Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02497 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Д-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч “И Э “  ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Золзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д- миний бие 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “И Э “  ХХК-ийн Б\15 тоот захирлын тушаалаар онгоцны үйлчлэгчээр ажилд орсон бөгөөд өөрийн ажилдаа чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн ажиллаж өнөөдрийг хүрсэн. Манай байгууллага ажилчдаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасны дагуу өөрийн унаагаар үйлчилдэг бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа явах гээд Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр зогсож байтал манай ажлын, биднийг хүргэж өгдөг автобус явж байсан бөгөөд би та ажил руу явж байна уу гэтэл тиймээ гэсэн тул суугаад ажилдаа явсан. Гэтэл гадны зорчигчтой автобусанд дур мэдэн суусан тул ажлаас хална гэж хэлээд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/252 тоот тушаалаар дур мэдэн сууж, аюулгүй ажиллагааны тогтсон журмыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас халсанд маш их гомдолтой байна. Манай байгууллага нь ажилчдын унаагаар бусад улсын нисэх багийг тээвэрлэдэг, мөн ажилчдын унааг хэрхэн ашиглах тухай огт хэлж байгаагүй, харин ажилчдын унаагаар ирж буц л гэдэг байсан. Иймд Хөдөлмөрийн гэрээний 5.2.13 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хөдөлмөрийн гэрээний 5.2.13 дахь заалт нь олон нийтийн газар бусадтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний заалтыг төсөөтэй хэрэглэж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д- нь “Изинис Эйрвэйз” ХХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаад байрлах тус компанийн Ангарын оффист 08.00-17.00 цагийн хооронд хуваарийн дагуу ажил, үүрэг гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл Б.Д- тухайн өдөр ажлын цагаас хоцорч, 09.30-10.00 цагийн үед автобусны буудал дээр зогсож байсан ба энэ нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурууны хээний бүртгэл, дур мэдэн гадны авиа компанийн нисэх баг тээвэрлэж байсан автобусанд суусан цаг минутаар нотлогддог. Ажлын цагаас хоцорсон асуудалтай нэхэмжлэгч Б.Д- өөрөө маргахгүй байх. Хэрвээ Б.Д- ажлын цагтаа ажил дээрээ ирсэн бол гадны авиа компанийн нисэх баг тээвэрлэж байсан автобусанд сууж, компани хоорондын бизнесийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн зүй зохисгүй үйлдэл гарахгүй байсан. Б.Д-тэй 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ХГ/15-01 тоот Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.12 дахь хэсэгт зааснаар ажилтан нь ажлын цаг бүртгэлийн журмыг чанд сахиж хурууны хээг тогтоосон цагт заавал уншуулж байх үүрэгтэй. Б.Д- Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. “Изинис Эйрвэйз” ХХК нислэг-үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд нэн хариуцлагатай цаг мөчид компанийн удирдлага, нийт ажилтнууд үүрэг хариуцлагаа ухамсарлан хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. Компанийн гадаад дахь нэр хүндийг сэргээх, харилцагч түнш байгууллагуудынхаа итгэлийг олох, орлогоо нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдлын үндсэн дээр газрын үйлчилгээний чиглэлээр АНЭУ-ын Fly Aviation компанитай харилцаж, тухайн компанийн захиалгат нислэгт газрын үйлчилгээ үзүүлж байсан. Газрын үйлчилгээний нэг багц үйлчилгээ нь тухайн компанийн нисэх баг /экипаж/-ийг тээвэрлэх үйлчилгээ байдаг. Fly Aviation компаниас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр и-мэйлээр гомдол ирүүлсэн ба гомдолдоо зөвхөн нисэх баг тээвэрлэх тусгай үйлчилгээнд явж байгаа танай компанийн автобусанд зөвшөөрөлгүй гадны этгээд нэвтэрч нисэхийн аюулгүй байдлын зөрчил гаргалаа. Уг асуудалд тодорхой арга хэмжээ авч хариу тайлбар ирүүлэхийг хүссэн. Дээрх гомдол манай компанид ирснээр бид асуудлыг яаралтай тодруулахад агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байсан Б.Д- нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гадны нисэх багийг тээвэрлэж байсан автобусанд замын дундаас суусан байсан. Түүний энэ үйлдэл бол хэнэггүй, асуудалд дүн шинжилгээ хийж аливаад нухацтай ханддаггүйг харуулсан үйлдэл болсон. Агаарын хөлгийн үйлчлэгч гэдэг бол дан үйлчилгээний ажилтан биш бөгөөд нисэх баг, зорчигч үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд хангаж ажиллах үүрэгтэй байдаг. Б.Д-ий хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан “И Э “  ХХК, Fly Aviation компани хоорондын бизнесийн хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл цаашид үргэлжлэх эсэх асуудал тодорхойгүй хүлээлтийн байдалтай байна. “И Э “  ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.12.6 дахь хэсэгт зааснаар “хамт ажиллагсад, зорчигч, үйлчлүүлэгч, гадны байгууллагын хүмүүсийг үл хүндэтгэх, зүй зохисгүй харьцах, хэт этгээд хувцаслах”-ыг хориглосон байдаг. Хэрвээ хориглосон зүйлийг зөрчвөл ажилтанд сахилгын зөрчил ногдуулахаар Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.13 дахь хэсэгт заасан. Б.Д-ий гаргасан зөрчил нь “И Э “  ХХК-ийн бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, сөрөг үр дагавар үүсгэсэн ноцтой зөрчил болно. Иймд нэхэмжлэгч Б.Д-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийг “И Э “  ХХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 1 732 960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Д- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 42 678 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Д-д шууд халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах боломжтой байсан гэж дүгнэсэн нь сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан ногдуулсан байхыг шаардахгүй гэсэнтэй нийцээгүй. Мөн шүүх хуралдааны явцад манай зүгээс и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.9-д “Компанийн бизнесийн нэр хүндийг гутаасан...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хэнэггүй, хайхрамжгүй үйлдэл нь “Изинис эйрвэйз” ХХК-ийг гадны харилцагч байгууллагын өмнө нэр хүндийг нь гутаасан. Тиймээс анхан шатны шүүх нотлох баримт болон хөдөлмөрийн гэрээг бүхэлд нь хянан судалж, үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Түүнчлэн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын тайлбарт бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон гэж  сахилгын ноцтой зөрчлийг тайлбарласан байдаг. Улмаар нэхэмжлэгчийн гаргасан үйлдлээс болж Арабын Нэгдсэн Эмират Улсын “Fly Aviation” компани болон “Изинис Эйрвэйз” ХХК-ийн хооронд бизнесийн харилцаа зогсонги байдалд орж, хамтын ажиллагаа үргэлжлээгүй зэргийг бодитойгоор үнэлээгүй учраас гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч “И Э “  ХХК-д холбогдуулан агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Б.Д- нь Хөдөлмөрийн гэрээний 5.2.13-т заасан зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Д- нь “И Э “  ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ХГ/15-01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан, мөн өдөр хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын Б/15 тоот тушаалаар Б.Д-ийг агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллуулж байгаад “И Э “  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/252 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.13-т заасныг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаалуудаар нотлогдсон байна. /хх 2, 5, 6-8/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан ба ноцтой зөрчил бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхаар заажээ.

 

Б.Д-ийг хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.13-т заасан зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагч тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгчийн “08:00 цагт эхлэх ажилд ажилтнуудын автобусаар үйлчлүүлэх ёстой атал ажлын цагаас хоцорч, улмаар 10:00 цагийн орчим харилцагч байгууллагад үйлчилгээ үзүүлж байсан автобусанд дур мэдэн суусан” гэх үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болох ноцтой зөрчил болохыг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан талаар баримт байхгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг тул хариуцагч өөрийн тайлбарт дурдсан үйл баримтыг өөрөө нотлох үүрэгтэй юм. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад [email protected] хаягт үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан байх ба нэхэмжлэгч тал үзлэгээр тодорхойлогдох үйл баримтад маргахгүй гэж тайлбарласныг хариуцагч зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Б.Д- нь ажлаас хоцорсон үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас чөлөөлбөл зохих ноцтой зөрчил гэдэг нь тогтоогдоогүй, харин нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажлын цаг бүртгэлийн журам зөрчсөн эсэхийг ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2 дахь хэсэгт заасныг үндэслэн холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох буюу албан тушаалаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч “И Э “  ХХК-иас 1 732 960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “И Э “  ХХК-иас төлсөн 42 680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН