлэгээр тухайн газрыг ашиглаагүй, ямар нэгэн барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил, аялал жуулчлалын зориулалттай үйл ажиллагаа явуулаагүй байна гэдэг тодорхой болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/3******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д  “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.

2. Нийслэлийн Н******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23/545 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь 2020, 2021 онуудын төлбөрийг бүрэн төлсөн, 2022 оны 1 дүгээр улирлын төлбөрийг 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлсөн болох нь Төрийн банкны төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Мөн тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэг, “М г э*******” ХХК-аар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын тайлан, “Т с*******” ХХК-ийн хийсэн 2015-2023 оны 06 дугаар сар хүртэлх агаар сансрын зураг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт инженерийн шугам сүлжээ болох цахилгаан татсан, 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө барьж ашиглалтад оруулсан, мөн зориулалтын дагуу буюу гэр барьж аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан байх тул нэхэмжлэгчийг мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Хэдийгээр Г*******-Т*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр албан бичиг зэргүүдийг хариуцагчид хүргүүлсэн хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”. 24.2.-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ,” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтланН*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/3******* дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ