Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 70

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2016/0067/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 18 дугаар байрны ******* тоотод оршин суух С.*******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” шаардлагатай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: - С.******* нь анх 2011 онд өөрийн хувийн бизнесээ өргөтгөх зорилгоор үйлчилгээний зориулалтаар барилга барих зориулалтаар газар олгуулахаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар уламжлуулан аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан.

Аймгийн Засаг дарга энэхүү хүсэлтийг судалж үзээд 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 143 дугаар захирамжаараа Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 10000м2 буюу 1 га газрыг миний нэр дээр 10 жилийн хугацаатай олгосон.

Миний бие тухайн газрын байршлын онцлог, хөрсний шинж чанар, бусад үзүүлэлтийг мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоотойгоор удаан хугацаанд судалсны үндсэн дээр  уг газар дээрээ Авто үйлчилгээний төв барихаар аймгийн ГХБХБГазартай зөвшилцөн шийдвэрлэсэн.

Ер нь газар олгосон захирамжинд зөвхөн “үйлчилгээ”-ний зориулалтаар гэж заасан ба ямар үйлчилгээ гэдгийг тодорхой заагаагүй тул ийнхүү “авто үйлчилгээ” хэмээн тодотгосон.

Ийнхүү шийдвэрлэснээр ГХБХБГазраар газрын байршлын кадастрын зургийг 2013 оны 03 дугаар сард хийлгэж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас техникийн нөхцөл, бусад зөвшөөрлийг зохих журмын дагуу авч аймгийн Ерөнхий архитектороор батлуулсан.

Газрын байршлын кадастрын зургаа хийлгэмэгц 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр аймгийн ГХБХБГазартай Газар эзэмших гэрээг байгуулж, ******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 10 жилийн хугацаатай авсан.

Ингэхдээ захирамжинд дурдсан хэмжээний газар олгоход зайн хэмжээ болохгүй гэсэн шалтгаанаар газрын хэмжээг 8026м2 буюу 0,8 га болгон өөрчилсөн.

Барилгын тухай хууль тогтоомжийн хүрээнд дээр дуьдсан зураг, зөвшөөрлүүд нь барилга барихаас өмнө зайлшгүй хийгддэг бөгөөд эдгээрт маш их цаг хугацаа, хөрөнгө хүч, олон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо шаардагдсан.

Энэ бүгдийг газар эзэмших эрхийн гэрчилгээгээ эрх бүхий байгууллагаас авсны дараа хийх ёстой байдаг.

Шаардлагатай зураг, төсвүүдийг хийлгэж, холбогдох зөвшөөрлүүдийг авсны дараа уг газраа тойруулан 25,0 сая төгрөгийн өртөг бүхий хотын өнгө үзэмж, шаардлагад нийцсэн хашааг 2014 онд бариулж, барилгын ажил эхлэх улаан шугамыг татуулсан.

Энэхүү барилга барих бэлтгэл ажлуудыг хийж байх хугацаандаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын төлбөрийг тогтмол төлж байсан.

Мөн дээрх ажлуудаас гадна бусад бэлтгэл ажилд нилээдгүй хөрөнгө мөнгө зарцуулсан ба барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг олох шаардлагатай болсон.

Ингээд хөрөнгө оруулагч хайж, улмаар энэ талаар хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийгдэж байсан үед Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хууль ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар эзэмшигч С.******* надад урьдчилан мэдэгдэлгүйгээр аймгийн Засаг дарга А.Энхболд нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А/181 дүгээр захирамжаар газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Энэхүү шийдвэрийн талаар миний бие аймгийн ГХБХБГазрын даргын 2016 оны 06 дугаар сарын 03 ны өдрийн 282 тоот албан бичгийг хүлээн авснаар мэдсэн болно.

Уг захирамжийн үндэслэл хэсэгт “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн...” хэмээн дуджээ. Энэ хуулийн зүйл, заалтыг судлан үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтууд нь газар эзэмшигч надад хамааралгүй заалт гэж үзэж байна.

2.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт “газар эзэмшигч гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” талаарх зохицуулалт байх ба миний бие энэхүү заалтыг өрчөөгүй болно.

3.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалтад “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” талаар заасан бөгөөд миний бие газар эзэмших хугацаандаа газрын төлбөрөө бүрэн төлсөн.

4.Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт аргаагүй” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болгохоор заажээ. С.******* надад уг газар 10 жилээр олгогдож гэрээ байгуулагдсан ба энэхүү хугацаа дуусаагүй байх тул сунгуулах хүсэлт гаргах шаардлагагүй юм.

5.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй” тохиолдлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтууд байна.

Миний бие уг газрыг гэрээгээр эзэмшихдээ газрын тухай хууль тогтоомжийг огт зөрчөөгүй газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн.

Мөн гэрээгээр эзэмшиж байх хугацаандаа уг газар дээр баригдах авто засварын үйлчилгээний барилгын эскиз зураг болон газрын байршлын кадастрын зургийг эрх бүхий хүмүүсээр гэрээгээр хийлгэж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас зохих журмын дагуу зөвшөөрлийг нь авсан, хашаагаа барьсан зэрэг ажлуудыг хийсэн талаараа дээр дурдсан. Эдгээр ажилд маш их цаг хугацаа, хөрөнгө хүчээ зарцуулсан талаараа ч дурдсан. Үйлчилгээний барилгыг барихын тулд зайлшгүй хийгдэх ёстой энэ бүх ажлуудыг миний бие хийсэн байтал “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь зүйд нийцэхгүй байна.

Энэ бүгдээс үзэхэд аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэл хэсэгт дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг газар эзэмшигч би зөрчөөгүй нь харагдаж байна. Миний бие уг газрыг хуульд заасан журмын дугуу анх эзэмшсэн ба газрын тухай хууль тогтоомжууд болон хэн нэгэн газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Дээрх заалтуудаас үзэхэд иргэн миний гэрээгээр эзэмшиж буй газрын тухай хууль тогтоомжууд болон хэн нэгэн газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Дээрх заалтуудаас үзэхэд иргэн миний гэрээгээр эзэмшиж буй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй нь харагдаж байна. Дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдээр аймгийн Засаг дарга А.Энхболдын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/181 дүгээр захирамжийн иргэн С.*******т хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                                                                                                         

             Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайханаас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хүсэлтэндээ: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 18 дугаар байрны ******* тоотод оршин суух С.*******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” шаардлагатай нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

           Аймгийн засаг даргаас олгосон бүрэн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.1, 28-р зүйлийн 28.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 67-р зүйлийн заасны дагуу шийдвэрлэж өнгө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНЧИМЭГ