Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/02532

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024 оны 06 сарын 10 өдөр                    Дугаар  183/ШШ2024/02532                          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, Б********** хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод байрлах, Ж***** ХХК /РД:*******/-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 705 872 208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н**********,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б****** хэлтэс нь хариуцагч Ж******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 705 872 208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч Ж****** ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2022 оны 8 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн байдлаар 470 658 014,42 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид дээрх үүссэн шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардсанаар 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй болно. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3 дах хэсэгт зааснаар төлбөл зохих шимтгэл 470 658 014,42 төгрөг, алданги 235 214 194,37 төгрөг, нийт 705 872 208,27 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх шимтгэлийг хуульд заасны дагуу нэхэмжилсэн бөгөөд түүнээс үүдэн гарсан алдангийг нэхэмжилж байна. Ж****** ХХК нь 2023 оны 3 дугаар сард Б******** хэлтэст авлага барагдуулах тухай албан бичгийг ирүүлсэн байсан бөгөөд 470 658 014,42 төгрөгийг график байгуулаад сарын 145 000 000 төгрөг төлж барагдуулах хүсэлттэй гэж байсан. Энэхүү хүсэлтээр 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б*********** хэлтсийн дарга Г.С*****, Ж****** ХХК-ийн захирал М.Б*******, нягтлан бодогч Б.Э*******, Н.Э******, байцаагч Э.С******* нар нь гэрээ байгуулж байсан. Гэтэл одоо болтол төлөөгүй, ямар ч мөнгө төлдөггүй, 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Ж****** ХХК-ийн захирал н.Б********тай мөн уулзалт зохион байгуулсан боловч мөн л төлөөгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг төлөөгүйгээс болоод ажилтан, албан хаагчдийнх нь эрх ашиг ноцтой зөрчигдөж, хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрх нь зөрчигдөж байна гэж байнга гомдол гаргаж байгаа боловч хариуцагч байгууллага үүргээ биелүүлэхгүй байгаа болно гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б********* хэлтэс нь хариуцагч Ж****** ХХК-аас 2022 оны 8 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс 470 658 014,42 төгрөг, алданги 235 214 194,37 төгрөг, нийт 705 872 208,79 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Ж****** ХХК нь өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд ямар ч ажилтангүй байгаа болно. Мөн компанийн дансыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байгаа болно. Иймд үндсэн төлбөр болох 470 658 014,42 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 235 214 194,37 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Манайх үндсэн өр болох 470 658 014 төгрөгийг маргаангүйгээр төлөхөд бэлэн, харин алдангийг төлөх боломжгүй байгаа. Учир нь манай компани өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй, ямар ч ажилтангүй байгаа болно. Иймд алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар багасгаж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Ж******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 12 дугаар сарын тайлан, Ж****** ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт, М.Б*******ны иргэний үнэмлэхийн хуулбар, алданги тооцсон хүснэгт, Б******** хэлтэс болон Ж******** ХХК нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №27 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, Ж******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 79/23 дугаартай Авлага барагдуулах тухай албан бичиг, Б********* улсын бүртгэлийн гэрчилгээ, /хэргийн 2-8-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Б.Б**********д олгосон итгэмжлэл, Ж******** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 16-17-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б****** хэлтэс нь хариуцагч Ж****** ХХК-иас ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 470 658 014 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул төлбөл зохих шимтгэл 470 658 014 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алданги 235 214 194 төгрөг, нийт 705 872 208 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 470 658 014 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч хугацаандаа төлөөгүй алданги 235 214 194,37 төгрөгийг зөвшөөрөхгүй, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд ямар ч ажилтангүй, мөн компанийн дансыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн тул төлөх боломжгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Хариуцагч Ж****** ХХК нь 2022 оны 8 дугаар сараас эхлэн 2023 оны 12 сарыг дуустлах нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс 470 658 014 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр үүссэн болох нь хэрэгт авагдсан Ж****** ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 12 дугаар сарын тайлан, даатгуулагчдын 2023 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №27 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, Ж******** ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 79/23 дугаартай “Авлага барагдуулах тухай” албан бичгээр тус тус тогтоогдож байна.

4.2.Хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй гэж зааснаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөвөөр нь тодорхойлж, тогтоосон хугацаанд нь төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

            5.Талууд нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйгээс өр төлбөр үүссэн талаар маргаагүй, алданги төлөх эсэх талаар маргаж байна.

            6.Нэхэмжлэгч Б******* газар нь хариуцагч Ж****** ХХК-ийн 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустлах цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, анхан шатны баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үндэслэн дутуу төлөгдөн шимтгэлийг төлүүлэхээр 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ” байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь дутуу төлөгдсөн шимтгэл 470 658 014 төгрөг, хугацаандаа төлөөгүй алдангид 235 214 194 төгрөг, нийт 705 872 208 төгрөгийг  төлүүлэхээр нэхэмжилжээ.

6.1.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, дутуу төлөгдсөн шимтгэл 470 658 014 төгрөгийг төлнө, алдангийг зөвшөөрөхгүй гэсэн боловч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн дутуу шимтгэлээ нөхөн төлөөгүй байгаа талаараа маргаагүй, компани үйл ажиллагаа явуулаагүй, дансыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн гэсэн боловч энэ талаарх буюу тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

7.Мөн хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар алдангийг төлөхгүй гэж маргасан боловч нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар буюу хуулийн дагуу тогтоосон алдангийг шаардсан тул алдангийг нөхөн төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

8.Иймд хариуцагч нь тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүйгээс дутуу төлөгдсөн шимтгэл 470 658 014 төгрөг, алданги 235 214 194 төгрөг, нийт 705 872 208 төгрөгийг нөхөн төлүүлөх нь зүйтэй байна гэж үзэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Б********** газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж********* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 687 311 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагч Ж******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид нийт 705 872 208 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б********** хэлтэст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Б************ хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 687 311 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН