| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2022/00503/И |
| Дугаар | 143/ШШ2024/00183 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 143/ШШ2024/00183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Б.Отгонсүрэн, Д. нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХК /РД:*******/, ******* аймаг, ******* сум, ******* баг ******* бизнес төвийн байр
Хариуцагч: ******* овогтой *******ын ******* /РД:*******/, ******* аймаг, ******* сум, баг, ын 04-04 тоот
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 64 167 141.91 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, С.*******ыг зээлийн мэдээллийн санд муу гэх ангилалд, үндсэн зээлийн үлдэгдэл 68 385 472 төгрөг хэмээн тодорхойлсныг хүчингүй болгож, зээлдэгчийн зээлийн мэдээллийн лавлагаа дахь ангиллыг хэвийн болгохыг үүрэг болгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ц. /цахимаар/, Ц. /цахимаар/, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга З. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ******* нь хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд хязгаарлагдмал хариуцлагатай компаниар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сард хувьцаат компани /нээлттэй ХК/ болсон тул тус иргэний хэрэгт нэхэмжлэгчээр ******* ХК болж оролцож байгааг тодруулж байна.
2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 492.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч С.*******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарлаж байсан бол өөрчилж, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй, 495.2-д зааснаар Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэсний дагуу нийт 64 167 141.91 төгрөгийг гаргуулах хэмээн өөрчилж байна.
Учир нь: Хариуцагч С.*******ын захиран зарцуулсан 40 168 687.57 төгрөг банкны өмч байсан бөгөөд уг мөнгийг ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Түүнчлэн мөрийтэй тоглоомын сайтад тоглож ашигласнаараа банкны эрх ашгийг зөрчиж ******* ХК-нд хохирол учруулсан гэж үзэж байна.
Харилцагч С.******* нь ******* ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/171908931 дугаартай алтан кредит картны зээлийн гэрээг байгуулж 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй 550160****1072 тоот кредит картыг 2 жилийн хугацаатайгаар авсан.
Талуудын хооронд байгуулагдсан кредит картны гэрээний дагуу ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 5 423 908.23 төгрөгийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу үүсгэгдсэн иргэний хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж, 143/ШШ2021/00183 тоот Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжаар С.*******аас 5 423 908.23 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжаар тус картны хүү зогссон, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш тухайн картанд дахин хүү бодогдоогүй болно.
Иймд дахин хүү тооцоолол хийж хариуцагч С.*******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 40 168 687.57 төгрөг, хүүний төлбөр 13 474 981.89 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 3 181 145.61 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 7 342 326.84 төгрөг нийт 64 167 141.91 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч С.******* нь ******* ХК 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөгийн Алтан карт-ын зээлийн гэрээг 2 жилийн хугацаатайгаар байгуулсан. Алтан карт-ыг тухайн өдрөөс эхлээд эзэмшиж эхэлсэн. Тус картын гэрээнд бэлэн бус гүйлгээний сарын хүү 2%, бэлэн гүйлгээний сарын хүү 3,5%, зээлийн эрх хэтрүүлсний хүү 2%, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 1 хувь байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгч С.******* дээрх зээлийн эрхтэй кредит картыг үндсэн хэрэглээнээс гадна 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Оросын Холбооны улсын бооцоот тоглоомын сайтад 5501601072 дугаартай кредит картаа бүртгүүлсэн бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус картын дансанд тоглоомын сайтаас 11 удаагийн гүйлгээгээр дараах орлого орсон. Үүнд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3 760 414.48 төгрөг, 3 760 410.48 төгрөг зэрэг 2 удаагийн гүйлгээ ордог. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 3 783 712.12 төгрөг, 3 783 712.12 төгрөг, 3 784 275.64 төгрөг зэрэг 2 удаагийн гүйлгээ ордог. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 6 удаагийн гүйлгээгээр 22 696 692.62 төгрөг ордог. Үүнээс хойш орлого ороогүй бөгөөд дээрх 11 удаагийн гүйлгээний нийт 41 569 213.46 төгрөг нь С.*******ын цахим тоглоомын сайтаас олсон мөнгө нь байгаа.
2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дахин зарлага гардаг бөгөөд энэ зарлага нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 18 удаагийн гүйлгээ байдаг. Энэ нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2 529 901.49 төгрөг, 3 550 565.71 төгрөгийн гүйлгээ хийсэн. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5 удаагийн гүйлгээгээр 9 155 047.93 төгрөгийн гүйлгээ гардаг. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 835 241.84 төгрөгийн зарлага. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 15 345 690.80 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6 удаагийн гүйлгээгээр 26 255 640.40 төгрөгийн зарлага гардаг. 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр 21 333 653.21 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 2 731 158.65 төгрөгийн гүйлгээ буюу нийт 18 удаагийн буцаан зарцуулалт хийж өөрийн хожсон 41 569 000 төгрөгөөсөө гадна банкны хөрөнгө болох 40 168 687.57 төгрөгийг захиран зарцуулсан нь банкны гүйлгээний баримтаас харагддаг.
С.*******т орлого зарлагын мэдээлэл нь мэйл хаяг болон утсанд нь мессежээр очдог. Тэгэхээр С.******* нь орлого зарлагаа тооцоолж өөрийнхөө олсон орлогоос илүү мөнгө гарсан гэдгийг мэдэж байсан. С.******* өөрийнхөө олсон орлогоос нэг дахин илүү зарцуулалт хийж банканд хохирол учруулсан учраас энэ мөнгө нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна. Энэ нь Иргэний хуулийн 495.1 дэх хэсэгт хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн 495.2-т Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжилж байгаа.
Харилцагч С.*******ын зарцуулсан 40 000 000 төгрөг буюу банкны хөрөнгө гэж үзээд байгаа мөнгө нь үндэслэлгүйгээр банкны хөрөнгийг ашигласан, түүнчлэн мөрийтэй тоглоомын сайтад зарцуулсан үйлдлүүдийг хамруулж үзсэн. Харилцагчийн хувьд тухайн гэрээтэй холбоотой үндсэн хэрэглээ буюу 5 423 000 төгрөгийг шүүхээр нэхэмжлээд захирамж гарчихсан учраас тухайн мөнгөн дүнг хасаад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 40 168 687.57 төгрөг, хүүгийн төлбөр 13 474 981.89 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 3 181 495.61 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 7 342 326.84 төгрөг, нийт 64 167 141.91 төгрөгийг нэхэмжилж байгаа. 40 000 000 төгрөгөөс гадна яагаад хүүгийн төлбөр, хугацаа хэтрүүлсний төлбөр нэхэмжлээд байгаа вэ гэхээр кредит картын С.*******ын ашигласан мөнгөн хөрөнгийг өнөөдрийг хүртэл банк бусдад зээлээд, эсвэл ашигласан тохиолдолд энэ хэмжээний орлого олох байсан гэдэг үндэслэлээр дээрх хүүнүүдийг нэхэмжилж байгаа.
******* ХХК болон С.******* хоорондын байгуулсан кредит картын гэрээний 6.2.2-т энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу карт эзэмшигчтэй банк яаралтай холбогдох шаардлага гардаг тул карт эзэмшигч утасны дугаар, мэйл хаяг өөрчлөгдөх, өөр ажилд шилжих тухай бүр талаар банканд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн тухайн гэрээний 6.2.3-т карт эзэмшигч энэхүү гэрээний 6.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй үед ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд банк хариуцахгүй гэдэг заалтыг заасан байдаг. Мөн 6.2.4-т карт эзэмшигч нь өөрийн картын үлдэгдэл хуулгыг интернет банкны үйлчилгээг ашиглан тогтмол хяналт шалгалт тавих үүрэгтэй гэж заасан байдаг. 6.3.1-т өөрийн картын дугаар, нэр, хүчинтэй хугацаа, си код, пин код болон интернет худалдаанд ашиглагдах и-код зэргийг алдсаны улмаас хийгдсэн луйврын гүйлгээг карт эзэмшигч бүрэн хариуцна гэсэн заалт байдаг. 6.3.2-т карт эзэмшигч нь өөрөө картаа ашиглан хийсэн бүх гүйлгээний хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан.
Банкны зүгээс С.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5-д зааснаар алдаатай гүйлгээний улмаас андуурагдсан илгээмж, гээгдэл, эд хөрөнгө алдуул мал зэргийг ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж үзээд ******* аймгийн цагдаагийн газарт 2020 оны 04 дүгээр сард ханддаг. Үүнээс хойш хэрэг бүртгэлтийн хэрэг нээж явсаар байгаад хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас хариу мэдэгдэх хуудсаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон. Энэ талаар прокуророос үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэг бүртгэлтийн хэрэг хааж шийдвэрлэсэн байна гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд иргэний шүүхэд тухайн 495.1.2-т гэсэн заалтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол банкны зээлийн мэдээллийн сан руу *******наас мэдээлэл явуулаад бүртгээд байдаг зүйл биш. Яагаад гэхээр Монгол банкны журмаараа Монгол банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулиараа Монгол банк нь тусдаа тендер зарлаад хувийн компаниар зээлийн мэдээллийн санг бүртгүүлж ажилладаг бөгөөд тухайн зээлийн мэдээллийн сан нь бүх банкны мэдээллийг хянаж, автоматаар ордог үйл ажиллагаа явагддаг. Тэгэхээр *******наас буруу бүртгүүлээд буруу дүн өгөөд байгаа үйл явдал биш. Яагаад энэ зээлийн мэдээллийн санд бүртгэгдээд байгаа нь үнэн зөв мэдээлэл орсон. С.*******ын өөрийн үндсэн зээлийн хэрэглээ буюу 5 423 000 төгрөгөөр 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрээр давхар зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж явж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Нэгэнт чанаргүй зээлдэгч муу зээлийн ангилалд орсон бол 6 жилийн хугацаанд энэ зээлийн мэдээллийн сангаас гарах боломжгүй нөхцөл байдалтай байдаг. Үүн дээр банкнаас шалтгаалсан нөхцөл байдал байхгүй. Банкнаас даалгаад зээлийн мэдээллийн санг өөрчлүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг л бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
3. Хариуцагч С.******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:
С.******* миний бие 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан ЗГ/171908931 дугаартай Кредит картын гэрээ-ний кредит картны зээлийн эрхийн хэмжээ нь 5 000 000 төгрөгөөр тогтоосон боловч илүү дүнгээр зарлага гарч байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээний дагуу зээлийн эрх хэмжээ нь 5 000 000 төгрөг хүрээд хаагдана. Зээлийн төлбөрийг цаг тухай бүрт нь төлж барагдуулж байсан.
Зээлийн хэмжээг гэрээнд заагдсанаар 5 000 000 төгрөгнөөс хэтрүүлэхээр бол хүсэлт гаргаж зээлийн эрхээ нэмэгдүүлж болох боловч зээлийн эрхийг нэмэгдүүлэх хүсэлт огт гаргаж байгаагүй.
******* ХХК нь зээлийн эрхийг 5 000 000 төгрөг хүрэхэд кредит картны зарлагын гүйлгээг хаагаагүй нь гэрээний нэг тал болох С.******* миний эрхийг ноцтой зөрчиж байна. ******* ХХК нь өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гэрээний тал болох С.*******аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
С.******* миний бие 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан ЗГ/171908391 дугаартай Кредит картын гэрээ-ний дагуу 550160******1072 картаар олон улсын гүйлгээ хийж байсан бөгөөд олон улсын гүйлгээний орлого нь тухай бүртээ орж, бүртгэгдэж байсан.
Иймд ******* ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол, олон улсын гүйлгээний мэдэгдлийг бүртгээгүйн улмаас үүссэн үндэслэлгүй 71 240 246.26 төгрөгийг төлөх үүрэг С.******* надад үүсээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 40 168 687.57 төгрөг, хүүгийн төлбөр 13 474 981.89 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 7 342 326.84 төгрөг нийт 64 167 141 төгрөгийг шаардсан байна. Хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 495.1, 495.2 гэж дурдсан байна.
Нэхэмжлэгчийн алдаатай үйлдлийн улмаас миний ******* дахь дансанд орсон мөнгийг миний бие ямар нэгэн байдлаар захиран зарцуулсан зүйл байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 64 167 141 төгрөг болон хууль зүйн үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Алдаатай гүйлгээний улмаас намайг эд зүйл ашигласан гэж үзэж байх шиг байна. Тэгэхдээ би тухайн үед мөрийтэй тоглоомын сайтад 5 000 000 төгрөгийн картаар л тоглосон. Тэгээд би өгч аваад л тоглоод байсан. Бусдаар надад илүү мөнгө гараагүй. Тэгээд дансандаа мөнгөгүй болоод тоглоомоо зогсоосон. 2023 оны 06 дугаар сарын 24-ний өглөө босоод дансаа шалгатал хасах 11 000 000 болсон байсан. Тэгээд банкин дээр очоод карт хариуцсан ажилтан дээр очиж уулзаад хэлсэн. Гэтэл тухайн ажилтан хойшоо ярь хэлж мэдэгдээд эргээд тан руу хариу хэлье гэсэн. Тэгээд маргааш нь болоход хасах 23 000 000 төгрөг бил үү 24 000 000 төгрөг болсон байсан. Тэгээд би дахиад банкин дээр очоод хасах болоод байна ямар учиртай вэ одоо яах вэ гэсэн чинь би тань руу эргээд хариу хэлнэ та хүлээгээд байж бай гэсэн. Тэгээд ингэж явсаар байгаад хасах 71 000 000 төгрөг болоод зогссон. Тэгээд би хот руу яваад *******ны төв салбар дээр нь очиж уулзах гэсэн боловч тантай биечлэн уулзах шаардлагагүй утсаар ярьчих гээд байсан. Таны энэ тохиолдол банканд ерөөсөө болж байгаагүй юм байна эргээд тантай холбогдоно гээд чимээгүй болсон. Тухайн үедээ энэ асуудлаар банкин дээр байнга очиж байсан. Гэтэл банкнаас тодорхой хариу өгөхгүй байсаар жил гаруй хугацаа өнгөрсөн. А. төлөөлөгчтэй хүртэл байнга утсаар ярьсан. Ядаж 5 000 000 төгрөгөө төлье. Миний цалингийн дансанд 5 000 000 төгрөг байна. Үүнийг татаад авч болдоггүй юм уу гэхэд байж бай хамаагүй татаж болохгүй гээд байсан. Тэгээд намайг мөнгөгүй болох үед 5 000 000 төгрөг нэхэмжилсэн. Энэ кредит 5 000 000 төгрөгийн эрхтэй боловч 2 000 000 төгрөг үлдээд байдаг. Тэгээд гэнэт хасах 11 000 000 төгрөг болсон. Би дараа нь 400 000 төгрөг хийж үзсэн чинь ерөөсөө хасагдахгүй хэвээрээ байгаад байхаар нь мөнгө хийж болохгүй юм байна гэж бодсон. Тэгээд би банк руу яриад үндсэн 5 000 000 төгрөгөө төлмөөр байна. Монгол банкны хар дансанд орчих вий дээ гээд хэлээд байсан. Тэгээд би энэ мөнгийг аваагүй. Авах ч боломж байхгүй. Хэрвээ би 41 000 000 төгрөгийг авсан бол өнөөдөр би баяжсан байх байсан. Банкны ямар алдаатай гүйлгээ гэдгийг мэдэхгүй байна гэв.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч А.гийн гаргасан тайлбар дээр 3 гол агуулга яригддаг. Нэгдүгээрт талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр кредит картын гэрээ байгуулагдсан. Гэрээний гол агуулга нь 5 000 000 төгрөг хүртэлх зээлийн эрх хэмжээ бүхий нөхцөлтэй гэрээ гэж тусгайлан заасан.
Хоёрдугаарт хариуцагч *******ыг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тухайн картыг ашиглаж байх явцдаа тодруулбал 2020 оны 06 дугаар сарын гүйлгээгээр Оросын Холбооны улсын мөрийтэй тоглоомын сайтаар нэвтэрч өөрийн биш хөрөнгийг буюу *******ны 41 000 000 төгрөгийг ашиглаж банканд учруулсан хохирлыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг агуулгыг хууль зүйн агуулга болгож танилцуулаад нэхэмжлэл гаргасан байдаг.
Гуравдугаарт 41 000 00 төгрөг яагаад 64 000 000 төгрөг болсон бэ гэдгийг тайлбарлахдаа үндсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү гэх 3 төлбөрийн агуулгыг нэгтгээд анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 71 000 000 төгрөг байсан. Тэгээд нэхэмжлэлийн шаардлага, агуулгаа өөрчлөхдөө 64 000 000 төгрөг болгосон үйл баримт харагддаг. Тухайн үйл баримтыг бодит байдал дээр хууль зүйн үндэслэлээр хөрвүүлбэл хэд хэдэн зөрчилтэй агуулга илэрдэг.
Нэгдүгээрт ******* иргэний эрх зүйн харилцааны 2 өөр харилцааг хооронд нь хольдог. Нэгдүгээрт иргэний эрх зүйн харилцаа өөрөө Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гэрээ хэлцлийн үндсэн дээр тодорхой төрлийн хууль зүйн факт, нөхцөл байдал бүрдсэнээр, өвлүүлэхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэтээр иргэний эрх зүйн харилцаа үүсдэг. Талуудын хооронд хамгийн анхны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээ Иргэний хуулийн 8.1.1 дүгээр зүйлд зааснаар агуулгын хувьд хуульд харшлаагүй. Банк эрх бүхий байгууллагаас зээл олгохтой холбоотой харилцаа хууль зүйн үндэслэлээр бүрдэж кредит картын гэрээ байгуулахдаа 5 000 000 төгрөг хүртэлх хэмжээний зээлийг тухайн картыг ашиглаад С.******* ашиглах боломжтой гэдэг. Гэрээний дагуу үүсэж байгаа харилцаа. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн тусгай ангид заасны дагуу эрх бүхий байгууллагаас олгох зээлтэй холбоотой харилцаа үүсдэг. Иргэний хуулийн 39.1, 8.1.1-т заасны дагуу талуудын хооронд эрх үүрэг үүсэх, өөрчилж, дуусгавар болгох, чиглүүлэхтэй холбоотой үйлдэл, эс үйлдэхүйгээс бий болсон хүсэл зоригийн илэрхийллээр үүсэж явдаг энэхүү харилцааг гаргаж ирдэг. Энэ харилцааны дагуу нэг талаас үндсэн хүү болон бусад хүү төлбөрийг ашигласан мөнгөн хэмжээнийхээ хариуд банканд С.******* төлөх ёстой. Нөгөө талаас тухайн төлбөрийг шаардах хугацаанаас нь өмнө мөнгийг ашиглуулах гэдэг ийм энгийн харилцаа явагдаж байдаг. Энэ харилцаанаас хамгийн гол агуулга нь тухайн гэрээний 2.1 дүгээр хэсэгт зааснаар 5 000 000 төгрөг хүртэлх зээлийн хэмжээ яригддаг. 5 000 000 төгрөгөөс илүү ашиглах боломжгүй гэдгийг тухайн гэрээний 2.1-т тусгайлан заасан зүйл заалтын дагуу гэрээний 6.2, 6.1-т зааснаар банк өөрөө тодорхой төрлийн үүргийг хүлээж байдаг. Энэ гэрээний агуулга талуудад эрх үүрэг үүсгэж, өөрчлөгдөж, талуудад хариуцлага хүлээж байгаа гэрээний зохицуулалт хуулийн дагуу явагдаж байгаа асуудал байдаг. Гэвч хоёрдугаар харилцаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудлыг илэрхийлдэг. Хэрвээ 41 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол 41 000 000 төгрөгөөс гэрээнд заасан үүргийг С.*******аас шаардах эрх *******анд байхгүй. 41 000 00 төгрөг Иргэний хуулийн 4 дүгээр дэд хэсэгт байгаа гэрээний бус үүрэг гэдэг бүлэгчилсэн зохицуулалтад хамаарагддаг. Гэрээний бус үүргийн дагуу тодорхой төрлийн хөрөнгийг олж авч байгаа тэр хөрөнгийн хэмжээнд л хариуцлага хүлээдэг. Тэр нь юу юм бэ гэхээр хамгийн анхны хөрөнгө буюу 41 000 000 төгрөг гэж *******наас нэрлээд байгаа хөрөнгийг хэлж байгаа. Иргэний хуулийн 4 дүгээр хэсэгт байгаа шаардах эрхийг 3 дугаар хэсэгт байгаа гэрээний эрх зүйн харилцааны үүргээр бий болгож байгаа. Тодорхой төрлийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хүүг төлөх бол заавал зээлийн гэрээнд үүрэг хүлээж байж тухайн төлбөрийг төлөх ёстой. Тэгэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 13 000 000 төгрөг, үндсэн хүү нь өөрөө гэрээнээс үүдэлтэй хүү байх ёстой байтал гэрээний бус үүргийн хүү гэж үзээд байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага байна. Үүнийг би ойлгохгүй байж байгаад А. төлөөлөгчийн нэхэмжлэл дээр дурдсан хүүг шаардах шалтгаан нь тухайн мөнгийг банк хувьдаа ашиглаж байсан бол энэ хэмжээний мөнгө олох байсан гэж тайлбарласан. Олох байсан орлогыг өөрөө хохирол гэж үздэг. Тэгвэл энэ 13 000 000 сая төгрөг дээр нэмээд 411 0000 төгрөг, 7 342 000 төгрөгийг шаардах гэж байгаа шаардлагын үндэслэл нь өөрөө гэрээний үүргийн үндэслэл биш. Хохирлын шаардлага болох ёстой. Үндэслэлгүй хөрөнгөжсөн 41 000 000 төгрөгөө хохирол учруулсан гэж үзэх ёстой байсан. Хэрвээ энэ 41 000 000 сая төгрөгийг банк өнөөдрийг хүртэл ашиглаж байсан бол банканд ирээдүйд олох ёстой байсан орлого. Банканд тухайн 41 000 000 төгрөг байгаагүй улмаас банк олох ёстой байсан орлого гэж хохиролд тооцох ёстой байсан. Тэгэхээр хууль зүйн үндэслэлгүй буюу хууль зүйн шалтгаант холбоогүй, шаардах эрх үүсээгүй мөнгөн дүнг миний үйлчлүүлэгч С.*******аас ******* нэхэж байгаа. Энэ нь бид хэрвээ 41 000 000 төгрөгийн хохирол учруулсан бол цаашдын хүү бодогдох боломжтой байсан уу, үгүй юу гэдэг нь тайлбарын татгалзал болж илэрхийлэгдэж байгаа. Хэрвээ үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 41 000 000 төгрөг авсан бол энэ мөнгө хүү бодогдох ямар ч хууль зүйн үндэслэл байх боломжгүй.
Хоёрдугаарт Иргэний хуулийн 492.1 дүгээр зүйлээр ******* хамгийн анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг. Энэ хууль зүйн үндэслэл яагаад ч хангагдах боломжгүй байсан. Тэрийг бид нар өмнөх шүүх хуралдаан хүртэл өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчдээ зөвлөгөө мэдээлэл өгөхдөө хууль зүйн үндэслэлийн хувьд үндэслэлгүйгээр хөрөнгийг олж авч байгаа этгээд тухайн хөрөнгийг заавал өөртөө олж авахыг урьдач нөхцөл болгож шаарддаг. С.*******ын өөрийнх нь өмчлөл рүү захиран зарцуулах эрх зүй, ашиглах, эзэмших гэсэн энэ хуульд заасан тухайн мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр өөрт ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар ашиглавал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримт болох байсан. Гэвч ******* хууль зүйн үндэслэлээ гаргахдаа өөрчилсөн нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 болсон. Хууль ёсны өмчлөх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах замаар тухайн хөрөнгийг захиран зарцуулсан бол тухайн хөрөнгөө буцаагаад өгөх үүргийг С.******* хүлээдэг. Хууль зүйн үйлдэл, эс үйлдэхүйн хувьд аливаа хөрөнгийг ашиглана гэдэг нь эзэмшилдээ байгаа хөрөнгийг ашиглахыг хэлдэг. Хэрэгт цугларсан байгаа баримтаар өнөөдрийг хүртэл 41 000 000 төгрөг алдагдсан байна гэдгийг тогтоохдоо ******* өөрийнхөө системийн алдаатай гүйлгээ гэдгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгвэл систем хэний эзэмшилд байдаг вэ гэхээр иргэн С.*******ын эзэмшилд байх огт боломжгүй. Систем өөрөө банкны өөрийнх нь аюулгүй ажиллагаа, эдийн засаг, зах зээл дээр ашиг олохдоо ашиглаж байгаа процедурын техникийн гол агуулга дата байдаг. Энгийн хэллэгээр тухайн системийг С.******* эзэмших, ашиглах боломжгүй. Тухайн биет бус интернет банкин дахь мөнгийг хэрвээ ******* ашиглах тохиолдолд тухайн кредит картаас өөрийнхөө хувийн данс руу, өөр банкны хувийн данс руу, эсвэл тухайн картыг автомат машинаас бэлэн мөнгөөр гаргаж авах эсвэл өөрийнхөө найз нөхөд бусад ашиг олох боломжтой худалдааны арилжааны дэлгүүр лүү шилжүүлсэн тохиолдолд энэ 41 000 000 төгрөгийг С.******* өөртөө олоод авсан гэдэг үйл баримт шууд үүсэх боломжтой. Энэ үйл баримт нь өөрөө өнгөц харвал Иргэний хуулийн 492.1 дүгээр зүйлд заасан нөхцөлийн урьдач нөхцөл болж хувирдаг. Гэхдээ картын эзэмших эрхийг Байгальмаа аудитор дүгнэлт гаргахдаа 2 процессоор явагддаг гэдэг. Кредит картын гүйлгээ нэгдүгээрт зөвшөөрөл олгогдоно. Хоёрдугаарт тухайн зөвшөөрлийг нь олгосных нь дагуу банк гүйлгээ хийнэ гэсэн байгаа. Банк гүйлгээ хийхдээ гэрээнд заасан үүргийнхээ хэмжээнд буюу 5 000 000 төгрөг хүртэлх гүйлгээ хийнэ. Энэ 5 000 000 төгрөг өөрөө рисктэй буюу эрсдэлтэй байдаг учраас 2 000 000 төгрөгийг үлдээдэг журамтай. Б. өмгөөлөгч миний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэж тухайн кредит картын зээлийн журам болон бусад баримтуудыг банкнаас татуулахаар хүсэлт гаргаад шүүх хангасан. Тухайн баримтуудаас харвал кредит картын гүйлгээ өөрөө С.*******ын зөвшөөрлөөр боловч банкны өөрийнх нь гол шилжүүлэг хийх үйлдэл байдаг. Эргээд анхны тайлбарынхаа эхлэл рүү үсэрвэл нэг ёсондоо С.*******ын дансны хуулгыг харвал энэ мөнгийг хувьдаа авсан, эзэмшсэн, ашигласан, захиран зарцуулсан үйлдэл байдаггүй. Дансны хуулгыг үзээд үзээд 2, 3 дансны хуулгыг харьцуулан шинжлээд нэг зүйлийг огт ойлгодоггүй. Тэр нь хавтаст хэргийн 15-33 дугаар тал дээр байгаа 2020 оны 06 дугаар сарын дансны хуулга дээр үсрэлт яваад байдаг. Энэ нь ямар үсрэлт вэ гэхээр нэмэх, хасах тэмдэгтэй. Нэмэх нь кредит картын орлого, хасах нь зарлага байдаг. Тухайн хасах үнийн дүнгүүд дэс дарааллаараа явбал кредит картын хуулга нь хамрах хугацаа 2020 оны 06 дугаар сарын байдлаар шууд 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд хасах нэмэхүүд нь эрс өндөр нэмэгдэлтэй байдаг. Нэмэх нь 5 000 000 төгрөг дотроо байгаад байдаг. С.******* тухайн кредит картыг ашиглаад мөрийтэй тоглоомын сайтаас мөнгө татаад орж ирж байгаа мөнгөн дүн нь яг журмынхаа дагуу буюу гэрээнд заасан хувь хэмжээнээс хэтэрдэггүй. Үнийн дүн нь 3 783 000 төгрөгийн давтамжтайгаар орж ирдэг. Хасалт нь С.*******ын нэхэмжлэлийн хариу тайлбар дээрээ хэлэхдээ 06 дугаар сарын 24-ний өдрөөс гэнэт хасах 11 000 000, 23 000 000, 50 000 000 төгрөг болоод ирсэн...
С.*******тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээн дээр байгаа. Хэрвээ эрсдэл бүхий нөхцөл байдал үүсвэл шууд хязгаарлалт хийх эрх нь банканд байгаа. Яагаад гэвэл талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөл нь 5 000 000 төгрөгөөс хэтэрч болохгүй. Гэрээний хавтаст хэргийн 44 дүгээр тал дээр байгаа хэсэг дээр прокурорын тогтоолоор хэргийг хаахдаа ******* 6.1.5-д заасан буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.7-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үздэг. Тухайн үүргүүд нь хэрвээ эрсдэл бүхий зүйл гарч ирвэл үйлчлүүлэгчтэй буюу харилцагч С.*******т шууд мэдэгдэнэ. Мөн дээрээс нь луйврын гүйлгээний эрсдэлээс сэргийлэх зорилгоор банк картаар гаргасан сэжигтэй гүйлгээг хянаж, карт эзэмшигчтэй холбогдох баталгаажуулах хэрэгтэй гэж заасан. Тэгэхээр С.******* банкны системийн эзэмшигч, эрхлэгч нь биш учраас тухайн гүйлгээн дээр хязгаарлалт, хориг хийх боломжгүй байдаг...
...Банкны зүгээс хохирогчоор гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзэж ******* аймгийн Цагдаагийн газарт С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгасан...
...Хавтаст хэргийн 46 дугаар талд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хариу мэдэгдэх хуудсаар С.*******т төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжгүй гэдгийг тогтоож иргэний журмаар нэхэмжлэлийг гаргахыг нээлттэй орхисон.
...Хууль зүйн хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэл болох мөнгөн шилжүүлэг С.******* руу хийгдээгүй байна гэдэг нэг үйл баримт, хоёрдугаарт С.******* тухайн мөнгийг хувьдаа ашиглаагүй байна гэдэг агуулга. Гуравдугаарт хууль зүйн хувьд гэрээний үүргийн шаардах эрхийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, үүргийн шаардах эрхээр хольж нэмж хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү шаардаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, *******ны гаргаж өгсөн нотлох баримтууд эргэлзээтэй гэж маргаж байна.
Сөрөг нэхэмжлэлийг 100% өмгөөлөгчийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан. ******* ХК нь С.*******ыг зээлийн мэдээллийн санд муу гэх ангилалд үндсэн зээлийн үлдэгдэл 68 385 000 төгрөгөөр бүртгэсэн байдаг. Гэвч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж заасан. Зээлийн мэдээллийн сан бүртгэл журмаараа талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.8-д банканд Монгол банкны дүрэм журамд заасны дагуу бусад зээлийн адил Монгол банкны зээлийн мэдээллийн санд карт эзэмшигчийн кредит картын зээлийн ангиллыг тухай бүрд нь бүртгүүлнэ гэж байгаа. Тэгэхээр шүүх дээр маргаад байгаа 41 000 000 төгрөг үсрэлтэйгээр 68 000 000 төгрөгийн муу зээлдэгч гэсэн бүртгэл С.*******ын нэр дээр Монгол банкин дээр бүртгэгдсэн байгаа...
...Зээлийн мэдээллийн тухай хуулийн 21.1-д зээлийн лавлагаа нь үнэн зөв, бодитой, тодорхой эх сурвалжид нийцсэн мэдээлэл агуулсан байхыг шаардана гэж заасан. Гэтэл энэ 68 000 000 төгрөгөөр муу зээлдэгч гээд бүртгэчихсэн...
...Зээлийн гэрээний дагуу үүргээ зөрчсөн бол 68 000 000 төгрөгийнхөө үүргийг зөрчсөн тохиолдолд энэ мөнгөн дүнгээр муу зээлдэгч гэсэн ангилалд бүртгэгдэх ёстой байсан. Гэвч бид нарын харилцаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөр явж байгаа учраас зээлийн мэдээллийн санд бүртгэх үндэслэл болохгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан, хангагдаагүй аль ч тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь гэрээний үүргийн дагуу бус үндэслэлгүйгээр хууль зүйн гэрээний бус үүргийн дагуу шаардаж байгаа. Тэгэхээр банк системийн хувьд ч юм уу, эсвэл үйл ажиллагааны хувьд алдаатайгаар Монгол банк руу 68 000 000 төгрөг гээд явуулчихсан байх л гэж бодож байна гэв.
6. Хариуцагч С.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
С.******* миний бие 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан ЗГ/171908931 дугаартай Кредит картын гэрээ байгуулсан. Тус гэрээний ХОЁР.ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ гэх хэсгийн 2.1-т зааснаар кредит картны зээлийн эрхийн хэмжээ нь 5 000 000 төгрөгөөр тогтоосон. Зээлийн эрх нь 5 000 000 төгрөгөөр тогтоосон боловч илүү дүнгээр зарлага гарч байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээний дагуу зээлийн эрх хэмжээ нь 5 000 000 төгрөг хүрээд хаагдана. Зээлийн төлбөрийг цаг тухай бүрт нь төлж барагдуулж байсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.8-д ...Банк нь Монголбанкны дүрэм, журамд заасны дагуу бусад зээлийн адил Монгол банкны зээлийн мэдээллийн санд карт эзэмшигчийн кредит картын зээлийн ангиллыг тухай бүрд нь бүртгүүлнэ... гэж заасан.
С.******* миний бие зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зохих ёсоор, хугацаанд нь хийж гүйцэтгэж байсан боловч ******* ХХК-ийн зүгээс техникийн алдаа хийж, миний эргэн төлөлт хийж байсан төлбөрийг хийгээгүйд тооцож, 71 240 246.26 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнд тооцсон. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр зээлийн мэдээллийн санд ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу С.******* намайг Муу зээлдэгч гэсэн тодорхойлолтонд оруулсан байна.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 21.1.1-т ...зээлийн лавлагаа үнэн зөв, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээлэл агуулсан байхыг шаардах... гэж заасны дагуу ******* ХХК-иас С.******* миний мэдээллийг Монгол банкинд шилжүүлэхдээ үнэн бодит байдлыг алдагдуулж, зээлийн мэдээллийг буруу шилжүүлсний улмаас С.******* миний бие аливаа банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй нөхцөл байдалд хүрч байна.
С.******* миний бие *******наас үндсэн зээлийн үлдэгдэл 68 385 472 төгрөгийн зээлийн харилцаанд ороогүй бөгөөд ороогүй зээлийн харилцаанд хууль бус тодорхойлолт гаргасан нь С.******* надад сөргөөр нөлөөлж байна.
******* ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.8-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20.2.1-т ...зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх... үүргээ зөрчсөн тул мэдээлэл бүрдүүлэх ажиллагааг хүчингүй болгож, Зээлийн мэдээллийн сан дахь С.******* миний зээлийн түүхийг өөрчлөхийг даалгаж өгнө үү.
Иргэний хуулийн 9.4.3-т ...хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх... гэж, заасны дагуу Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20.2.1-т заасан үнэн зөв мэдээлэл агуулсан байхыг шаардах тухай ******* ХХК-ийн үүргийг гүйцэтгүүлж, 9.4.2-т ...эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх... гэж заасны дагуу зөрчигдөхөөс өмнөх буюу хэвийн зээлдэгч тодорхойлолттой болгохыг даалгаж өгнө үү гэжээ.
7. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б А. нар тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Харилцагч С.******* нь /*******/, R520001365/ нь 2019 оны 01 дүгээр 29-ний өдөр *******тай ЗГ/171908931 тоот Кредит картын гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг авч ашиглаж байна.
Харилцагч С.******* нь Оросын холбооны улсын www.Fortunazone.com мөрийтэй тоглоомын сайтад алтан картыг бүртгүүлэн тоглосон. Харилцагчийн картын хуулгаас баталгаажуулахад 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд МР:ООО RAPIDA2CARD MOSKVA мерчантаас 11 удаагийн тохиолдлоор 41 569 213.46 төгрөгийн орлогын гүйлгээ, O*OPAY.15,195 PETROZAVODSK RUS мерчант дээр 18 удаагийн тохиолдлоор 81 737 901.03 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн.
Системийн логоос баталгаажуулахад банкны хувьд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд харилцагчийн картаар хийгдсэн гүйлгээ болон амжилтгүй гүйлгээний оролдлогын талаарх мэдээллийг [email protected] и-мэйл хаягаар 17 удаа, тоот утасны дугаараар 3 удаа харилцагчид хүргүүлсэн.
Банкны зүгээс харилцагч С.*******ын кредит картаар хийгдсэн гүйлгээний мэдээллийг тухай бүр харилцагчид хүргүүлсэн, зарлагын гүйлгээг харилцагч өөрөө мэдсэн, харилцагч өөрөө тус гүйлгээнүүдийг хийж *******инд хохирол учруулсан тул банкны зүгээс зээлийн мэдээллийн санд буруу мэдээлэл дамжуулаагүй болно. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч С.*******т холбогдуулан хохирол 64 167 141.91 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч тал шаардах эрхээ: Харилцагч С.*******ын 550160****1072 тоот кредит картанд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 41 569 213.46 төгрөгийн орлого орсон боловч харилцагч С.******* нь 81 737 901.03 төгрөг болгон зарлага гаргасан. Тус мөнгөн хөрөнгө нь банкны мөнгөн хөрөнгө бөгөөд С.******* нь хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн 40 168 687.57 төгрөгт хүү, хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлсэн хүү тооцож нийт 64 167 141.91 төгрөгийн хохирол учруулсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт заасны дагуу шаардаж байна гэж тодорхойлсон.
Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: Миний ******* дахь дансанд орсон мөнгийг миний бие ямар нэгэн байдлаар зөвшөөрөлгүйгээр ашигласан, захиран зарцуулсан зүйл байхгүй. Хүү тооцооллын хувьд гэрээний үүргийн харилцааг үндэслээд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн мөнгөн дүн дээр хүү тооцож байгаа нь эрх зүйн хэм хэмжээ, хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж тодорхойлсон.
1. Зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
- С.******* нь ******* ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/171908931 дугаартай алтан кредит картны зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй 550160****1072 тоот кредит картыг 2 жилийн хугацаатайгаар авсан. /хх-ийн 4-6 хуудас/
- ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр С.*******аас 5 423 908.23 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. /талуудын тайлбараар/
- С.*******ын 5 000 000 төгрөгний эрхтэй кредит картанд 2020 оны 06 дугаар сарын 16-наас 2020 оны 06 дугаар сарын 24-ний хооронд MP:OOO RAPIDA2CARD MOSKVA мерчантаас 11 удаагийн тохиолдлоор 41 569 213.46 төгрөгийн орлогын гүйлгээ, O*OPAY.15.195 PETROZAVODSK RUS мерчант дээр 18 удаагийн тохиолдлоор 81 737 901.03 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. /хх-ийн 35-р хуудас/
- Direet credit гүйлгээнээс шалтгаалан Картын системд алдаа гарсан. /хх-ийн 38 хуудас/
- Банкны зүгээс 2020 оны 06 дугаар сарын 16-наас 2020 оны 06 дугаар сарын 24-ний хугацаанд харилцагч С.*******ын картаар хийгдсэн гүйлгээ болон амжилтгүй гүйлгээний орлогын талаарх мэдээллийг [email protected] и-мэйл хаягаар 17 удаа, тоот утасны дугаараар 3 удаа харилцагчид илгээсэн. /хх-ийн 35-р хуудас/
- С.******* нь өөрийн картаар хийгдсэн гүйлгээг тодруулах хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 21-нд ******* салбарт гаргаж, шалгуулсан. /хх-ийн 35-р хуудас/
- С.******* нь өөрийн 550160******1072 тоот алтан мастер картаараа 2020 оны 06 дугаар сарын 04-24-нийг хүртэлх хугацаанд гадаадын вэб тоглоомын сайтаар дамжуулан тоглосон. Кредит картын зээлийн эрх хэтэрч гүйлгээ хийгдсэн. /хх-ийн 35-р хуудас/
2. Маргааны зүйлийн талаар:
Нэхэмжлэгч тал кредит картанд орсон мөнгөн хөрөнгийг системийн алдаанаас зээлийн эрхээс давсан гүйлгээ хийдсэн гэж, хариуцагч тал тоглоомын сайтаас орсон тоглож хожсон мөнгө гэж маргадаг.
Нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжаар кредит картын хүү зогссон 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш тухайн картанд дахин хүү бодогдоогүй тул дахин хүү тооцоолол хийж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 40 168 687.57 төгрөгт хүүний төлбөр 13 474 981.89 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 3 181 145.61 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 7 342 326.84 төгрөгөөр хохирсон гэж шаарддаг.
2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 24-ны өдрийн хооронд С.******* нь өөрийн *******-ны кредит картыг ашиглан гадаад улсын www.fortunazone.mn хаягаар цахим тоглоом тоглож нийт 11 удаагийн гүйлгээгээр 41 569 213.46 төгрөгийн орлого хийж 18 удаагийн үйлдлээр 81 737 901.03 төгрөгийн зарлага гаргасан болох нь кредит картын дансны хуулга /хх-ийг 224-р хуудас/, талуудын тайлбараар нотлогдож байна.
******* ХК нь системийн алдаатай гүйлгээний улмаас С.*******ын дансанд орсон орлого 2 дахин өсч 83 138 426.92 төгрөгийг ашиглах боломж үүссэн, уг мөнгийг бусдын эзэмшил ашиглалтад байгааг мэдсээр байж дур мэдэн завшиж, *******ийг 59 852 927.80 төгрөгөөр хохироосон гэх асуудал нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 131 дугаартай прокурорын тогтоолоор нотлогдож байна.
Тус тогтоолд ******* гомдол гаргаж, дахин шалгаж гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Мөн *******наас Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан ба гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж гомдлыг хүлээн авахаас татгалзсан болох нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар нотлогдож байна.
3. Эрх зүйн үндэслэлийн тухайд:
1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/171908931 дугаартай кредит картын гэрээний 6.1.5-д Гадаад улс оронд картаар сэжигтэй гүйлгээ гарсан тохиолдолд харилцагчтай /холбоо барих утас, и-мэйлээр/ холбогдож чадаагүй бол банкны зүгээс харилцагчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор картнаас зарлага гаргах эрхийг баталгаажуулах хүртэл хугацаанд түр хаах эрхтэй гэж заажээ.
Маргааны зүйл болсон 40 168 687.57 төгрөгийн хууль ёсны өмчлөгч ******* ХК хэдий ч тэрээр уг хөрөнгө С.*******ын кредит картанд орсон, тэрээр сэжигтэй гүйлгээ хийгдэж байгааг мэдсэн болох нь Дотоод Аудитын газар аудиторын 13/27 дугаартай илтгэх хуудас, *******наас [email protected] гэх цахим хаяг руу 17 удаа, тоот утасны дугаараар 3 удаа харилцагчид хүргүүлсэн картын гүйлгээ баталгаажуулах тухай илгээсэн майл, 550160******1072 тоот дансны хуулга, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн С.*******аас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогддог.
******* ХК картнаас зарлага гаргах эрхийг баталгаажуулах хүртэл хугацаанд С.*******ын зарлагын хөдөлгөөнийг түр хаасан эсэх нь нотлогдохгүй байна.
Иймд С.*******ыг *******ны мөнгийг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.
2. ******* нь С.*******тай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөгийн эрх бүхий алтан кредит карт эзэмших ЗГ/171908931 дугаартай зээлийн гэрээ байгуулж, С.*******ыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хандаж зээл болон хүүгийн төлбөрт 5 423 908.23 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогддог.
Системийн алдаатай гүйлгээний улмаас учирсан хохиролд дахин хүү тооцох нь үндэслэлгүй тул хүүний төлбөр 13 474 981.89 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 3 181 145.61 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 7 342 326.84 төгрөг шаардах эрхгүй.
Иймд хохирлыг С.*******аас дээрхи үндэслэлээр шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
С.******* нь зээлийн мэдээллийн санд муу гэх ангилалд үндсэн зээлийн үлдэгдэл 68 385 472 төгрөг хэмээн тодорхойлсныг хүчингүй болгож, зээлдэгчийн зээлийн мэдээллийн лавлагаа дахь ангиллыг хэвийн болгохыг үүрэг болгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Сөрөг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлоогүй байна.
Зээлдэгчийн зээлийн мэдээллийн лавлагаа хэрэгт авагдаагүйгээс гадна Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд зааснаар ангиллыг өөрчлөх эрх хэмжээ *******инд хамаарахгүй байх тул харилцан тооцогдох боломжгүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэжээ.
Иргэдийн төлөөлөгч С.Жаргалсайханд шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар нотлогдож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Талууд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүй шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрч байх тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 514 151.23 төгрөг төлөх тул илүү төлсөн 35 373.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХК-ийн хохирол 64 167 141.91 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл болон хариуцагч С.*******ын С.*******ыг зээлийн мэдээллийн санд муу гэх ангилалд, үндсэн зээлийн үлдэгдэл 68 385 472 төгрөг хэмээн тодорхойлсныг хүчингүй болгож, зээлдэгчийн зээлийн мэдээллийн лавлагаа дахь ангиллыг хэвийн болгохыг үүрэг болгох тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 151.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 35 373.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д буцаан олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.