Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 23

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн *******-д холбогдох эрүүгийн 1724000010002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймгийн **суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ** боловсролтой, тракторч, комбайнч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ** аймгийн ** сумын ** баг хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* /РД:**/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

******* нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Завхан аймгийн ** сумын ** багийн ** хорооллын ** тоот хаягаар байрлах *******ы эзэмшлийн сууцны байшинд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Завхан аймгийн **сумын ** багийн ** хорооллын ** тоот хаягаар байрлах *******ы эзэмшлийн орон байр болох хувийн  сууцны байшинд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

  - Хохирогч *******ы: “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 8 цагийн үед манай охин ******* утсаар залгаад гэрт хулгай орчихсон байна, ирээд эд зүйлээ бүртгээд үз гэхээр нь ирээд үзэхэд байшингийн дээврийг цөмлөөд орчихсон байсан. Гэрийн эд зүйл бүртгээд үзэхэд бүх зүйл бүрэн байна. Манай гэрт ******* гэж дуудах Ч орсон байсныг цагдаа илрүүлсэн... Иргэн ******* нь надтай уулзаж уучлалт гуйж, хохирлоо бүрэн барагдуулсан учир миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р хуудас/,

 

   - Гэрч *******ын: “...2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед дэлгүүрээ хаагаад Завхан аймгийн ** сумын ** багийн *ын ** тоо*т хашаанд байрлах гэртээ хариад байшиндаа ороход гал тогооны тааз нурчихсан, шалаар үрдэс, дээврийн хавтан унасан, гал  тогооны өрөөний хутга, ургамлын тос зэрэг зүйл газарт унасан байсан. Мөн зочны өрөөний дрож дээр гутлын улны үрдэсэн мөр гарсан байсан. Унтлагын өрөөний цонхны порчик онгорхой байхаар нь би буцаж гараад авга ******* ах руу утсаар залгаж хэлэхэд ******* ах цагдаа дагуулж ирсэн. Цагдаа гэрт орж үзчихээд явсан. Удалгүй ******* гэж хочилдог ******* гэх хүнийг хулгай хийсэн байна гээд гэрт дагуулж ирсэн. Ч өөрөө манай гэр рүү орсон гэдгээ хэлж байсан. Манай гэрээс эд зүйл хулгайд алдагдаагүй байсан...” гэсэн мэдүүлэг ХХ-ийн 14-р хуудас/,

          - Гэрч Ё.*******ын: “...2017 оны 8 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед өөрийн төрсөн ах *******ы гэр рүү хулгайч орсон байна гэж сонсоод гэрт нь яваад очтол байшингийн таазны ламферыг эвдлээд хүн орсон байсан юм. Тэгэхэд хулгайч ороод эд зүйл аваагүй байсан... Манай ахын гэрт Их-Уул сумын иргэн Ч гэдэг залуу орсон байсан. Би угаасаа тэр шөнө танай цагдаа *******гийн хамт Ч-гийн гэрт нь очиход Ч гэх залуу архи уучихсан согтуу байсан, тэгээд Ч-аас асуухад Ч би байшин руу орчихсон юм гэж өөрөө хэлсэн...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 21-р хуудас/,

            - Яллагдагч *******-гийн: “...2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хөдөөнөөс Их-Уул сумын төв рүү орж ирээд сумын төв дээрх гэртээ очиж мах, боорцог зэргийн зүйлс авсан. Дэлгүүрээс тамхи, хүнс цуглуулаад мөнгө илүү гарахаар нь 1.5 литрийн савтай пиво аваад буцаж гэртээ хариад авсан пивоо ганцаараа уусан. Тэгээд согтчихсон байна лээ. Тэгээд дахиж гараад 2 литрийн савтай боргио пиво авсан. Тухайн үед би *******тай уулзах ажил байсан юм. Би *******тай 10 жилийн сургуулийг нэг үед төгсөж байсан. Манай үеийн танил юм. *******тай уулзах гэж очоод дээврээр нь орчихсон юм шиг байна...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 56-р хуудас/,

            -2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний комиссын дүгнэлт, *******-ийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд.

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед ** аймгийн **сумын ** багийн **хорооллын ** тоот хаягаар байрлах иргэн *******ы эзэмшлийн орон байр болох хувийн сууцны байшинд хууль бусаар нэвтрэн орсон үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******-ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгон харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч *******-д прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 5/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******-ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны  өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. *******-ийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 5/04 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН