Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/03203 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г М К”  ХХК-д холбогдох,

 

Орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 9 372 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Б-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Одончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Г М К”  ХХК-тай 112 тоот орон сууц захиалгаар барих тухай гэрээгээр Баянзүрх дүүрэг Амар амгалан 2 орон сууцны хотхоны 1 дүгээр байр 1 дүгээр орцны 13 давхрын 1303 тоот 28.4 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг 1 м.кв тутам нь 1 650 000 төгрөг нийт 46 860 000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээг байгуулсан өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нийт үнийн дүнгийн 20 хувь болох 9 372 000 төгрөгийг “Гурван марал констракш” ХХК-ийн 426010818 тоот дансанд тушаасан. Гэрээнд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид байрны түлхүүрийг гардуулан өгнө гэж заасан боловч өнөөдрийн байдлаар захиалсан байр маань 5 давхар хүртэл л баригдсан байна. Иймээс гэрээг цуцалж урьдчилгаа мөнгөө ямар ч суутгал шимтгэлгүй буцаан авах талаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус компанид өргөдөл гаргаж өгсөн.Тухайн үед тус компанийн ажилтан н.Булгантамир гэх хүн өргөдлийг хүлээн авч гэрээг цуцалж хураан авсан. Байр нь зарагдахаар мөнгийг нь буцаан олгоно гэсэн ба байр маань зарагдсан боловч өнөөдрийг хүртэл урьдчилгаанд төлсөн мөнгийг өгөөгүй байна. Иймд урьдчилгаанд төлсөн 9 372 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г М К”  ХХК-иас 9 372 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-өд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 902 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч “Г М К”  ХХК-иас 164 902 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-өд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэх ёстой атал нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн. Орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 9 372 000 төгрөгийг буцаан гаргуулахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй. Шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус компанид өргөдөл гаргаж өгсөн. Тухайн үед тус компанийн ажилтан н.Булгантамир гэх хүн өргөдлийг хүлээн авч гэрээг цуцалж, хураан авсан гэж тодорхойлох хэсэгт дурдсан байх бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Зохигчид маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан эвлэрлийн гэрээ ирүүлснийг давж заалдах шатны шүүхээс батлаж, шийдвэрлэх боломжтой байна.

           

            Нэхэмжлэгч Б.Б- нь орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 9 372 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Г М К”  ХХК эс зөвшөөрч маргасан байдаг. 

 

   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид дараах нөхцөлөөр эвлэрч хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

 

Б.Б-ийн захиалсан АА-1 хотхоны 1303 тоот байрны урьдчилгаанд төлсөн 9 372 000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2 343 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2 343 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 343 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 343 000 төгрөгийг тус тус хувааж, нэхэмжлэгчийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 463010462 тоот дансанд буцаан олгохоор эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй тул талуудын эвлэрлийг шүүхээс батлах хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/03203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигч харилцан тохирч, Б.Б-ийн захиалсан АА-1 хотхоны 1303 тоот байрны урьдчилгаанд төлсөн 9 372 000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2 343 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2 343 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 343 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 343 000 төгрөгийг тус тус хувааж, нэхэмжлэгчийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 463010462 тоот дансанд буцаан олгохоор эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 902 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН