Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 183/2024/00544/И |
Дугаар | 183/ШШ2024/02809 |
Огноо | 2024-06-25 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2024/02809
2024 оны 6 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2024/02809 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хэсэг, *********, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, М*******ын Д*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:****** дүүргийн ** дугаар хороо, ******, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Т******* төвд холбогдох
Т******* төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 45.432.671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Болорчимэг оролцож тэмдэглэл
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д******* хариуцагч Туул тосгон эрүүл мэндийн төвд холбогдуулан Т******* төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 45.432.671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч Д.Ж******* дэмжиж үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
М.Д******* 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Т******* төвийн хүний их эмч албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа өөрийн зүгээс хуульд заасан зөрчлүүдийг огт гаргаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ болон ажил үүргийн хувьд ажлын хагас болон бүтэн жилийг А үнэлгээтэй авсан байдаг. Нийслэлийн Эрүүл мэндийн даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/128 тушаалаар Б.О*******ийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул тосгон Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбажавын тушаал гарснаар Б.О******* нь тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Гэтэл ямар нэгэн шалтаг шалтгаанаар нэхэмжлэгчийг ажлаа өгөхийг удаа дараа шаардсан. Нэхэмжлэгч өөрийнх нь шаардаж буй шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгөх боломж байхгүй гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Үүнтэй холбогдуулаад 46 дугаар тушаал гаргаж, үүнийг нийт ажилчдын өмнөөс зөвлөмж гаргаж буцаагаад тушаалаа хүчингүй болгож ажлаа хэвийн үргэлжлүүлсэн байдаг. Гэтэл дахин өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж нэхэмжлэгчийг 47 дугаар тушаалаар халж байгаа нь илт хууль бус байна. Тийм учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яаж зөрчигдөж байна гэхээр уг байгууллагад тасралтгүй 2, 3 жил ажилласан, нэхэмжлэгч нь зөвхөн даргын үүрэг гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас ар гэрийн амьдрал болон бусад амьдрах нөхцөл байдал, өөр газарт ажиллах боломжийг уг тушаал нь бүхэлд нь хааж байгаа учраас хууль ёсны эрх нь ноцтой зөрчигдөж байна. Б.О******* Улсын бүртгэлд өөрийг нь албан ёсоор бүртгэж, эрх олгоогүй байхад өөрт олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, удаа дараалан илт хууль бус тушаал гаргаж, Б.Д*******г хоёр удаа ажлаас чөлөөлсөн ба нэхэмжлэгч А/46 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалын аль нь хүчин төгөлдөр эсэхэд өнөөдрийг хүртэл эргэлзэж, илт хууль бус тушаалаас болж, цаашид хөдөлмөр эрхлэх эрхээрээ хохирсоор байна. Б.О*******ийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, гэтэл 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.О*******ийг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бичсэн байдаг. Хэрэв өөрөө түр орлон гүйцэтгэгчээр бүртгүүлсэн байх юм бол Улсын бүртгэлийн байгууллага шууд автоматаар бүртгэгдээд үйл ажиллагаа нь цааш явах ёстой байсан. Гэтэл олгогдоогүй эрхээ эдэлж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байгаа. Түр орлон гүйцэтгэгч, жинхэлж томилох хоёрын ялгаа нь Засгийн газар болон Улсын их хурлаас баталсан хуулиас тодорхой харагдана. Яагаад түр орлон гүйцэтгэгчээр томилж байна гэхээр улсын бүртгэлийн байгууллага алинаар бүртгүүлснийг тухайн байгууллага ямар ямар үйл ажиллагаа эрхэлдгийг тодорхой зааж өгч байгаа. Жишээ нь сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоход бүх сайд тушаал гаргаж байна. Яг олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, дарга, сайд гэсэн тушаалаар хэзээ ч тушаал гаргадаггүй. Мөн хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч ажлаас халагдах хэмжээний зөрчил гаргасан уу гэхээр гаргаагүй байдаг. Ажилчдыг хэл амаар доромжилсэн гэдэг үүнийгээ ажлаас халах үндэслэл болгож тушаал дээр заасан байгаа. Тиймээс Б.О******* нь баг бүрдүүлэх гэдэг юм уу, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, өөрт олгогдоогүй эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлж илт хууль бус тушаал гаргасан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар албан тушаалтныг ажлаас халж, чөлөөлөхөөр бол сонсголд оруулахыг үүрэг болгон хуульчилж өгсөн. Гэтэл сонсгол огт хийгээгүй. Сонсгол хийгээгүй гэдэг нь даргын зөвлөлийн гишүүд нь зөвлөмж өгөөд тушаал хүчин төгөлдөр бус байна гэдгийг хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн баримтаар нотлогдож байдаг. Хариуцагчийн төлөөлөгч хэргийг өмнө нь шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу нэхэмжлэгч хэзээ ч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад гаргах эрх нь нээлттэй. Хүчинтэй эсэх, хүчингүй эсэх асуудал тусдаа явагдаад 3 шатны шүүхээр шийдвэрлэгдээд дууссан. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 45.432.671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч байна. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 183/ШШ2023/01823 дугаар шийдвэрээр М.Д*******гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 дугаар 9 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2023/01815 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 001/ШХТ2023/01381 тогтоолоор тус тус Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд М.Д*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Туул тосгон Эрүүл мэндийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар хүчингүйд тооцож тушаал гаргасан. Уг тушаал анхан шатны шүүхэд хэлэлцэгдээд хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Мөн Б.О******* даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дугаар тушаал бий. Үүний дагуу Улсын бүртгэлийн гэрчилгээнд үүрэг гүйцэтгэгч гэж тэмдэглэгдсэн гэрчилгээг хавсралтаар өгсөн. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг томилж чөлөөлсөн гэсэн байгаа. Мөн Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд тухайн эрүүл мэндийн төвийн санхүүтэй холбоотой тушаал шийдвэр, ажилтанг ажлаас чөлөөлөх зохицуулалтыг энэ хоёр хуулиар нотлогдож байгаа. Тийм учраас Б.О******* нь өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд уг тушаалыг гаргасан. Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар хүчингүйд тооцох тухай тушаал гаргасан ба уг тушаал болон 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалын талаар анхан шүүхэд хянан хэлэлцэгдэх үед ИХШХШ тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж, шүүх нотлох баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү, хэрэв шийдвэрлэхээр бол нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/46 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хяналт шалгалтын тайлан, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, Туул тосгон эрүүл мэндийн төвийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээ гэх хуудас, Төрийн банкны дансны хуулга,
4.Хариуцагчаас хариу тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/46 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/7 дугаартай хөдөлмөрийн гэрээг цулах тухай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаал хүчингүйд тооцуулах тухай тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар хөдөлмөрийн гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01823 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01815 дугаар магадлал, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/128 дугаар Б.О*******ийг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, хавсралт, Туул тосгон эрүүл мэндийн төвийн дүрэм, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01381 дүгээр Улсын дээд шүүхийн тогтоол, Туул тосгон эрүүл мэндийн төвийн дотоод журам, Туул тосгон эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, санхүүгийн холбогдох асуудлаар хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулга, төсвийн гүйцэтгэлийн нэгдүгээр сарын мэдээ, төсвийн тайлан, дансны хуулга, Т******* төвийн даргын төвийн бүтэц, орон тоо, ажилчдын нэр, албан тушаал, цалин хөлс, нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр тушаал, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/69 дүгээр ажлын хөлс олгох тухай тушаал, итгэмжлэл, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/108 дугаар Э.Алтнаагаар албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Т******* төвийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримт ирүүлснийг хэрэгт хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ****** дүүргийн Т******* төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О******* Б.Д******* намайг хоёр удаа ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалж, миний хуулиар олгогдсон эрхэнд халдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, хохироож байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч миний бие А/46 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалын аль нь хүчин төгөлдөр эсэхэд өнөөдрийг хүртэл эргэлзэж, илт хууль бус тушаалаас болж, цаашид хөдөлмөр эрхлэх эрхээрээ хохирсоор байна. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 45.432.671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгана гэж тайлбарласан.
3.Хариуцагч Туул тосгон эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 183/ШШ2023/01823 дугаар шийдвэрээр Б.Д*******гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 дугаар 9 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2023/01815 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 001/ШХТ2023/01381 тогтоолоор Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд М.Д*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
5.М.Д******* Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот тушаалаар хүний их эмчийн албан тушаалд томилогдож, тус төв М.Д*******тай 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 12 дугаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хугацаагүй байгуулан ажиллаж байсан байна.
6.Гэтэл Хан-Уул дүүргийн Т******* даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар М.Д*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар М.Д*******г хамт ажиллагсдад дарамт үзүүлж сүрдүүлсэн, бүдүүлэг харьцсан, ажлаас гарахад хүргэсэн, эмнэлгийн болон ажилчдын нэр хүнд, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлдлийг удаа дараа гарган ажилтан албан хаагчдын дунд хагарал үүсгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэх үндэслэлээр тушаал гаргасан өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.
7.Нэхэмжлэгч М.Д******* дээрх тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар шүүх хэргийг хянан хэлэлцэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01823 дугаар шийдвэрээр М.Д*******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
8.Хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 дугаар 9 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2023/01815 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч хяналтын гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 001/ШХТ2023/01381 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
9.М.Д*******, түүний өмгөөлөгч Д.Ж******* нар Туул тосгон эрүүл мэндийн төвийн дарга Б.О*******ийг өөрийг нь албан ёсоор бүртгэж, эрх олгоогүй байхад өөрт олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дээрх тушаалыг гаргасан гэж тус төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгана гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч шүүх дээрх шаардлагын дагуу хэргийг шийдвэрлэсэн байна.
10.Хэрэгт авагдсан Туул тосгон эрүүл мэндийн төвийн Улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад 2022 оны 11 дүгээр сарын 28 буюу тухайн цаг үед Б.О*******ийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч түүнийг Туул тосгон эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалд томилсон нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/128 тушаалаар тогтоогдож байх тул Б.О*******ийг тушаал шийдвэр гаргах эрхгүй, өөрт эрх олгоогүй гэж үзэхгүй, түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх М.Д*******гийн нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэж, Б.О*******ийг тушаал шийдвэр гаргах эрхтэй эсэх, гаргасан шийдвэр нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргах эрх нь нээлттэй гэж дээрх үндэслэлийг зааж, дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж заасан.
12.Нэхэмжлэгч ажил олгогчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/46 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар М.Д*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын аль нь хүчин төгөлдөр эсэхэд өнөөдрийг хүртэл эргэлзэж, илт хууль бус тушаалаас болж, цаашид хөдөлмөр эрхлэх эрхээрээ хохирсоор байна гэж тайлбарлах боловч 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/46 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүйд тооцсон, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47, 47/Б дугаар тушаал нь нэг агуулга бүхий байх ба ажилтанд өгөх, байгууллагад авч үлдэхээ ялгаж тэмдэглэсэн, энэ талаар талууд маргаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
13.Иймд Т******* төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 45.432.671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг даалгах тухай М.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т******* төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 45.432.671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай М.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН