| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2023/0036/з |
| Дугаар | 119/ШШ2024/0006 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 119/ШШ2024/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” ХХК /гүйцэтгэх захирал Э.А/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А
Хариуцагч: “Э” ТӨҮГ
Хариуцагч: “Э” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаартай Аммиакийн болон натрийн шүү нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн ҮХ-
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М
Гуравдагч этгээд: “Б” ХХК /гүйцэтгэх захирал Б.Н/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Б, Ч.Г нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301… дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж гарсан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4368 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301… дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж гарсан 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4372 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301… дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалтад "С" ХХК-иас ирүүлсэн тендерийг шалгараагүй гэж дүгнэсэн тендерийн ҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалтад "С" ХХК-иас ирүүлсэн тендерийг шалгараагүй гэж дүгнэсэн тендерийн ҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалт, "Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалтад тус тус дахин үнэлгээ хийхийг даалгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/202301... дугаартай Аммиакийн болон натрийн шүү нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн ҮХ-нд холбогдуулан ““Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2023010… дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж гарсан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4368 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301… дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж гарсан 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4372 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301… дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалтад "С" ХХК-иас ирүүлсэн тендерийг шалгараагүй гэж дүгнэсэн тендерийн ҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301… дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалтад "С" ХХК-иас ирүүлсэн тендерийг шалгараагүй гэж дүгнэсэн тендерийн ҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.
Шүүх хуралдааны өмнө “Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалт, "Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалтад тус тус дахин үнэлгээ хийхийг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2. Нэхэмжлэгч нь “Э” ТӨҮГазраас зарласан “Аммиакийн болон натрийн шүү нийлүүлэх Багц 1, Багц 2 тендер сонгон шалгаруулалтад оролцож, “Э” ТӨҮГазраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг үндэслэн тендерт шалгараагүй тухай 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4358, ДҮ-112-12/4372 тоот мэдэгдлүүдийг “С” ХХК-д хүргүүлсэн.
Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам “С” ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзээд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03/5893 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. ТӨХ-ийн ТШЗ 18.6.2-д заасан манай зүгээс ирүүлсэн гэрчилгээг Захиалагч нь ДҮ-112-12/4368 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрээр “Чанарын гэрчилгээ шаардлага хангахгүй”; СЯ-ны 03/5893 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрээр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4, 14.6 болон Стандарт, хэмжил зүйн газрын даргын А/257 тушаалын хавсралтаар батлагдсан Нийлүүлэгчийн мэдэгдлийг гаргах, бүртгэх журамд нийцээгүй тул Захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна. Гэвч ТБОНӨХБАҮХАТХ-ийн 16-р зүйлийн 16.2 болон ТШЗ 18.6.8 Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт: “Шаардана” ...нууцлалгүйгээр... тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэр (РОР)-т шилжүүлж, цахим хэлбэрээр. ...тод, гаргацтай байх зэрэг Тендерийн баримт бичигт заасан ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагын дагуу ирүүлсэн. Манай ирүүлсэн Гэрчилгээ нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4, 14.6 дахь заалтуудад харин ч нийцсэн, Нийлүүлэгчийн мэдэгдлийг гаргах, бүртгэх журмын 2.1-д “Нийлүүлэгчийн мэдэгдлийг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд гаргана” гэж заасан байгаа нь тухайн тендер шалгаруулалтын цар хүрээнд буюу импортоор нийлүүлэх бараанд хамааралгүй баримт бичиг байх ба мөн ТББ-д уг баримт бичгийг ирүүлэхээр заагаагүй байна. Иймд Захиалагчийн ДҮ-112-12/4368 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай”-ийн “Чанарын гэрчилгээ шаардлага хангахгүй” гэх; СЯ-ны 03/5893 тоот “Гомдол хянасан тухай”-ийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. 2. Захиалагчийн ДҮ-112-12/4368 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрт “Хөдөө аж ахуйн зориулалттай Б маркийн аммиакийн шүү санал болгосон нь техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй, мөн тохирлын гэрчилгээнд зааснаар магнийн хольцтой аммиакийн шүү санал болгосон нь техникийн үзүүлэлт, химийн найрлагын шаардлага хангахгүй байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн зориулалттай Б маркийн аммиакийн шүү ашиглахын тулд тусгай зориулалтын шүүлтүүр ашиглах нь манай үйлдвэрийн технологид тохирохгүй байна” гэж татгалзсан үндэслэлээ болгосон байна.
2. Уг үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд зөвшөөрөгдсөн дагалдах үйлчилгээг санал болгосон. Захиалагчийн ТББ буюу Техникийн тодорхойлолт Хүснэгтийн 4/Стандарт, тайлбар хэсэгт заасан ГОСТ 2-2013 стандартын 3.2-д “Үйлдвэрлэлийн зориулалтаар Б марк шүүг хэрэглэхийг зөвшөөрнө” гэсэн байдаг тул ашиглалтын хувьд Марк А болон Б нь ижил гэж ойлгох тухай нотлох баримтыг өөрийн материал /SМS-Егdenet багц1 ам.ш.рdf-ийн хуудас:65-69- д/-ыг орчуулга, тайлбарын хамт ирүүлсэн. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 11-р зүйлийн 11.1.1-д “тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт...ашиглалт... чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох”, 27-р зүйлийн 27.2.3-д “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх” зэрэг хуулийн зорилго, зарчимтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/257 тушаалын хавсралт Нийлүүлэгчийн мэдэгдлийг гаргах, бүртгэх журмын 1.1-д “Тохирлын үнэлгээний үйл ажиллагааг боловсронгуй болгон олон улсын жишигт нийцүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, аж ахуй нэгж байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд журмын зорилго оршино”, 1.3-д “Нийлүүлэгчийн мэдэгдэл нь бүтээгдэхүүн тогтоосон шаардлагад тохирч байгаа талаар үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчээс гаргасан өөрийн нотолгоон дээр үндэслэсэн баримт бичиг юм”, 2.1-д “ ” гэж зааснаас үзэхэд уг журам нь дотоодын үйлдвэрлэгч болон дотоодод үйлдвэрлэсэн бараанд холбогдолтой буюу ТББ-д заасан цар хүрээ, нийлүүлэгдэх бараатай огт хамааралгүй журам, жагсаалтыг Захиалагч болон СЯ үндэслэл болгон шийдвэрлэсэн байна. Уг шалгуур үзүүлэлтээр бол Тендерт шалгарсан этгээдийн Тохирлын мэдэгдэл шаардлагад нийцсэн байх боломжгүй.1.2... &quоt;Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт"-ын 42; 43; 57; 61; 62; 63 дугаар бүлгийн болон үндэсний өв соёлыг илэрхийлсэн бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд нийлүүлэгчийн мэдэгдэлтэйгээр нийлүүлнэ.” байх ба 42; 43; 57; 61; 62; 63-д сүлжмэл эдпэл, хэрэглэл зэрэг дотоодод үйлдвэрлэдэг зүйлс багтсан байна.
СТАНДАРТЧИЛАП, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАПТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 4.1.8-д “нийлүүлэгчийн мэдэгдэл”; гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа талаар үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчээс бичгээр гаргасан нотолгоог;
14.1. Тохирлын баталгаа нь тохирлын гэрчилгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна.
14.4. Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад болон Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна.
14.6.Нийлүүлэгчийн мэдэгдэл нь энэ хуулийн 14.4-т заасан тохирлын гэрчилгээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 12.4. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр олгоно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11-р зүлийн 11.1.1-д “тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин... чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох” гэж байх тул манай ирүүлсэн Багц 2-ын тендерээс Захиалагчийн татгалзах үндэслэл тус бүрийг эс зөвшөөрч, доорхи үндэслэл, тайлбар, баримтыг хүргүүлж байна. Үүнд:
1. ТШЗ 19.4-д заасан Чанарын гэрчилгээ шаардлага хангахгүй гэх үндэслэлээр татгалзсан нь бодит байдалтай нийцэхгүй, хуулийн үндэслэлгүй. Учир нь Тендерт оролцогчийн зүгээс чанарын гэрчилгээг ирүүлсэн бөгөөд мөн ТШЗ 19.4-д “Сонголт” гэж заасан байх тул Гарал үүслийн сертификат /SМS-Егdenet багц1 ам.ш.рgf-ийн хуудас:86-89-д/-ын хамтаар ирүүлсэн; Мөн Захиалагч нь доорхи илэрхий зөрчил байхад “Б” ХХК-ийн тендерийн шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон байна. Үүнд:
1. Шаардлагатай тусгай зөвшөөрөл ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл “Б” ХХК-ийн ирүүлсэн материал /“bestwestern material”, хуудас:12-д/-д “Аммиакийн шүү” гэж байхгүй байгаа нь ТӨХ-ийн ТШЗ 18.6.1 болон ТЗШ 14.1.6-д заасан шаардлагыг хангахгүй. Учир нь: ТӨХ-ийн ТШЗ 18.6.1-д заасан зөвшөөрлийг ТӨХ-ийн ТШЗ 18.6.8-д Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт: “Шаардана”, мөн хэсгийн 1-д Тендер оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн электрон хэлбэр (РӨР)-т шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх..” болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16-р зүйлийн 16.2-д “... шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж маш тодорхой заасан. Захиалагчийн үндэслэл болгосон https://сhеm.interactiv.mn/mn/license?active=license-д “Б” ХХК, түүний регистрийн дугаар /504517/-аар үзэхэд мөн адил мэдээлэл гарч ирэхгүй байна.
2. Хаан банкны 2023 оны 07 сарын 03 өдрийн №5129/446 бүхий Тодорхойлолт-д 9,000,000,000.0 шугамын зээлийн эрхтэй гэх боловч Хаан банкны 2023 оны 07 сарын 03 өдрийн Дугаар:2023070300256 бүхий албан бичигт "зээлийн үлдэгдэлтэй”, Хаан банкны 2023 оны 07 сарын 03 өдрийн Дугаар:5129/268 бүхий Тодорхойлолт-д Боломжит дансны үлдэгдэл: 849,625,091.15, Хаан банкны 2023 оны 07 сарын 03 өдрийн Дугаар:5129/267 бүхий Тодорхойлолт-д Боломжит дансны үлдэгдэл: 503,254417.05 гэж заасан байгаа нь ТӨХ-ийн ТШЗ 18.2.5-д заасан шалгуур үзүүлэлт, шаардлага хангахаа нотлох боломжгүй байна. Уг тендерт оролцогч нь Багц 1-д 14,036,000,000.0 болон Багц 2-д 3,932,500,000.0 буюу нийт 17,968,500,000.0 дүнтэй тендер ирүүлсэн. Дугаар:2023070300256 бүхий албан бичигт "зээлийн үлдэгдэлтэй” гэсэн тодорхойлолт нь аль ч багцийн Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг тодорхойлох, мөн нотлох боломжгүй болгож байна. Баримтыг “bestwestern material”-ийн хуудас:74-77-д.
3. Нийлүүлэлтийн гэрээ №443-Е/14 гэрээний 2014.05.27 өдөр байгуулсан, талууд сунгахаар зөвшөөрсөн байсан хэдий ч гэрээний хугацаа дууссан байна.
4. Уг тендерт оролцогч нь багц тус бүрд багцуудын баримтыг давхардуулж ирүүлсэн нь ТЗШ 6.1-д “Аливаа этгээд дангаар, эсхүл түншлэлийн гишүүний хувиар тендер шалгаруулалтад оролцоход зөвхөн нэг тендер ирүүлнэ” 23.2-д Тендер шалгаруулалтыг багцад хуваасан бол тендерийн баталгааг багц тус бүрээр ТШЗ-ны 23.1-д зааснаар ирүүлнэ" заасныг зөрчиж байна.
5. Цахим систем-ээс үзэх боломжгүй байгаа тул ТӨХ-ийн ТШЗ 17.2-д заасан Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг тус тус зохих хэлбэрээр, багц бүрд нь ирүүлсэн эсэх хянаж өгнө үү.
Хуулийн 16.2 /Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана/ гэж заасны дагуу ТӨХ-д заасан баримт бичиг ирүүлсэн байхад ирүүлээгүй, шаардлага хангахгүй гэж шийдсэн боловч бусад оролцогчийн зарим ирүүлээгүй баримтыг ирүүлсэн гэж дүгнэж байгаа Захиалагч шийдвэрийг тендерт оролцогчийн зүгээс эс зөвшөөрч байгаа бөгөөд ТЗШ-27.2.3-д заасан заримтай зөрчилдөж байгаа гэж Тендерт оролцогчийн зүгээс үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж гарсан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4368 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэр, “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж гарсан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4372 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэр, “Э” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/202301065 дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалтад “С” ХХК-иас ирүүлсэн тендерийг шалгараагүй гэж дүгнэсэн ҮХ-ны дүгнэлт, “Э” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалтад “С” ХХК-иас ирүүлсэн тендерийг шалгараагүй гэж дүгнэсэн ҮХ-ны дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ бүрэн дэмжиж байна. Мөн "Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалт, "Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалтад тус тус дахин үнэлгээ хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Би цахимаар оролцож байгаа учраас хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэл дээрээ дэлгэрэнгүй бичсэн байгаа. Захиалагчийн шийдвэр буюу хоёр мэдэгдэл байгаа. Энэ хоёр татгалзлыг манайх хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үндэслэл бүхий тайлбараа нэхэмжлэл дээрээ бүрэн тусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
5. Хариуцагч “Э” ТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаартай Аммиакийн болон натрийн шүү багц 1, 2 тендерт нэхэмжлэгч “С” ХХК-иас ирүүлсэн материал нь Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлт болон техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тул шаардлага хангаагүй тендер гэж шийдвэр гаргасан.
“С” ХХК-иас багц-1 тендерт ирүүлсэн материал нь дараах шаардлагыг хангаагүй болно. Үүнд:
1. ТШЗ-19.4-д “Чанар гарал үүслийн гэрчилгээ ирүүлнэ гэж заасан ба “С” ХХК-иас ирүүлсэн Чанарын гэрчилгээ шаардлага хангаагүй болно.
2. Техникийн тодорхойлолтод “А маркийн мөхлөгт аммиакийн шүү” худалдан авахаар заасан боловч “С” ХХК-иас “Хөдөө аж ахуйн зориулалттай Б маркын аммиакийн шүү санал болгосон.
“С” ХХК-иас багц-2 тендерт ирүүлсэн материал нь дараах шаардлагыг хангаагүй болно. Үүнд:
1. ТШЗ-19.4-Д “Чанар гарал үүслийн гэрчилгээ ирүүлнэ гэж заасан ба “С” ХХК-иас ирүүлсэн тохирлын гэрчилгээ нь шаардлага хангаагүй болно. Эдгээр нөхцөл байдлыг Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03/5893 тоот дүгнэлтээр баталгаажуулсан болно.
Үүнд гол яригдах гээд байгаа зүйл нь А, Б аммиакийн шүү нь адилхан зөвшөөрөгдсөн дагалдах үйлчилгээг санал болгосноор Б-г А-ийн түвшинд хэрэглэж болно гэж хэлээд байгаа. Гэтэл Б төрлийн шүүг хөдөө аж ахуйн зориулалттай ашигладаг, манайх уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Бид техникийн тодорхойлолт дээрээ хөдөө аж ахуйн компани биш болохоор үйлдвэрлэлийн зориулалттай ашигладаг А-г шаардсан чинь Б-г зөвшөөрөгдсөн дагалдах үйлчилгээтэй гэсэн. Бид тодорхойлолт дээрээ зөвшөөрөгдсөн дагалдах үйлчилгээтэй гээд ороод ирэх юм бол хүлээн зөвшөөрнө гэдэг ч юм уу, ийм зүйл заагаагүй. Бид нар тендерийн ҮХ-, комисс өөрөө заасан баримтынхаа хүрээнд ажиллах ёстой. А гэж шаардчихаад Б-г авах юм бол бид нар өөрсдөө хууль зөрчсөн, компанид давуу эрх олгосон болчихдог. Хөдөө аж ахуйн зориулалттай аммиакийн шүү нь, уул уурхайн зориулалттай аммиакийн шүүнээс шинж чанарын хувьд, орц найрлага, химийн нэгдлийнхээ хувьд огт өөр. Үйлдвэрийн процесс дээр эд нар амархан зүйл яриад байгаа. Бид нар дагалдах юмыг хийгээд өгөхөөр танайх ашиглачихаарай гэдэг үгүй шүү дээ. Өөрөө үйлдвэрийн процесс нь нарийн технологитой, бид нарт know how байдаг, технологийн процесст гадны байгууллагын дагалдах үйлчилгээг авах боломж нь бид нарт байдаггүй. А-гаа аваад хэрэглээд явах зориулалттай учраас техникийн тодорхойлолт дээрээ А гээд заагаад өгчихсөн байгаа.
Багц хоёр дээр хувийн жингийн тодорхойлолт зөрүүтэй асуудал байгаа. 2.25 гэсэн хэмжээ заасан байхад 2.26 гэсэн хэмжээтэй орж ирж байгаа. Хувийн жин нэмэгдэхээрээ сайн болдог юм аа гээд байгаа, бодит байдал дээр хувийн жин нэмэгдэхээр сайн болдог зүйл байхгүй, химийн нэгдлийн шинж чанарын хувьд грамм тоо нь маш нарийн бид нар өөртөө шаардлагатай байгаа хэмжээг зааж өгсөн. Хувийн жин нэмэгдэхээр яадаг юм бэ гэхээр чийгшил нь багасаад шохойжоод усанд уусах нь буураад бутлуурт хийхэд боломжгүй болдог. Тиймээс 2.25 гэж заасныг 2.26-аар санал болгосон нь угаасаа шаардлага хангахгүй гэсэн. 2 дугаарт явуулсан мэдэгдэлтэй холбоотой Сангийн яаманд хуулийнхаа дагуу нэхэмжлэгч талаас гомдол гаргасан. Сангийн яамнаас ҮХ- зөв ажилласан байна гэж шийдвэр гаргасан.
Бичгээр өгсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тендерт шалгарсан компанийн материалыг 5 үндэслэлээр шаардлага хангахгүй гэсэн тайлбар ирүүлсэн байсан. Сая миний дурдсан тендерийн ҮХ-ны шийдвэрийг Монгол Улсын Сангийн яамнаас шалгасан 8 дугаар сарын 14-ний 03/5893 дугаартай гомдол хянасан тухай албан тоотод энэ 5 үндэслэлийг ҮХ- зөв үнэлсэн тухай дэлгэрэнгүй дурдсан байгаа.” гэв.
6. Гуравдагч этгээд “Б” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн зүгээс тус нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг. Нэхэмжлэлийн үндэслэлд “Б” ХХК-ийн тендерт хүргүүлсэн баримт бичгүүд нь илэрхий зөрчилтэй байхад захиалагч нь тус компанийг сонгон шалгаруулж, эрх олгосон гээд холбогдох үндэслэлүүдээ дурдсан боловч тэдгээр нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Тухайлбал,
Нэхэмжлэгч нь манай компанийг “Шаардлагатай тусгай зөешөөрөл ирүүлээгүй...” гэжээ. Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 18.6.1-ийн Багц 1-т “Химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл” Багц 2-т “Химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөл ” гэж заасан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрлийг олгодог. Манай компанийн тухайд УУХҮЯ-аас олгосон МN 03/1/002207 дугаартай зөвшөөрлийн дагуу Аммонийн нитрат /Аммиакийн шүүгийн олон улсын нэршил/-ын зөвшөөрөлтэй.
Харин 0002482 дугаартай “Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох,
импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийн дагуу натрийн нитратын зөвшөөрөл эзэмшдэг,
(Байгалъ орчин, аялал жуулчлалын яамны Химийн хорт болон аюултай бодисын мэдээллийн цахим сан болох “chemical.met.gove.mn/mn/licence”-аас тус мэдээллийг шалгах боломжтой/
Манай компанийн “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг тодорхойлох, мөн нотлох боломжгүй болгож байна” гэжээ. ТӨХ-ийн ТШЗ 18.2.5-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзуүлэлтүүдийн аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нъ тодорхойлно” гэж заасан. Үүнд, ТШЗ 18.2.5-ийн 1.1-д “Байгууллагын банкин дахь дансны бэлэн мөнгө болон бусад валютын үлдэгдлийн тодорхойлолт”, 1.2-д “Арилжааны банкнаас олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолт ирүүлнэ ” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл тендерт оролцогчийн санхүүгийн чадавхтай холбоотой дээрх нөхцөл байдлыг тодруулахын тулд дансны үлдэгдэл мөнгө болон боломжит зээлийн
дүнгээр л тодорхойлдог гэсэн үг. Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс холбогдох лавлагаа, тодорхойлолтыг гаргаж өгсон.
Харин нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан зээлийн үлдэгдэлтэй байж болохгүй гэх шалгуур байхгүй төдийгүй зээлийн үлдэгдэлтэй хэдий ч 9,000,000.000 төгрөгийн шугамын зээлийн эрхтэй болох нь банкны тодорхойлолтоос тодорхой харагддаг. ТШЗ-ийн 18.2-т “түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ үнийн саналын мөнгөн дүнгийн 50 хувиас багагүй байна” гэж заасан. Дээр дурдсан тодорхойлолтоор манай компани нийт 10,352,879,508 төгрөгийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгөтэй байгаа нь харагдах бөгөөд энэ нь хоёр баганад тус бүр санал болгосон мөнгөн дүнгийн 50 хувиас илүү гарч байх тул ТШЗ 18.2.5-ыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна.
3. Нэхэмжлэгч нь “Б” ХХК-ийн №443-Е/14 дугаартай нийлүүлэлтийн гэрээний хугацаа дууссан байна” гэжээ.
Манай компани нь 2014 оны 5-р сарын 27-ны өдөр тус гэрээг нийлүүлэгч компанитайгаа байгуулсан ба гэрээний 7-р зүйл 7.1-д “Хэрэв Талуудын аль нь ч энэхүү гэрээний хугацаа дуусахаас хуанлийн 20 (хорь) хоногийн өмнө гэрээ цуцлах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгдээгүй бол энэхүү гэрээг 1 жилээр сунгагдсанд тооцно. Ирээдүйд ижил төстэй журам хэрэгжинэ” гэж заасан.
Ийнхүү талуудын хамтын ажиллагаа хэвээр үргэлжилсээр ирсэн ба энэхүү гэрээний ирээдүйд ижил төстэй журам хэрэгжинэ гэх заалтын дагуу нийлүүлэлт хийгдсээр ирсэн.
Мөн манай компани тендерт шалгарсантай холбогдуулан зохих бараа бүтээгдэхүүнийг тус компаниас нийлүүлсэн нь нийлүүлэлтийн гэрээний хугацаа дуусаагүй, нийлүүлэлт зохих журмаар хийгдсэн болохыг ч харуулна.
/”Б” ХХК-ийн зүгээс гэрээг орос хэл дээр болон түүний орчуулгын хамт тендерийн бичиг баримтад хавсаргасан болно.)
4. Нэхэмжлэгч нь “Уг тендерт оролцогч нь багц тус бүрд багцуудын баримтыг давхардуупж ирүүлсэн, ... баталгааг багц тус бүрээр ирүүлнэ гэснийг зөрчсөн" гэжээ.
Манай компаниас илгээсэн тендерийн бичиг баримт нь тендерийн баримт бичгийн бүрдлийг бүрэн хангасан ба бүрдлийн хувьд аливаа дутуу зүйлгүй тул ТШЗ-г зөрчсөн гэх зүйлгүй. Харин тендерийн баталгааг багц тус бүрээр гаргасан болох нь тендерийн баримтад хавсаргасан Хаан банкны тендерийн баталгаа гэх баримтаас харагдаж байна. Тодруулбал 2023 оны 7-р сарын 3-ны өдрийн ЕТЕ2307039544758 дугаартай тендерийн баталгаа гэх баримтаар Багц 1-ын баталгааг, ЕТЕ2307039605743 дугаартай тендерийн баталгаа гэх баримтаар Багц 2-ын баталгааг баталгаа хүлээн авагчийн өмнө тус тус гаргасан тул манай компани холбогдох журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй.
5. Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг бид ТӨХ-ийн ТШЗ 17.2-ийн Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (https://www.tender.gov.mn) зааврын дагуу тус бүрд нь илгээсэн. Хэрэв уг тодорхойлолт, лавлагааг цахимаар аваагүй бол тендерт оролцох боломж нь тэнд хүрээд зогсоно. Учир нь цахимаар баримт бичгийн бүрдүүлбэр хийж байгаа тохиолдолд тендерт оролцогч нь өөрийн эрхээр нэвтрэн орж, шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг авдаг ба энэ алхмыг хийсний дараа дараагийн алхам гарч ирдэг.
Мөн Тендерийн ҮХ-ны хурлын тэмдэглэлд №3-д "Б ХХК ...Монгол улсын татварын албан тодорхойлолтоор өргүй, НДЕГ-ын тодорхойлолтоор зөрчилгүй, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тусгай архивын тодорхойлолтоор зөрчилгүй, санхүүгийн тайланг ТӨХ-д шаардсан он тус бүрээр цахим системд баталгаажуулсан байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс манай компанийг шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг илгээсэн эсэх талаар хянуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
(Тендерийн цахим сан дахь “Б” ХХК-ийн оролцсон тендер шалгаруулалт хэсгээс, дээрх лавлагаа тодорхойлолтыг илгээсэн нь батлагдсан төлөвт шилжсэн болох нь харагддаг. Үүнийг шүүхээр үзлэг хийлгэж, тодорхой болгох боломжтой юм.)
Хоёр. “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /багц 1, багц 2/ тендер сонгон шалгаруулалт нь зохих журмын дагуу хэрэгжсэн тул мэдэгдэл хүргүүлэх тухай захиалагчийн шийдвэрүүд, ҮХ-ны дүгнэлтүүдийг хуульд нийцсэн гэж үзэж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичиг хэргийн материалд авагдаагүй боловч ҮХ-ны хурлын тэмдэглэл №3-аас харвал тус компанийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь дараах зөрчилтэй байсан болох нь харагддаг ба ҮХ-ны гишүүд 100%-ийн саналаар шаардлагад нийцээгүй тендер хэмээн дүгнэжээ.
1. “С” ХХК-ийн химийн хортой, аюултай бодис импортлох, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл нь 2022 оны 12-р сарын 31-ний өдөр дууссан гэжээ.
2. Үйлдвэрлэлийн зориулалттай аммиакийн шүү авах талаар техникийн тодорхойлолтод заасан боловч хөдөө аж ахуйн зориулалттай аммиакийн шүү нийлүүлэх талаар санал ирүүлсэн байна. /мөн шалтгаанаар шүүлтүүртэй хэрэглэх тайлбар ирүүлсэн/
А маркийн аммиакийн шүү нийлүүлэхээр техникийн шаардлага тавьсан атал Б маркийн аммиакийн шүү нийлүүлэхээр санал ирүүлсэн. Тус компанийн гаргасан нэхэмжлэлд техникийн тодорхойлолтоор А, Б маркийн аль ч бүтээгдэхүүн нийлүүлж болно гэж заасан гэх боловч энэ нь зөвхөн натрийн шүүгийн техникийн тодорхойлолтод хамаарах юм. Харин аммиакийн шүүгийн тухайд зөвхөн А маркийг зөвшөөрсөн.
3. Техникийн үзүүлэлтэд нийцээгүй хувийн жинтэй натрийн шүү санал болгосон. Аммиакийн шүү болон натрийн шүүний чанарын гэрчилгээ ирүүлээгүй ажээ. Захиагчийн техникийн щаардлагад чанарын гэрчилгээ болон гарал үүслийн гэрчилгээ буюу үйлдвэрлэгчийн тохирлын гэрчилгээг хоёуланг нь шаардсан атал тус компанийн тухайд энэ нь импортын бүтээгдэхүүнд хамаарахгүй гэх үндэслэл дэвшүүлжээ. Стандартчилал, техникийн тодорхойлолт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14.4-д “Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсын олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна" гэж, 14.6-д “захиалагчийн мэдэгдэл нь энэ хуулийн 14.4-т заасан тохирлын гэрчилгээний нэгэн адил хүчин төгөлдөр байна” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл тус тендерт чанарын гэрчилгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл /эсхүл үйлдвэрлэгчийн тохирлын гэрчилгээ/-г хамтад нь ирүүлэх ёстой байсан нь хууль болон техникийн шаардлагаас тодорхой харагдаж байна.
Тендер шалгаруулах ҮХ-ны хурлаар нийт оролцогч нарын ирүүлсэн баримтуудыг үнэлэн хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчтой гэрээ байгуулах талаар дүгнэлт зөвлөмж гардаг.
“С” ХХК нь техникийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн санал болгосон нь дээр дурдсан шалтгаанаар тендерийн шаардлагад нийцээгүй, мөн манай компанийн үзүүлэлт тус компаниас сайн байсан төдийгүй техникийн шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгээ хангалттай нотолсон байх тул тендерт хамгийн сайн үнэлэгдсэн байна.
Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар .... харилцааг зохицуулахад оршино”, .3.1.3-д “ "нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхул зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар. Үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээх, эсхүл ирээдүйд эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн эрх ашгийг хамгаалах, энэ агуулгаар гаргасан гомдол нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр байна.
Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас харвал нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь зөрчигдөөд, тухайн захиргааны маргааныг шийдвэрлэснээр яг ямар эрх ашиг нь хэрхэн яаж сэргэх нь ойлгомжгүй байна. Учир нь тухайн тендер сонгон шалгаруулалт, түүний хүрээнд хийгдэх ажил үндсэндээ дуусаж манай “Б” ХХК гэрээнд заасан бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн.
Нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, мөн гарсан шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд тухайн шүүхийн шийдвэрийг хэрхэн яаж биелүүлэх нь ойлгомжгүй, хэрэв тийм төрлийн шийдвэр гаргасан тохиолдолд хариуцагч болон бусад этгээдэд их хэмжээний хохирол учруулж мэдэхээр нөхцөл байдлыг үүсгэжээ. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ТӨҮГ-ын ҮХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцээгүй тендер гэсэн байгаа. Тэгэхээр тендерт өрсөлдөөд шалгарсан байгаа асуудлыг ярихаасаа илүү яагаад “С” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж 100 хувийн саналаар үзсэн юм бэ гэдгийг ганцхан жишээгээр хэлье. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдгийг Ч.Г өмгөөлөгч хэлж байна. Энэ тусгай зөвшөөрөл дууссантай холбоотой Сангийн яаманд гомдол гаргаагүй. Дээр нь шүүхэд үүнийг няцаасан байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Тусгай зөвшөөрөлтэй байх ёстой, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад тэр талаараа маргахгүй байхад бид нар яаж шаардлага хангасан тендер гэж үзэх юм бэ. Тэгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, Сангийн яаманд гомдол гаргаагүй гэдэг нь химийн хортой, аюултай бодис импортлох, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл байхгүй, хугацаа дууссан гэдэгтэй маргахгүй байна гэж үзэж байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301... дугаартай Аммиакийн болон натрийн шүү нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн ҮХ-нд холбогдуулан “Аммиакийн болон натрийн шүү “Багц 1”, “Багц 2” тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж гарсан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4368 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай", ДҮ-112-12/4372 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиалагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах”, Аммиакийн болон натрийн шүү “Багц 1”, “Багц 2” тендер сонгон шалгаруулалтад "С" ХХК-иас ирүүлсэн тендерийг шалгараагүй гэж дүгнэсэн тендерийн ҮХ-ны дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах”-аар анх шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны өмнө “Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү “Багц 1”, “Багц 2” тендер сонгон шалгаруулалтад тус тус дахин үнэлгээ хийхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүсэн бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бусад хэргийн оролцогч нарт танилцуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар нь “нэхэмжлэлийн хувийг гардан авах, хариу тайлбар гаргах үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах шаардлагагүй, шүүх хуралдаанд тайлбар гаргаж мэтгэлцэх боломжтой” гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд “тайлбар гаргах” эрхийг тусгайлан заасан тул шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар гаргаж, мэтгэлцэх боломжтой, хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, хариу тайлбар гаргуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй, энэ нь оролцогчийн эрхийг зөрчихгүй гэж үзэв. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.11-т зааснаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах үндэслэлгүй байна.
4. ТҮХ нь "Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү “Багц 1”, “Багц 2” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Э” ТӨҮГ нь ҮХ-ны шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "Э" ТӨҮГ, түүний байгуулсан тендерийн ҮХ хэн аль нь хариуцагчаар оролцсон болно.
5. Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болоод нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
5.1. “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301... дугаартай Аммиакийн болон натрийн шүү нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн ҮХ нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, 03 дугаартай тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтээр Аммиакийн болон натрийн шүү “Багц 1”, “Багц 2” тендерт “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй тендер гэж татгалзах, “Б” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үнэлж гэрээ байгуулах талаар дүгнэлт, зөвлөмж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 89-96 дахь тал/
5.2. Тендерийн ҮХ-ны дээрх шийдвэрийг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4368 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4372 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиалагчийн шийдвэрийг тендерт оролцогч “С” ХХК-д хүргүүлсэн.
5.3. Тендерийн ҮХ-ны шийдвэр, түүнд үндэслэн хүргүүлсэн захиалагчийн шийдвэрүүдийг “С” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан бөгөөд уг гомдлыг Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03/5893 дугаартай албан бичгээр шийдвэрлэсэн. Сангийн яам захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.4. ТҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж тус тус зааснаар тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын хүрээнд тендерийг хянан үзжээ.
5.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна. Иймд ТҮХ нь хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн гэж үзэх үндэслэлтэй. /Хавтаст хэргийн 77-119 дэх тал/
5.6. Тендерийн баримт бичигт зааснаар “Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү нийлүүлэх тендерийн багц 1 нь “Аммиакийн шүү”, багц 2 нь “Натрийн шүү”-тэй холбоотой байх бөгөөд тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлтыг багц тус бүрд тохируулан баталсан байна.
5.7. ТҮХ-ны шийдвэр болон “Э” ТӨҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4368 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиалагчийн шийдвэрээр "С" ХХК-ийн ирүүлсэн “Багц 1” тендерээс тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.4-д “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан зураг, өгөгдлийн хэлбэрээр техникийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулан баталгаажуулж ирүүлнэ, чанарын гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж тендерээс татгалзсан үндэслэлд хэргийн оролцогчид маргав.
5.8. "С" ХХК-ийн ирүүлсэн тендер нь чанарын гэрчилгээ шаардлага хангахгүй, техникийн тодорхойлолтод заасан “А төрлийн мөхлөгт аммиакийн шүү” гэсэн байхад “Хөдөө аж ахуйн зориулалттай Б төрлийн аммиакийн шүү” нийлүүлэх тендер ирүүлсэн гэх үндэслэлээр тендерээс татгалзсан ҮХ-ны шийдвэр үндэслэлтэй байна. Мөн уг шийдвэрийг Сангийн яам хянан үзээд захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 85-86, 118-119, CD баримт Багц 1, Erdenet багц 1 хавтасны 88-89, 115-116 дахь тал/
5.9. Тодруулбал, “С" ХХК-ийн ирүүлсэн аммиакийн шүү нь “Хөдөө аж ахуйн зориулалттай Б төрлийн аммиакийн шүү” байсан болох нь тус компанийн ирүүлсэн тендерийн баримт бичигт ирүүлсэн үйлдвэрлэгчийн гэрчилгээ, бүтээгдэхүүний тохирлын мэдэгдэл, гарал үүслийн гэрчилгээ зэрэг баримтуудад “Аммиакийн шүү марк Б /газар тариаланд/” гэж зааснаар нотлогдож байна. /CD баримт баримт Багц 1, Erdenet багц 1 хавтасны 86-89, 115-116 дахь тал/
5.10. Нэхэмжлэгчээс “Б төрлийн аммиакийн шүүг хэрэглэх нэмэлт үйлчилгээ санал болгосон А төрлийн аммиакийн шүүг Б төрлийн аммиакийн шүүгээр орлуулан хэрэглэх боломжтой” гэж, хариуцагч талаас “тендерийн баримт бичигт А төрлийн аммиакийн шүү авахаар заасан учраас хөдөө аж ахуйн зориулалт бүхий Б төрлийн аммиакийн шүүг авах нь манай үйлдвэрлэлд тохирохгүй” гэж тайлбарлаж маргасан бөгөөд ТҮХ тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагын дагуу Б төрлийн аммиакийн шүү нийлүүлэхээр ирүүлсэн нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэж шийдвэрлэсэн нь зөв байна. /CD баримт баримт Багц 1, Erdenet багц 1 хавтасны 69 дэх тал/
5.11. ТҮХ-ны шийдвэр болон “Э” ТӨҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4372 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиалагчийн шийдвэрээр “С" ХХК-ийн ирүүлсэн “Багц 2” тендерээс тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.4-д “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан зураг, өгөгдлийн хэлбэрээр техникийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулан баталгаажуулж ирүүлнэ, чанарын гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ ирүүлнэ” гэж зааснаар техникийн тодорхойлолтод хувийн жин 2.25 г/см3 байх гэж заасан байхад натрийн шүүний хувийн жин 2.26 г/см3 буюу техникийн үзүүлэлт зөрүүтэй, чанарын гэрчилгээ ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй байна. /Хавтаст хэргийн 83-84, 116-117 дахь тал/
5.12. “С" ХХК-ийн тендерийн баримт бичигт байгаа техникийн тодорхойлолтоос харахад техникийн үзүүлэлт зөрүүтэй буюу “натрийн шүүний хувийн жин 2.26 г/см3” гэсэн бүтээгдэхүүн санал болгосон нь тогтоогдож байна. /CD баримт Багц 2, Erdenet багц 2, натр шүү хавтасны 65 дахь тал/
5.13. Мөн “Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү нийлүүлэх “багц 1”, “багц 2” тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.4-д “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан зураг, өгөгдлийн хэлбэрээр техникийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулан баталгаажуулж ирүүлнэ. Чанарын гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ ирүүлнэ” гэж зааснаас үзвэл чанарын гэрчилгээ ирүүлээгүй нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
5.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж зааснаар “С" ХХК-ийн ирүүлсэн тендерүүд нь тендерийн баримт бичигт заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаж чадаагүй нь тогтоогдсон тул уг тендерээс татгалзсан ТҮХ-ны шийдвэр хууль зөрчөөгүй.
5.15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна: 46.1.3.ҮХ-ноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж зааснаар ТҮХ-ны шийдвэрийг захиалагч өөрчлөх боломжгүй юм.
5.16. ТҮХ “С" ХХК-ийн ирүүлсэн тендерүүдээс татгалзаж, “Б” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан ҮХ-ны дүгнэлтийг захиалагчид хүргүүлсэн тул уг шийдвэрийг үндэслэн хүргүүлсэн захиалагчийн мэдэгдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.
5.17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Дээрх маргаан бүхий захиргааны актууд нь хууль зөрчөөгүй, актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул маргаан бүхий захиргааны акт нь захиргааны актын формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг бүрэн хангасан гэж дүгнэлээ.
5.18. Нэхэмжлэгчээс “Б” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь үндэслэлгүй гэж тодорхой үндэслэлүүдийг нэхэмжлэлдээ дурдсан боловч ТҮХ-ны шийдвэр болон түүнд үндэслэн хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захиалагчийн шийдвэрүүдийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, “Б” ХХК-ийн тендерийг шалгаруулсан ТҮХ-ны шийдвэр, түүнийг үндэслэсэн захиалагчийн шийдвэрийн талаарх гомдлыг Сангийн яам хянан үзэж, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн.
5.19. Иймд ТҮХ-ны шийдвэр, түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.
5.20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзээд 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэнэ.
5.21. Гэтэл нэхэмжлэгч “С" ХХК-ийн ирүүлсэн тендерүүд нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй, тендерийг хянан үзэх шатанд тендерээс татгалзсан ТҮХ-ны шийдвэр, захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн, маргаан бүхий захиргааны акттай холбоотой үндсэн нэхэмжлэлийн шаардлагууд хангаагүй тул “Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү “Багц 1” “Багц 2” тендер сонгон шалгаруулалтад тус тус дахин үнэлгээ хийхийг даалгуулах” гэсэн даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй болно.
5.21. Иймд ТҮХ-ны шийдвэр болон түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан худалдан авах ажиллагааны зарчимд нийцнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301... дугаартай Аммиакийн болон натрийн шүү нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-нд холбогдох
“Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж гарсан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4368 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж гарсан 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ДҮ-112-12/4372 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалтад "С" ХХК-иас ирүүлсэн тендерийг шалгараагүй гэж дүгнэсэн ТҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалтад "С" ХХК-иас ирүүлсэн тендерийг шалгараагүй гэж дүгнэсэн ТҮХ-ны дүгнэлтийг хүчингүй болгуулах”,
"Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 1/ тендер сонгон шалгаруулалт, "Э" ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202301... дугаар бүхий Аммиакийн болон натрийн шүү /Багц 2/ тендер сонгон шалгаруулалтад тус тус дахин үнэлгээ хийхийг даалгуулах” нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ