Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 0064

 

                                                                         Л.Бид холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Л.О Шүүгдэгч Л.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Нэргүй Н арийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолтой Л.Бид холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овгийн Л.Б.

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 08 дугаар сард 15 настай М.Ү-г арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Л.Бийг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгхарьцаанд орсны улмаас жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Л.Бийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Л.Бид оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шүүгдэгч Л.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдолдоо: Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэсэн. Шүүх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж хорих ял оногдуулсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээсэн бөгөөд найз охин М.Ү-той үерхэж дотносох үедээ насны байдлыг нь мэдээгүй ба дотно харилцаанд орсон хойноо насанд хүрээгүй болохыг мэдснээ шүүх хуралд хэлсэн билээ. М. Үүрийцолмонд тухайн үед гарч байсан эмчилгээний зардлыг бүрэн төлж байсан ба учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар шүүх хуралдаан дээр хэлсэн боловч ял хөнгөрүүлэх байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна. Намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж, төлөхөө илэрхийлж байгаа байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн 6.5 р зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1.р зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ : Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 08 дугаар сард 15 настай М.Ү-г арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн өөрийн болон хохирогч М.Үүрийнцолмон нарын мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 274 дүгээр дүгнэлт, бүсийн оношилгооны төвийн эмэгтэйчүүдийн эмчийн 512 дугаартай үр хөндөлтийн түүх, эмч Л.Ганболдын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Л.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 3,0 сая төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг : ...шүүгдэгч Л.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1., 7.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар тэнссэн хугацаанд хувийн ёс суртахуунаа болон зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд энэ хугацаанд хяналт тавих, сургалтанд хамрагдуулахыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай... гэж өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.,5.д зааснаар шүүгдэгч Л.Б хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4 Шүүгдэгч Л.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА

Ц.ТУЯА