Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00705

 

Т.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/00049 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 516 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбатын гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Т.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, Б.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Н.Мөнхбат, Б.Солонго, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2014-02-21-ний өдрийн 57 дугаар тогтоолоор Т.Лхагвасүрэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Т.Лхагвасүрэн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт захиалсны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж оролцсон хүмүүсээс хамгийн өндөр оноог нь авсан. Гэтэл уг албан тушаалд томилоогүй бөгөөд Засгийн газрын 2015.04.13-ны өдрийн 138 дугаар тогтоолоор ажлаас нь чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Засгийн газрын тухай хуульд заасны дагуу агентлагийн даргыг чөлөөлөхдөө холбогдох Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн чөлөөлөх байхад  Зам тээврийн сайдын саналыг авалгүйгээр чөлөөлсөн. Мөн уг агентлагт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон гэх боловч Иргэний нисэхийн ерөнхий газрын зарим чиг үүрэг нь шинээр байгуулагдсан корпорацид шилжиж, уг агентлагт даргын орон тоо хэвээр үлдсэн. Иймд Т.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 138 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын 2015 оны 129 дүгээр тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2015 оны 138 дугаар тогтоолоор Т.Лхагвасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасан байдаг. Дээрх хуулийн дагуу “тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн” гэсэн нь зөвхөн агентлагийн даргыг томилох буюу чөлөөлөхөд хамаарах бөгөөд агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилж чөлөөлөхөд Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баримталдаг. Нэхэмжлэгч мөн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байхад тухайн агентлагийн даргаар томилоогүй тухай дурджээ. Төрийн албаны тухай хуулийн 351 .6 дах хэсэгт “Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж зааснаар Засгийн газар Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон хүнийг заавал томилох үүрэггүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/00049 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9- р зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 –р  зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын2015 оны 138 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Т.Лхагвасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Засгийн газраас  25.235.573 төгрөг гаргуулж Т.Лхагвасүрэнд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагчид  үүрэг болгож,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41-р зүйлийн 41.1.5, 44-р зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 60-р зүйлийн 60.1-д заасныг баримтлан   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 516 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэхдээ хариуцагчийг нэхэмжлэгчийн тайлбарт хариу тайлбар хийх боломжоор хангаагүй, шүүх бүрэлдэхүүн хэргийн материалыг нэг бүрчлэн шинжлэлгүйгээр, хариуцагчаас ганц асуулт асууж хариу авснаас өөр ажиллагаа явуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89.2, 107.3, 110.1, 116.4-г зөрчлөө. Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 нь агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид хамаарахгүй юм.Төрийн албаны тухай хуулийн 21.2 зааснаар Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ыг баталсан бөгөөд Т.Лхагвасүрэнг уг журмын дагуу томилж, чөлөөлсөн, Засгийн газрын гишүүний саналыг үндэслэх тухай ямар нэг заалт байхгүй юм. Агентлагийн дарга нь сонгон шалгаруулалтад орж тэнцэж, төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байдаг.Энэ шалгуурт тэнцэж агентлагийн даргаар томилогдсон бол Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2-т зааснаар тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг авч ажлаас чөлөөлөх нь зүйн хэрэг. Гэтэл шүүх "түр орлон гүйцэтгэгч"-ийг чөлөөлсөн асуудлыг дээрх хуулийн заалтад хамааруулан шийдвэр гаргасан нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, төрийн албан хаагч болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн ялгаатай байдлыг хайхраагүй гэж үзэхээр байна. Төрийн албаны тухай хуулийн 21, Засгийн газрын 2015 оны 138 дугаар тогтоолоор Т.Лхагвасүрэнг Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ заалтын "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно" гэсэн хэсэг уг тогтоолд хамаарна. Гэтэл   аль заалтыг  баримталсан нь тодорхой бус гэж шүүх үзсэн нь буруу. Т.Лхагвасүрэн урьд нь Иргэний нисэхийн ерөнхий газрын газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсноос хойш өмнө эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлсөн ямар нэг шийдвэр гараагүй. Гэтэл шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Т.Лхагвасүрэн ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд  урьд нь эрхэлж байсан албан тушаалаа үргэлжлүүлэн эрхлэх эрх хэвээр хадгалагдаж байгаа.  Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг тусгаарлах  гэж үзэх бөгөөд  Засгийн газрын 2015 оны 129 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрыг өөрчлөн, агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэх "Иргэний нисэхийн үндэсний корпораци"-ийг байгуулсан  нь Иргэний хуулийн 31.1, 31.5-д нийцэж байгаа.  Гэтэл шүүх Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Т.Лхагвасүрэнг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, "түр орлон ажиллаж байсан даргын тушаал, орон тоо хэвээр батлагдсан болох нь байгууллагыг өөрчлөн байгуулах гэж үзэхгүй" гэж үзэж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна. Түүнчлэн Засгийн газар аливаа албан тушаалд түр орлон гүйцэтгэгч томилох, түүнийг чөлөөлөх талаар өөрт хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлж чадахгүй болох сөрөг үр дагавар, жишгийг бий болгох, цаашид түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бүх хүн ажлаа өгөхгүйгээр шүүхээр эгүүлэн тогтоолгодог болох, улмаар Төрийн албаны хууль зөрчигдөх үр дагавартай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Лхагвасүрэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 138 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Т.Лхагвасүрэн нь  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс  чөлөөлөгдсөн нь  тогтоогдсон байна. 

 Нэхэмжлэгчийг Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт  ажлаас чөлөөлөхдөө хариуцагч Засгийн газрын тухай хуулийн  183-р зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг баримталсан боловч тогтоолын  үндэслэл тодорхойгүй байгаа тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

  Засгийн газрын тухай хуулийн 183-р зүйлийн 2-т “...хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг ... нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө...” гэж заасан ба энэ нь нэхэмжлэгчид хамаарахгүй зохицуулалт  байна.

 Төрийн албаны тухай хуулийн 21, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62-р тогтоолын 3.1 дэх хэсгээс үзвэл  “... эзгүй... мөн... сул ...байгаа орон тоог нөхөх хүртэл хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ..” гэж заажээ.               

Т.Лхагвасүрэн нь  2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн ба уг орон тоог нөхсөн буюу  Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга томилогдсон тухай баримт хэрэгт авагдаагүй тул  хариуцагчийн гомдлыг  хангах боломжгүй  гэж үзлээ.  

Нэхэмжлэгчийг чөлөөлөхдөө байгууллагын “...зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн..” гэж хариуцагч  2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаар тогтоолд заасан боловч Иргэний нисэхийн ерөнхий газар нь шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байгаа тухай баримт хэрэгт авагдаагүй, бүтцийн өөрчлөлт хийх тухай шийдвэр хэрэгжээгүй талаар зохигчид тайлбартаа дурдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  үндэслэл байхгүй байна.

Т.Лхагвасүрэн нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  учир түүнийг хуульд заасан журмын  дагуу уг ажлаас чөлөөлөхөд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй .  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/00049 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 516 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ