Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

“Н”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02682 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Н”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ц-д холбогдох,

 

Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 270 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн 8 711 000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин,

Хариуцагч Д.Ц-,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Манай байгууллага иргэн Д.Ц-тэй 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 9 809 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй,

мөн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 5 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцон, зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл зээлдэгч 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 809 000 төгрөг төлж, өнөөдрийг хүртэл үндсэн зээл  9 000 000 төгрөг, хүүд 54 000 төгрөгийг төлөөгүй байна. Талуудын байгуулсан гэрээнд хугацаа хэтэрвэл алданги төлнө гэж зааснаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл алданги 4 500 000 төгрөг, нийт 13 940 000 төгрөгийг гаргуулахаар, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 3 700 000 төгрөг, хүүд 330 000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 1 800 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 949 хоногийн алданги 900 000 төгрөг, нийт 2 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 24 270 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Н”  ХХК-иас 2015 оны 3 сард 9 800 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, өөрт байсан ээмэг, бөгж, монетин гинж, мөнгөн аяга, н.Нансалмаа гэгч эмэгтэйн 2 алтан бөгж, гинж, н.Пүрэвсүрэнгийн алтан гинж, ээмэг, бөгжийг барьцаалсан. Ингэхдээ энэ зээлийг ганцаараа аваагүй бөгөөд эдгээр хүмүүст мөнгийг нь өгсөн. “Н”  ХХК-ийн захирлын ээж нь П.Бямбасүрэн гэж хүн намайг таньдаг болохоор зээлийн мөнгийг нэгтгээд надад өгөөд чи хариуц гэдэг байсан. Тиймээс би заримдаа хүмүүсээс хүү, зээлийн мөнгийг аваад ажилтан н.Оюумаад өгдөг. Гэхдээ Г.Оюумаа орой болгон бидэнд баримт өгөхгүйгээр ажил тарахын үед ирж хүү, үндсэн зээлд өгсөн мөнгийг авдаг байсан. Дээрх зээлэнд эхний сарын хүү 1 000 000 төгрөг, дараагийн хүүг мөн өгсөн. “Н”  ХХК-ийн салбар татан буугдаж, мэргэжилтэн н.Мөнгөнзул ажлаа хүлээлгэн өгөхөөр болж, ломбардад байгаа эд зүйлээ ав гэсэн. Бид авч чадахгүй байна гэхэд, уг ломбардыг хохиролгүй болгох ёстой, иймд барьцаанд байгаа эд зүйлсийг зарж борлуулна гэснийг бид зөвшөөрч, 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг авснаар энэ гэрээ дуусгавар болсон. 5 500 000 төгрөгийн зээлийг авахдаа 500 000 төгрөгийн хүүг нэмж бичлээ гэсэн. Яг авсан зээл бол 5 000 000 төгрөг, мөн барьцаа тавьсан. Үүнээс 3 500 000 төгрөгийг өгч, үлдсэн 1 800 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Би 2015 онд зээлийн мэргэжилтэнд 500 000 төгрөгийг 3 удаа төлсөн тул 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн тооцоо дууссан. 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 23 сард нийт 5 972 000 төгрөг, дээр нь 2 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 264 000 төгрөгийг төлсөн байна. Харин илүү төлөлтийн 4 438 000 төгрөг, барьцааны эд зүйлсээр хохирсон. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 5 500 000 төгрөгийн зээлэнд сар бүр 384 000 төгрөгийн төлөлт хийж, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 16 сар тус бүр 384 000 төгрөгөөр, нийт 6 160 000 төгрөг төлж, үүнээс 5 500 000 төгрөг, 1 сарын хүү 384 000 төгрөгийг хасаж тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ц- сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н”  ХХК-иас 5 500 000 төгрөг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үнэт эдлэлээ барьцаалж зээл авч 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл өдөр бүр сард 384 000 төгрөг төлснөөр нийт 16 сарын дотор 6 160 000 төгрөг, үндсэн зээл 5 500 000 төгрөг, хүү 385 000 төгрөгийг хасахад 275 000 төгрөг илүү төлсөн байна. 4 400 000 төгрөгийн зээлийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үнэт зүйлсээ барьцаанаас авч, сар бүр 264 000 төгрөг төлж, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 23 сарын хугацаанд 5 972 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр монетан ээмэг, бөгж, гинжээ авахад 2 600 000 төгрөгийг төлсөн байсан. Ингээд нийт 8 936 000 төгрөг өгсөн байх ба үүнээс үндсэн зээлийн 4 400 000 төгрөг, хүү 264 000 төгрөгийг хасахад 8 711 000 төгрөгийг илүү төлсөн байгаа тул барьцаанд тавьсан эд зүйлсийн хамт “Н”  ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн “Н”  ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн мөнгийг П.Бямбасүрэнгийн Хаан банкны 5026943658 дугаарын дансанд төлсөн. Би иргэн П.Бямбасүрэн гэж хүнтэй тусдаа гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг аваагүй. Энэ зээлийн гэрээг өмнө нь авсан 5 000 000 төгрөгт байгуулсан. П.Бямбасүрэн эгч хувиараа мөнгө зээлүүлдэггүй, хүүгийнхээ мөнгийг зээлдэг байсан гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Тус шүүхэд гаргасан хариуцагч Д.Ц-гийн 4.811.000 төгрөг, эд зүйлс гаргуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цэцгээгээс 15 823 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н”  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 927 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “Н”  ХХК-иас 2 754 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Ц-д олгож, үлдсэн 5 957 000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 250 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 239 300 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 59 014 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 237 065 төгрөгийг гаруулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэржээ.

   Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Магадлал болон тогтоолд барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг бол Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлэх нь зүйтэй гэж тогтоосон. Улсын дээд шүүхийн тогтоолд “... анхан шатны шүүх үйл баримтыг дүгнээгүй, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан” гэж дурдсан. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.6 дахь хэсэгт заасныг гомдолдоо иш татаж бичсэн ба үүнийг биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэх ёсгүй байхад хэрэг үүсгэсэн. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар барьцаалан зээлдэх журмаар зээл олгох буюу ломбардны үйл ажиллагааг зохицуулсан. Ингэхдээ барьцаанд тавьсан эд хөрөнгийг зарж борлуулах эрхтэй ба шүүхэд хандах эрхгүй. Хэргийн 6 дугаар хуудсанд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ буюу ломбардны тасалбар авагдсан. Гэтэл энэ өдөр П.Бямбасүрэн гэх хүн Д.Ц-тэй нотариатаар батлуулсан зээлийн гэрээ байгуулсан. Энэ хоёр баримтыг хүлээж авсан шүүх зээлийн гэрээ гэж үзэж иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Д.Ц-гийн тушаасан 1 400 000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй, гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, болсон асуудлыг мэдэхгүй гэдэг. Д.Ц- нь тус ломбардад хэд хэдэн нэр төрлийн ээмэг, бөгжөө тус барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан. Д.Ц-гийн ээмэг, бөгжийг үнэлж тасалбарыг нь түүнд өгөх ёстой байтал нэг ч гэрээ, нэг ч тасалбар байдаггүй ба түүний эд зүйлсийг ямар ч баримтгүйгээр авсан. “Н”  ХХК нь Д.Ц-гийн эд зүйлсийг буцааж өгөөгүй атлаа түүнээс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Н”  ХХК нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 8 711 000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг тус тус буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч “Н”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...иргэн Д.Ц-тэй 2015 оны 01 дүгээр сарын 12, 2015 оны 02 дугаар сарын 16, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус тус байгуулсан 3 барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 270 000 төгрөг гаргуулна, зээлдэгч нь барьцааны зүйлсээ буцаан авсан /хх 1-2, 32, 33, 48, 62, 98, 202-206/ гэж,

Хариуцагч “...2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн төлбөрт 2 429 000 төгрөг төлж, барьцааны зүйлийг үлдээсэн, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн төлбөрт 8 572 000 төгрөг төлсөн, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 6 160 000 төгрөг төлсөн, нийт төлбөрөө төлж дууссан, илүү төлсөн 8 710 000 төгрөг, барьцааны зүйлсийг тус тус буцаан гаргуулна /хх 13, 39-42, 78, 202-206/ гэж тайлбарлан маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 46 дугаартай, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 6127 дугаартай, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ, гэрч Г.Оюумаагийн мэдүүлэг, хариуцагч Б.Цэцгээгийн үйлдсэн гэх бичвэр /хх 6-7, 26-28, 49, 50, 61, 103-104, 205/ зэрэг нотлох баримтыг зохигчдын гаргасан дээрх тайлбартай харьцуулан үзэхэд зээлдүүлэгч “Н”  ХХК нь зээлдэгч Д.Ц-гээс зээлийн барьцаанд ямар шинж чанар хэмжээтэй эд зүйлсийг ямар үнээр харилцан тохирч хүлээн авсан, барьцаалбараас ямар эд зүйлсийг буцаан өгсөн зэрэг үйл баримтыг тогтоох нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал байна.

Хэргийн дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулснаар шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх нь тухайн маргаанд хамаарах эрх зүйн харилцаа, түүнийг зохицуулсан холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжтой болох юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН