Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/02811

 

 

2024 оны 6 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/02811

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дүгээр хороо, **** хотхон, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, **** овогт Ж*******ын Э*******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******  дүүргийн ** дүгээр хороо, **** хотхон, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, **** овогт Э*******ийн Тд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай, Э.Т-ын хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч:Ж.Э*******,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Б*******, Т.Б*******,

 

Хариуцагч: Э.Т,

 

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.О*******, А.Д*******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э******* хариуцагч Э.Тд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э.Т бид хоёр 1999 оноос 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нэг гэрт хамт амьдарсан, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байж байгаад 2013 онд батлуулсан. Энэ хооронд бид хоёрын амьдралд сайнтай, муутай зүйл зөндөөн байсан. Нэг дутагдалтай зүйл нь үр хүүхэдгүй байсан. Би өөрөө айлын ганц учраас үр удмаа үлдээх ёстой юм байна гэж бодсон. Энэ нь юунаас болсон гэхээр Э.Т маань нэг удаа жирэмсэн болоод зулбаж байсан. Тэгээд 2008 онд бид хоёр Солонгос улсад очиж эмнэлгийн журмаар үр суулгаж байсан. Энэ ажиллагаа маань амжилттай болсон боловч гам бариагүй юм уу яасан мэдэхгүй бүтээгүй. Тэгээд 2014 онд хүүхэдтэй больё гэж бодоод тээгч эх сонгож н.Бын ээж болох н.Н гэх хүнтэй ярьж тохиролцож, амжилттай болж 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүүхэд маань төрсөн. Энэ хугацаанд яагаад хүүхэдтэй болох талаар Э.Тд ярьж байсан. Гэхдээ Э.Т хэнээс ч хамаагүй хүүхэд өргөж авъя гэж хэлдэг байсан боловч би эсрэг байдаг байсан. Хүүхэд төрөхөөс нэг сарын өмнө Э.Т мэдсэн. Үүнийг яагаад өмнө хариуцагчид хэлээгүй юм гэхээр хэрвээ би Э.Т-тай зөвлөлдөөд хүүхэдтэй больё гэж ярилцсан боловч бид удаан хугацаанд хамт амьдарсан болохоор мэднэ. Ямар нэгэн тодорхой тохиролцоонд хүрэхгүй байсан учраас үр цацлагын аргаар хүүхэдтэй болсон. Тэгээд хүүхдээ төрөхөөр нь гэртээ авчирсан. Бид хоёрт бүх зүйл байсан, байхгүй юмаа хараад баярлаад бид хоёрын амьдрал аз жаргалтай, сайхан байх болов уу гэсэн хүлээцтэй явсан. Эхлээд сайхан байсан сүүлдээ Э.Т-ын амнаас байнга салъя гэх яриа гардаг байсан ба би энэ бүхнийг эсэргүүцдэг байсан. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөхөө өвлийн хүйтэнд Э.Б бид хоёрыг унтаж байхад 01.00 цагийн үед өшиглөж, орилж, хашгирч, зайлцгаа, гарцгаа гэж хөөсөн. Ингээд гэрээс гарахад Э.Т энэ миний авч өгсөн хувцас үүнийг өмсүүлэхгүй гээд би хүүхдээ куртикэндээ боогоод ээж дээрээ очсон. Ер нь асуудал үүнээс хойш эхэлсэн. Нэг удаа хүн архи дарс уугаад тодорхой хэмжээнд өөрөөс нь нуусан болохоор ийм зүйл болчихлоо гэж бодсон. Дахин эргэж нийлье, та хоёр яаж байна гэсэн асуудал яригдаагүй. Тухайн үед би компанийн захирал хийдэг байсан. Гэтэл Э.Т компанийн тамга, тэмдгийг авч, энэ 6 жилийн хугацаанд санхүүгийн захиран зарцуулах эрхийг ганцаараа авсан. Санхүүгийн хувьд тус тусдаа, дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Хүүхэд 2022 онд сургуульд ороход яаж байна, ийж байна гэж асуугаагүй. Зөвхөн шүүхийн шийдвэрийг барьж би ээж нь гээд өдийг хүртэл явсан. Сүүлд 2023 оны хүүхдийнхээ төрсөн өдрөөр ирээгүй, одоо бараг хүүхэд чинь чамайг танихаа больсон байх гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сард анх шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гээд шийдвэр гүйцэтгэх газраас ирж хүүхдийг уйлуулаад аваад явсан. Эрх мэдэл, мөнгөтэй болохоороо доор байгаа хүнээ дээрэлхээд адаг сүүлд нь хүүхдийг маань аваад явсан. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын машинд суулгахгүй гээд хүүгээ хариуцагчид аваачиж өгсөн. Гэрт нь гэрийн үйлчлэгч байдаг байсан. Би хариуцагчтай урт удаан хугацаанд байгаагүй учраас дараа нь гэрийн үйлчлэгч рүү яриад дүү нь яаж хаана гэж асуухад эгч хүүгээ үлдээгээд гараад явсан гэж хэлэхээр нь гараад явчихсан бол ах нь авч болох уу гэж хэлсэн. Тэгэхэд эгч таныг хүүгээ ав гэж байна гэж хэлсэн. Түүнээс хүүхдэд яаж хандаж байгаа нь харагдах байх. Ямар үед хүүхэд нь хэрэг болсон болоод хүүхдээ цагдаа, шүүх хүчний байгууллагаар дамжуулж авч явж байгааг мэдэхгүй байна. Мөн 2017 оноос хойш хүүхдийг хэзээ ч ирж авах нь чөлөөтэй байхад ирж аваагүй. Харин 2018 онд Тайланд авч явсан гэж байна. Тухайн үед Тайланд ч биш Москва руу тоглоом тоглох гэж авч явсан. Мөн компани гэж яриад их ашигтай гэж байна. Уг компанид сар бүр 100.000.00 төгрөг тогтмол орж ирдэг. Энэ хугацаанд хариуцагч хүүхдийн сургалтын төлбөрийг огт төлж байгаагүй, хүүхдээ сургуульд орох болж байгаа юу гэж асууж ч байгаагүй. Миний захиран зарцуулах бүх мөнгийг хаачихсан, Зөвхөн ганцаараа өөрөө захиран зарцуулсан. Тэр байтугай бүх байр зарсан. Яах гэж банк бус санхүүгийн байгууллагад тавьж байгаа юм. Хэрэв бид хоёр эвтэй байсан бол компанийн журмаар арай бага хүүтэй мөнгө авч болохоор байсан. Гэтэл юунд зарцуулагдах нь тодорхойгүй өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулахын тулд банк бусаас авсан байх. Хариуцагч хоол хийхгүй, хүүхдээ асардаггүй, зөвхөн гэрийн үйлчлэгч нар хариуцагчийн өмнөөс хийдэг. Би хариуцагчийг хүүхдэдээ хоол унд хийж өгч байсныг харж байгаагүй, хүүхэд асрах, хүүхэд хоолллох тал дээр намайг хэн ч гүйцэхгүй. Гэтэл намайг харлуулаад орон байргүй, орон байр нь хураагдаж гэж байгаа, хүүхэд асарч чадах эсэх нь эргэлзэтэй гэж байна. Орон байрны хувьд эргэлзэх асуудал байхгүй, би хулгай хийгээгүй, би авах ёстой хөрөнгөө аваад хүүхдээ хангалттай амьдруулж чадна. Би хариуцагчтай 30 жил гаруй хамт амьдарсан учраас хариуцагчийг муу, муухай хэлж хоёр тийш болоод яах юм гэж бодсон. Бодит байдал дээр уг хоёр байр бол юу ч биш жижиг юмаар хөөцөлдөөд байна. Бид хоёрт хэрэгтэй байсан боловч хариуцагчид хамааралгүй гэж татгалзаж байна. Хариуцагч сайн бизнесмэн байж болно. Гэхдээ би сайн гэрийн эзэгтэй гэж хэлж чадахгүй. Хүүхэд маань Орчлон сургуульд явахдаа ээж дээрээ ганц, хоёр удаа очсон байх. Би 3 жилийн хугацаанд хэзээ ч хүүхдээ сургуулиас нь хоцрооч байгаагүй, нэг ч удаа сургалтын төлбөрийг нь хоцруулж байгаагүй. Гэтэл хариуцагч дээр очсоноо 2 удаа сургуулиасаа хоцорсон. Тэгээд би асуухаар яадаг юм, бүгдээрээ хоцорч байна гэж хэлсэн. Хүүхдийн маань хичээл 08.15 цагт эхэлдэг. Бид хоёр хамгийн эртдээ 07.30 гэж очдог. Эрт очсноороо хүүхдэд ямар давуу талтай юм гэхээр багш нь өөрөө 07.20 гэж ирчихдэг тэгээд хичээл номыг нь уншуулж, хийлгүүлээд байж байдаг. Тийм учраас би хүүгээ өөрийнхөө асрамжид авмаар байна, гэрлэлтээ цуцлуулмаар байна. Миний хүү Орчлон сургуульд суралцдаг бөгөөд сургалтын төлбөрийг төлчихсөн байсан. Миний хүү хөдөлгөөнтэй хүүхэд, эцэг эхчүүдээс гомдол ирсэн гэж багш нь хэлж байсан. Хүүхдийн хувийн хэрэг дээр юу гэж бичигдсэн байгааг би хараагүй, хариуцагч аваад явчихсан. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хэлж байгаагаар одоо хүүхэд маань явж явж сэтгэцийн өвчтэй болж байх шиг байна. Анх 2018 оны 4 дүгээр сард шүүхэд хандсан. Тэрнээс хойш 6 ажил гаран болчихлоо. Тийм учраас уг асуудлыг хурдан шийдэж өгнө үү, эхээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Миний нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгөтэй хэсэг нь ****** дүүргийн ** хороо,****** тоот, 4 өрөө орон сууц шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр 515.964.134 төгрөг, хоёр дахь орон сууц болох ****** дүүргийн ** дүгээр хороо, ******, ** дугаар байр, ** тоот, 2 өрөө байр. Уг байр нь Э.Т-ын нэр дээр байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр н.Б гэх хүн рүү шилжсэн, энэ асуудал хамт амьдарч байх хугацаанд бий болсон ба байрны үнэлгээ 178.290.000 төгрөг, хоёр сууцны нийт үнэлгээ 694.254.134 төгрөгнөөс хүүхдэд болон өөрт ногдох хэсэг 462.836.090 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Би 2017 онд гэрээсээ хөөгдөж гарсан ба надад хоёр тийш больё, хүүхдээ аваад яв, гэрчилгээнээс нэрээ хасуулчих гэж хэлэхээр нь ******* дүүргийн ** хороо, ******* тоот, 4 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн асуудал болсон. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э******* бид хоёр 1991 оноос хамт амьдраад 1991-1992 он хүртэл манай эмээ бид хоёр дээр ирж амьдарч байсан. Миний өөрийн гэсэн мэдлэг, боловсрол, ёс зүйгээ нэхэмжлэлд дурдсан. Би 34 жилийн дараа өөрөөрөө бахархдаг. Ж.Э*******ын хувьд ааш араншингийн хувьд төлөвшөөгүй, хурдан уурладаг, өөр бусад хүмүүстэй ширүүн харьцдаг, харилцааны доголдолтой. Манай компани 1990 оноос хойш ажиллаж байгаа, өнөөдөр тэтгэвэртээ гарсан ч ажиллаж байгаа. Манай компанид олон хүмүүс 15-30 жил ажиллаж байгаа. Нэг ч хүн хөдөлмөрийн тушаалаар халж байгаагүй, үзээгүй. Би энэ хугацаанд байдаг газраа, байдаг ажлаа хийж байгаа. 2003 онд Ж.Э******* би ажлаас гарлаа гээд явсан. Тэгээд казино тоглож байгаад 2006 онд ирж байсан. Ингээд ирж байхад нь би хоёулаа одоо нийлэх боломж байхгүй, салъя гэхэд Ж.Э******* салахгүй, цаашид хамт байна гээд ирэн, очин байж байгаад нэхэмжлэгч 2007 оноос маш ихээр хүндээр өвдсөн. Гарынх нь 10 хурууны хумс, хөлнийх нь хурууны хумс, хоёр алга, хоёр хөл нь ямар ч арьсгүй болсон. Энэ нь ямар өвчин гэхээр хоол идэх байтугай бие засаж чаддаггүй өвчсөн байсан. Ингээд 2008 оноос 2010 он хүртэл өвчтэй байсан. Би 2012 онд Солонгос услад очиж эмчилгээ хийлгэсэн. Ж.Э******* уур уцаар ихтэй, цохиж авах, аяга, тавга шиддэг. Миний бие дээр 2, 3 сорви бий. Би 2015-2016 он буюу хүүгээ 2 нас хүртэл огт салаагүй. Би гэрээсээ ажлаа хийж, дүү нараараа туслуулдаг байсан. Манай гэрт 11 жил асрагч хийдэг охин байсан. Яагаад би Ж.Э*******той хамт байхдаа хүнтэй байдаг байсан гэхээр хүн байхгүй бол миний амь насанд аюултай байдаг байсан. Тийм учраас би дандаа хүнтэй хамт байдаг. Нэхэмжлэгч маш олон удаа худлаа ярихыг нь сонслоо. 2017 онд Э.Б бид хоёрыг огт тоохоо больчихсон байсан. Гэр орондоо ирдэггүй, хүүхдэдээ тоглоом ч авч өгддөггүй. Дараа нь н.А гэх эмэгтэйд байр авч өгсөн сурагтай байсан. Ж.Э******* маш олон жил мөрийтэй тоглоом тоглосон, энэ нь бид хоёрын маргаан байсан. 2018 оны 02 дугаар сар хүртэл Монгол Улсын аж ахуйн нэгжийн гэрчилгээнд захирал Ж.Э******* гэж байгаа ба тамга, тэмдэг, санхүүгийн зарцуулалтыг би нөхрөө хүндэтгээд өгсөн байдаг. Ингээд Ж.Э******* 2018 он хүртэл компанийн санхүүг зарцуулдаг байсан. 2016, 2017 онд хоёулаа хүүхдээ бодоод сайхан агаартай, лифттэй байр авъя гэж хэлэхээр огт дуугарахгүй, хүүхдээ огт хардаггүй, хүүхдээ цэцэрлэгт өгье гэхээр өгөхгүй, чи гэртээ суу гэж хэлдэг байсан. Манай хүүхэд маш зөв хүмүүжилтэй, сониуч хүүхэд учраас цэцэрлэгт өгсөн. Ж.Э******* орой болгон нүцгэн хүүхдээ тэвэрчихээд явах гээд байдаг байсан. Үүн дээр би нэг удаа 108-д дуудлага өгсөн. Тэр бичлэг байдаг. Тухайн үед Ж.Э******* надаас өмнө 108-д энэ хүн намайг зодох гэж байна гэж дуудлага өгсөн. Тийм зүйл байгааүй. Би хүүхэд авч явах гэж байна гээд дуудлага өгсөн чинь та нар цагдаа дуудсан бол цагдаатайгаа учраа ол гэж хэлсэн. Цагдаа дээр ирээд хуурамч мэдүүлэг өгч байна буцаалаа гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч хутга барьж дайраад би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгч, өргөдөл гомдол гаргасан. Ингээд би хүүхдээ аваад Солонгос улс яваад 2018 оны 02 дугаар сарын сүүлээр ирсэн. Цагаан сарын өмнө Ж.Э******* руу чи яагаад гэртээ байхгүй байгаа юм гэж асуухаар би Сонсголонд байна, чамд хамаагүй гэдэг байсан. Дараа нь сонсоход Буянт-Ухаад н.Ад байр худалдаж авч өгсөн юм шиг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ж.Э*******ыг гэр бүлийн гадуурх харилцаатай гэдгийг мэдсэн. 2018 онд Солонгосын элчин яамнаас над руу залгаад танай компани тендер зарласан байна гэж хэлэхээр нь манайх огт тендер зарлаагүй гэхэд визний үйлчилгээ эрхлэх тендерт оролцсон байна, танай материал дутуу байна гэж хэлсэн. 2018 онд яасан бэ гэхээр Ж.Э*******ын найз манай компанид менежерээр ажилладаг байсан. Тэгээд 3, 4 жилийн хугацаатай хадгалсан мөнгийг н.Мн данс руу хийсэн байдаг. 2018 онд Сүхбаатар дүүрэг болон Баянзүрх дүүргийн цагдаад хандсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй. Яагаад гэвэл энэ бүх мөнгө өөрөө авсан нь үнэн гээд тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Тэгээд би гайхаад бид нарын хувийн мөнгө биш, татварын мөнгө нуусан гээд асуудал үүсэх вий гэж бодоод хоёр удаа Цагдаагийн байгууллагад өгсөн боловч амжилтгүй болсон. 2018 онд хүүхэд маань цэцэрлэгт яваад Ж.Э******* 5 дахь өдөр хүүхдээ аваад бүтэн сайн өдөр авчирч өгдөг байсан. Гэхдээ 2018 онд хүүхэд маань аав нь 5 дахь өдөр авна шүү гэхээр аав авахгүй, үгүй гэж уйлдаг байсан. 2018 оны 5 дугаар сарын 18, 19-ны өдөр Ж.Э******* авч яваад 6, 7, 8 сард би хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй, цагдаад хандаж байсан. Цагдаагийн байгууллагаас эцэг дээрээ байгаа учраас бид нар хэрэг нээж чадахгүй гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сараас Э.Быг цэцэрлэгт явуулъя, би гэрээг нь хийчихсэн гэж зурвас бичихэд хаана амьдарч байгаа талаараа хэлээгүй. Хүүхдийг маань надтай уулзуулаагүй, цэцэрлэгт нь явуулаагүй. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ж.Э*******ыг хайж байгаад шийдвэр гүйцэтгэлийн албаар Э.Быг надад авчирч өгсөн. Ингээд би хүүхдээ 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цэцэрлэгт нь явуулсан. Энэ үед ажлын 5 өдөр би, амралтын өдөр Ж.Э******* авдаг байсан. Гэтэл дахиад 2019 оны 6, 7, 8 сард ахиад намайг хүүхэдтэй уулзуулаагүй, би эх хүн байх гэж хичээсэн. 2019 оны 2019 оны 9,10, 11, 12 дугаар сард хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй байж байтал 2020 онд цар тахал гарсан. Гэтэл 2019 оны сүүлээр ямар мэдээ сонссон гэхээр Ж.Э*******, н.С гэх хүнтэй амьдарч байна гэж сонссон. Яаж сонссон гэхээр би найз нөхөд олонтой учраас надад биеэ үнэлэгч, нүүр амандаа маш их мэс засал хийлгэсэн эмэгтэй гэж хэлсэн. Гэхдээ бие үнэлэгчтэй хамт амьдрах нь нэхэмжлэгчийн асуудал боловч биеэ үнэлүүлэгчээр хүүхдээ хүмүүжүүлнэ гэдгийг би зөвшөөрөхгүй. 2020 онд цар тахлын үед бид нар хөдөлгөөнгүй, хязгаартай байсан. Нөгөө эмэгтэй фэйсбүүк болон инстаграмм дээр Э.Быг ээждээ хайртай гэдэг бичгийг маш их оруулж байхад би хүүхдээ санаж өнгөрүүлдэг байсан. Гэтэл 2020 онд н.С хүүхэд төрүүлж байна, Ж.Э******* хүүхэдтэй болж байна гэж сонссон. Би 9 дүгээр сарын 05-ны өдөр хүүгийнхээ төрсөн өдөрт очьё гэж хэлэхэд надад хариу өгдөгүй байсан, аз жаргалтай гэр бүлийн бичлэгийг харахад надад хэцүү байсан учраас очиж чадаагүй. 2021 онд цар тахлын үе байсан тул би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж хүүхдээ авах арга байгаагүй. Саяхан 2023 онд намайг яагаад дуудсан гэхээр Ж.Э******* 2020 оны 11 дүгээр сараас хойш н.Сгаас салсан, нөгөөх нь хоёр сартай хүүхдээ аваад явсан сураг гарсан. Тэр үед н.С над руу маш их залгаж, зурвас бичсэн. Тэгээд би энэ хоёр салсан юм байна гээд Ж.Э*******той ярьсаар байгаад 9 дүгээр сарын 05-ны өдөр хүүхэдтэйгээ уулзсан. Түүнээс хойш уулздаг болоод 2024 оны 01 дүгээр сарын эхээр би хэлэлгүйгээр гэрт нь орсон. Дотор нь хоёр чип байсан, хүүхэд маань хичээлийнхээ өрөөнд маш уйтгартай сууж байсан. Тэгээд би ээжтэйгээ явж кино үзье гэж хэлэхэд тийм үү, хаана, ямар гэж хэлсэн. Гэтэл Ж.Э******* ороод ирсэн чинь Э.Б дараа больё гээд аав руугаа хараад айдастай болсон. Тэр үед би юу гэж ойлгосон гэхээр миний хүү маш хэцүү байдалтай байгаа юм байна, тийм учраас удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол миний хүүхэд эвгүй байдалтай байна гэж бодсон. Ж.Э******* бүтэн сар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, нуугдаж утсаа авахгүй байж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй хамт очиж Э.Быг авсан. Тухайн үед юу болсон гэхээр хүүхэд маань надтай явмаар байгаа боловч явуулахгүй гээд хүүхдийг маань уйлуулсан. Тэгээд би хүүхдэдээ ойлгуулж хэлээд надтай цуг гэрээсээ хөтлөлцөөд гарсан. Гарахдаа тус тусдаа машинд суусан. Э.Бын хувьд их нээлттэй, хөөрхөн байсан. Мөн аав нэг хүнтэй маш их муудалцдаг, хөзөр тоглодог, би боль боль гэж хэлдэг гэж ярьсан. 2 дугаар сард сургуулийн захирлын тушаал гарчихсан байсан. Ангийн багштай нь уулзахад сургууль дээр асуудал гаргасан талаар надад хэлсэн. Хүүхэд маань хичээл хийх маш дургүй, заримдаа хичээлдээ явдаггүй, гэрийн даалгавраа хийдэггүй байсан Би 2020-2023 онд Герман улсад жилд нэг удаа аялал зуучлалын том үзэсгэлэнд явахгүй байж байгаад 03 дугаар сарын 02-ны өдөр явах байсан аялалаа хойшлуулж хүүхдээ сургуульд нь оруулсан. Өөрөөр хэлбэл хүүхэд сүүлийн 3 жил сургуульд суралцах хугацаандаа төлөвшлийн хувьд хангалтгүй, ангидаа дуу чимээтэй, орилдог, бусадттай харилцах харилцаандаа алдаа дутагдал гаргадаг, энэ асуудалд сэтгэл зүйчийн дэмжлэг, туслалцааг байнга үзүүлж ирсэн байдаг. Түүнчлэн цаашид сургуульд суралцах боломжгүй гэх сургуулийн захирлын тушаал 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Би хүүгээ өөр сургуульд шилжүүлсэн. Иймд хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мнягат, 25 дугаар байр, 69 тоот, хоёр өрөө орон сууцыг 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Д.Маас худалдан авсан, миний хуваарьт хөрөнгө. Уг хөрөнгийг 2019 он буюу гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргахаас өмнө 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ж.Б гэх хүнд худалдах, худалдан авах гэрээний дагуу 50.000.000 төгрөгөөр худалдсан. Хоёрдугаарт ****** дүүргийн ** хороо, ********** тоот, 4 өрөө орон сууц нь мөн миний хөрөнгө юм. Энэ орон сууцыг Ж.Э******* бэлэглэлийн гэрээгээр над руу шилжүүлсэн. Чи энэ байрандаа амьдар, би Санзайн байрандаа амьдарна гэж хэлээд явсан. Уг орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, 200.000.000 төгрөгийн зээл авсан байгаа. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Иймд хоёр орон сууцны ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна гэж хэлсэн. Хүүхдэд маань эцэг, эх хоёр хоёулаа хэрэгтэй. Э.Бт би ч аав нь ч хэлдэг. Хэрэв гэрлэлт цуцлах юм бол би хүүхдээ өөрийнхөө асрамжид авна. Одоо л хүүхдээ зөв хүн болгож авахгүй бол болохгүй. Сөрөг нэхэмжлэлд дурдсан ****** дүүргийн ** дугаар хороо, **** хотхон, ** тоотод байрлах, орон сууцны оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хүү Э.Быг Э.Т өөрийн асрамжид авна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би дээрх орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, шүүхийн шийдвэр гарсан, өр төлбөртэй байгаа, тийм болохоор Э.Т оногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа байх гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Амгалан-Өрх эрүүл мэндийн төвийн бичиг, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 54 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02531 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01033 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай Орчлон сургууль цогцолбор ХХК-ийн тодорхойлолт,

 

Хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 07, 5 дугаар сарын 06-ны өдрийн хариу тайлбар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 07/01 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/01 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17231 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гомдол, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хариу тайлбар, Берлин хотын Бруно лейшнер эдийн засгийн дээд сургуулийн диплом, үнэмлэхний хуулбар, Миний гэр цэцэрлэгийн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээ, цэцэрлэгт суралцах зөвшөөрлийн хуудас, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн дааталын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт, иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт,гэрэл зураг, флаш, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/15 тоот Төлбөртэй сургалтын гэрээ цуцлах тухай Орчлон сургуулийн гүйцэтгэх захиралын тушаал, Бага тэнгэр Олон улсын сургуулийн сургалтын гэрээ, төрөл садангийн лавлагаа,

 

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх жагсаалт, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/590 дугаартай Булган аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тоот, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02-06/2773 тоот Нийслэлийн газар зохион байгуулалтын албан бичиг, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээний хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 05/1085 дугаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн албан бичиг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, 18641335425082 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/29 дүгээр Натур тур ХХК-ийн Нийслэлийн газрын албанд гаргасан хүсэлт, Натур тур ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 0231470 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн газрын төлбөр тооцоо нийлсэн акт, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмшүүлэх ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт, 0054382 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Натур тур ХХК-ийн дүрэм, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай баримт, Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох иргэний хэрэгт шинжээчээр ажиллах зарчим, ажлын ерөнхий төлөвлөгөө, шижээчийн багийн ажлын зардлын төсөв, 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн багийн дүгнэлт, зураг, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/2982 дугаартай Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, зээлийн дансны хуулга, орон сууцны зээлийн өргөдөл, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 6/2741 дүгээр хариу хүргүүлэх тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хэмжилтийн зураг, сууцны талбайн хэмжээ дүгнэлт, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/6162 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Вендо ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3/4404 дугаартай Банкны төлбөр барагдуулах газрын албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны танилцуулга, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03985 дугаар шүүгчийн захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрэх бүх талын арга хэмжээ авахыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд даалгаж, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 00204 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, сэтгэл зүйчийн уулзалтын тэмдэглэл, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 654 дугаар Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор ХХК-ийн сургуулийн гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлснийг хэрэгт хавсаргасан.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Ж.Э******* эхнэр Э.Т-тай цаашид хамтран амьдрах боломжгүйгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамж авч, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсныг хариуцагч Э.Т эс зөвшөөрч хүүхдийг өөрийн асрамжид үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч ажиллагаа хийсэн ба шүүх гэрлэлтийг цуцлахдаа хүүхдийн асрамж, тэтгэмж, эд хөрөнгийн маргааныг нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч хянан шийдвэрлэдэг тул Э.Т-ын сөрөг нэхэмжлэлд тусад нь дүгнэлт хийлгүйгээр Ж.Э*******ын гаргасан үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид 3 орон сууцыг гэрлэгчдийн дундын өмч гэж үзэн, нэхэмжлэгч Ж.Э******* ****** дүүргийн ** дүгээр хороо, ********** байр, ** тоотод байрлах, 4 өрөө орон сууц, ****** дүүргийн ** дүгээр хороо, *********** ** дугаар байр, ** тоотод байрлах, хоёр өрөө орон сууцнаас оногдох хэсгийг гаргуулах, хариуцагч Э.Т ****** дүүргийн ** дугаар хороо, ************, ** тоотод байрлах, орон сууцны оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас тус тус татгалзаж, хүсэлтээ бичгээр ирүүлсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Э.Т дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзснаа дэмжиж, харин нэхэмжлэгч Ж.Э******* уг орон сууцны оногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа болно.

 

4.Нэхэмжлэгч Ж.Э******* нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э.Т-тай цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүү Э.Быг өөрийн асрамжид үлдээх, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох оногдох хэсгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

5.Хариуцагч Э.Т гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, харин хүү Э.Быг өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хуульд зааснаар тэтгэлэг гаргуулна, Ж.Э*******ын орон сууцны оногдох хэсэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Ж.Э*******, Э.Т нар 1991 онд танилцаж, гэрлэлтээ 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн байх бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүү Э.Быг үр цацлагын аргаар төрүүлж, бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээгээр эцэг Ж.Э*******, эх Э.Т гэж бүртгэгджээ.

8.Ж.Э******* эхнэр Э.Т-тай зан харьцаа, бие биенээ үл ойлголцох байдлаас болж таарч тохирохгүй, 2017 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч Э.Т Ж.Э*******той эвлэрч хамтдаа амьдрах боломжтой, хүүгээ хамт өсгөж гэр бүлээ бүтэн байлгамаар байна гэх хүсэлт гаргаснаар гэрлэгчдийн хооронд гэрлэлтийг шууд цуцлах хуульд заасан ноцтой шалтгаан тогтоогдоогүй, гэрлэгчдийн болон хүүхдийн эрх ашгийг харгалзан шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, эвлэрэл амжилтгүй болсон болох нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 00204 дүгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 9.Гэрлэгчид зан харьцаа, бие биенээ үл ойлголцох байдлаас болж таарч тохирохгүй, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч маргахгүй байх тул Ж.Э*******, Э.Т нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв,

10.Тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7057 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Э.Быг эх Э.Т-ын асрамжид байлгах урьдчилсан арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

11.Дээрх захирамжийн биелэлт хангагдаагүй, хариуцагч Э.Т болон түүний өмгөөлөгч нар 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү Э.Быг эх Э.Т асрамждаа авсан талаарх тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Талуудын хооронд 2004 оноос маргаан эхэлж даамжирсаар 2017 оны 12 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан ба энэ хугацаанд хүүхэд эцэг Ж.Э*******ын асрамжид байсан болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

12.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

13.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс үзэхэд хүү Э.Б эцэг Ж.Э*******ын асрамжид үлдэх саналтай, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлтээр одоогийн нөхцөл байдалд аав дээр нь байлгах саналтай, гэрлэгчид 2017 оноос хойш тусдаа амьдрах хугацаанд хүүхэд эцэг Ж.Э*******ын асрамжид байсан, тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүү Э.Быг эх Э.Т-ын асрамжид байлгах урьдчилсан арга хэмжээ авсан боловч захирамжийн биелэлт хангагдаагүй, хариуцагч Э.Туул болон түүний өмгөөлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаснаар 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү Э.Быг эх Э.Т асрамждаа авсан байх ба түүнээс өмнө буюу гэрлэгчид 2017 оны 12 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан энэ хугацаанд хүүхэд эцэг Ж.Э*******ын асрамжид байсан нь нотлогдож байна.

14.Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэм хэмжээг бүлэг болгон хууль тогтоогч зохицуулсан нь гэрлэлтийн маргааны улмаас гэрлэгчдийн хүүхэддээ тавих хяналт, хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагавар үүсэх, хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас хүүхдийн, гэрлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар бие даасан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.

15.Гэрлэлтийн маргааны улмаас гэрлэгчид хүүхдийн асрамж дээр маргаж, шинжээч томилуулах, урьдчилсан арга хэмжээ авсантай холбогдуулан захирамжийн биелэлт хангагдахгүй байснаас маргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан, энэ хугацаанд эцэг эхийн хүүхдэд тавих хараа хяналт суларсныг үгүйсгэхгүй бөгөөд хэргийн баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд хүү Э.Быг хүмүүжлийн доголдлын улмаас сургалтын гэрээг цуцалсан, хүүхдийг өөр сургуульд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

16.Гэрлэгчид хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар маргаж байх ба хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх, асран, халамжлах, ахуйн нөхцөл бололцооны хувьд хэн аль нь боломжтой боловч хүүхдийн насны байдал /сургуулийн бага анги/, сурлага, хүмүүжлийн хувьд хүүхдэд тавих хяналт сулрах, хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагавар үүсэх, хүүхдийн эрх зөрчигдөх зэрэг нөхцөл байдал үүсэж болзошгүйг харгалзан өөрөөр хэлбэл хүүхдийн цаашдын сурч боловсрох, хүмүүжиж төлөвшихөд эхийн асрамжид байлгах нь илүү үр дүнтэй, нөлөөтэй гэж үзэж, хүү Э.Быг эх Э.Т-ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

17.Э.Т хүү Э.Бт эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэж байх тул хуульд зааснаар 2015 оны оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Быг эцэг Ж.Э*******оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

18.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, мөн хуулийн 130 дугаар зүйийн 130.2-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж заажээ.

19.Нэхэмжлэгч Ж.Э******* ***** дүүргийн ** дүгээр хороо,*******, ** дугаар байр, ** тоотод байрлах, хоёр өрөө орон сууцны оногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан ба хоёрдугаар хавтаст хэргийн 214 дүгээр талд 960889 дүгээр орон сууц эзэмших эрхийн бичиг авагдсан, ********, *** дугаар байшин, ** дугаар орц, ** тоот, 2 өрөө орон сууцыг 1996 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Дын Мд эзэмшүүлжээ.

20.Түүнчлэн 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн мэдүүлэг гэх баримт авагдаж, тус баримтад ******* дүүргийн ** дүгээр хороо, *********, ** дугаар байр, ** тоотод байрлах, хоёр өрөө орон сууцны эзэмших эрхийн бичигт Дын М гэж бүртгэгдэж, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Д.М, Э.Т нар худалдах худалдан авах гэрээ хийж, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн мэдүүлэгт Э*******ын Т гэж бүртгүүлсэн, улмаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Э.Т, Ж.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, дээрх хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Ж.Бын нэр дээр, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Ж.Б Ц.Бд зарж 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.Бгийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ тус тус гарчээ.

21.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ гэж заасан ба дээрх орон сууцыг Д.Маас Э.Т худалдан авч, 2019 онд бусдад худалдсан, гэрлэгчид 1992 оноос эхлэн хамтын амьдралаа эхлүүлж, гэрлэлтээ албан ёсоор 2013 онд бүртгүүлсэн байгаагаас үзэхэд уг хөрөнгө /орон сууц/-ийг гэр бүлийн гишүүний дундын эд хөрөнгө гэж үзэхээр байна.

22.Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууц нь 178.290.000 төгрөгөөр үнэлэгдсэн, уг үнэлгээнд зохигч хэн аль нь маргаагүй тул гэр бүлийн 3 гишүүн /Ж.Э*******,Э.Т, Э.Б/-д хуваахад нэг хүнд /178.290.000:3/=59.430.000 төгрөг оногдож байх тул Э.Т-аас 59.430.000 төгрөг гаргуулж Ж.Э*******од олгох нь зүйтэй байна.

23.******** дүүргийн ** дүгээр хороо,***** дугаар байр, ** тоотод байрлах, 4 өрөө орон сууц гэрлэгчдийн дундын өмч байсан ба 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Ж.Э*******, Э.Т руу шилжүүлж, шилжүүлэх болсон үндэслэлээ 2017 онд гэрээсээ хөөгдөж гарч, надад хоёр тийш больё, хүүхдээ аваад яв, гэрчилгээнээс нэрээ хасуулчих гэж хэлэхээр нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж тайлбарлаж, дээрх орон сууцанд Э.Т, ****** дүүргийн ** дугаар хороо, *********, *** тоотод Ж.Э******* нар 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба Э.Т уг орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан, төлбөр төлөгдөж дуусаагүй талаар тайлбарласан.

24.Иймд ****** дүүргийн ** дүгээр хороо, **** дугаар байр, ** тоотод байрлах, 4 өрөө орон сууцнаас оногдох хэсгийг гаргуулах тухай Ж.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

25.Хариуцагч Э.Т Ж.Э*******ын амьдарч буй ****** дүүргийн ** дугаар хороо, ******, ** тоот үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж шийдвэрлэх нь зүйтэй.

26.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ,

26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй,

26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба эцэг Ж.Э*******ыг хүү Э.Бтой уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Э.Т-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар **** овогт Ж*******ын Э*******, ***** овогт Э*******ийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Быг эх Э.Т-ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Быг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хэрэв хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Э*******оор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Э.Т Ж.Э*******ын амьдарч буй ******** дүүргийн ** дугаар хороо, *******, **** тоот үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Т-аас 59.430.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э*******од олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Ж.Э*******ыг хүү Э.Бтой уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Э.Т-д даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1.965.025 төгрөгнөөс, 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т-с 140.400 төгрөгийг гаргуулж Ж.Э*******од, улсын төсвийн орлогоос 1.824.625 төгрөгийг гаргуулж Э.Т-д олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН