Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 22

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ

Шүүгдэгч Т.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Х-д холбогдох эрүүгийн 1724000010004 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, **, мэргэжилгүй, малчин, **аймгийн ** сумын ** баг хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т.Х /РД:**/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн нутагт иргэн С.Анхбаттай маргалдан улмаар чулуутай гараараа түүний толгой, нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн нутагт иргэн С.Анхбаттай маргалдан улмаар чулуутай гараараа түүний толгой, нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч С.Анхбатын “...Хангай ирээд намайг заамдаад авахаар нь би цээж рүү нь түлхсэн. Гэтэл Х намайг зөрүүлээд миний баруун мөр орчим руу цохиод авсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад газар өнхөрсөн. Гэтэл Х газраас чулуу аваад миний толгой орчимд 2, дагзны ард 1, мөн дээд уруулын орчим 1, нуруу орчим 1, хүзүү орчим 1 удаа цохьсон. Тэгээд намайг зодож хаячихаад яваад өгсөн. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулаад өгвөл гомдол, санал байхгүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

- Гэрч Э.Энхдалайгийн “...Х явъя гэсэн чинь Анхбат хуц пизда минь гэсэн маргаанаас болж тэд муудалцаж эхэлсэн. Тэгээд А, А нар барилцаад авсан. Газар унаад дээр доороо ороод өнхөрөөд байсан. Тэгээд тэд босч ирцгээсэн. Гэтэл А-гийн гарт чулуу байсан. Өнхөрч байхдаа чулуу авсан бололтой. Хангай руу далайгаад цохьсон. Гэтэл Х намайг чулуугаар цохьлоо, би ч гэсэн чулуу барьж чадна шүү гээд Анхбатыг унагаад толгой тус газар нь 3-4 удаа цохьсон...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

- Гэрч Ц.Отгонбаатарын “...Анхбат, Энхдалай хоёр орж ирээд Анхбат хүнд зодуулчихлаа гэж Энхдалай хэлсэн. Манай эгч Оюун-Эрдэнэ Анхбатаас хэнд зодуулсан юм бэ гэсэн чинь Х ахад зодуулчихлаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

- Гэрч Б.Батсайханы “...2017 оны 09 сарын 27-нд 23 цагийн орчимд Жижэгдэй буюу Отгонбаатар манай гэрт ирээд Анхбат хүнд зодуулсан байдалтай байна, эмнэлэг дээр аваад очих уу, толгой тархинаас нь цус гоожоод байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр аваад ир гээд ирэхээр нь шархыг нь цэвэрлээд үзлэг хийхэд толгойн орой хэсэгт 2 газар язарч цус гарсан, нэг шарх нь 2 см, нөгөө шарх нь 3 см байсан, дагзны ар хэсэгт 1.5 см шарх байсан. Хамт явж байсан Оюун ярихдаа Х гэгч зодсон байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- Гэрч Х.Оюун-Эрдэнийн “...Анхбатаас хэнд зодуулсан юм бэ гэсэн чинь Х ахад зодуулчихлаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

            - Яллагдагч Т.Х-гийн “...би зөрүүлээд, чи намайг чулуугаар цохиж болж байхад би яагаад болдоггүй юм гээд түүний толгой руу чулуугаар цохьсон, намайг цохьсон чулуугаар нь би түүнийг цохьсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

            - Шинжээчийн №172120 тоот “...иргэн С.Анхбатын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/.

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.Х-ийн  2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн нутагт иргэн С.Анхбаттай маргалдан улмаар чулуутай гараараа түүний толгой, нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Т.Хангайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Х-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгон харгалзан үзлээ.

Хохирогч С.Анхбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд Т-Х-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролоо иргэний журмаар жич нэхэмжилнэ гэсэн учир шүүгдэгч Т.Х-гийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн илэрхийллийг бодитой гэж дүгнэх боломжгүй юм.

Учир нь хохирогч С.Анхбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд юу нэхэмжлэх нь тодорхойгүй бөгөөд иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Х нь нэхэмжилсэн хохиролын талаар маргах эрхтэй.

 Иймд шүүгдэгч Т.Х-д прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Т.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Анхбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН