Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/шш2024/0126

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Хүслийн гэгээн мод” ХХК,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяа,

Маргааны төрөл: “Хүслийн гэгээн мод” ХХК-ийн гаргасан зөрчилд Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяа нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0068966 дугаар шийтгэлийн хуудас  оногдуулсан нь хуульд нийцсэн эсэх  зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд, хариуцагч Г.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Хүслийн гэгээн мод” ХХК-аас Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяад холбогдуулан Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяагийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0068966 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.

          2.Гомдол гаргагч “Хүслийн гэгээн мод” ХХК-ийг  борлуулалт хийсэн тухай бүр төлбөрийн баримт олгоогүй гэх зөрчилд Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяагийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0068966 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

          3.Гомдол гаргагчаас “Төлбөрийн баримт олгоогүй гэдэгтэй маргахгүй, гэхдээ орлогыг тодорхойлох боломжтой, буруу зүйлчилсэн, удирдамжгүй хяналт шалгалт хийсэн” гэж, хариуцагчаас “зүйлчлэл тохирсон, илт тодорхой зөрчил тул удирдамжгүй хяналт шалгалтыг хийсэн, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргасан.

4.Гомдол гаргагч “Хүслийн гэгээн мод” ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэл: 

1/“Хүслийн гэгээн мод” ХХК-ийн автомашины засварын төв дээр Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын  хэлтсийн татварын улсын байцаагч  Г.Оюунтуяа нь ирж, засварын төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд Нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт олгож байгаа эсэхийг шалгаж, 2023 оны 11 сарын 17 өдрийн 0068966 дугаартай шийтгэлийн хуудсыг манай компанид оногдуулсан.

2/Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяагийн оногдуулсан 2023 оны 11 сарын 17 өдрийн 0068966 дугаартай Шийтгэлийн хуудсын үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д  “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд: энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг үндэслэсэн байх бөгөөд үүнийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь манай компанийн хувьд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст заасан санхүү, татварын харьяалагдаж, татварын хууль тогтоомжид тайлангуудаа хугацаанд илгээдэг татвар төлөгч байсаар байтал өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн хамгийн өндөр дүнтэй санкцыг хэрэглэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3/Манай компанийн хувьд автомашины засвар үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдэдээ төлбөрийн баримтыг олгодог ба энэ манай компанийн шивсэн татварын нэгдсэн системд бүртгэлтэй төлбөрийн баримтуудаар нотлогдоно. Зарим нэг тохиолдолд төлбөрийн баримт нэхээгүй, шаардаагүй зарим нэг үйлчлүүлэгчдэд төлбөрийн баримтыг олгоогүй асуудал байгаа бөгөөд бид үүнийгээ хүлээн зөвшөөрч шалгалт хийсэн татварын улсын байцаагч  Г.Оюунтуяад ч үнэн зөвөөр нь хэлсэн байдаг.

Гэхдээ манай компанийн хувьд үнийн дүн зөрүүтэй төлбөрийн баримт олгосон асуудал огт байхгүй, мөн маш цөөхөн тохиолдолд төлбөрийн баримт олгоогүй байхад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн хамгийн өндөр дүнтэй санкцыг хэрэглэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр уг Шийтгэлийн хуудас нь үгүйсгэгдэж байгаа тул Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Оюунтуяагийн оногдуулсан 2023 оны 11 сарын 17 өдрийн 0068966 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагч “Хүслийн гэгээн мод” ХХК-ийн зүгээс Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяагийн оногдуулсан 2023 оны 11 сарын 17 өдрийн 0068966 дугаартай Шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Төлбөрийн баримт олгоогүй гэдэг асуудал дээр бол маргахгүй байгаа. Шалтгаан нь зарим үйлчлүүлэгч нар төлбөрийн баримт авахгүй явдаг асуудал бол гардаг. Төлбөрийн баримт олгоогүй гэдэг асуудлыг бол хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд бол татвар төлөгч хүлээн зөвшөөрч байгаа. Гол маргаж байгаа асуудал нь бол маргаан бүхий актыг оногдуулахдаа гурван төрлийн шийтгэл оногдуулах боломжтой байсан. Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяагийн оногдуулсан 2023 оны 11 сарын 17 өдрийн 0068966 дугаартай Шийтгэлийн хуудасны үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 "Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалтыг үндэслэсэн байх бөгөөд үүнийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компанийн хувьд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст харьяалагдаж, татварын хууль тогтоомжид заасан санхүү, татварын тайлангуудаа хугацаанд илгээдэг татвар төлөгч байсаар байтал өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн хамгийн өндөр дүнтэй санкцыг хэрэглэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манай компанийн хувьд автомашины засвар үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдэдээ төлбөрийн баримтыг олгодог ба энэ манай компанийн шивсэн татварын нэгдсэн системд бүртгэлтэй төлбөрийн баримтуудаар нотлогдоно. Зарим нэг тохиолдолд төлбөрийн баримт нэхээгүй, шаардаагүй зарим нэг үйлчлүүлэгчдэд төлбөрийн баримтыг олгоогүй асуудал байгаа бөгөөд бид үүнийгээ хүлээн зөвшөөрч шалгалт хийсэн татварын улсын байцаагч Г.Оюунтуяад ч үнэн зөвөөр нь хэлсэн байдаг. Гэхдээ манай компанийн хувьд үнийн дүн зөрүүтэй төлбөрийн баримт олгосон асуудал огт байхгүй, мөн маш цөөхөн тохиолдолд төлбөрийн баримт олгоогүй байхад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн хамгийн өндөр дүнтэй санкцыг хэрэглэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хун, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэсэн хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Татварын ерөнхий газраас ирсэн албан бичигтэй танилцсан. Ер нь агуулга нь нарийвчилсан хуулиар зохицуулж байгаа учраас Төрийн хяналт шалгалтын тухай хууль хамаарахгүй, удирдамжтай байх шаардлага байхгүй гэсэн агуулгатай тайлбар байна гэж ойлгож байна. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд төрийн хяналт шалгалтын тогтолцоо, хүрээгээ тодорхойлсон байгаа юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.1-т төрийн хяналт шалгалт нь Улсын их хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон хуульд заасан эрх бүхий байгууллагын хяналт шалгалт гэж байгаа юм. Хуульд заасан эрх бүхий байгууллагын хяналт шалгалт Татварын ерөнхий газрын албан бичиг дээр татварын байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд заасан хамрах хүрээ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.1-д заасан хүрээнд хамаараад, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зорилго нь Төрийн байгууллага, төртэй холбоотой байгууллагуудаас, Аж ахуй нэгжид хяналт шалгалт хийхдээ энэ хуулийг баримталж, арга хэмжээгээ авна гэдэг Монгол улсын Үндсэн хуулийн дараагийн малгай хууль нь болоод байна. Тэгэхлээр энэ хуулийг бол зайлшгүй баримтлах шаардлагатай байгаа. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.1.1-т төрийн хяналт шалгалт гэж яг юу юм бэ гэдгийг маш тодорхой дурдаад өгсөн. Энэ хариуцагч н.Оюунтуяагийн хийсэн үйл ажиллагаа байгаа. Иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа, үйлдэл, эс үйлдэхүй, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн үзүүлж байгаа ажил үйлчилгээ, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд хянан шалгах арга хэмжээний төсөл дээр хяналт шалгалт хийнэ гэж байгаа. “Хүслийн гэгээн мод” ХХК-ийн Вьетнам засварын үйл ажиллагаанд хариуцагч Г.Оюунтуяа очоод хяналт шалгалт хийж байгаа учраас яах аргагүй төрийн хяналт шалгалт, Төрийн хяналт шалгалт шалгалтын тухай хуулиар зохицуулагдах ёстой. Мөн удирдамжтай байх ёстой. Энэ шаардлагыг хангахгүй байна гэдэг тайлбарыг хэлмээр байна. Ийм учраас өөрөө хуульд, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд удирдамжтай байна заасан байхад удирдамжгүй гэж байгаа нь өөрөө энэ хуулийг зөрчиж байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19.8.3-д заасан зөрчлийг бол гаргаагүй. Зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин орлогыг нь тодорхойлох боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Орлогыг нь тодорхойлох боломжгүй гэж хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй. Тухайн татвар төлөгч нь тайлангаа илгээгээгүй, тайлагнаагүй тохиолдолд орлогыг тодорхойлох боломжгүй гэж үзэх байх. Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан татвар, тайлангаа тухай бүрд нь хангаад явдаг байсан. Нэг асуудал нь Аж ахуй нэгжийн Орлогын албан татварын тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар жилд нэг удаа тайлан гаргана гэж хуулиар эрх нь нээгдсэн байгаа субъектийг сар бүр тайлан гаргадаггүй гэдэг байдлаар эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн 2022 онд жилийн нийт борлуулалт 34 сая төгрөг байхад 15 сая төгрөгөөр торгохоор энэ Аж ахуй нэгж яаж ажилчдынхаа цалин хөлс, аж ахуйн үйл ажиллагаагаа цаашаа  явуулах юм бэ? Зөрчлийн тухай хуулийн 1.3.1-д заасан зөрчлийн шинж чанарт тохирсон байна гэж заасныг шийтгэл нь зарчмын хуулийн заалтыг хангахгүй байгаа учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5.Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно" гэж тус тус заасан.

Татварын ерөнхий хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүрэгт автомашины засварын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байранд хяналт тавьж ажиллахад нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлэлгүй, борлуулалт хийсэн тухай бүртээ төлбөрийн баримт олгохгүй байгаа зөрчлийг илрүүлсэн. Төлбөрийн баримт олгоогүй зөрчил үйлдсэнээ нэхэмжлэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу шийтгэл оногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх явцад тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах төлбөрийн хэмжээ, нэхэмжлэгчийн өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнг тогтоох шаардлагын дагуу Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн цахим төлбөрийн баримтын мэдээлэл болон нэхэмжлэгчийн эзэмшдэг Голомт банкны 1415122430 дугаар дансны хуулганы мэдээллийг шалгахад, борлуулалтын орлогын дүн зөрүүтэй буюу тодорхойлох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон, орлогыг бүрэн тодорхойлох боломжгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн 15 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт нэг зүйлийг тодруулаад хэлэхэд санхүүгийн тайлан болон татварын тайлантай хугацаанд төлдөг татвар төлөгч байх нь өөрөө зөрчил оногдуулахгүй байх үндэслэл болохгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үүргийн одоо зохицуулалт байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тухай бүр төлбөрийн баримтыг олгоно гэсэн байгаа. Энэ татварын төрөл маань өөрөө сар бүрийн 10-ны дотор тайлагнадаг, сар бүр тайлагнадаг хугацааны давтамжтай татвар. Аж, ахуй нэгж нь өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, суутган төлөгчийн босго хүрээгүй. Тэгэхээр сар бүрийн өмнөх тайлант хугацааны борлуулалтын орлогыг тайлангаас нь бол харах боломжгүй болж байгаа юм. Үүнээс үүдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчлийн зүйлчлэлийг тодорхойлохын тулд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1, 8.2, 8.3 гэдэг заалтууд бол сонгох боломжтой заалт биш. Төлбөрийн баримт олоогүй, зөрөөтэй олгосон эсвэл өмнөх сарын борлуулалтыг тайлан болгон тодорхойлох боломжгүй бол гэсэн хуульд заасан санкц оногдуулах л хэлбэр юм. Үүнд хууль зүйн үндэслэлээр татварын улсын байцаагчийн үүрэг бүхий албан тушаалдан нь өөрөө нотлох үүрэгтэй. Нотлох ажиллагааны хүрээнд татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас тухайн аж ахуй нэгжийн системд илгээсэн баримтыг 10 дугаар сарын баримт 11 дүгээр сард үйлдэгдсэн зөрчил болохоор өмнөх тайлант сар эхлээд 10 сарын баримтыг харсан. Үүн дээр бол борлуулалтын орлогыг тодорхойлоход нийтдээ 5 сая 30 мянган төгрөг гарч ирж байгаа юм. Харин систем дээр төлбөрийн баримт олгоогүй зөрчлийг гаргасан этгээд өмнөх сар мөн зөрчлийг гаргасан байх магадлалтай гэж үзээд татварын улсын байцаагч зөрчлийг бодитоор нотлохын тулд холбогдогчоос компанийн Голомт банкны дансны хуулгыг авч чадсан байгаа юм. Дансны хуулгаар бол нийтдээ 3 сая 780 мянган төгрөг бол борлуулалтын орлого гэсэн зүйл гарч ирж байгаа юм. Төлбөрийн баримт болон дансны хуулга дээр заасан борлуулалтын орлогын зөрүү бол нийтдээ 1 сая 250 мянган төгрөг болж байгаа. Шивэгдсэн төлбөрийн баримтуудаас харах юм бол худалдан авагч тал дээр регистрийн дугаар нь хариуцагчийн нэр дурдсан 3 аж ахуй нэгжид бол шивэгдсэн, иргэнд бол шивэгдээгүй байсан. Борлуулалтын орлогын дүн өөрөө банкны хуулган дээрх борлуулалтын орлогын дүн хоёр хугацааны хувьд бол таарахгүй байгаа. Банкны дансанд орсон борлуулалтын орлого дээр төлбөрийн баримт шивсэн байна гэдгийг олох боломжгүй болсон. Тиймээс энэ зөрчлийн борлуулалтын орлогын хэмжээг бол тодорхойлох боломжгүй гэж үзсэн байгаа юм. Нэг ёсондоо борлуулалтын орлогын үнийн дүн бол яг тодорхой тоо гаргадаг. Дээрээс нь баримтын огноо болон дансны хуулгаа орлогын огноо бол зөрөөтэй ялган зааглах боломжгүй нөхцөл байсан тул хуульд заасан чиг үүргийн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасныг үндэслэл болгож шийтгэлийн хуудсаа бичсэн байгаа.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хууль хоорондоо ялгаатай хэрэглэгддэг хууль. Нэг нь эрх зүйн үр дагавар үүссэнээс өмнөх эрсдэлд суурилж хийгдэх шалгалт байгаа. Манай Татварын хяналт шалгалт буюу Төрийн байгууллагын хяналт шалгалт юм.  Нөгөө нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа буюу эрх зүйн үр дагавар нь үүссэний дараа хийгддэг зөрчил, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг  шалган шийдвэрлэж, хариуцлага ногдуулдаг процесс юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд Төрийн хяналт шалгалтын тогтолцоо бүрийг хуульчилсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.2-т Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэцийн болон Прокурорын хяналт шалгалт болон Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор зохицуулна гэсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2-т, Прокурорын тухай хуулийн 12.1-д Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг бол хуульчилсан байдаг. Тэгэхлээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын хяналт дор явагддаг болохоор тус тусын хууль тогтоомжоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар явагддаг. Дараачийн нэг асуудал Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар гомдол гаргах процесс нь өөр байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол гаргах процесс байна. Нэг ёсондоо зөрчлийн шийтгэлийн хуудаст гомдол гаргах процесс нь шийтгэлийн хуудас үйлдсэний дараа шууд Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд харьяалагдаад энэ нэхэмжлэгч талын гомдлын хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явдаг. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа гэж байдаггүй. Захиргааны байгууллага тухайн шийдвэрийнхээ талаар зөвтгөх эсвэл буруутгах алдаагаа засах боломж бол байдаггүй. Шууд Прокурорын хяналтад ороод шүүхэд харьяалагддаг. Гомдол гаргах процессоороо энэ 2 хууль ялгагдаж байгаа. Дээрээс нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Тэгээд Прокурорын хяналтад явагддаг болохоор энэ хуулийг дагаж мөрдөхгүй. Дээрээс нь эрх бүхий албан тушаалтан Улсын Ерөнхий Прокуророос баталсан эрх зүйн хэлбэрийг ашиглан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Зөрчлийг илрүүлсэн талаараа тэмдэглэл үйлдэж, үүнийг нь Прокурор хянаад үндэслэлтэй гэж үзвэл хэвээр үлдээж, үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд дүгнэлт гаргадаг. Ийм гомдол гаргах процессоороо ялагдаж байгаа. Татварын хяналт шалгалт хийгдээд удирдамж, томилолтоо танилцуулаад, зөрчлийг илрүүлээд шийтгэлийн хуудсыг үйлдэх ёстой гэсэн хууль зүйн алдаатай тайлбарыг өгч байгаа. Төлбөрийн баримт олгох зөрчлийг татварын хяналт шалгалтаар илрүүлэхэд учир дутагдалтай. Яагаад гэвэл татварын хяналт шалгалт хэрэгжүүлж байгаа бол татвар төлөгчид 10 хоногийн өмнө татвар төлөх хяналт шалгалт оногдуулж байгааг мэдэгддэг. Энгийн жишээ ярих юм бол Цагдаа тамхи татах хориотой цэг дээр тамхи татаж байгаа этгээдийг торгохдоо удирдамжаа танилцуулж торгодоггүй. Зөрчлийн тухай хуулийн агуулгаар шийтгэл, зөрчил үйлдсэнийг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу эрх бүхий албан тушаалтан илрүүлээд, прокурорын хяналт дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад шийтгэлийн хуудас үйлдээд явагддаг процесс юм. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.19-т хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын төлөвлөгөө, эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудас боловсруулах, батлах, эрсдэлийн ангилалд хамааруулахтай холбогдсон нийтлэг журам, аргачлалыг Засгийн газраас батална гэж заасан. Хуулийг нэг ёсондоо хуулийн зохицуулагдаагүй асуудлыг захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон асуудал гэж байгаа юм. Энэ журмыг батлах эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 479 дүгээр тогтоолын дагуу хяналт шалгалт хийх нийтлэг журмыг баталсан байгаа. Энэ нийтлэг журмын 1.17-д хяналт шалгалтын байгууллагаас зөвшөөрөл олгохтой холбогдсон болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа энэ журамд хамаарахгүй гэж заасан. Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад Төрийн хяналт шалгалтын тухай хууль дагаж мөрдөхгүй. Энэ тус тусын бие даасан зохицуулалттай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хийхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан. Зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан буюу н.Оюунтуяа байцаагч зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдана. Дээрээс нь зөрчлийн үйлдлээ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гэдэг Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөлд Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан. Дээрээс нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийг илрүүлээд Прокурорын баталсан хэлбэрийг ашиглаад илрүүлснээ нотолж байгаа хэлбэр болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан удирдамжийг заавал төлөөлөгчид танилцуулаад, шийтгэл оногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах үндэслэлгүй байсан. Энэ бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хууль ёсны шийдвэр болсон. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1.Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяагийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0068966 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Хүслийн гэгээн мод” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэжээ.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гээд 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэжээ.

          2.Гомдол гаргагчаас “Төлбөрийн баримт олгоогүй гэдэгтэй маргахгүй, гэхдээ орлогыг тодорхойлох боломжтой, буруу зүйлчилсэн, удирдамжгүй хяналт шалгалт хийсэн” гэж, хариуцагчаас “зүйлчлэл тохирсон, илт тодорхой зөрчил тул удирдамжгүй хяналт шалгалтыг хийсэн, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

          3.Гомдол гаргагчийг иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхдээ төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасанд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

          4.Учир нь гомдол гаргагч нь авто угаалга болон засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд түүний голомт банкны дансны хуулгаар Лут чулуу ХХК, Хаан банк ХХК, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар зэргээс үйлчилгээний хөлс төлөгдсөн, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн холбогдогчоос авсан мэдүүлгээр зөрчлөө хүлээн зөвшөөрчээ.

          5.Мөн  хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

          6.Тодруулбал: Гомдол гаргагчийн голомт банкны дансаар зөвхөн хуулийн этгээдүүдийн үйлчилгээний хөлс хийгдсэн байх бөгөөд бусад иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх боломжтой, үйлчилгээний хөлсийг бэлэн болон дансаар авах боломжтой тул орлогыг тодорхойлох боломжгүй гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

          7.Хэдийгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно”, 29.13-д “Энэ хуулийн 29.1-д заасны дагуу гаргасан хүсэлтээ татварын албанд бүртгүүлсэн албан татвар төлөгч жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж заасан, нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд тайланг хүргүүлж байсан байх боловч энэ нь орлогыг үнэн зөв тайлагнасан, үйлчилгээ тус бүрийн төлбөрийн баримтыг нотлох үндэслэл болохгүй.

          8.Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр зохицуулсан, дээрх заалтыг холбогдогчид тайлбарлахад зөвшөөрсөн байх тул хариуцагчийг удирдамжгүй хяналт шалгалтыг хийснийг буруутгах үндэслэлгүй.

          Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.19 дугаар зүйлийн 8.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т тус тус заасныг баримтлан “Хүслийн гэгээн мод” ХХК-ийн гомдолтой Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяад холбогдох “Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Оюунтуяагийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0068966 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ